Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0749

 

Ж.А

 

 

 

 

 

 

 

     2022         10           11                                  128/ШШ2022/0749

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж. А**** /РД:***********/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн Ж.А*** холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ч***, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч Ж.А*** нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон “дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн Ж.А*** холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 312 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баруун туруун *** тоотод нэгж талбарын 1862********* дугаар бүхий 700 м.кв газрыг амины хашааны  зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн газар эзэмших эрхийн ***** дугаар гэрчилгээг Ж.А олгожээ.

2.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/261 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Ж.А тухайн газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2.3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргахад Нийслэлийн Засаг даргаас 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “...тухайн асуудлаар шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу авсан, үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2.4. Нэхэмжлэгч Ж.А  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

а. Засаг даргын дээрх захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт болохын хувьд хуульд заасан шаардлагыг хангах шаардлагатай. Гэтэл тус захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.5 “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 40.4 “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэх заалтыг тус тус зөрчсөн.

Тухайлбал, Ж.А**** миний газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичгийг гаргахдаа хариуцагч нь хариуцлагатайгаар хуульд заасан бүхий л хэлбэрийн болон материаллаг шаардлагыг хангах шаардлагатай. Гэтэл А/261 дүгээр захирамжид Ж.А миний газар эзэмших эрхийг цуцлах бодит нөхцөл байдлыг заагаагүй, зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах этгээд, хугацааг заагаагүй зөрчилтэй захиргааны акт гаргасан.

б. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас иргэн миний эзэмшлийн газрыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байгаа гэж үзсэн бол Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 25 дугаар зүйлийн 25.1-д "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна", 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", мөн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж заасныг зөрчиж, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэн надад огт мэдэгдээгүй, тайлбар аваагүй, сонсох ажиллагаа хийлгүй шийдвэр гаргасан.

Хэдийгээр А/261 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтыг үндэслэсэн байх боловч хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан мэдэгдэл хүргүүлээгүй. Тус заалтыг ашиглан мэдэгдэл хүргүүлсэн гэж тайлбарлах нь сонсох ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан сонсох ажиллагаа, нөхцөл байдал тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагаа огт хийгээгүй тул шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн байна.

в. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. "хуульд үндэслэх”, 4.2.3 “хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх”, 4.2.5 "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6 "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гэж заасантай нийцэхгүй байна.

Тухайлбал, Засаг дарга Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн 37 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх бөгөөд Ж.А миний гэрчилгээг аль үндэслэлээр цуцалсан нь ойлгомжгүй, тодорхойгүй байх тул дээр дурдсан заалтуудыг тус тус зөрчсөн.

Миний бие тус газрыг эзэмшиж байх хугацаандаа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байсан бөгөөд 2020 оны зун гэхэд хашаа, гэр барьж зуслангийн зориулалтаар амьдарсан. Мөн эзэмшлийн газраа тойруулан хэд хэдэн удаа хашаа барьсан боловч сэрүүний улиралд очоогүйн улмаас ихэнхийг нь хулгайд алдаж байсан. Улмаар дэлхий нийтэд цар тахал дэгдэж, Монгол Улс Гамшгийн тухай хуульд заасны дагуу 2020 оны 11 сараас 2021 оны 06 сар хооронд нэлээдгүй удаа хөл хорио тогтоосонтой холбоотой иргэдийн энгийн амьдралын хэмнэл, үйл ажиллагаа өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотой хашаагаа тогтмол эргэх, хулгайд алдагдсан хашаагаа нөхөх боломжгүй байсан бөгөөд сүүлийн байдлаар 2020 оны зуны саруудад хашаа болон гэр барьж зуслангийн зориулалтаар амьдарч байсан.

Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн үйлдэл гаргаагүй, энэ талаар нотлох баримт байхгүй байхад хуулийн дээрх заалтаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь хууль бус юм.

Улмаар А/261 дүгээр захирамж нь хэлбэрийн болон материаллаг шаардлага, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн зэргээр бүхэлдээ хуульд нийцээгүй.” гэжээ.

2.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

а. Нотлох баримт шинжлэн судлах явцад хариуцагч талаас сонсох ажиллагааг урьдчилж хийгээгүй гэдэг нь харагдаж байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан шийдвэрээ өгөхдөө 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Баруун туруун гэх хаягаар явуулсан байдаг. Тухайн хаяг дээр амьдардаггүй гэж цуцалсан атлаа тэр хаяг руу нь явуулсныг нь ойлгохгүй байна. Сүхбаатар дүүргийн хаяг дээрээ өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Энэ хаягаар мэдэгдсэн бол тухайн иргэн мэдэгдлийг хүлээн аваад шийдвэр гаргах ажиллагаанд оролцох боломжтой байсан.

б. Газрын зориулалт нь зуслангийн зориулалттай гэж ойлгож ашиглаж байсан. Мөн газрын төлбөрөө зохих журмын дагуу төлсөөр ирсэн. Шүүхийн зүгээс шүүгчийн захирамж гаргаад бодит нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримтыг ирүүл гэсэн боловч ирүүлээгүй. Сонсох ажиллагааны журам болон процесс ажиллагаа алдаатай байна. Иргэний хувьд газрын төлбөрөө төлөх гэж очоод газрын гэрчилгээ цуцлагдсан талаар мэдсэн. Мэдсэн өдрөө гомдол бичиж өгсөн. Хэрэв очоогүй байсан бол мэдэхгүй гомдол гаргах хугацаа дуусах байсан байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.  

2.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Ж.А нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 312 дугаар захирамжаар *** дугаар хороо, Баруун туруун ***** тоотод нэгж талбарын 18621********** дугаартай 700 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмших эрхтэй болсон.

а. Газар эзэмших эрхийн гэрчилгээ авснаас хойш 13 жил газраа зориулалтын дагуу бодит нөхцөл байдалд ашиглаагүй тул 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 20/943 тоот албан бичгээр хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүргүүлж, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгон шуудангаар мэдэгдлийг хүргүүлсэн. Хаягтаа амьдардаггүй гэсэн тайлбартай буцаж ирсэн.

б. 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/261 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож хаягийн дагуу мэдэгдэж, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д заасны дагуу захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно гэж заасны дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албаны вэб сайтад байршуулсан. Иргэн Ж.А нь хүчингүй болсон захирамж гарсны дараа 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тайлбар ирүүлсэн байна. Иймд иргэн Ж.А хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэг. Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмаар цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар зэргийг үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч нь түүний амьдардаг газар эзэмших эрхийн гэрээнд заасан хаягаар сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлээгүй буюу сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй, тайлбар гаргах оролцох боломж олгоогүй захиргааны акт нь процессын хувьд зөрчилтэй гэж маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-д “хорь болон түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх”, 27.2.2-т “хорин нэг болон түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол төлөөлөгчид нь шууд хүргүүлэх, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан, бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т зааснаар сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэх үндэслэл баримталсан тус захирамжаар 37 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тусын үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба тэдгээр нь Захиргааны ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан ижил утгатай өргөдөл гомдол гаргасан нэг ашиг сонирхолтой этгээдүүд биш байх тул тэдгээрийн төлөөлөгчид нь сонсох ажиллагааны мэдэгдлийг шууд хүргүүлэх зохицуулалт хамаарахгүй, хариуцагч нь энэ шийдвэрийн талаар сонсох ажиллагаа хийх мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаагүй байна. Түүнчлэн тухайлан нэхэмжлэгч Ж.А газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар, тайлбар нотлох баримт ирүүлэх хугацаа тогтоосон сонсох ажиллагааны мэдэгдлийг шуудангаар, бусад арга хэрэгслээр хүргүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн” хэмээн дурьдагдсан тус албаны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 20/943 тоот албан бичиг нь цаг хугацааны болоод агуулгын хувьд “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн” гэх сонсох ажиллагааны мэдэгдэл биш бөгөөд А/261 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож нэгэнт шийдвэрлэсэн талаарх мэдэгдэл байна.       

Гэвч хэрвээ Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг түүний амьдран суудаг хаягаар хүргүүлсэн байсан ч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх шийдвэрт нөлөөлөхүйц нотлох баримт гаргаж өгч тайлбарлах, эсхүл газраа зориулалтын дагуу ашиглаж байсан гэх нотлох баримт байгаагүй, нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх, эсхүл газраа ашиглаж байсан гэх нотлох баримт гаргаж маргаагүй, өөрөөр хэлбэл 2009 оноос 2022 оныг хүртэлх хугацаанд газрыг зориулалтын дагуу ашигласан гэж, ашиглаагүй хугацаанд нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж маргаагүй.

Тиймээс захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй нь нэхэмжлэгчид эрх ашиг сонирхлоо хамгаалах тайлбарлах, нотлох баримт гаргаж өгөх эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ үндэслэл нь газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон шийдвэрийг хууль бус гэж үзэх, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

2. Захиргааны шийдвэр болон шийдвэр гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий, хуульд үндэслэсэн байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4-т заасан захиргааны актад тавигдах “акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” шаардлагыг хангасан гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь 2009 онд эзэмших эрх авсан газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2014, 2019, 2021 оны сансрын зургаар тогтоогдож байна. Тиймээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон байсан, ийнхүү шийдвэрлэсэн захиргааны акт үндэслэлтэй байна.

3. 2010 онд модон хашаа барьж байсан гэх нь амины хашааны буюу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тухайн газрыг ашигласанд хамаарахгүй бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 12-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноос хойш тухайн газарт төмөр хашаа барьсан нь түүнээс өмнө гарсан актын хууль зүйн үндэслэлийг дүгнэхэд хамаарахгүй болно.

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрт гомдол гаргах эрхийг хуульчилсан тул маргаан бүхий шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн  40.2.5-д заасны дагуу тусгагдаагүй үндэслэлээр хуулиар ийнхүү олгогдсон гомдол гаргах эрх хязгаарлагдахгүй. 

Тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 20/943 тоот албан бичгээр “газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн” талаар мэдэгдлийг маргаанд хамаарах газрын Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баруун туруун 6-109 тоот хаягаар шуудангаар хүргүүлсэн ч “хаягтаа байхгүй” шалтгаанаар буцаагдсан байна.   

Ийнхүү шийдвэрийг хүргүүлэхдээ хариуцагч газар эзэмшигчийн хувийн хэрэг дэх хаягаар хүргүүлээгүй ч, энэ нь маргаан бүхий акттай маргах эрхийг хязгаарлаагүй, өөрөөр хэлбэл 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрт 5 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргаж, улмаар 6 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Засаг даргад гомдол, 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Тиймээс энэ нь мөн л нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

Хоёр. Бусад асуудлаар

1. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд хамаарахгүй ч хэрэгт авагдсан баримтаар газрын төлбөр төлөгдсөн гэж үзлээ. Тодруулбал дүүргийн Газар зохион байгуулалтын  албаны газрын төлбөрийн орлогын дансанд 12320 төгрөгийг 2013 онд, 2013-2017 оны төлбөрт 15400 төгрөгийг 2016 онд, 2017-2022 оны төлбөрт 15400 төгрөгийг 2017 онд тус тус төлжээ.

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэртэй шүүхэд маргаж буй тохиолдолд тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хориглосон зохицуулалт бий бөгөөд тухайн байршилд суурьшлын бүс бий болоогүй, өөр этгээдэд эзэмших эрх олгогдоогүй тул нэхэмжлэгч нь дахин хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.А Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн Ж.А холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ХАЛИУНА