Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 05

 

 2019           03             07                                               05

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь

Сум дундын Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газраас Ж.Аийг цахимаар оролцуулан хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 137/ШШ2019/00032 дугаар шийдвэртэй,  

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй,

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1970 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, ам бүл 2, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг, Борхойн .....тоотод оршин суух, Бүргэд овогт Ж-ийн А /РД:РЭ......0377/-ийг албадан эмчлэх газарт явуулахыг хүссэн иргэний хэргийг,

Албадан эмчлүүлэгч Ж.А-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Албадан эмчлүүлэгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ж.А нь гудамж талбай болон орон гэртээ бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурдаг. Нийгмийн хэв журмыг зөрчдөг нь Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын хүсэлт, ар гэрийн хүсэлт, цагдаагийн хэлтсийн алба хаагч нарын илтгэх хуудас, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн дүгнэлтээр нотлогдож байна. Иймд Ж.А-ийг Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4.1-т заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулахаар хүсэлт гаргав гэжээ.

Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Оргилсайхан шүүхэд гаргасан тайлбартаа:  А нь Замын-Үүд сумын Борхойн 7 дугаар гудамжны ......... тоотод дүү Бадамхатаны хамт оршин суудаг. Иргэн Ж.А нь гудамж талбай болон гэртээ бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурдаг, нийгмийн дэг журмыг зөрчдөг. Хаяа архи дарс хэрэглэсэн үедээ гудамж талбайд согтуу унтсан байдаг. Гэрэлгүй гэртээ 3 жил амьдарч байгаа. Одоо өвлийн улиралд гадаа хүйтэнд унтаад осгож үхэх, хөл гар нь хөлдөх зэрэг эрсдэлтэй байгаа. Мөн өөрийгөө удирдан жолоодох чадваргүй, манай ажилчдын зүгээс олон удаа гэрт нь хүргэж өгч байсан. Замын-Үүд сумын тамгын газрын хүсэлт, 1-р багийн Засаг даргын хүсэлт, ар гэрийн хүсэлт, цагдаагийн хэлтсийн алба хаагч нарын илтгэх хуудас, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэл гаргасан гэв.  

Ж.А шүүхэд гаргасан тайлбартаа: Цагдаагийн байгууллагын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй, албадан эмчилгээнд явмааргүй байна. Би сүрьеэгийн эмнэлэгт хэвтэх гэж байгаа. Миний бие их муу байгаа. Миний бие архины эм дийлэхгүй. Би ноднин жил авгайгаа сахиж шандын сүрьеэгийн тасаг, ХӨСҮТ-д 4 сар гаран хэвтсэн. Би ойрд архи уугаагүй, гэртээ хүн цуглуулж архи уудаггүй, архины АА-д явмааргүй байна гэжээ.

            Анхан шатны шүүх: Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Бүргэд овогт Жамсрангийн А /РД:РЭ7......77/-ийг албадан эмчилгээнд хамруулахаар,

            Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Ж.Аийг албадан эмчилгээний хугацаа нь түүний эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдэж,

            Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Ж.А-ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

            Албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар Ж.Аийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Оргилсайханд даалгаж,

            Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Энэхүү шийдвэрийг Ж.А, түүний хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Ж.А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхээс архины албадан эмчилгээ хийлгэх шийдвэр гарч ирсэн. Хордлого тайлах эмчилгээ хийлгэж байх үед урьдны хууч өвчин /уушигны архаг бронхит, сүрьеэ/ хөдөлж, биеийн зовиур ихсэж, шөнө унтаж байх үед ханиалгах, цээжээр хатгуулах, зүрхний орчим цээжний хэсгээр хатгаж, хөшиж, хөндүүрлэх, амьсгаа давхцах зэрэг зовиур илэрч байна. Эхнэр Уранцэцэг архаг сүрьеэтэй юм. Эхнэрээ эмнэлэгт 6 сарын турш ХӨСҮТ-д сахисан. Давхар шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэсний улмаас сүрьеэгийн шинжилгээнд хамрагдсан. Шинжилгээний хариугаа авч чадаагүй байтал албадан эмчилгээнд хүрч ирлээ. Гэр бүлийн хүн маань салаад явчихсан, би архийг тааруулж хэрэглэдэг, гэртээ эрүүл байж байхад 2 удаа ирж баривчилсан. Миний биеийн байдлын зовиурыг үндэслэж согтуурах мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газраас чөлөөлж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс нь Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Засаг даргын хүсэлт /хх-4/, дүү Ж.Хэрлэнцэцэгийн хүсэлт /хх-5/, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн 2018 оны 10 дугаар сарын 25, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлтүүд /хх-6, 11/ зэргийг үндэслэн тус сумын 1 дүгээр багийн иргэн Ж-ийн Аийг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ж.А нь хүсэлтийг эс зөвшөөрч архины албадан эмчилгээнд явахгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хүсэлтийг хангаж, Согтууруулах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Ж.А-ийг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэснийг Ж.А эс зөвшөөрч “...архины хордлого тайлах эмчилгээний үед хууч өвчин сэдэрч, биеийн зовиур ихсэж байна” гэх үндэслэлээр албадан эмчилгээ хийлгэхээс чөлөөлүүлэхээр гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх уг гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасан байх тул энэхүү алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

Тодруулбал Ж.А нь 1970 онд төрсөн, 49 настай бөгөөд Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Борхойн 7 дугаар гудамжны ...... тоотод өөрийн дүү Ж.Б-ны хамт оршин суудаг, орон гэртээ болон бүлэг бөөгнөрөл үүсгэж архи согтууруулах ундааг байнга хэрэглэдэг, гудамж талбайд согтуугаар унтдаг, бие засдаг, орчин тойрны болон иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулдаг, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадваргүй, архинд донтох өвчтэй болох нь Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-24/, Ж.А-ийн Цагдаагийн газарт гаргасан тайлбарууд /хх 15, 17/, Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын хүсэлт /хх-4/, Засаг дарга О.Хүрэлбаатарын тайлбар /хх-14/, Ж.А-ийн дүү Ж.Хэрлэнцэцэгийн хүсэлт /хх-5/, багийн хэсгийн ахлагч Ж.Б-ын тайлбар /хх-16/, архаг архичдыг бүртгэсэн судалгаа /хх-23/, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн “албадан эмчилгээнд хамруулах” дүгнэлтүүд /хх-6, 11-12/ зэргээр тогтоогдож байх бөгөөд тэрээр сайн дураар эмчлүүлэхээс татгалзсан нь түүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх үндэслэл болжээ.

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтаар Ж.А-ийн хувьд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, өөрөө сайн дураар эмчлүүлэхээс татгалзсан” гэх албадан эмчлүүлэх үндэслэл тогтоогдсон тул энэ талаарх хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Албадан эмчлүүлэгч Ж.А нь “биеийн эрүүл мэндийн шалтгаанаар албадан эмчилгээ хийлгүүлгэх боломжгүй, согтуурах мансуурах донтой гэх өвчингүй”  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байх боловч түүний гомдолд дурдсан биеийн эрүүл мэндийн талаарх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйн гадна Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхийг хориглох үндэслэл болон “хүнд эмгэгтэй” гэх нөхцөл байдал, улмаар албадан эмчилгээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр албадан эмчлүүлэгч Ж.А-ийн гаргасан албадан эмчилгээнээс чөлөөлүүлэх тухай давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Учир нь анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасантай нийцээгүй байх ба Ж.А нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй буюу төлбөрийн чадваргүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т нийцнэ гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 137/ШШ2019/00032 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дугаар заалтын “... дурдсугай.” гэснийг “дурдаж” гэж өөрчилж, энэхүү заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Ж.Аийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.” гэж  нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар Ж.А-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                           ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                             Н.БАТЧИМЭГ