Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 110/ШШ2022/0059

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Ж.Н,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарын хоорондын газрын  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1. Нэхэмжлэгч Ж.Н нь Баян-Өлгий аймгийн Засаг  даргад холбогдуулан “Монгол улсын иргэн Ж.Н Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ..... багт байрлах 2014 м.кв газрыг өв залгамжлуулан эзэмшүүлэх   тухай шийдвэр гаргахыг  аймгийн Засаг даргад даалгах”-аар маргаж байна.

              Нэхэмжлэгч анх “Монгол улсын иргэн Ж.Н Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах 2015 м.кв газрыг өв залгамжлуулан эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг  аймгийн Засаг даргад даалгах” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Өлгий сумын ... багт байрлах 2014 м.кв” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.

            2. Нэхэмжлэгч Ж.Н  “эцэг С.Ж Өлгий сумын .... багт байрлах, 2014 м.кв эзэмшлийн газрыг өв залгамжлуулан эзэмшүүлэх шийдвэр гаргуулах”-аар 2022 оны  5 дугаар сарын 04-ний өдөр  аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан байх ба уг өргөдлийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.

Тус газраас “С.Ж эзэмшүүлсэн гэх газрын байршлыг харуулсан тойм зураггүй, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг захирамж гарахаас өмнө бичсэн,тухайн газрыг өнөөг хүртэл ашиглаагүй бөгөөд одоо нийтийн эдэлбэр газарт хамаарч байна. Иймээс тус газрыг газрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй” гэсэн хариу өгсөн буюу  захиргааны актыг гаргахаас татгалзсанаар тус шүүхэд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Миний аав С.Ж Өлгий сумын Засаг даргын 1999 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаартай захирамжаар 2014 м.кв газрыг 60 жилийн хугацаагаар хууль ёсоор эзэмшүүлсэн юм. Иргэн С.Ж уг газрыг эзэмшүүлснийг нотолж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас ..... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байсан. Ингээд уг газрыг аав С.Ж нь зохих журмын дагуу эзэмшин ашиглаж байгаад 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан.

Баян-Өлгий аймгийн тойргийн нотариатч Т.З 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ж хүү Н надад .... дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон юм. Уг өвлөх эрхийн гэрчилгээгээр Ж.Н би Иргэний хуулийн 520, 531 дэх  зүйлүүдэд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээх чадамжтай болсон. Өөрөөр хэлбэл Ж.Н би эцэг Ж хууль ёсоор эзэмшиж байсан газрыг хүсэлт гаргах журмаар цаашид эзэмших эрхтэй гэж үзэж байна.

Монгол улсын иргэн Ж.Н би Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Б 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүсэлт гарган “Миний аав С.Ж Өлгий сумын ... багт байрлалтай, 2014 м.кв эзэмшлийн газрыг өв залгамжлуулан эзэмшүүлэх шийдвэр   гаргаж өгөх”- ийг хүссэн. Аймгийн Засаг даргаас миний хүсэлтийг тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байлаа. Уг газрын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 222 дугаартай албан бичгээр “Талийгаач С.Ж Өлгий сумын Засаг даргын 1999 оны 42 дугаар захирамжаар эзэмшүүлсэн гэх 2100 м.кв газрын байршлыг харуулсан тойм зураггүй, ..... дугаартай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг захирамж гаргахаас өмнө бичсэн, мөн тухайн газрыг өнөө хүртэл ашиглаагүй бөгөөд одоо нийтийн эдэлбэр газарт хамаарч байна. Иймээс тус газрыг  газрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй” гэсэн хариу өгсөн юм. Уг байгууллагын хариуг би Засаг даргын хариу гэж үзээд Засаг даргаас миний хүсэлтийг хуульд нийцүүлэн  шийдвэрлэж чадаагүй гэж үзээд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл  газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал  газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно” гэж заасны дагуу аав Ж нас барахаас өмнө хууль ёсоор эзэмшиж байсан 2014 м.кв газрыг хүү Н би өвлөх журмаар цаашид хууль ёсоор эзэмших эрхтэй гэж үзэж байна “ гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Нэхэмжлэгч Ж.Н аав С.Ж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... багийн нутаг дэвсгэрээс Өлгий сумын Засаг даргын 1999 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаартай захирамжаар 2014 м.кв газрыг 60 жилийн хугацаагаар хууль ёсоор эзэмшүүлсэн. Уг газрыг иргэн С.Ж эзэмшүүлсэн тухай Өлгий сумын Засаг даргаас ..... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байсан. Уг газрыг иргэн С.Ж нь зохих журмын дагуу эзэмшин ашиглаж байгаад 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д заасны дагуу С.Ж нас барахаас өмнө хууль ёсоор эзэмшиж байсан 2014 м.кв газрыг хүү Ж.Н нь өвлөх журмаар цаашид хууль ёсоор эзэмших эрхтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс уг маргаанд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаар дараах нөхцөл байдал шинээр тогтоогдсон гэж үзэж байна. Үүнд,

1.Иргэн С.Ж газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 1999 оны 43 дугаартай захирамж, газар эзэмшүүлсэн гэрчилгээ одоо хүртэл хүчингүй болоогүй буюу уг эрхийн акт, гэрчилгээ хүчинтэй байна. С.Ж газар эзэмшүүлсэн захирамж нь тухайн үед гарч байсан нь архив бичиг хэргийн үзлэг, гэрч Х.С мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэж байна.

2.Уг газрыг өнөөдөр хүртэл хэн нэгэн иргэн, хуулийн этгээдээс өөрийн газартай ямар нэгэн байдлаар давхацсан гэсэн маргаан гараагүй байна. Шүүхийн үзлэг болон тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн бичгийн нотлох баримтаар уг 2100 м.кв газар нь хөрш зэргэлдээ “Р” ХХК, “Н” эмнэлэг зэрэг аж ахуйн нэгжүүдийн газартай ямар нэгэн байдлаар давхардаагүй, мөн түүнчлэн иргэдийн нийтийн эзэмшлийн газарт шилжүүлсэн шийдвэр гараагүй байна.

3.Уг 2014 м.кв буюу 0,2 га газарт аав С.Ж амьд сэрүүн байхад барьсан блокон хашаа, байрлуулсан вагончик, агуулах, уурын зуух, нойлын байр зэрэг эд хөрөнгүүд байгаа нь шүүхээс газар дээр нь үзлэг хийсэн үед тогтоогдсон юм. Уг газрыг цаашид зориулалтын дагуу ашиглах шаардлага гарч байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“1999 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн захирамж 42 дугаартай гэж ярьж байсан боловч тус захирамж нь 43 дугаартай захирамж болж гарсан. Энэ тухай нотлох баримт архивын сан хөмрөгөөс гарсан. Тус захирамжаар өргөнөөрөө 15 метр, уртаараа 140 метр газар буюу 0,2 га газрыг олгосон байдаг. Тус захирамжид заасан газрын хэмжээ нь өнөөдрийн шүүхээс үзлэг хийсэн газартай тохирч байгаа. Тухайн үед тус газарт гэрчилгээ олгосон байдаг. Тус гэрчилгээнд 5 дугаар сарын 14-ний өдөр гэсэн байдаг бөгөөд тус 5 дугаар сарын 14-ний өдөр гэсэн огноо нь буруу бичигдсэн байх гэж бодож байна.Тус газрыг Өлгий сумын Засаг даргын захирамжаар олгосон бөгөөд тус захирамж өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр. Мөн гэрчилгээ ямар нэгэн байдлаар хүчингүй  болоогүй.

Иргэн, хуулийн этгээдэд олгосон газар хэн нэгний газартай давхардал үүсэхгүй байх ёстой бөгөөд хариуцагчаас, Газрын албанаас өнөөдрийн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй газар “А” ХК-ийн олон газартай давхацсан тухай тайлбар гаргаагүй. Мөн ойролцоо газар эзэмшиж байгаа “Н” эмнэлэг болон “Р” ХХК нарын газартай давхцал үүсээгүй. Дүгнэж  хэлэхэд нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй газрыг хэн нэгэн иргэн, хуулийн этгээдээс өөрсдийн эзэмшил газартай давхцаж байна гэж 1999 оноос хойш 20 хэдэн жилийн хугацаанд ямар нэгэн маргаан гаргаагүй.

Тус газрыг анх эзэмшүүлэхэд 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, 60 жилийн хугацаа дуусаагүй байгаа бөгөөд  Газрын тухай хуульд зааснаар Ж.Н нь үлдсэн хугацаагаар эзэмших эрхтэй. Тус газрын ойролцоо “Н” эмнэлгийн эзэн А гэх хүн  “А” ХК-аас газар шилжүүлж аваад шинээр барилга барьж байгаа. Энэхүү “Н” эмнэлгийн шинээр барьж байгаа барилгын зарим хэсэг нь энэ газартай давхцаж байгаа асуудал бий. Гэхдээ тэдгээр хүмүүс ямар нэгэн гомдол мэдүүлээгүй, давхацсан газартай холбоотой ямар нэгэн маргаан үүсээгүй, шилжүүлсэн газар учраас хоорондоо тохиролцож байгаа. Мэдээж тухайн барилгад  орох, гарах гарцыг хаахгүй гэдэг талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хангалттай тайлбар гаргалаа.

 С.Ж гуайн эхнэр К-д эзэмшүүлсэн газрын тухай асуудал мөн хөндөгдлөө. Уг газрын цаад талд малын хашаа шиг нэг хашаа байгаа, тус хашааны өргөн болон урт нь өнөөдрийн нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй газартай тохирохгүй.

Маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байсан хүн нас барсан учир түүний төрсөн хүүхэд Ж.Н нь өвлөх эрхийн дагуу эзэмших ёстой. Тухайн газрыг анх малын хашааны зориулалтаар олгосон, хашаа баригдаагүй  гэдэг асуудал яригдаж байгаа. Бодит байдалд хашаа бариагүй ч гэсэн зохих хэмжээний үл хөдлөх хөрөнгүүд байгаа. Мөн Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлд зааснаар газраа 2 жил ашиглаагүй бол хүчингүй болгох заалт байгаа ч хариуцагчаас  эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй байгаа. Хариуцагч байгууллагын хувьд газар олгосон захирамж нь 6 дугаар сарын 08-ны өдөр, газар эзэмших гэрчилгээ нь 5 дугаар сарын 14-ний өдөр гарсан огнооны зөрүүтэй байдлын улмаас нэхэмжлэгчийн хүсэлт болон нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй болж байгаагаа тайлбарласан. Гэхдээ тус гэрчилгээ нь 6 дугаар сарын 14-ний өдөр бичигдсэн байх гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар тус газар сул  байгаа бөгөөд бусад ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн орох, гарах гарцыг хаахгүй гэдгээ нэхэмжлэгч нар удаа дараа тайлбарласан. Мөн захирамжид тус газрыг “А” ХК-д олгосон бол С.Ж гээд бичихгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

5. Хариуцагч аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа:

“Иргэн Ж.Н газар эзэмших өв залгамжлалын талаар гаргасан хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлэхэд тус газрын зүгээс иргэний хүсэлтийг хянаж үзээд Өлгий сумын Засаг даргын 1999 оны 42 дугаар захирамжаар иргэн С.Ж эзэмшүүлсэн гэх 2100 м.кв газрын ...... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг захирамж гаргахаас өмнө бичсэн зөрчилтэй тул хүсэлтийг хангах шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг иргэнд өгч, улмаар манайд амаар мэдэгдсэн болно. Иймд иргэн Ж.Нурболатын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Өөр нэмж гаргах тайлбар байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн “Монгол улсын иргэн Ж.Н Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... багт байрлах 2014 м.кв газрыг өв залгамжлуулан эзэмшүүлэх   тухай шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах” шаардлагатай нэхэмжлэл  үндэслэлгүй байна.

2.Нэхэмжлэгчээс “Өлгий сумын Засаг даргын 1999 оны  06 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаар захирамжаар 2014 м.кв газрыг С.Ж 60 жилийн хугацаагаар, хууль ёсоор эзэмшүүлсэн, уг захирамжийг үндэслэн 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн  .......  дугаартай газар эзэмших гэрчилгээг олгосон, эцэг С.Ж 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нас барсан ба  энэхүү С.Ж эзэмшүүлсэн 2014 м.кв газрыг хүү Ж.Н өв залгамжлуулан эзэмшүүлэх  шийдвэр гаргахаас татгалзсан  нь хууль бус бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэж маргасан.

3. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь тухайн газар эзэмшүүлсэн захирамжийг Өлгий сумын Засаг даргын 1999 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 42  дугаар захирамж  гэж нэхэмжлэл болон тайлбартаа  тусгасан байгаа боловч аймгийн Архивын тасагт хадгалагдаж буй Өлгий сумын Засаг даргын 1999 оны захирамжуудад хийсэн үзлэгээр /1 дэх хавтаст хэргийн  45-53 дах тал/ 1999 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар олгох тухай“ захирамж нь 43  дугаартай болох нь тогтоогдсон.

Уг Өлгий сумын Засаг даргын 1999 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаар  “Газар олгох тухай” захирамжийн 1 дэх заалтаар “А” ХК-ийн дэргэд байгуулагдах  мал нядалгааны цехийн малын хашаанд зориулж өргөөшөө 15 м, уртаашаа 140 м газрыг олгосон, 2 дахь заалтаар олгогдсон газарт  үзэмжтэй хашаа барьж, хот байгуулалтын зарчимд нийцүүлэн ашиглахыг захирал /Ж/-д үүрэг болгосон байх ба С.Ж нь “А” ХК байгуулагдсанаас эхлэн 2016 оны 6 дугаар сарын 10-ыг хүртэлх хугацаанд  компанийн захирлаар  ажилласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн  30-31,108,112 дах тал/ нотлогдсон болно. 

Мөн дээрх 43 дугаар захирамжид газрын байршлыг “”А” ХК-ийн дэргэд байгуулагдах  мал нядалгааны цехийн малын хашаанд зориулж одоогийн бетон хашааны  баруун урд булангаас  зөвшөөрөгдсөн зургийн дагуу өргөөшөө 15 м, уртаашаа 140м” гэж заасан байх ба хуучин аймгийн хүнсний үйлдвэрийн буюу одоогийн  “А” ХК-ийн барилга байгууламжууд, түүний дотор бетон хашаа  байрлаж буй газар нь Өлгий сумын хуучны ....  баг, одоогийн ....  багт  хамаарах нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн  85,89-94,110-233,238-240, 2 дахь хавтаст хэргийн 8-12 дах тал/ тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

4.Тухайн захирамж гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын тухай хуулийн /1994 оны/ 27 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ”,  28 дугаар зүйлийн 1-д “Иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан эзэмшүүлэх хувийн гэр, орон сууцны хашааны газрын хэмжээ 0,05 га-гаас илүүгүй байна”, 2-т “Хот, тосгон, бусад сууринд оршин суугч иргэнд хувийн гэр, орон сууцны хашааны газраас гадна гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тэжээлийн ургамал тарих зориулалтаар газар эзэмшүүлж болно. Уг газрын хэмжээ 0,1 га-гаас илүүгүй байна”,  5-д “Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зориулан эзэмшүүлэх газрын дээд хэмжээг Засгийн газар тогтооно”,  6-д “Тухайн аж ахуйн нэгжид эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлыг түүний үйлдвэрлэлийн хүчин чадлыг харгалзан сум, дүүргийн Засаг дарга тогтооно”, 31 дүгээр зүйлийн  1-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 30 дугаар зүйлийн 2,З,4,5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хянан үзэж тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн тухайн газрыг эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргана”, 2-т “Шийдвэрт газар эзэмших этгээдийн нэр, хаяг, уг газрын хэмжээ, байршил дангаар буюу дундаа эзэмших талаар нэг бүрчлэн заана. Хэрэв газар эзэмшүүлэхээс татгалзсан бол үүний шалтгаан, үндэслэлийг тодорхой заана”, 32 дугаар зүйлийн  1-т “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус зохицуулсан.

Дээрх байдлаар иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан гэр, орон сууцны хашааны зориулалтаар 0,05 га-гаас илүүгүй, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тэжээлийн ургамал тарих зориулалтаар 0,1 га-гаас илүүгүй газар эзэмшүүлэхээр,  аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зориулан эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлыг сум, дүүргийн Засаг дарга тогтоохоор,  мөн газар эзэмшүүлэх тухай шийдвэрт газар эзэмших этгээдийн нэр, хаягийг  тодорхой заахаар , уг  шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор тус тус хуульчилжээ.

5. Хэрэгт авагдсан  нотлох баримтуудыг дээрх хуулийн зохицуулалтуудтай холбож үзэхэд  Өлгий сумын Засаг даргын 1999 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаар захирамжид гэр, орон сууцны хашаа, эсхүл ногоо, жимс, ургамал тарих зориулалтаар  иргэн С.Ж газар  эзэмшүүлэхээр заагаагүй, харин “А” ХК –ийн дэргэд байгуулагдах  мал нядалгааны цехийн малын хашааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр заасан, улмаар эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу ашиглахыг  компанийн захирал С.Ж үүрэг болгосон байгаа бөгөөд С.Ж нь  тухайн үед “А” ХК-ийн захирлаар ажиллаж байсан нь тогтоогдож байх тул   уг захирамжаар  15 м х 140 м газрыг  иргэн С.Ж биш, харин  аж ахуйн нэгж болох “А” ХК-д үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн гэж дүгнэхээр байна.

6. Түүнчлэн  хуулиар  газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор зохицуулсан бөгөөд Өлгий сумын Засаг даргын 1999 оны  06 дугаар сарын 08-ны өдрийн  43 дугаар захирамжаар   “А” ХК-д 15 м х 140 м буюу 2100 м.кв талбайтай газар  эзэмшүүлсэн, харин 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ...... дугаартай газар эзэмших гэрчилгээнд  иргэн С.Жалелд 2014 м.кв  эзэмшүүлсэн гэж заасан байх тул уг газар эзэмших гэрчилгээг тухайн 43 дугаар захирамжийг үндэслэн олгосон гэрчилгээ гэж  үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаагаас гадна гэрчилгээнд  Өлгий сумын Засаг даргын гарын үсэг зурагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

7.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн  40,65-70,99 дэх тал, 2 дах хавтаст хэргийн  42-46 дах тал/  нэхэмжлэгч Ж.Н нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр  тус аймгийн Засаг даргад “эцэг С.Ж Өлгий сумын .... багт байрладаг, 2014 м.кв  эзэмшлийн газрыг хуульд заасны дагуу өв залгамжлуулан эзэмшүүлэх  шийдвэр гаргах”–ыг хүсэж өргөдөл гаргасан, өргөдөлдөө 2022-04-29 гэсэн огноотой, “Иргэн С овогтой Ж  эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг”, 1999 оны  5 дугаар сарын 14-ны өдрийн ..... дугаартай С овогтой Ж 2014  м.кв газрыг эзэмшүүлсэн  газар эзэмших гэрчилгээний хуулбар, Ж Н  иргэний үнэмлэхийн хуулбар, С овогтой Ж ...... дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэлийн 0139 дугаартай  өвлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг  тус тус хавсаргасан болох нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл иргэн Ж.Н нь  “эцэг С.Ж Өлгий сумын Засаг даргын 1999 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаар захирамжаар эзэмшүүлсэн ,Өлгий сумын .... багт байрладаг, 2014 м.кв газрыг эзэмших эрхийг  хууль ёсны өв залгамжлагчийн хувьд өөрийн нэр дээр шилжүүлж, үргэлжлүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргах” агуулгатай өргөдөл  тус аймгийн Засаг даргад  гаргасан үйл баримт тогтоогдож байна.

8. Газрын тухай хуулийн /2002 оны/ 30 дугаар зүйлийн 30.2-т “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно”, 39 дүгээр зүйлийн   39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.2.газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан” гэж тус тус зааснаас үзэхэд газар эзэмшигч иргэн нас барсан  тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авах эрхтэй байхаар зохицуулсан.

Гэтэл дээрх байдлаар  Өлгий сумын Засаг даргын 1999 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаар захирамжаар  иргэн С.Ж газар эзэмшүүлээгүй,  мөн 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ..... дугаартай газар эзэмших гэрчилгээг тухайн 43 дугаар захирамжийг үндэслэн олгосон гэрчилгээ гэж  үзэх үндэслэлгүй  болох нь  тус тус тогтоогдсон, өөрөөр хэлбэл  43 дугаар захирамжаар  “А” ХК-д  газар эзэмшүүлсэн байх тул  иргэн С.Ж  хууль ёсны өв залгамжлагч болох хүү Ж.Н  “А” ХК-ийн  эзэмшлийн газрыг өв залгамжлуулан эзэмшүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч  Ж.Н нь 2016 оны 06 дугаар сарын 10-аас  эхлэн   “А” ХК-ийн   гүйцэтгэх захирлаар бүртгүүлэн ажиллаж байгаа бөгөөд Өлгий сумын Засаг даргын 1999 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаар захирамжаар  “А” ХК-д газар эзэмшүүлсэн буюу иргэн С.Ж газар эзэмшүүлээгүй нь тогтоогдсон энэ тохиолдолд уг газрыг өв залгамжлалын журмаар шилжүүлэн эзэмшүүлээгүйн улмаас  иргэн Ж.Н  эрх,хууль ёсны ашиг  сонирхол зөрчигдөнө гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд  хариуцагч аймгийн Засаг даргын  иргэн Ж.Н  “Эцэг С.Ж Өлгий сумын Засаг даргын 1999 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаар захирамжаар эзэмшүүлсэн, Өлгий сумын ..... багт байрладаг, 2014 м.кв газрыг өв залгамжлуулан эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах”  тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасантай нийцэж байгаа, мөн уг татгалзлын улмаас нэхэмжлэгч Ж.Н  эрх, хууль ёсны ашиг  сонирхол зөрчигдөнө гэж үзэх үндэслэлгүй  байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин Өлгий сумын Засаг даргын 1999 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаар захирамжаар эзэмшүүлсэн  “А” ХК-ийн 2100 м.кв эзэмшлийн газрыг  бусдад шилжүүлэх асуудлын хувьд эрх бүхий этгээд  Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т  заасныг  баримтлан нэхэмжлэгч Ж.Н  “Монгол улсын иргэн Ж.Н Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... багт байрлах 2014 м.кв газрыг өв залгамжлуулан эзэмшүүлэх   тухай шийдвэр гаргахыг  аймгийн Засаг даргад даалгах”  нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 -д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ