Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2017/03172

 


 

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2017/03172

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Д,

 

Нэхэмжлэгч: П.О нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А к ХХК-д холбогдох,

 

Гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 4.150.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б. Д, П.О, хариуцагчийн төлөөлөгч Г.Ч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б. Д, П.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие эхнэр П.О-н хамт 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2016 оны 12 дугаар сард ашиглалтад орох байрны захиалга авна гэсэн зарын дагуу А к ХХК-ийн Сувдан сондор хотхоны борлуулалтын албанд очиж тус хотхоны тоот байрны 2 дугаар орцны тоот 51.07 м.кв байрны хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Уг гэрээнд урьдчилгаа 30 хувийг тус компанийн дансанд шилжүүлж үлдсэн 70 хувийг банкны зээлээр төлөх нөхцөлтэйгөөр тусгасан. Би нэгэнт гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрөө төлж, тус барилгын дотоод заслын ажил гүйцэтгэж байх хугацаанд борлуулалтын менежер, инженерүүдтэй ярилцаж, тохиролцсоны дагуу өөрийн захиалсан орон сууцандаа интерьерийн зураг гаргуулж, дүүжин тааз хийлгэж, түүний ажлын хөлс, материалын зардлыг бүгдийг нь хувиасаа төлсөн. Энэ үед тус компанийн зүгээс ямар нэгэн хориг тавиагүй. Уг орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр улсын комисс хүлээн авч, 03 дугаар сарын дундуур дотоод засал, бусад ажил хийгдэж, айл орж амьдрах нөхцөл бүрдсэн. 03 дугаар сарын сүүлээр тус компани Улаанбаатар хотын банктай хамтран ажиллах гэрээ байгуулж, тус банкнаас зээл гаргах нөхцлийг бүрдүүлсэн боловч тухайн гэрээтэй банк зээл гаргахгүй байсаар 07 дугаар сар хүрсэн тул өөр банкаар зээл хөөцөлдөж, зээлийн материалаа бүрдүүлж өгөхөөр бэлтгэж байх хугацаанд надад ямар нэгэн мэдэгдэл өгөлгүйгээр албан ёсоор гэрээгээ цуцлалгүйгээр гэрээний нөхцлөө зөрчин өөр айлд зарсан байсан. Хэрвээ энэ А к ХХК нь гэрээний үүргээ зөрчилгүй анх захиалга авахдаа худал хэлж залилангийн шинжтэй үйл ажиллагаа хийгээгүй миний ажил хөрөнгийг олон сараар уяагүй байсан бол миний бие ингэж урьдчилгаа 30 хувь болох 28.803.480 төгрөгийг банкинд хадгалуулсны хүү, тус байранд оруулсан хөрөнгө оруулалтын зардал болон цаг хугацаагаар хохирохгүй байсан. Иймд хариуцагч А к ХХК-аас нийт 4.150.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А к ХХК-ийн төлөөлөгч Г.Ч шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Иргэн Б. Д, П.О нар нь манай компанийн ажилтнууд сануулсаар байхад зөвшөөрөлгүйгээр төлбөр тооцоо нь бүрэн хийгдээгүй байранд дур мэдэн өөрчөлт оруулж, зассан байна. Орон сууц захиалан бариулах 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн тоот гэрээний 9.2 дахь заалтын дагуу үлдэгдэл төлбөрөө төлж чадалгүй 60 хоногоос илүү хугацаа өнгөрсөн нь гэрээг дангаар цуцлахаас аргагүй болж, энэ талаар манай компанийн борлуулалтын менежер Г.Хишигсүрэнгээс иргэн Б.Д-д утсаар ярьж мэдэгдсэн. Дээрх нөхцлүүдийг харгалзан үзэж Б.Д-тэй байгуулсан Д-0139 тоот гэрээг цуцалж, хугацааны болон бусад алдангиас чөлөөлөн урьчдилаа 30 хувийн төлбөр буюу 28.803.480 төгрөгийг бүрэн буцаан олгохоор шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б. Д, П.О нар нь хариуцагч А к ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 4.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч А к ХХК нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, хариуцагч А к ХХК нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Сувдан сондор хотхоны тоот байр, дугаар орц, тоот 51.07 м.кв орон сууцыг барьж гүйцэтгэх, нэхэмжлэгч Б. Д, П.О нар нь 96.011.600 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ /хх-39-41/.

 

Дээрх гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр эсэх талаар зохигчдын маргаангүй, гэрээ байгуулагдах үед 165 айлын орон сууцны зөвхөн 3-4 дүгээр давхар баригдаж эхэлж байсан гэж зохигч тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нар 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд нийт 28.803.480 төгрөг төлсөн болох нь хариуцагч талын гаргасан төлбөрийн баримтаар нотлогдсон /хх-42-43/. Харин нэхэмжлэгч нар үлдэх төлбөрийг төлөөгүй бөгөөд орон сууцны захиалгын гэрээний хавсралтаар баталсан төлбөрийн хуваарь ёсоор үлдэгдэл 70% буюу 67.208.120 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцжээ. Зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч байгууллага нь хэд хэдэн банктай хамтран ажиллахаар хэлэлцсэн боловч орон сууцны зээлийн асуудал шийдэгдээгүй, улмаар нэхэмжлэгч нар орон сууцны зээл хүсч Хас банкинд хандсан гэж тайлбарлаж байна.

 

Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийг үлдэгдэл төлбөрөө төлөөгүй үндэслэлээр гэрээнд заасан орон сууцыг бусдад шилжүүлсэн байх ба нэхэмжлэгчийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хүсэлтийн дагуу урьдчилгаанд төлсөн 28.803.480 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр буцаан олгожээ /хх-44, 45/.

 

Талуудын байгуулсан гэрээнд банкны зээлийг хариуцагч зохицуулах үүрэг хүлээгээгүй байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлйин 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талыг гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Гэвч төлбөрийн хуваарийг батлахдаа үлдэгдэл төлбөр төлөх хугацааг тодорхой заагаагүйгээс нэхэмжлэгчийг гэрээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй боловч хариуцагч орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад оруулж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байхад энэ хугацаанаас хойш 6 сарын хугацаанд нэхэмжлэгч төлбөр төлөөгүй байгааг зөвтгөх боломжгүй байна.

 

Иймд хариуцагч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан байна.

 

Нэхэмжлэлд дүүжин тааз хийлгэсэн ажлын хөлс 811.500 төгрөг, материалын зардал 1.215.000 төгрөг, интерьерийн зураг хийлгэсэн зардал 450.000 төгрөг, урьдчилгаа 30 хувийг банкинд хадгалуулсан бол бодогдох хүү 1.673.500 төгрөг, нийт 4.150.000 төгрөг хариуцагчаас нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь орон сууцанд дээрх нэмэлт ажлыг түүний зөвшөөрөлгүйгээр хийлгэсэн тул бид хариуцахгүй гэж татгалзаж байх боловч хуулийн дээрх зохицуулалтын дагуу талууд гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг хүлээжээ.

 

Нэхэмжлэгч тал орон сууцанд хийгдэх тааз болон дотоод интерьерийн ажлын зураг, мөн орон сууцанд хийгдсэн дүүжин тааз, гэрэлтүүлэг, ханын фото зургуудыг шүүхэд гаргаж, тэдгээрийг гар утсаар авснаа нотолж үзлэг хийлгэсэн, мөн ажлын хөлс 871.100 төгрөг, материалын үнэ 113.250 төгрөг төлсөн Хаан банкны дансны хуулга, барилгын материал худалдан авсан зарлагын баримтуудыг тус тус шүүхэд гаргасан /хх-10-20, 61-64, 66-68/. Эдгээр баримтаар нэхэмжлэгч орон сууцанд дүүжин тааз, гэрэлтүүлэг, хана зэрэг нэмэлт ажил хийлгэсэн болох нь тогтоогдож байх ба хариуцагч уг нотлох баримтыг шүүхэд баримтаар үгүйсгээгүй.

 

Дээр дурдсаныг үндэслэн хариуцагчаас нэмэлт ажлын хөлс 871.100 төгрөг, барилгын материалын зардал 1.154.850 төгрөг, нийт 2.025.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж шүүх дүгнэв. Харин нэхэмжлэгч ажлын зураг хийлгэсний хөлс 450.000 төгрөг төлснийг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул хангах үндэслэлгүй. Мөн урьдчилгаа 30 хувийг банкинд хадгалуулсан бол бодогдох хүү 1.673.500 төгрөг нэхэмжилж байх боловч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул уг хохирлыг хариуцагч хариуцахгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А к ХХК-аас 2.025.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б. Д, П.О нарт олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлээс 2.124.050 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А к ХХК-аас 47.365 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б. Д, П.О нарт олгосугай.

 

3. Хариуцагч А к ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА