| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0040/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/44 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421006080035 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг Номгон гэх газарт оршин суух үндсэн хаягтай, одоо Дорнод аймгийн сумын 3 дугаар баг Хөх гэх газарт түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 3 дугаар баг Хөх гэх газарт иргэн “адуу туусан” гэж үл ойлголцон заамдалцаж маргалдах явцдаа хамар хэсэгт мөргөж хохирогч биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ах бид 2 гадуур ажлаа хийж байгаад орой 16 цагийн орчим мотоцикл дээрээ сундалдаад тугалдаа явсан. Тухайн үед гэрийнхээ урд дээр гарч тугалаа харахад манай тугалууд харагдахгүй байсан. Тэгэхэд баруун зүгт хэсэг адуу байсан бөгөөд гол хэсэгт нь хэдэн бараан юм харагдаад байхаар нь манай тугалууд байж магадгүй гэж бодоод ах бид 2 явж очсон. Тэгээд очиход тугал биш ямаа байсан. Тухайн үед цагаан өнгийн приус маркийн машинтай гэх залуу давхиж ирээд намайг дээлийнхээ нударгаар гуядсан. Тэгэхээр нь би “хөөе юу болж байна вэ” гэхэд тэр залуу “чи муу яахаараа миний адууг туудаг юм бэ" гэхээр нь би түүнд “би чиний адууг туугаагүй, тугалаа хайгаад ирсэн чинь ямаа байсан байна энэ хэдэн ямааг харчхаад явж байна” гэхэд гэх залуу намайг заамдаад авахаар нь би адилхан өөдөөс нь заамдаж авсан. Тэгээд иймхэн зүйлээс болж муудаад яах вэ гэж хэлээд гараа буулгахад миний хоолойг боож байснаа гэнэт өөр рүүгээ татаж миний хамар руу мөргөсөн. Тухайн үед миний хамраас цус гараад хажууд байсан ах салгасан. Би гэх залууг зүс мэднэ сайн танихгүй. нь намайг өөрийнхөө адууг туусан гэж буруу ойлгосны улмаас миний биед халдаж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчим ахын хүү хамт сумын 3 дугаар багт Хөх гэх газарт 4 тооны тугалаа хайгаад мотоциклтой явж байтал адуунуудын голд хэдэн жижиг бараан мал явж байхаар нь очиж үзэхэд тухайн адуун дунд хэдэн ямаа явж байхаар нь тэр ямааг туугаад хэний ямаа гэдгийг нь үзэх гээд имээр нь харж байтал зүүн зүгээс нэг цагаан өнгийн приус маркийн машинтай үл таних залуу ирээд бид хоёрыг адуу хөөлөө гээд уурлаж нүүр рүү нь дээлийн нударгаараа ороолгон манай дүү тай зууралдаж заамдалцаж хоорондоо адуу мал хөөж, туулаа гэх зэргээр хэрэлдэж байтал гэх залуу нүүр рүү нь мөргөхөд манай дүү зөрүүлээд 1-2 удаа хариу цохисон. Тэгээд тэр 2 зууралдсан чигээрээ газар унахаар нь би тэр хоёрыг нэг нэгээр нь татаж салгасан. Тэр үед хамраас цус гарч байсан болохоор хоорондоо дахин зодолдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...иргэн овогтой нь Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасгаар 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болон 11 дүгээр сарын 06-ны өдөр үзлэг хийлгүүлж тусламж үйлчилгээ авсан байна. ...2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 28,350 төгрөг, 11 дүгээр сарын 06-ны өдөр 66,769 төгрөгийн үйлчилгээ авсан байна. Иймд Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс иргэн биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 55/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн орчим адуугаа услаад зүүн зүгт гаргачхаад олдохгүй байгаа 2 азарга адууны эрэлд урд зүг рүү 1 цаг орчим яваад буцаад гэрийн зүг явж байхад манай адууны дунд нэг мотоциклтой хүн явж байгаа харагдахаар нь би дотроо манай адууг туугаад явж байгаа юм байхдаа гэж бодоод адууныхаа зүг очсон. Очиход мотоциклтой 2 хүн явж байхаар нь харахад ойролцоо нутагладаг гэх залуу нэг ахтай хамт явж байсан. Тэгэхээр нь би “яагаад адуу хөөгөөд байгаа юм бэ” гэхэд бид хоёр хөөгөөгүй гэхээр нь би тухайн гэх залуутай маргалдаж эхэлсэн. Бид хоёр заамдалцаж аваад миний хоолойг боохоор нь би хамар хэсэг рүү нэг удаа мөргөхөд намайг зөрүүлээд 2-3 удаа нүүр хэсэгт цохисны дараа хамт явж байсан ах нь бид хоёрыг салгасан. ...Би тухайн үед эрүүл байсан, манай адууг тууж байна гэж бодоод уурлаж мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 619 тоот дүгнэлтэд:
1. биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-ийн 31-32/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/
- Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46-47/
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/
- Шүүгдэгч *******аас хохирол төлбөр төлсөн баримтууд /хх-ийн 62-64/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 3 дугаар баг Хөх гэх газарт иргэн “адуу туусан” гэж үл ойлголцон заамдалцаж маргалдах явцдаа хамар хэсэгт мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т., гэрч Т. нарын мөрдөн шалтгах ажиллагааны шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 619 тоот “... биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...хохирол төлбөр төлөгдсөн тул шүүх хуралдаанд оролцохгүй, сэтгэцэд учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэж мэдэгдэх хуудаст тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА