Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/26

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч М.Өлзийбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Өлзийбаатараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421001060521 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Өндөрхаан Сариг 8 дугаар гудамж 05 тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 13-08 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 2 дугаар баг Энгэр хашаат гэх газарт Норд бенз маркийн УБИ улсын дугаартай машин дээр ачаатай байсан 45 боодол өвсийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартай өвсний тээвэр хийх гэрээ байгуулсан юм. ...Энэ өдрийн байдлаар өвс тээвэр бараг дуусаж байсан. ...2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Матад сумаас өөрийн эзэмшлийн УБИ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл дээр нийт 1547 боодол өвсийг ачиж ******* аймаг руу тээвэрлэх гээд явж байхад Дорнод аймгийн төвөөс зүүн урагшаа 57 километрийн зайд миний унаж явсан тээврийн хэрэгсэл стачер нь шатаж явах боломжгүй болсон. Ингээд машинаа түгжиж үлдээгээд 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цагийн орчимд таарсан замын унаанд дайгдаж Дорнод аймгийн төв ороод эндээс унаа олж ******* аймаг орж 25-ны өдөр машиныхаа сэлбэгийг аваад Дорнод аймаг руу буцаж гарсан. ******* аймаг руу гарахдаа би Приус-41 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн бөгөөд 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн орчимд саатаж орхисон өвс ачсан машин дээрээ ирэхэд миний машинаас үл таних хүмүүс Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй өвс ачаад хөдөлж байсан. Би шууд л тэдгээр хүмүүсийг зогсооход дөрвөн эрэгтэй хүн байсан учир би тэднийг зөөж ачсан өвсийг нь буулгахад нийт 45 боодол өвс машин дээрээ ачсан байсан. Миний хувьд үлдэгдэл өвснүүдээ тоолж үзэхэд 1216 боодол өвс үлдсэн бөгөөд нийт 331 боодол өвс дутсан байна. Намайг машин дээрээ буцаж ирэхэд ойр орчимд газар унасан өвснүүдийг үхрүүд идэж байгаа байдал ажиглагдсан. Мөн тэдгээр хүмүүс хэлэхдээ 45 боодол өвс ачсан өөр өвс аваагүй гэж ярьж байсан. Гэхдээ би тэдэнд итгэхгүй байгаа учраас тэднийг шалгуулах хүсэлтэй байна. ...4 эрэгтэй хүмүүс байсан бөгөөд тэднийг би хэнийг нь ч танихгүй, урд өмнө нь харж байгаагүй. Гурван залуу нь арай залуу харагдаж байсан харин нэг хүн нь тэднээс илүү ахмад харагдаж байсан. Мөн тэр арай ахмад харагдаж байгаа хүн нь 2 хөлгүй хүн байсан. Тэдний хэнд нь ч миний ачиж явсан өвснөөс ачих эрх байхгүй, би ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. ...Миний хувьд алдагдсан нийт 331 боодол өвсийг нэхэмжлэх болно. ...Тухайн өвсийг минь үхэр идсэн, эдгээр хүмүүс хулгайлсан уу гэдгийг тогтоолгох бодолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14/

“...Миний хувьд өмнө өгсөн мэдүүлэгтээ 331 боодол өвсөө хулгайд алдагдсан эсвэл үхэрт идүүлсэн эсэх талаар шалгуулах тухай гомдолтой байгаагаа мэдүүлсэн. Одоо бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Учир нь би тухайн алдагдсан өвсийг үхэр идсэн юм байна гэдэгтэй санал нийлсэн. Учир тэдгээр хүмүүс миний өвсийг авсан гэх ул мөр тогтоогдохгүй байна. Намайг тухайн өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн орчимд өвс ачиж үлдээсэн машин дээрээ ирэхэд ойр орчимд нь олон тооны үхэр хэвтэж байсан учраас тухайн өвснүүдийг үхэр идсэн гэдэгтэй санал нийлж байна. Мөн миний өвсийг зөвшөөрөлгүй нууцаар авч байсан гэх 2 хөлгүй иргэн миний цаг зав алдуулсан болон гаргасан буруутай үйлдэлдээ уучлалт хүсэж 3,500,000 төгрөгийг надад бэлнээр өгсөн. Ийм учраас одоо надад энэ хэрэгт ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд өөрийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж чадаагүй үйлдлийн улмаас машинаа эзгүй хээр талд орхиж явсан хайнга буруутай үйлдэл байгаа учраас машинаас минь өөр хүмүүс өвс авсан юм байна гэж бодохгүй болсон. Цаашид энэ хэрэгт гомдол санал байхгүй. Харин гэх хүнд миний нийт 45 боодол өвсийг авах гэж байсан буруутай үйлдэлд нь ямар хариуцлага хүлээлгэх нь хуулиар шийдэгдэх асуудал биз. ...Миний сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй. Үүнтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

  Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Hyundai porter-2 маркийн ДОР дугаартай авто машиныг 2023 оны 12 дугаар сард Улаанбаатар хотоос 14 сая төгрөгөөр худалдан авсан. ...Тухайн авто машиныг би өөрөө эзэмшдэг. Миний нэр дээр бүртгэлтэй байгаа. ... нь миний төрсөн хүүхэд. Би тухайн үед ыг миний автомашиныг авч явахыг мэдээгүй. Харин сүүлд сонсоход миний машин дээр хулгайн өвс тээвэрлэсэн гэж сонссон. Би өөрийн Портер маркийн автомашиныг 5 сая төгрөгт үнэлнэ. Би үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

 “...Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд одоо манай гэр болох Дорнод аймгийн сумын 2 дугаар баг Ар хашаат гэх газарт байгаа. ...Тухайн орой буюу 2024 оны 02 дугаар сарын 25-ны орой манай гэрийн өдрийн ажил дуусаж орой 22 цагийн орчимд унтаж амрах гээд байж байсан. Тэр орой манай гэрт хүү ын хуурай ах , нар ирсэн байсан бөгөөд тэр хоёрыг манай хүү гэрт нь хүргэж өгнө гээд гарсан. Гэвч манай хүү тэр шөнөдөө ирээгүй. Гэтэл өглөө нь ирээд хулгай хийж байгаад баригдсан гэж ярьж байсан учир би тэднийг загнаад өнгөрч байсан. Тухайн нь би тэднийг дагуулж яваад ийм зүйл боллоо, эд нар мэдээгүй, миний буруу гээд надаас уучлалт гуйж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 02 сарын 25-ны орой гэртээ эхнэр хүүхдийн хамт унтаж байхад 23 цагийн орчимд нутгийн ах , , нар гэрт орж ирсэн. Тэгээд ах намайг ахдаа өвс ачилцаад өгчих гэхээр нь за гээд гарахад ийн аав ДОР дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Ингээд машинд нь суугаад манай гэрээс баруун хойш хөдлөөд ...3 орчим км яваад зам дээр зогсож байсан өвстэй машин дээр ирсэн. Бид хэдийг очиход машины арын өвс нь нурсан мал идэж байсан бөгөөд бид хэд газар унасан өвснөөс 45 боодлыг ачсан. Тэгээд хөдлөөд явж байхад өөдөөс машин ирээд яагаад өвс аваад байгаа юм гээд машины хүн ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

         “...Ингээд өвсөө ачиж дуусаад хөдлөөд явж байхад Приус-41 маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг хүн таарч биднийг зогсоогоод өвс хулгай хийлээ гээд загнаад байсан. Харин тухайн үед ах бидэнд хүний өвс байсан гэдгийг тэр үед л хэлсэн. Ингээд өвснүүдийг нь буцааж ачиж өгсөн. Миний зүгээс бодохдоо ахад хүнд хэцүү цагт хэдэн малынх нь идэх өвсийг ачилцаад өгнө гэсэн бодолтой л байсан. Харин хүний өвс авч байна гэдгийг мэдээгүй. ... ахын хувийн байдлын хувьд 2 хөл байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй хэдэн мал тэжээж байдаг юм. Ийм учраас би түүний хүнд хэцүү байдалтай байхад нь тус болно гэсэн үүднээс л түүнд өвсийг нь зөөж өгөх бодолтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/

          Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...21 цагийн орчим манайд хэдэн мал нь байдаг ах /жинхэнэ нэрийг мэдэхгүй/ замын унаагаар ирлээ гээд гэрт нь орж ирсэн. Ингээд чи гэртээ байхгүй байсан юм уу, би замын унаагаар хивэг авчирч гэрийн чинь гадаа буулгачихлаа шүү гэж хэлсэн. Тэгээд бид хэд нэлээн орой болсон цаг хэд болсныг мэдэхгүй байна харихаар болж ээж, аав чинь унтаж байна бид хоёрыг машинтай хүргээд өгчих гээд аавынх нь портер маркийн тээврийн хэрэгслээр гэр рүүгээ хүргүүлэхээр болсон. Ингээд манай гэрийн гадаа очиж байхад зогсохгүй шууд гэр өнгөрч яваад дүү гэрийн гадаа очиж зогссон. Тэгээд ах намайг дүүгээ ороод дуудчих гэхээр нь би гэр рүү нь орж дүү г дуудаж гаргаж ирсэн. Тэгээд ах бид хэдийг суучих гэсэн. Тэгээд хөдлөөд явж байгаад ах энэ хойно зам дээр үхэр мал замын хажуугаар унасан өвс идэж байна тэрийг ахдаа ачилцаад өгчих гэж хэлсэн, тэгэхээр нь хөл гар муутай юм чинь туслаад өгье гэж бодоод зөвшөөрсөн. Бид хэдийг очиход зам дээр том машин дээр ачаатай өвс хажуугаар нь унасан өвсийг үхэр идээд байж байсан. Тэгэхэд ах энэнээс аччих гэхээр нь , бид гурав өвстэй машины арын хэсэгт газар унасан байсан өвснөөс нийт 45 боодол өвс ачсан. Тэгээд хөдлөөд 100 орчим метр яваагүй байхад өөдөөс машинтай хүн ирээд зогсоосон. Тэгэхэд эзэн нь юм шиг байна лээ нэг хүн ахтай уулзсан бөгөөд ах эргэж машин дээр өвсөө эргүүлээд буулгачих гэж хэлсэн. Тэгээд бид хэд буцаж машин дээр очиж өвсийг нь машин дээр ачиж өгсөн. Үүний дараа ах нөгөө хүмүүст хандаж бид хэд өөр өвс аваагүй манай хашаан дээр очоод хар гэж хэлсэн тэгээд тухайн хүмүүсийг араасаа дагуулаад явж байгаад бид хэд цасанд суусан. ...Ингээд бид цаснаасаа гараад тэр хүмүүсийг араас ирэх байх гээд гэртээ очоод машиныхаа гэрлийг асаагаад ирэхийг нь хүлээгээд байж байсан тэгсэн тухайн хүмүүс ирээгүй. ах ахдаа туслаад ийшээ очоод өвс ачаад өгчих гэхээр нь ачиж өгсөн. Бид хэдийг машин дээр очиход хүн байгаагүй. Бид хэд анх удаа 45 ширхэг боодол өвс ачаад дөнгөж хөдлөөд байхад машинтай хүмүүс ирсэн тэгээд ачсан өвсөө буцааж өгсөн өөрөөр ачсан өвс байхгүй...” /хх-ийн 36/

          “...би түүний хүнд хэцүү байдалтай байхад нь тус болно гэсэн үүднээс л түүнд өвсийг нь зөөж өгөх бодолтой байсан. Түүнээс ах бидэнд хэний эзэмшлийн өвс болох талаар тодорхой хэлээгүй, би ч түүнээс хэний өвс болох талаар асуугаагүй. ах элдвийн муу зүйл хийгээд, сэтгээд яваад байдаггүй учраас би түүнийг хүний өвс зөвшөөрөлгүй авч байгаа гэж бодоогүй юм. Ах нь эндээс хэдэн өвс авах юм гэхээр нь би бодохдоо түүнийг хүнээс авах ёстой өвсөө авч байгаа юм байна л гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/

 

         Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд би ахыг гэрт нь хүргэж өгөх санаатай манай аавын эзэмшлийн Портер маркийн тээврийн хэрэгслээр  явах болсон бөгөөд ах бид хоёртой хамт явахаар болсон. Ингээд бид явж байхад ойрхон яваад ирье та 2 надад туслаад өгчих гэхээр нь хаашаа явах талаар тодруулж асуухад энүүхэнд ойрхон яваад ирнэ гэхээс өөр тодорхой зүйл яриагүй. Мөн ах ахад хандаж дүүгээ гэрээс нь авчих гэхээр нь бид 3 гэрийн гадаа очиж түүнийг авсан. Ингээд бидний хувьд ахын гуйснаар гэрээс хойшоо 5 орчим километр газарт явж өвс ачсан том оврын ачааны машин дээр ирсэн. Тухайн өвс ачсан машины харагдах байдал нь ойр орчимд нь өвс унасан түүнийг нь үхэр идсэн байдалтай байсан. Ингээд ах бидэнд хандаж тухайн өвснөөс ачаад өгчих гэж гуйсан. Түүний гуйснаар түүнд тусалж ачаатай өвснөөс 45 боодол өвс шилжүүлэн манай аавын эзэмшлийн машин дээр ачсан. Ингээд тухайн ачсан өвсөө ахын мал болох ахын мал дунд 4-5 тооны үхэрт дөхүүлж өгөхөөр хөдөлсөн. Гэтэл замд нэг машин таарч зогсоогоод биднийг өвс хулгай хийлээ гэж загнасан. ...Тухайн машинтай хүн таарах үед л өвс нь хүний өвс байсан юм байна гэдгийг ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43/

            Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн төвөөс 2 шуудай хэвэг авч замын унаанд дайгдаж малаа харуулж байгаа айлдаа очсон. Би тухайн өдрийн 17 цагийн орчимд ын гэр нь эзгүй, хүнгүй байсан учир авч дайгдаж байсан машинаараа гэх ахын гэрт нь буулгуулсан. ...Ингээд би ын гэр рүү явахаар болж бид хоёрыг нь аав хаа портер маркийн машинтай хүргэж өгөхөөр болсон. Удалгүй тэдэнтэй явж байх замдаа , нарт хандаж “ахтайгаа цуг ойрхон яваад өгөөч” гэж гуйсан бөгөөд тэр 2 надаас юунд явах гэж байгаа юм бэ гэж асуугаад байхаар нь би тэдэнд тодорхой хэлээгүй, цуг яваад өгөөч гэж л гуйсан юм. Тэдний хувьд зөвшөөрч надтай хамт явахаар болсон. Миний хувьд аймгийн төвөөс танихгүй хүний унаанд дайгдаж ын  гэр лүү явах замд ын гэрээс зүүн хойшоо 5-6 километр орчим зайтай газарт эзгүй өвс ачсан том оврын ачааны машин зогсож байсан. Би дотроо тухайн өвснөөс малдаа өгөх өвс жоохныг авах бодолтой байсан. Хүний өвс авах байсан учраас хамт яваа дүү нартаа ийм бодолтой байгаагаа хэлэлгүйгээр дагуулж явсан юм.            Ингээд , нарын хамтаар явж байхдаа замаараа гэрт очиж түүнийг аваад бид 4 гэрээс хойш 5 орчим километр зайд байрлах өвс ачсан том оврын машин дээр ирсэн. Тухайн үед  би өвс ачих гэж байсан тухайгаа хэлж тэднийг туслаад өгөөч гэж хэлсэн. Мөн тухайн өвсийг хүний эзгүй өвс гэж хэлээгүй, тэд ч надаас хэний өвс юм бэ гэдгийг асуугаагүй, би тэдэнд тухайн өвсийг миний авах ёстой өвс юм байна гэж ойлгуулсан гэж хэлж болно. Бид нарын хувьд тухайн машинаас нийт 45 боодол өвс ахын машин дээр ачсан юм. Тухайн машиныг жолоодож явсан. Бид шөнийн 01 цагийн орчимд өвсөө ачиж дууссан бөгөөд ын гэрийг чиглээд 200 метр орчим газарт явж байхад тухайн машины эзэн нь бололтой нэг үл таних залуу ирээд биднийг хулгай хийлээ гэж загнаад байсан. Эзэн нь ирсэн учраас түүнээс уучлалт гуйж ачсан 45 боодол өвсөө буцааж буулгаж машин дээр нь ачиж өгөөд явсан. ...Би төрөлхийн 2 хөлгүй, зүүн гар ажиллагаагүй төрсөн. Насаараа хөгжлийн бэрхшээлтэй явсан бөгөөд Дорнод аймагт сүүлийн 10 гаруй жил амьдарч байна. Би Дорнод аймагт амьдрах өөрийн орон гэр байхгүй, 70 хувийн хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн халамжийн тэтгэвэр авч амьдардаг. гэх хуурай дүүтэйгээ танилцаад 3-4 жил болж байна. Надад найзууд маань бэлэглэж байсан 4-5 тооны үхрийг хуурай дүү ын гэрт очиж харуулж тэжээх санаатай байж байсан боловч 2023-2024 онд шилжих өвлийн цаг агаарын хүнд хэцүү байдлаас болж 2024 оны 3 сарын орчимд бүгд үхсэн. ...Би тухайн машинаас нийт 45 боодол өвс ачиж тухайн газраас 200 метр орчим газар яваад машины эзэнтэй нь таарч буцааж өвсийг ачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/

           Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн шүүх сэтгэц эмгэг судлалын тасгийн 71 тоот дүгнэлтэд:

             1. Гэмт хэрэг үйлдэгдэх үед овогтой ийн сэтгэцийн байдал эрүүл байсан байна. Өөрийн хийж буй үйлдлийн хор аюулыг ухамсарлаж ойлгох чадвартай байсан байна.

             2. *******ийн сэтгэцийн байдал нь одоо эрүүл байна.

             3. ******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

             4. ******* хэрэг хариуцах чадвартай байна.

  5. *******ийн сэтгэцийн байдалд одоогоор өөрт болон бусдад аюул учруулах шинж тэмдэг илрэхгүй байна гэжээ. /хх-ийн 47-48/ 

 

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/

- хохирогч , Хүнс хөдөө аж ахуйн газартай байгуулсан ачаа тээвэрлэлтийн гэрээний хуулбар /хх-ийн 18-20/

- Дамно үнэлгээ ХХК-ний РЦ-24-222, РЦ-24-224 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 53-56, 65-70/

- ДОР улсын дугаартай Hyundai porter 2 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 64/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-102/

- Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 103-105, 107/

- *******ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, эмнэлгийн магадлагаа, хөлний рентген зураг /хх-ийн 106, 108-110/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 2 дугаар баг Энгэр хашаат гэх газарт Норд бенз маркийн УБИ улсын дугаартай машин дээр ачаатай байсан 45 боодол өвсийг ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , иргэний нэхэмжлэгч Д., гэрч Д., Д., Г. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дамно үнэлгээ ХХК-ний шинжээчийн дүгнэлтүүд болон  хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөрийн өмчийн адил үнэ төлбөргүй захиран зарцуулах боломжийг өөртөө бодитой бий болгосноор төгс үйлдэгддэг бол хулгайлах үйлдэл нь тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас туйлдаа хүрээгүй, төгсөж чадаагүй гэмт хэрэг таслан зогсоогдсон тохиолдолд хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үздэг байна.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч нь “хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэх ялын санал, дүгнэлтийг тус тус  гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж гэмт хэрэг үйлдэхээр завдсан тохиолдолд оногдуулах ямар ч төрлийн ялын дээд хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Харин гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд шүүхээс хорих ял оногдуулахаар бол гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зургаан сар хүртэл тогтоож, хорих ял оногдуулдаг тул уг хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй юм.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

            Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч д 540,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өмчлөлийн /хх-ийн 64/ ДОР улсын дугаартай Hyundai porter-2 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 13,230,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3,500,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар  шүүгдэгч ******* ийг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 13,230,000 /арван гурван сая хоёр зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай. 

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3,500,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.НАМУУНТУЯА