Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00172

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Ж.Жавхлантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Ганбат

Шүүгдэгч Б.Бат-Ирээдүй нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Бат-Очирын Бат-Ирээдүйд холбогдох эрүүгийн 201714000216 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Боржигон овгийн Бат-Очирын Бат-Ирээдүй, Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран баг 32-01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх. /РД:ФА89091218/

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Бат-Ирээдүй нь 2017 оны 04 сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 3-6 тоотод оршин суух Б.Батсайханы гэрийн цоожийг эвдэн орж 43 инчийн Лед зурагтыг хулгайлан 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Батсайханы “2017 оны 04 сарын 07-ны өглөө 11 цаг 20 минутын үед үсчин орж үсээ засуулахаар таван эрдэнэ малын зах орж дүүтэйгээ уулзахаар гэрээсээ гарсан юм. Ингээд гадуур явж байгаад 20 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр Уранчимэг ирчихсэн гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Манай эхнэр Уранчимэг 19 цагийн үед гэртээ иртэл гэрийн маань цоожийг цохиж эвдэж ороод гэрийн хойморт байсан зургтыг аваад явсан байсан. Бат-Ирээдүйд манай гэрийн илүү түлхүүр байхгүй. Манай гэрийн эд зүйлийг захиран зарцуулах эрх Бат-Ирээдүйд байхгүй. Бат-Ирээдүй манай гэрээс зурагт хулгайлсан болохоо хэлсэн. Бат-Ирээдүйгийн төрсөн хүү нь Улаанбаатар байдаг бөгөөд хүүхдэд нь мөнгөний хэрэг болоод “ахаа би танай зурагтыг хулгайлсан шүү” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-р хуудас/

            2. Гэрч Ц.Уранчимэгийн “2017 оны 04 сарын 07-ны өдөр 08 цагийн үед ажилдаа яваад нөхөр маань гэртээ үлдсэн. Ингээд орой 18 цаг өнгөрч байхад ажил тараад би нөхөртэйгөө утсаар ярихад “мал махны зах дээр байна, чи түрүүлээд харьж бай” гэсэн. Хашаагаар яваад ортол манай гэрийн үүд цоожгүй харагдсан. Сандраад гүйгээд очтол гэрийн цоож эвдрээд газар унасан байдалтай байсан. Гэртээ явж ортол манай гэрийн хойморт байдаг 43 инчийн Самсунг маркийн зурагт байхгүй байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-р хуудас/

            3. Гэрч Т.Ган-Эрдэний “2017 оны 04 сарын 07-ны өдөр 11 цагийн үед би гэрээсээ машинтайгаа гараад явж байтал манай Наран багийн 3 дугаар гудамжны төгсгөлд нэг танихгүй эрэгтэй хүн цагаан саарал өнгийн даавуунд ороолттой зурагт газар тавьчихсан зогсож байсан. Гэтэл тэр орой би гэртээ байж байтал 21 цагийн үед цагдаа нар манай гэрт орж ирээд “хөрш айлд хулгай орж зурагтыг нь хулгайлсан болохыг мэдсэн. Тэгээд цагдаа нарт “өглөө 11 цагийн үед гудамжны үзүүрт зурагт газар тавиад хажууд нь хүн зогсож байхыг харсан гэдгээ хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-р хуудас/

            4. Гэрч Цэцгээгийн “Би Уртцагааны худалдааны төвд 24 цагийн ломбарданд ажилладаг юм. 2017 оны 04 сарын 07-ны өдөр 11 цаг өнгөрч байхад 2 залуу Самсунг маркийн зурагт авч ирээд 250 000 төгрөгөнд тавьсан юм. Би уг нь ломбардандаа зурагт авдагггүй юм. Гэтэл 2 залуугийн нэг нь болох арай том биетэй, нэг нүд нь солир мэт сонин нүдтэй залуу гуйгаад “эгчээ манай гэрийн зурагт байгаа юм. Би өөрөө мөнгөний хэрэгцээ гараад зурагтаа тавьж байгаа юм. Надад өөрийн маань бичиг баримт байхгүй байна. Би энэ найзынхаа бичиг баримтаар тавиад 14 хоногийн дараа ирээд авчихна гээд байсан юм. Ингээд уг залуутай хамт явж байсан түүнээс арай нуруугаар намхан залуу Д.Эрдэнэзоригт гэх иргэний үнэмлэх гаргаж ирээд зурагтыг тавьсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23-р хуудас/

            5. Гэрч Д.Эрдэнэзоригтын “2017 оны 04 сарын эхээр яг хэдний өдөр болохыг санахгүй байна. Бат-Ирээдүйтэй зах дээр тааралдтал Бат-Ирээдүй өнөөдөр гар утсаа түр өгөөд явуулаач, орой эхнэр хүүхэдтэйгээ ярих хэрэгтэй байна, маргааш аваарай гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө 10-11 цагийн үед Бат-Ирээдүйгээс утсаа авах гээд залгатал хорооллын эцэс рүү явахад байдаг Төгөл дэлгүүрийн харалдаа хүрээд ир гэсэн. Би Төгөл дэлгүүрийн харалдаа очоод хүний утаснаас дахин залгатал мань нь хүнд юм өргөж явна, дийлэхгүй байна. Наран баг руу эргээд гурав дахь гудамжинд хүрээд ир гэж хэлсэн. Би Яваад очтол Бат-Ирээдүй нэг зурагт газар тавьчихсан зогсож байсан. Би хэний зурагт юм бэ гэхэд манай гэрийн зурагт байгаа юм, охин руугаа мөнгө явуулах гэтэл мөнгөгүй болчихоод түр ломбарданд тавих гэсэн юм. Би юм сайн харахгүй унагаад эвдчих гээд байна гэж хэлсэн. Тэгээд би Бат-Ирээдүйд тус болох санаатай зурагтыг нь өргөөд зам руу гараад машинд суух гэтэл такси олдохгүй байхаар нь гудамжинд зогсож байсан машинтай хүнтэй Бат-Ирээдүй очиж уулзаад бид хоёр машинаар нь Уртцагаан хүргүүлсэн. Тэгээд ломбард руу ортол Бат-Ирээдүй иргэний үнэмлэх байхгүй, чи найздаа иргэний үнэмлэхээрээ тавиад өгөөч гээд байсан. Би хулгайн зурагт гэж мэдээгүй. Бат-Ирээдүй охин руугаа мөнгө явуулна гээд байсан тул иргэний үнэмлэхээрээ 250 000 төгрөгөнд тавьж өгсөн. Би тэр мөнгөнөөс нь нэг ч төгрөг аваагүй. Гар утсаа Бат-Ирээдүйгээс аваад салсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/ болон эд зүйлийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бат-Ирээдүй нь мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

            Хохирогч Б.Батсайхан нь шүүх хуралдааны тоавсан боловч шүүх хуралдаанд ирээгүй, хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан, мөрдөн байцаалтын явцад нэхэмжлэл гаргаагүй байна.

   Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад Б.Бат-Ирээдүй нь 2017 оны 04 сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 3-6 тоотод оршин суух Б.Батсайханы гэрийн цоожийг эвдэн орж 43 инчийн Лед зурагтыг хулгайлан 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, эд зүйлийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бат-Ирээдүй ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч Б.Бат-Ирээдүйд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж шүүгдэгч Б.Бат-Ирээдүйд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Бат-Очирын Бат-Ирээдүйг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.-д зааснаар Б.Бат-Ирээдүйг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Ирээдүйд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Ирээдүйд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож,  түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бат-Ирээдүйд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.АЛТАНГАДАС