| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0033/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/41 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******
Улсын яллагч М.Өлзийбаатар
Хохирогчийн өмгөөлөгч Б.Солонго
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Өлзийбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421006010015 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, ******* ******* ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг *******гийн 1-47 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: ******* аймгийн ******* сумын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны орой 23 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг зурагтай шар байр буюу 41 дүгээр байрны орцонд хохирогч *******тай маргалдаж түүний бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Зурагтай шар байр буюу 41 дүгээр байр давхартаа 3 хаалгатай. Нэг хаалга нь онгорхой, жижиг үүд хэсэгт хохирогч шалдан зогсож байсан. Гэр цоожтой болохоор нь галын хайчаар хөшиж онгойлгох гэж байхад “наад айлд чинь хүн байхгүй, хулгай хийх гээд байгаа юм уу” гэсэн. Үүнээс болоод бид хоёр маргасан. ыг заамдах гэсэн боловч нүцгэн байхаар нь хавирч унагасан...” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... ах 2 пиво уусан гэж хэллээ. Бид хоёрыг маргалдаж, барьцалдах үед ахын эхнэр салгах гэж оролдоод чадалгүй, нөхрөө дуудсан. Маргааш өдөр нь эрүү хугарсан талаар ******* хэлэхэд хүлээн зөвшөөрөхгүй байсан. Би энэ гэмтлээс хойш хоолоо сайн зажилж идэж чадахгүй болсон. ... ахыг эзэнгүй айлын хаалгыг галын хайчаар хөшөөд байхаар нь “наад айл чинь эзэнгүй, та яагаад байгаа юм бэ” гэхэд “чи 2 удаа явалдаж байгаад, надаас зугтаж байсан уу” гээд куртикнээс зулгааж авсан. ...Би сэтгэл санааны хохирлыг тултал авах саналтай байна. Өөрт учирсан эрүүл мэндийн хохирлын улмаас ажлаа хийж чадахгүй, зээлээ төлөөгүй байна. Тийм учраас ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах хүсэлтэй байна...” гэв.
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагийн орчимд өөрийн гэр болох ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг 41 дүгээр байрны 13 тоотоос гарч найз уулзсан. Бид 2 ...орой 21 цагийн орчимд гэрийн хойд талын Баянхангай дэлгүүрийн хойно 2 том савтай пиво хувааж уусан. Ингээд ...оройн 23 цаг өнгөрч байхад дуусаад гэрт буюу манай байрны баруун талд байдаг байранд орсон. Орцонд байж байхад гэр рүүгээ утсаа цэнэглэх гээд орсон. Миний хувьд гэрийнх нь орцонд зогсоод хүлээж байсан ба энэ үед нэг үл таних залуу орж ирээд гэрийнх нь хажуугийн хаалганы цоожийг галын хайч мэт зүйлээр хөшөөд онгойлгох гээд байсан. Тэгэхээр нь би түүнд хандаж "наадах чинь эзэнгүй айл шүү дээ" гэж хэлсэн. Миний хувьд тухайн газарт амьдардаг учир уг айлд хүн амьдардаггүй гэдгийг мэднэ. Тухайн айл нь гэх хүний гэр гэдгийг нь мэдэх юм. Би түүнд эзэнгүй айл гэж хэлэхэд тухайн залуу надад хандаж "чи ямар сайн мэдэж байгаа юм бэ, чи нөгөө гичийтэй явалддаг залуу байна, өмнө нь надад 2 удаа баригдаад зугтаасан залуу мөн байна" гэж хэлээд миний 2 талын шанаа орчимд гараа зангидаж байгаад олон удаа цохисон. Би түүнд цохиулаад биеэ хамгаалах зорилгоор 2 удаа нүүр орчимд нь цохиж зугтаагаад гэртээ орсон. Гэртээ ороод унтах гэсэн боловч миний баруун талын эрүүний яс их өвдөж хоносон. Өглөө нь ээж өвдөж байгаа талаараа хэлээд бид 2 эмнэлэг орж үзүүлэхэд эрүүний чинь яс 2 удаа хугарсан байна, яаралтай хэвтэж хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Ингээд тухайн залуутай уулзахад ... гэгчийн нөхөр нь болж таарсан. Манай ээж гэх эмэгтэй рүү залгаж нөхрийнх нь дугаарыг аваад ярьсан. Ээж түүнтэй ярихдаа энэ асуудлын хувьд чиний мууг үзэж, цагдаа, шүүхийн байгууллагаар явахгүй, хохирлоо төлчихвөл өөр хүсэх зүйл байхгүй гэж ярьсан. Гэтэл тухайн залуу надтай уулзахдаа "би чамайг цохиж зодоогүй, гурван удаа л алгадсан, хуулийн байгууллагаар шалгуулах болно, намайг өгдөг газраа өг" гэж хэлсэн. Тухайн үед би юм ярих чадвар муу байсан учир, яасан арчаагүй залуу вэ гэж дотроо бодоод өнгөрсөн юм. Тухайн залуугаас өөр миний биед учирсан гэмтлийг учруулсан хэн нэгэн байхгүй. Би 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэртээ 14 цаг хүртэл байж байгаад гарсан. Намайг гэрээсээ гарах үед манай ээж гэртээ байсан, миний биеийн байдал зүгээр хэвийн байсан. ...Уг гэмтэл нь тухайн залуу миний биед халдаж гараараа цохисон үйл явдлаас болж үүссэн гэмтэл байгаа юм. ...Би гэгчийг урд өмнө нь харж байгаагүй. Харин түүний эхнэр гэгчийг бол танина. Манай байрны хажуугийн байранд амьдардаг байсан учраас түүнийг зүс таних төдий мэднэ. Өөр би гэгчтэй ямар нэгэн харилцаа холбоо тогтоож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/
“...Би эмчилгээний зардал гэж гэх залуугаас 1,000,000 төгрөг авсан. Эмчилгээний зардалтай холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Харин миний хувьд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-д ажиллаж байсан. Энэ хэргийн улмаас би 2024 оны 04 дүгээр сараас хойш 10 дугаар сар хүртэл ажиллаж байгаад ******* аймагт ирж буцаж ажиллаж чадаагүй. Би сард 4,000,000 төгрөгийн цалин авдаг байсан. Биедээ гэмтэл авсны улмаас ажлаа хийж чадаагүй учир ажил хийгээгүй хоногийн тоогоор цалингаа нэхэмжлэх болно. Надад одоогоор цалингийн тодорхойлолт болгож өгөх баримт байхгүй. Миний хувьд хэргийн дараа дараагийн шатанд нь баримтаа гаргаж өгч хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******ын эмчилгээний зардалд 3,449,021 төгрөг зарцуулсан байна. Иймд Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс иргэн *******ын биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-17/
Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нь манай урд хөрш айл учир би танина. нь манай зүүн талын зурагтай шар байранд амьдардаг зүс танина. Би буцаж гэр рүүгээ ороод шууд амарсан. , нар 2024 оны 10 дугаар сарын 30-ны орой 23 цагийн орчим ******* сумын 3 дугаар баг 41 дүгээр байрны орцонд 2 давхарт хоорондоо нэг нэгнийгээ цохихоор нь салгасан. Хэн нь хэнийгээ хэрхэн цохисон талаар нь тодорхой сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/
Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 30-ны ...өдөр гэртээ байж байхад өдөр 13 цагийн орчимд манай хажуугийн байрны найз орж ирсэн. Бид гэрт хэсэг байж байгаад жоохон байж байгаад уулзана шүү гэж хэлээд гарсан. Удалгүй бид хоёр 14 цагийн орчимд байрны гадаа уулзаад ******* сумын 2 дугаар баг Төв хороололд найз ын нохой тэжээж буй хашаанд ирээд нохойны торон хашааг нь янзалсан. ...Үүний дараагаар бид хоёр ******* сумын 4 дүгээр баг Зангиат хороололд байрлах ын таньдаг эгчийнх нь дэлгүүр рүү очиж 2 ширхэг том савтай пиво зээлж аваад гэрийнхээ хойно байдаг Баянхангай дэлгүүрийн ойролцоо цементэн шатан дээр сууж авсан 2 савтай пивоо хувааж уусан. ...23 цаг орчим болж байсан бөгөөд миний гар утас цэнэггүй болоод ...би гэр рүүгээ орж гар утсаа цэнэглэхээр болсон. Ингээд би гэрлүүгээ орж хэсэг утсаа цэнэглэсэн бөгөөд манай аав намайг архи уулаа гэж загнаад байсан учир би шууд гарч чадалгүй гэрт хэсэг удсан. Ойролцоогоор нэг цаг орчим болсон байх буцаад гараад ирэхэд манай найз гадаа байхгүй байсан учир би түүнийг гэр рүүгээ орсон юм байх гэж бодоод буцаж ороод амарсан. Би тухайн өдөр ыг хэн нэгэнд зодуулсан үйл явдлыг мэдэхгүй байна. Харин тухайн өдрийн маргааш нь уулзахад ын баруун талын шанаа, хацар орчимд нь хавдаж боолт хийлгэсэн байдалтай байсан учир би түүнээс юу болсон талаар асуухад намайг утсаа цэнэглэх гээд орох хооронд нэг хүнтэй таарч зодуулсан гэж хэлж байсан. ...Би тай 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн орчимд уулзаж тухайн өдрийн орой 23 цагийн орчимд гэр рүүгээ орох хүртэл хугацаанд түүнтэй хамт байсан. Энэ хугацаанд түүний биед ямар нэгэн байдлаар ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Мөн түүний биед миний нүдэн дээр хэн нэгэн халдаж гэмтэл учруулсан үйл явдал огт болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэртээ нөхөр болон хүүхдүүдийн хамтаар амьдардаг. Манай том хүү одоогоор эхнэр, 2 хүүхдийн хамтаар манай гэрт амьдарч байгаа юм. Болсон асуудлын талаар гэвэл 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн орчимд намайг гадагшаа гараад буцаад ирэхэд хүү надад "гарлаа" гэж хэлээд зөрөөд гарсан. Тухайн өдөр ирэхгүй байж байгаад шөнө 00 цаг нэлээн дөхсөн байхад ганцаараа орж ирсэн. Шөнө орж ирэхдээ ээжээ миний эрүү болохгүй байна, эмнэлэг явъя гэж хэлж байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тухайн биед би унтаж байсан учир нойрондоо болоод ч тэр үү түүнд юу хийж уудаг юм, унтаж амармаар байна гээд тоогоогүй унтсан. Харин маргааш өглөө нь 06 цагийн орчимд хүү намайг дуудаж сэрээсэн бөгөөд надад хандаж “миний эрүү болохгүй байна” гэхээр нь босоод харахад шалан дээгүүр нэлээн их цус гоожсон байдалтай, түүний ам хэсгээс нь цус гоожиж байгаа харагдсан. Ингээд би эмнэлэг рүү дагуулж очоод хүлээн авахад үзүүлэхэд эрүүний яс хугарсан байна, яаралтай хэвтэж хагалгаа хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Мөн би аас яагаад ийм зүйл болсон талаар асуухад “... гэх эмэгтэйн гэрийн хаалгыг нэг хүн хөшөөд байхад нь би болиоч наадах айл чинь эзэнгүй айл” гэж хэлсэн чинь тэр залуу надад “чи яасан сайн мэддэг юм, янхантай явдаг хүн чи юм байна” гэж хэлээд цохиж гэмтэл учруулсан гэхээр нь би руу залгаж болсон асуудлын талаар хэлсэн. Харин гийн нөхөр гэх залуу ирээд та нар явдаг газраараа яв гэж хэлсэн. ...Манай хүү 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагийн орчимд гэрээсээ гарахдаа биеийн байдал нь зүгээр ямар нэгэн гэмтэл, шархгүй гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Манай гэр ******* сумын 3 дугаар баг зурагтай шар байрны 5 тоотод байдаг бөгөөд би тийш таксигаар яваад 00 цаг 20 минутын орчимд гэрийнхээ гадаа ирсэн. Тэгээд гэр рүүгээ орох гээд орц руу ороход коридорт согтуу, нүцгэн залуу зогсож байсан. Тэрээр хувцсаа коридорт тараагаад хаясан байсан. ...би гэр рүүгээ орохоор хаалгаа онгойлгох гэсэн чинь тухай залуу “чи хэн бэ, яах гэж байгаа юм” гээд намайг үгээр өдсөн. Би гэр рүүгээ орох гэж байна, чи харин хувцсаа өмсөөд манай орцноос гар гэж хэлсэн. ...Би тэр залуугийн гарыг нь тавиулах гээд хоёр удаа зөөлөн алгадсан, тэр ч миний толгой руу цохисон гэж хэлэхэд цагдаа нь тэр залуугаас мөн юу болсон талаар асуухад тэр залуу адилхан хариулт хэлсэн. Тэгээд манай эхнэр тэр залуугийн ээжийг нь таньдаг юм шиг байгаа юм түүнээс “чи манай орцонд согтуу юу хийж яваа юм бэ” гэж асуухад тэр залуу 2-3 залуучуудаас зугтаагаад танай орц руу орж ирээд байж байсан юм гэж хэлсэн. ...Би бол Ташгайт ресторанд 2 шил пиво уусан, нээх их согтуу байгаагүй, тухайн залуу харин архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн, хөл дээрээ тогтож чадахгүй шахуу байсан. Тэр намайг заамдаад тавихгүй байхаар нь баруун хацар руу нь хоёр удаа алгадсан. Өөр цохиж зодоогүй. Цохих үед ах хажууд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65/
******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 622 тоот дүгнэлтэд:
1. *******ын биед эрүүний баруун булан болон ооч хэсгийн хугарал, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна.
4. Эрүүний баруун булан болон ооч хэсгийн хугарал, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 34-37/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1525 тоот дүгнэлтэд:
1. Хохирогч ийн /РД: /-ын сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.
2.3. Хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин, биеийн эрүүл мэндийн эдгэрэлт, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарна гэжээ. /хх-ийн 43-45/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/
- *******өөс эрүүл мэндийн даатгалын санд 3,449,210 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 18/
- Хохирогч *******т хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 19-21/
- ******* ******* ХХК-иас *******ийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 67/
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/
- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-76/
- Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 66, 68-69/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны орой 23 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг зурагтай шар байр буюу 41 дүгээр байрны орцонд хохирогч *******тай маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь эрүүний баруун булан болон ооч хэсгийн хугарал, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д., Э., Т. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 622 тоот “...*******ын биед эрүүний баруун булан болон ооч хэсгийн хугарал, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Эрүүний баруун булан болон ооч хэсгийн хугарал, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1525 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгчээс эмчилгээний төлбөрт 1,000,000 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр мөн ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ...” гэж мэдүүлж байгаа боловч ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахтай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1525 тоот дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлтэй гэж тогтоосон байх бөгөөд Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 4,620,000 төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж, хохирогч *******т олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 4,620,000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч *******т олгосугай.
5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА