Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/57

 

 

2025      02         04                                       2025/ШЦТ/57

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

-шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг хөтөлж,

-улсын яллагчид Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Уянга,

-иргэдийн төлөөлөгч Б.Бямбаням,

-шүүгдэгч С.Б түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

         Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн С-ийн Б-д холбогдох эрүүгийн 2434**** дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, 1964 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гутал засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ****сумын *** гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъя шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

      1.*** аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 08 сарын 14-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтад зааснаар 70000 төгрөгөөр торгох ялаар,

      2.*** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалт, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн С-ийн Б /Регистрийн дугаар *****/ гэв.

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:

Шүүгдэгч С.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр **** сумын ** дүгээр багийн нутаг *** гэх газарт байх гэртээ, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Г-ыг гэрт нь орж ирэхэд “эхнэр дуудаж архи уулаа гэх” шалтгаанаар түүний хэвлийн тус газарт 1 удаа хутгалж түүний эрүүл мэндэд “хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан ил шарх, хэвлийн хөндийд цус хуралт, элэгний 5-р сигментийн хатгагдаж зүсэгдсэн шарх, өрцөнд шарх, цээжний баруун талын плеврийн хөндийн сул шингэн” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлж дүгнэвэл,

 

Шүүгдэгч С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр *** сумын *** дүгээр багийн нутаг *** гэх газарт байх гэртээ, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Г-ыг гэрт нь орж ирэхэд “эхнэр дуудаж архи уулаа гэх” шалтгаанаар түүний хэвлийн тус газарт 1 удаа хутгалж түүний эрүүл мэндэд “хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан ил шарх, хэвлийн хөндийд цус хуралт, элэгний 5-р сигментийн хатгагдаж зүсэгдсэн шарх, өрцөнд шарх, цээжний баруун талын плеврийн хөндийн сул шингэн” бүхий хүнд хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон байна.

 

1.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт.

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал,

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б-гээс:” Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.”гэж,

 

-Хохирогч Н.Г-ын мэдүүлэг /хх-12-13, 16-тал/,

-Гэрч Н.М-ын мэдүүлэг /хх-25-27-тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн мэдүүлэг /хх-21-22-тал/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаартай "...1. Н.Г-ын хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан ил шарх, хэвлийн хөндийд цус хуралт /500 мл/, элэгний 5-р сигментийн хатгагдаж зүсэгдсэн шарх, өрцөнд шарх, цээжний баруун талын плеврийн хөндийн сул шингэн агууламж /100 мл/ бүхий гэмтэд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13, 4.1.14-т зааснаар хохирлын "хүнд" хохирол тогтоогдлоо..." гэсэн дүгнэлт /хх-33-35-тал/,

-мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 48-49-р хуудас/ зэрэг нотлох баримтууд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэв.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай,

шүүгдэгч нь С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулсан.” гэснийг дурдаж, дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтыг талууд маргаагүй бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт судлагдаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтын талаар хүсэлт, гомдол, гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас:

“Шүүгдэгч С.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр *** сумын *** дүгээр багийн нутаг **** гэх газарт байх гэртээ, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Г-ыг гэрт нь орж ирэхэд “эхнэр дуудаж архи уулаа гэх” шалтгаанаар түүний хэвлийн тус газарт 1 удаа хутгалж түүний эрүүл мэндэд “хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан ил шарх, хэвлийн хөндийд цус хуралт, элэгний 5-р сигментийн хатгагдаж зүсэгдсэн шарх, өрцөнд шарх, цээжний баруун талын плеврийн хөндийн сул шингэн” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 63 дугаартай дүгнэлт, гэрч Н.М-ын мэдүүлэг, шүүгдэгч С.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Хохирол төлбөрийн хувьд 1.500.000 төгрөг хохирогчид өгсөн. Хохирогч нь хохирол, төлбөр, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэж мэдэгдсэн тул хохирогчид гаргуулах төлбөргүй. Иргэний нэхэмжлэгчээс иргэн Н.Г нь 4,353,695 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Эрүүл мэндийн даатгалын санд дээрх мөнгийг нэхэмжилж байна гэсний дагуу шүүгдэгчээс гаргуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатараас:

“Шүүгдэгч С.Б-гийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байна. Хэргийн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дураараа дэмжлэг үзүүлсэн, гэм буруутай үйлдэлдээ маргадаггүй. Гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн. Орой гэрт согтуу эхнэр, хүүхдийг нь авч ирснээс  болдог. Гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. Түүний насны байдал 60 гарсан. Ар гэрээ тэжээн тэтгэдэг. Гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэсэн саналыг,

 

Иргэдийн төлөөлөгч Б.Бямбанямаас:

“Улсын яллагчтай ижил байр суурьтай байна. Гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг шүүхэд гарган мэтгэлцэж,

 

Шүүгдэгч С.Б-гээс: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Миний буруу.” гэсэн шүүгдэгчийн эцсийн үгийг шүүхэд тус тус гаргав.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт.

 

Шүүгдэгч С.Б нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, иргэн Н.-Гын хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан ил шарх, хэвлийн хөндийд цус хуралт /500 мл/, элэгний 5-р сигментийн хатгагдаж зүсэгдсэн шарх, өрцөнд шарх, цээжний баруун талын плеврийн хөндийн сул шингэн агууламж /100 мл/ бүхий гэмтэл учруулсан нь Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 63 дугаартай  дүгнэлтэд тусгагдсан байх тул,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэх/Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 63 дугаартай  дүгнэлтэд /гэж тусгагдсан байх тул мөн хуулийн

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн...” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус бүрэн хангасан бөгөөд шинжээчийн дүгнэлт нь дээр дурдагдсан гэрч хохирогч шүүгдэгчийн мэдүүлгээр давхар нотлогдсон байх тул улсын яллагчийн 427 дугаартай яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэн улсын яллагчаас гаргасан шүүгдэгч С.Бд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”, иргэдийн төлөөлөгчийн “Гэм буруутай байна.” гэсэн дүгнэлт хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

  

Шүүгдэгчийн хохирогч Н.Г-ын эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилснаар гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хохирогчийн хүнд хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

1.5.Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан боловч хор уршгийн зардалд  1.500.000 төгрөгийг авсан одоо нэхэмжлэх зүйл болон гомдол саналгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс хохирогч Н.Гад гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Харин хохирогч Н.Г нь эрүүл мэндийн даатгалын сангаас 4,353,695 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх тул шүүгдэгч С.Б-гээс 4,353,695 /дөрвөн сая гурван зуун тавин гурван мянга зургаан зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1 Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч Э.Уянгаас:

Шүүхээс шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байх тул ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.5 дугаар зүйл болон  5.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар  5 жил 6 сарын  хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг устгуулах санал гаргаж байна” гэсэн,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатараас:

Шүүхээс шүүгдэгч С.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан тодорхой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 5 жил байдаг. Түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, насны байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн саналтай байна” гэсэн саналыг тус тус гаргаж,  

      Улсын яллагч Э.Уянгаас: “Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатараас миний үйлчлүүлэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тухайн зүйл хэсгийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул тусгайлан гаргах саналгүй." гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Б:

“Хэлэх зүйл байхгүй” гэх эцсийн үгийг хэлсэн болно.

 

2.2 Эрүүгийн хариуцлага.

 

Шүүх шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой.

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-57 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх- 58 тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-59 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-60 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-69-77 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг харгалзан шүүгдэгч С.Б-г гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэнээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаварыг ухамсарласан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл сонирхлын эерэг илэрхийлэл болон гэмт хэрэг үйлдсэн хүний нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шалтгаан нөхцөл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт “ ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн / хохирогч Н.Гад хохирол төлж хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй/ заасныг баримтлан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтэрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах “ гэж зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэж,

уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

2.3.Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2434****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

 

энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 2 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн тоолбол зохино.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн С-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгайн ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгайн ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-гээс 4,353,695 /дөрвөн сая гурван зуун тавин гурван мянга зургаан зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                      ШҮҮГЧИД                                    Т.БАТЖАРГАЛ

 

                                                                                             Ж.ДЭЛГЭРМӨРӨН