Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2018/02555

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2018/02555

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: байрлах, ЧДНДХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: АДС ХХК холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэл, алданги 73 357 237 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, өмгөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЧДНДХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэстэй харилцагч АДС ХХК нь 2018 оны 08-р сарын 20-ны өдрийн байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 50 981 892 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны оолон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.

Дээрх шимтгэлийг төлүүлэхээр хариуцагч АДС-ХХК-нд Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2015 оны 07-р сарын 03, 2016 оны 03-р сарын 02, 2017 оны 09-р сарын 18, 2018 оны 03-р сарын 09-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах албан шаардлагууд, 2016 оны 04-р сарын 15, 10-р сарын 20-ны өдрийн дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4 Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг-ийг тус тус зөрчиж байна.

АДС ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 50 981 892 төгрөгөнд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.2-т заасан Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцоход 22 375 345 төгрөгийн алданги тооцсон.

Иймд АДС ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 73 357 237 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч АДС ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д өмгөөлөгч О.А нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлд дурдсан нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 50 981 892 төгрөгийг АДС ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлж байна. харин алданги болох 22 375 345 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлтэй байна. Манай компани барилгын ажил эрхэлж байгаа бөгөөд тухайн ажилд маш их хөрөнгө мөнгө шаардлагатай байгаагийн улмаас нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж чадаагүй.

Энэ хуримтлагдсан нийгмийн даатгалын өрийг ойрын хугацаанд төлж барагдуулах болно. Барилгын ажил хөрөнгө мөнгө шаардлагатай байдаг нөхцөл байдлыг харгалзан үзэж алданги тооцохгүйгээр үндсэн өрийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЧДНДХ нь хариуцагч АДС ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл, алданги 73 357 237 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч АДС ХХК нь ЧДНДХт бүртгэлтэй байх бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 20-ны байдлаар шимтгэлийн үлдэгдэл 50 981 892 төгрөг байгаа нь тус компанийн 2016, 2017, 2018 оны НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл /ШО-9/ /хх-17-19х/, 2016 оны 05 дугаар сараас 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн тайлангуудаар /хх-6-10х/ тогтоогдож байна.

 

Хариуцагч шимтгэлийн дүн болон 50 981 892 төгрөгийн шаардлагын хувьд маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

Харин алдангид тооцсон 22 375 345 төгрөгийн шаардлагын хувьд, тооцоолсон үнийн дүнгийн талаар маргаагүй боловч төлөх боломжгүй гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д, Хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх буюу шимтгэл төлөх талаар дурдсан үүргийг ажил олгогч болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь хүлээнэ гэж зохицуулжээ.

Түүнчлэн хариуцагч АДС ХХК-ийн хувьд, хуульд зааснаар төлбөл зохих шимтгэлийг төлөх үүрэг дуусгавар болсон, бусдад шилжигдсэн болон үүргийг түдгэлзүүлсэн үндэслэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч ЧДНДХ нь шимтгэл болох 50 981 892 төгрөгийг хариуцагч АДС ХХК-аас шаардах эрхтэй, хариуцагч хуульд заасан үндэслэлээр төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэний алданги 22 375 345 төгрөгийг шаардсан байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт, Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ:... гэж, мөн хуулийн 20.1.2 дахь хэсэгт, дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч хуульд заасан үндэслэлээр алданги тооцон шаардсан нь үндэслэлтэй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл, хуульд заасан алдангийн хариуцлага хүлээх үүргээс хөнгөрүүлэх болон чөлөөлөх үндэслэлийг тус хуулиар зохицуулаагүй байна.

 

Иймд хариуцагч АДС ХХК-д холбогдуулан шаардсан 73 357 237 төгрөгийг хуульд зааснаар гаргуулах нь зүйтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан хариуцагч АДС ХХК-иас 73 357 237 /далан гурван сая гурван зуун тавин долоон мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж ЧДНДХт олгосугай.

 

2. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АДС ХХК-иас 524 736 /таван зуун хорин дөрвөн мянга долоон зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА