| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0045/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/45 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго /цахимаар/
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421005830044 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг Ам дэрс гэх газарт газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 148 дугаартай таслах шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах, Дорнод аймгийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4-д зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан *******т оногдуулсан 5 жилийн хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, *******овогт ******* *******. /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Ам дэрст гэх газарт үхэр сүрэгт нь нийлсэн , нарын өмчлөлийн 1 тооны хүрэн сарман зүсмийн сувай үнээг шунахай сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч бусдад худалдан борлуулж хохирогчид 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Ам дэрст гэх газарт үхэр сүрэгт нь нийлсэн , нарын өмчлөлийн 1 тооны хүрэн сарман зүсмийн сувай үнээг шунахай сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч бусдад худалдан борлуулж хохирогчид 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн орчимд цасан шуурганаар манай үхэр сүрэгт ...хохирогч эзэмшлийн мухар сарман зүсмийн сувай үнээ нийлсэн юм байна лээ. ...Миний хувьд тухайн шуурганд уруудан ирсэн үхрийг өөрийхөө үхэр гэж ойлгуулаад уг үхрийг барьж авсан. Ингээд тэр хавиар өөрийн үхрээ ачаад явж байсан гэх хүнтэй таараад түүний машин дээр тухайн 1 тооны үхрийг ачуулахаар болсон юм. ...Тухайн газарт нь нөгөө үхрийг өгч өөрийн 1 тооны бярууны мөнгийг хасаад үлдэгдэл 500,000 орчим төгрөгийг эхнэрийнхээ дансаар аваад надад өгсөн. Би тэр мөнгийг хувьдаа хэрэглээд дууссан. ...Надад мөнгөний хэрэг байсан...” гэх мэдүүлэг, хохирогч ийн “...Манайх ******* сумын 2 дугаар баг Сүүл нуур гэх газарт 20 орчим үхрийг хүнээр маллуулдаг юм. 2024 оны 10 дугаар сарын 13-ны өглөө гэртээ байж байхад манай малчин над руу залгаад нэг сувай үнээ алга болсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь чи наад хавиараа сайн хайгаад үз гэж хэлсэн. Тэгээд хайсан боловч ямар нэгэн сураг гараагүй тул хулгайд алдсан гэж бодоод цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна...” гэх мэдүүлэг, хохирогч ын “...манай малчин утсаар мэдэгдэж, эхнэр 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний үхрийг хулгайлсан ******* гэх хүн 2024 оны 10 дугаар сарын сүүлээр надад 1,500,000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг маань барагдуулсан учраас сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Н.ын “...2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн орчимд өөрийн Портер маркийн ДОА улсын дугаартай автомашинтайгаа руу явж ...өөрийн үхэр сүргээс 4 шүдлэн үхэр ачиж аймагт авчран махлахаар явсан юм. ...Тэгээд би үхэрнүүдээ туугаад өвөлжөөний хашаа руу явж байхад аас зүүн тийш байдаг гэх залуу ирээд мэнд мэдээд “хэзээ ирэв” гэж асуухад би “сая ирлээ хэдэн шүдлэн ачдаг билүү” гэхэд тэр “би тэгвэл ачилцаж өгье” гээд мотоциклтойгоо урагш давхиад явсан. ...Тэгээд би хөдлөх гэтэл нь “би нэг үхэр ачуулъя” гээд малчин болох гэрийн гадаа очоод уяатай байсан мухар хүрэн сарман үнээг манай машинд нэмж ачсан. надтай хамт Портерт суугаад той хамт явж байсан залуу нь унаж ирсэн цагаан машиныг жолоодоод миний араас даган аймаг руу явсан. ... авчирсан үхрээ аваачиж өгнө гээд Хэрлэн сумын 10 дугаар баг Хар байшингийн зүүн хойно байх мах авдаг газарт буулгасан. Тэгээд би гийн ачуулсан үхрийг буулгаж өгөөд явсан. Хөлсөнд нь мөнгө төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.ын “...Би Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг Сүүл уул гэх газарт мал маллан амьдардаг бөгөөд миний хувьд гэх айлын үхэрнүүдийг өөрийнхөө хэдэн малтай хөлсөөр хардаг юм. ...2024 оны 10 дугаар сарын 10-ны өглөө малдаа явж үхэрнүүдээ бүртгэхэд мухар хүрэн сарман халзан үнээ дутсан. Би ойр хавиар хайсан боловч олоогүй. ...уг үхэр 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн орчимд цасан шуурганаар манай гэрээс хойд зүгт 15-20 орчим км зайд байх ...*******ын малладаг эзэмшлийн мал сүрэг рүү гүйгээд оччихсон юм байна лээ...” гэх мэдүүлэг, гэрч Ц.ын “...Намайг хүмүүс гэдэг нэрээр маань сайн мэднэ. ...Миний хувьд 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр тус сумын 2 дугаар багт оршин суух гэх хүний малчин *******ай очиж уулзаад “1 тооны бярууг, 1 тооны даагаар солих уу, би мал мах худалдан авдаг болон түүний нөхөр нарт 3 бярууны өртэй юмаа” гэсэн чинь ******* “бяруу гээд яахав дээ, тэр хүнд чинь сувай үнээ өгөөд бярууны мөнгийг хасуулаад зөрүүг нь надад өгчих” гэж хэлсэн. Энэ үед би *******ын яриад байгаа үхрийг нь хулгайн үхэр гэж мэдээгүй. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр *******ын гэр рүү очоод зааж өгсөн хүрэн сарман зүсмийн сувай үнээг барьж авсан. ...******* бид хоёр авчирсан 1 тооны сувай үнээг ..., нарынд буулгасан. Миний хувьд тэр хоёрт 3 бярууны өртэй байсан бөгөөд тухайн сувай үнээний мөнгөнөөс 1 бярууны мөнгийг хасуулж зөрүү болох 500,000 төгрөгийг эхнэр дансаар авч АТМ-ээс бэлнээр гарган ******* өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Х.ийн “...2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн орчимд нь гэх залуугийн хамт 1 үнээ авчирч өгсөн. Тэгээд өмнө нь 3 бяруу өгнө гэж авсан мөнгөнийхөө оронд 1 бяруугаа 800,000 төгрөгт бодож 1 бярууныхаа өрийг дарсан. Авчирсан үнээ нь 170 кг татсан. Би үхрийн махыг 1 кг-ийг нь 8,000 төгрөгөөр бодож мах нь 1,360,000 төгрөг, гэдэс толгой нь 10,000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг, гэрч Х. “...Тухайн үед манай малчин ******* Дорнод аймгийн төв орсон байснаа миний үхэр хурааж авчирсны дараа 3-4 хоногийн дараа гэртээ ирэхээр нь би ******* манай үхэрт айлын хүрэн сарман мухар сувай үнээ ирсэн байгаа шүү гэж хэлсэн чинь харсан байна лээ гэж хэлсэн. ...Би малчин ******* хэлсэн болохоор худалдана гэж бодоогүй. Зөндөө мал манай малд нийлэхээр 2-3 хоногийн дараа эзэн нь аваад явдаг...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дамно үнэлгээ ХХК-ийн РЦ-24-300 тоот дүгнэлт, банкны депозит дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Шүүгдэгч ******* нь ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй үхрийн талаар орон нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй гэх заалтыг зөрчиж эзэн нь тодорхойгүй үхрийг өөрийн өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулж, борлуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид 1,500,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА