| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0007/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/32 |
| Огноо | 2025-01-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******
Улсын яллагч М.Өлзийбаатар
Хохирогч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Өлзийбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421004980502 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******* Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагийн орчимд УБД улсын дугаартай приус-41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ ******* Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг ардчилсан намын байрны урд талын явган хүний гарцаар гарч байсан хохирогч *******г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Яллах дүгнэлтэд дурдсан зүйл үнэн. Би хохирогчид анхны тусламж үзүүлэхээр эмнэлэг авч явсан. Эмнэлэгт очоод рентгенд харуулахад ямар нэгэн бэртэл, гэмтэл, доргилт байхгүй байна гэсэн. Дараа нь хохирогчийг хувийн эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардал 230,000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 10 цаг 53 минутын орчимд зээ хүүгээ сургуулиас нь авахаар ардчилсан намын зүүн талын явган хүний гарцаар зам хөндлөн гарах гэж байсан. Дээрх зам нь 2 урсгалтай, би тэр замаар 2 жил орчим нааш, цааш явсан. Тэр үед замын урд талаас ирж байсан цагаан өнгийн приус маркийн машин намайг хараад зам тавьж өгөхөөр нь хойд тал руу хараад машин харагдахгүй болохоор гарцаар гарсан. Би өөрөө их хөнгөн биетэй, байнга гүйж харайж явдаг. Явган хүний гарцаар дүрмээр нь гарч байгаа хойно гүйж гарна уу, алхаж гарна уу адил. ийн мэдүүлж ярьсан бүх зүйл худал байсан. Би 60 гаруй наслахдаа нэг ч удаа эмнэлгээр явж байгаагүй, бие маш сайтай хүн. Насаараа Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасагт ажиллаж тэтгэвэрт гарсан. Хэзээ ч худал ярьж байгаагүй. Гэтэл өнөөдөр ******* Улсын иргэн намайг шүүхийн өмнө доромжилж байна. Би өөрөө гүйж очоод машин мөргөж унаагүй. Явган хүний гарцаараа, эсрэг талд машингүй болохоор зам хөндлөн гарсан. Тэгтэл гэнэт энэ хүн баруун талаас мөргөж, би баруун урд тал руу үсэрсэн. Өөрөө босох гэсэн боловч чадаагүй. Нэлээд удсаны дараа машинаасаа бууж ирээд намайг өргөж аваад “та их бие сайтай хүн юм, таныг аваад эмнэлэг явъя” гэсэн. Энэ хүн өөрөө мэргэжлийн хүн осол гарсан газарт цагдаа дуудаж, хэмжилт хийлгэх ёстой гэдгийг мэдэх л ёстой. Гэтэл намайг өргөөд машиндаа суулгаад эмнэлэг явсан. Би охинтойгоо яриад “ээж нь явган хүний гарц дээр мөргүүлээд эмнэлэг явж байна” гэж хэлсэн. Охин минь төрийн албан хаагч болохоор эмнэлэг дээр ирж чадаагүй. Эмнэлэгт үзүүлж байхад эмнэлгийн хувцастай хүн тэй ойр ойрхон уулзсан. Намайг 3 удаа рентгенд харуулахад дан зүүн талын зургийг авсан. Сүүлд эмч надад “та эрүүл талынхаа зургийг авхуулаад байна, баруун талаараа мөргүүлсэн хүн шүү дээ” гэсэн. Би насаараа эрүүл саруул явчхаад энэ ослоос болж бүтэн нойртой унтаж чаддаггүй, эрэмдэг зэрэмдэг болчихлоо. ослоос хойш нэг ч удаа ярьж бие асуугаагүй. Би маш их гомдолтой байна. Надад баримтгүй зардал зөндөө гарсан. Эмнэлэгт байсан хүн “та Маршал мед эмнэлэгт зургаа авхуул, энд их бүдэг гардаг” гэхээр нь очоод зургаа авхуулахад баруун хөл хугарч, зөөлөн эдүүд нь гэмтсэн байсан. Би осол гарах үед баруун гартаа ягаан шигтгээтэй, зүүн гартаа охины хийлгэж өгсөн монетон бөгжтэй байсан. Тэр ослын үеэр бөгжөө алга болгосон. Миний зүүн гарт зүүж явсан бөгж алга болчихсон байна гэж хэлэхэд хэн ч машинаас бууж хайгаагүй. Намайг бас брэндийн шил зүүсэн гэж ярьсан байна. Би брэнд мэдэхгүй. Над шиг эх хүнээс төрсөн байж хүнийг худлаа гүтгэж болохгүй. Гадаадад сурдаг охин минь ээжийгээ осолд орсноос болоод ирсэн нь үнэн. Би охиныхоо замын зардлыг ээс нэхэмжлээгүй. Энэ ослын дараа надад маш их зардал гарсан. Надад ослоос хойш хоёр суга таягтай явсан үе байгаа. Миний охин миний доор сав тавиад намайг шээлгэж байсан. Охин минь ээжийгээ өргөж дийлэхгүй байна гэсэн. Би зээ хүүгээ олон хоног хичээл тасдуулсан. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж үг бий. Намайг бэртсэнээс болоод манай гэрийнхэнд их хохирол учирсан. Эцэст нь би эрүүл мэндээрээ хохирсон. Эрүүл мэндийг юу ч нөхөж чадахгүй. Энэ хүнд маш их гомдолтой байна. ...Би сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Цаашид гарах зардлыг мөн нэхэмжилнэ. Ослоос хойш машин хараад айдаг болсон. Улаанбаатар хотод байхдаа зам гарч чадахгүй, машинаас айгаад зам дээр зогсож байхад танихгүй хүүхэд зам гаргаж өгсөн...” гэв.
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 10 цагийн орчим гэрээсээ гараад зээ хүүгээ 1 дүгээр сургуулиас авах гэж явж байсан. Ингээд ******* сумын 9 дүгээр баг ардчилсан намын байрны ертөнцийн зүгээр зүүн талаас баруун тийшээ явган хүний замаар зам хөндлөн гарч байсан. Тэгээд явган хүний зам дэр ирээд ...урдаас хойш чиглэлтэй явж байсан тээврийн хэрэгслийн жолооч зам дээр зогсоод намайг гараараа яв, яв гэж мэдэгдсэн. Тэгэхээр нь зам гарахдаа ...хойшоо харахад машин харагдахгүй байхаар нь ...зүүнээс баруун тийшээ зам хөндлөн гарсан. Тэгтэл явган хүний гарцны яг дунд хэсэгт нь явж байхад ...хойноос урагшаа чиглэлтэй машин гарч ирээд намайг баруун талаас мөргөчихсөн. Тэгээд цаашаа зам руу унасан. Ингээд тухайн жолооч намайг эмнэлэгт аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө 10 цагийн орчимд гэртээ байж байхад найз , нар ирж гэрээс аваад Баянтүмэн сум орох гээд ******* сумын 6 дугаар баг ардчилсан намын байрны урд талын замаар хойноос урагш чиглэлтэй машин жолоодон явж байхад зам гарах гээд зогсож байсан эмэгтэй бид хэдийн урдуур орж машины урд талын копуд тэгнээд унаагүй бөгөөд тормоз гишгэхэд урагш гулгаад унасан. Тэгээд бид хэд буугаад нөгөө эгчээс биеийг нь асуухад та нар хүн дайрч аллаа, би бага насны хүүхэд авах гээд явж байсан, одоо хүүхдийг маань хэн авах юм гэхээр нь та ямар ч байсан эмнэлэг ороод үзүүлчих гээд эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн. Тухайн үед ойролцоогоор 20 орчим км цагийн хурдтай явсан байх, сайн мэдэхгүй байна. Уулзвар эргээд хурдаа бүрэн аваагүй байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...иргэн *******гийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар шүүж үзэхэд 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хоорондох хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Иргэн *******гийн эмчилгээний зардалд 141,480 төгрөг зарцуулсан байна. Иймд ******* Улсын эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хологдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс иргэн *******гийн биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө 10 цаг өнгөрч байхад найзууд болох , нартай өөрийн эзэмшлийн УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гадуур ажилтай явж байсан. Ингээд 11 цагийн ардчилсан намын байрны ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй тээврийн хэрэгслээ жолоодоод замын хөдөлгөөнд оролцож байхад 10-р цэцэрлэгийн баруун хойд талын явган хүний гарцнаас нэг хүн гүйж гарч ирээд миний машины жолоочийн эсрэг талын крило хэсэгт цохигдож цааш унасан. Би тухайн үед хүн гүйгээд гараад ирсэн болохоор тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан. Зогсоох арга хэмжээ аваад машинаа зогсоох үед явган зорчигч нь миний машины жолоочийн эсрэг талын толины урд хэсэг буюу крилог мөргөсөн ба машинаас зүүн урагш зам руу унасан. Ингээд би машинаасаа бууж тухайн явган зорчигч г шууд бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү дагуулж явж анхны тусламж үзүүлсэн. Тухайн үед гэх хүнийг зам дээрээс босгоход чи эгчийгээ аймар хурдтай ирээд мөргөчихлөө, миний хуруунд байсан алтан бөгж алга байна, миний үнэтэй брэндийн нүдний шил алга болчихлоо гээд байсан. Тэгсэн нүдний шил нь толгой дээр нь байсан. Тухайн үед бөгж алга боллоо гэх гартаа утсаа атгасан чигээрээ унасан байсан. Гарт нь байсан утас, толгой дээр нь байсан нүдний шил нь бүгд бүрэн байсаар байтал хуруунд нь байсан алтан бөгж нь хуруунаас нь сугарч унасан гэж бодохгүй байна. Тэгээд бөгжийг нь тухайн үед хайсан боловч олдоогүй. Тэгэхээр нь аль хуруундаа хийсэн бөгж вэ гэж асуугаад хурууг нь харахад хуруунд нь бөгж зүүсэн гэсэн ором байхгүй байсан. Би г бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэж өгөөд 3 удаа дээш доош нь өргөж гарч үзүүлсэн. Тухайн үед гэмтэл байхгүй, зүгээр байна гэж байсан боловч хувийн эмнэлгээр явж үзүүлэхэд хөлний тахилзуур ясны 3/1 /савх/ хэсэгт цууралт үүссэн байна гэж хэлсэн. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нь хугарч барьсан гэмтэл байхгүй байна гэж хэлж байсан. Тэгсэн гийн охин нь яахлаараа гэмтэл гаргадаггүй юм, өөр эмнэлэгт очиж үзүүлнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь хувийнх нь эмнэлэг рүү хүргэж өгч хувийн эмнэлэгт үзүүлж 220,000 төгрөгийг төлсөн. Маргааш нь босож чадахгүй байна гэж надад охин нь хэлэхээр нь д таяг 55,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Тухайн өдрийн орой гийн хүргэн гэх хүн Улаанбаатар хотоос ярьж байна, чи яахаараа гарцан дээр байгаа хүн дайрдаг юм, одоо эмчилгээний зардал эхний ээлжинд 6,000,000 төгрөг өг гэж хэлсэн. Тэгэхээр нь надад тийм их мөнгө байхгүй гэхэд чамтай ясыг чинь цайтал үзнэ гэж хэлсэн. Тэгээд гийн охин маргааш нь ээжийгээ аваад Улаанбаатарт очиж үзүүлнэ гэхээр нь эмчилгээний зардалд нь 500,000 төгрөг өгч явуулсан. Тухайн үед нь хүүхдүүддээ өөрийг нь дайрсан гэж ойлгуулсан юм шиг байна лээ. Уг нь миний машиныг хажуу талаас ирж мөргөж унасан. ...Би Цагаан шонхрын жигүүр ТББ-с гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ явган зорчигч эрхээ эдэлж байгаа юм чинь үүргийг нь давхар хүлээх ёстой. ******* улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12.Д-д зааснаар "ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх" гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Гэмтлийн зэргийн дүгнэлт дээр ч гэсэн тухайн үед бүсийн оношилгоо эмчилгээний төвийн рентген зурагт 3 удаа хөлийг нь харуулахад зүгээр байна гэж гарсан. Тухайн үед зургийг нь өөрсдөө ч харсан. Тэгсэн гийн охин нь яахлаараа гэмтэл гардаггүй юм гээд загнаад байсан. Эмч нь тэгвэл та нар хувийн эмнэлгээрээ яв гэж хэлсэн. Тэгээд хувийн эмнэлгээр яваад тахилзуур ясны цууралттай гээд гаргаад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 59, 61/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 530 тоот дүгнэлтэд:
1. *******гийн биед баруун тахилзуур ясны дунд 1/3 хэсгийн зөрөөгүй хугарал, хуйханд зүүн зулайн төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун гарын чигчий хурууны зулгаралт, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгний зураасан зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Хуйханд зүүн зулайн төвгөрт хавантай, тэмтрэлтээр эмзэглэл ихтэй, баруун шууны гадна дээд хэсэгт овойж хавдсан 4.5х2 см зулгаралттай, баруун бугалганы дотор доод хэсэгт 2х2 см хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун гарын чигчий хурууны дунд үенд 0,5х0,5 см зулгаралттай, баруун гуяны дунд 1/3 хэсгээс баруун хөлний хуруунуудын уг хүртэл гөлтгөнөн боолттой, зүүн бугалганы гадна доод хэсэгт овойж хавдсан, 5,5х5 см хөх ягаан цус хуралттай, эмзэглэл ихтэй, зүүн өвдгөнд 2х0,5 см зураасан зулгаралттай, 2х2 см хөх өнгийн ягаан шар ногоон цус хуралттай.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-ийн 38-40/
Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 52/82, 24/353 тоот дүгнэлтэд:
1. Toyota prius маркийн УБД улсын дугаартай автомашины жолооч ******* нь ******* Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсний зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч *******г ******* Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Toyota prius маркийн УБД улсын дугаартай автомашины жолооч ******* нь ******* Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна гэжээ. /хх-ийн 50-51/
- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 05-06/
- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10/
- Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13, 15/
- Зам тээврийн осол хэрэгт холбогдсон Toyota prius-41 маркийн УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14/
- Toyota prius маркийн УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 26/
- Хохирогч *******гийн дүрслэл оношилгооны илгээх бичиг, хариу, гэмтлийн эмчийн тэмдэглэл /хх-ийн 41-45/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/
- Шүүгдэгч *******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 63-65/
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 66-70/
- Хохирогч *******гийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 73-76, 84/
- Шүүгдэгч *******ээс хохирол төлбөрт 500,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 141,480 төгрөг төлсөн баримт /хх-ийн 83, 92/ болон шүүгдэгч шүүх хуралдаанаас өмнө хохирогчид нэмж 500,000 төгрөг төлсөн баримт, хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн *******гийн охин цалингүй чөлөө олгох тушаал, цалингийн тодорхойлолт, өмгөөлөгчийн зардал төлсөн баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг ардчилсан намын байрны урд талын замд УБД улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ ******* Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган хүний гарцаар гарч байсан хохирогч *******г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 530 тоот “...*******гийн биед баруун тахилзуур ясны дунд 1/3 хэсгийн зөрөөгүй хугарал, хуйханд зүүн зулайн төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун гарын чигчий хурууны зулгаралт, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгний зураасан зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Хуйханд зүүн зулайн төвгөрт хавантай, тэмтрэлтээр эмзэглэл ихтэй, баруун шууны гадна дээд хэсэгт овойж хавдсан 4.5х2 см зулгаралттай, баруун бугалганы дотор доод хэсэгт 2х2 см хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун гарын чигчий хурууны дунд үенд 0,5х0,5 см зулгаралттай, баруун гуяны дунд 1/3 хэсгээс баруун хөлний хуруунуудын уг хүртэл гөлтгөнөн боолттой, зүүн бугалганы гадна доод хэсэгт овойж хавдсан, 5,5х5 см хөх ягаан цус хуралттай, эмзэглэл ихтэй, зүүн өвдгөнд 2х0,5 см зураасан зулгаралттай, 2х2 см хөх өнгийн ягаан шар ногоон цус хуралттай. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 52/82, 24/353 тоот дүгнэлт, зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Toyota prius-41 маркийн УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хор уршгийг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх тул шүүгдэгч ******* бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөр бүрэн төлөгдсөн. Одоо охиныхоо ажилгүй байсан 3 хоногийн цалин 477,270 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 300,000 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3 дугаар зэрэглэлд зааснаар нэхэмжилнэ...” гэж мэдүүлж байна.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч баримтад гарын үсэг зурсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, шүүгдэгч *******ээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 8,580,000 /660,000x13=8,580,000/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Үүнээс гадна хохирогч ******* нь охин ажилгүй байсан 3 хоногийн цалин 477,270 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн. Хохирогч нь өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар сайн дурын үндсэн дээр хэдэн ч өмгөөлөгчтэй гэрээ байгуулж өмгөөлүүлэх эрхтэй тул өмгөөлөгчид төлсөн 300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Мөн хохирогч ******* өөрийн охин ажилгүй байсан 3 хоногийн цалинг нэхэмжилж байгаа боловч өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 8,580,000 /найман сая таван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.
7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА