| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0015/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/20 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000002 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* ******* гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 32 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* ******* овогт ******* . /РД: ЖЕ94091611/
Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт бэлчээрлэх иргэн үхэр сүргээс хохирогч эзэмшлийн зүүн чих тэвхгэр баруун чих араас догол имтэй, улаан зүсмийн 2 настай нэг тооны үхрийг хулгайлж, бусдад зарж борлуулж хохирогч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт бэлчээрлэх иргэн үхэр сүргээс хохирогч эзэмшлийн зүүн чих тэвхгэр баруун чих араас догол имтэй, улаан зүсмийн 2 настай нэг тооны үхрийг хулгайлж, бусдад зарж борлуулж хохирогч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 10-ны орчимд нөхөр гэх залуу танихгүй нэг залуугийн хамт манай гэрт ирж 2 бяруугаа авъя гэхээр нь би гол дээр байсан үхрээ хөөж ирээд борооноор улаан зүсмийн эм бяруу, ухаа зүсмийн эр бярууг ачиж өгөөд явуулсан. Өмнө нь танихгүй улаан зүсмийн бяруу манай үхэрт нийлсэн байсан бөгөөд би харж байсан. Тэр бяруу манай үхэрт ирээд байж байгаад манай хойд айлын үхэрт нийлсэн байдаг байсан. Маргааш нь гэх залуу эхнэрийн хамт манайд ирээд улаан зүсмийн бяруу маань алга байна, танай үхэрт байна уу гэж асуусан. Би өмнө нь ын бярууг харж байсан болохоор манай үхэрт юм уу, хойд хөрш үхэрт байгаа гэж хэлээд явуулсан. ...Ингээд би ын ирсний маргааш нь үхэртээ явж үзэхэд хүнд өгнө гэж бодож байсан жижиг улаан бяруу маань үхэр дотроо байж байсан. Тэгээд би ын бярууг өгөөд явуулсан байна гэж мэдсэн. Ингээд би ад хэлж чадахгүй байсаар 2024 оны 08 дугаар сард ын аав над руу залгаад ... өгсөн бяруу чинь манай бяруу байсан байна гэж хэлэхээр нь харин тийм байна лээ. Би танд хэлж чадахгүй байсан юм гэж үнэнээ хэлээд ын аавынх нь дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлж хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг, хохирогч “...2024 оны 06 дугаар сарын сүүлээр зүүн чих тэвхгэр баруун чих араасаа догол имтэй, улаан зүсмийн 2 настай үхрийг бэлчээрээс алдсан бөгөөд тухайн үед манай малын эзний хүү болох нь сумын 1 дүгээр багийн малчин айл өрхөөр асууж тодруулж олон удаа явсан бөгөөд сураг чимээ гарахгүй байсаар 2024 оны 08 дугаар сарын сүүлээр сураг гаргасан. Тэгэхэд манай ******* сумын иргэн гэх залуу бэлчээрээс хулгайлж сумын төвд гэх хүнд худалдаж зарсан байсан. ... ахтай уулзаж 1 сая төгрөг данс руу нь шилжүүлсэн бөгөөд чиний хулгайд алдсан 1 тооны бярууны мөнгийг надад өгсөн гэж хэлсэн. ...Миний зүгээс гаргах гомдол санал байхгүй. Хохирлын мөнгө болох 1,000,000 төгрөгийг аас авсан...” гэх мэдүүлэг, гэрч “...2009 оноос эхэлж ээжийн дүүгийн хүүхэд болох Батзоригийг туслах малчнаар ажиллуулж байгаа бөгөөд уг иргэн малын А данстай 10 тооны үхэртэй юм. 2024 оны 06 дугаар сарын сүүлээр 1 тооны улаан зүсмийн эм бяруу бэлчээрээс алга болсон бөгөөд тухайн үед хайж сураглаж зөндөө явсан боловч олдоогүй ба манай хүү болох манай гэрийн ойролцоо байдаг байсан гэх хүний гэрт нь очиж хэд хэдэн удаа үхрээ асуухад мэдэхгүй, манай малд нийлээгүй гэж хэлж буцааж байсан. Тэгээд 2024 оны 08 дугаар сард манай хүү нь 1 тооны үхрийг хайж сураглаж байгаад сумын иргэн гэх хүнтэй уулзахад мал авч байгаа гэсэн бөгөөд гар утсан дээр нь байсан худалдаж авсан үхрүүдийн зургийг харахад манай малчин бэлчээрээс алдсан бяруу байсан. Тэгээд манай хүү надад ирж хэлсэн бөгөөд хэд хоногийн дараа гэх залуутай хөдөө бэлчээрт тааралдаж “чи яагаад манай үхрийг бэлчээрээс авсан юм бэ” гэхэд танай үхэр бишээ Зоригоогийн үхрийг авсан гэж надад хэлсэн. Миний үхэр сүрэгт байгаа юм чинь миний үхэр шүү дээ гэхэд юм дуугарахгүй байсан ба тэр үед “маргааш би мөнгөтэй болохоороо 1 сая төгрөг хийе” гэж хэлээд миний дансыг авсан. 2 хоногийн дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ...гүйлгээний утга хэсэгт гэж бичиж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.ын “...ын гэрт очиж олдохгүй байсан 1 тооны бяруугаа асуухад хойд талын гэх айлын үхэр дотор бяруу мөөрөөд явж байсан гэж хэлэхээр нь ахын үхэрт үзэхэд байгаагүй тул гэртээ ирсэн. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа малд явж байгаад *******ай таарч алдагдсан тооны бяруу зүс болон имийг хэлж асуухад яг тийм бяруу явж байсан юм даа гэж хэлэхээр нь ...хаана явж байсан юм гэхэд дахиж харагдаагүй гэж хэлсэн. ...2024 оны 08 дугаар сарын дундуур 3 дахь удаагаа *******ай хөдөө бэлчээрт таарч асуухад миний бас хэдэн үхэр байхгүй байна, тэд нартай цуг явж байж магадгүй гэж хэлсэн. ...сумын малын эмч той хөдөө бэлчээрт уулзахад мал авч байгаа гэхээр нь хаанаас мал авсан юм бэ манай эндээс үхэр авсан уу гэхэд танай гэрийн ойролцоо байдаг аас 2 тооны үхэр авсан гэхээр нь ын өгсөн үхрийн зураг байна уу гэхэд байна гээд үзэхэд ...манай алдагдсан бяруу мөн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.ийн “...би цахим сүлжээнд мал мах худалдаж авна гэж зар тавьсны дагуу ... утсаар холбогдож “та бярууны мөнгө тарааж байна уу танд бяруу зарна, та түрүүлж мөнгөө өгчих үү” гэхээр нь ... 800,000 төгрөг шилжүүлж хавар 2 тооны бяруу авахаар тохирсон. ...тухайн үед ын гэрт очиход гэрийнхээ баруун талын бэлчээрээс үхрээ тууж ирсэн бөгөөд тэр үед ширүүн бороо орж байсан ба аас “чиний эзэмшлийн бяруу мөн үү” гэхэд миний эзэмшлийн бяруу гэж хэлж үхрээ хашаан дотор хашиж ухаа зүсмийн эр бяруу эвэртэй хүрэн зүсмийн бяруу барьж машинд ачиж өгсөн. ...удалгүй ирж хүрэн зүсмийн 1 тооны үхрийг хараад манай үхэр мөн байна, ирж авна гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг, Дамно үнэлгээ ХХК-ийн РЦ-24-371 тоот дүгнэлт, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч 1,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 /зургаа/ сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА