| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 182/2018/01483/И |
| Дугаар | 182/ШШ2019/00984 |
| Огноо | 2019-05-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2019/00984
| 2019 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 182/ШШ2019/00984 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Буд, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэйг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 7 дугаар байр 7 тоот хаягт оршин суух Гончигсүрэнгийн Сүрэн/ХГ39010263/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол ҮТБ гудамж, 18 дугаар байр 2102 тоот хаягт оршин суух Янжмаагийн Эрдэнэсүх/ХА55040619/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгий 6 дугаар гудамж, 71 тоот хаягт оршин суух Батболдын Халиун/УХ93062060/ нарт холбогдох
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт зусланд байршилтай 18642324032061 нэгж талбарын дугаар бүхий газрын 478 м.кв талбай бүхий газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, газар чөлөөлөхөд учрах зардалд 4.713.265 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Тэмүүжин, хариуцагч Б.Халиун, түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, иргэдийн төлөөлөгч Д.Гэрэлсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Сүрэнгийн төлөөлөгч Х.Тэмүүжин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт зусланд байрлах өөрийн эзэмшлийн 477 м.кв талбайтай /0289308/ тоот эзэмших эрхийн гэрчилгээ бүхий зуслангийн байшингаа эргэхээр очтол байшинд танихгүй хүмүүс амьдарч байсан. Манай газрын хил хязгаарыг даван орж байшингийн суурь цутгаж байсан. Б.Халиун нь Я.Эрдэнэсүхээс газар худалдаж авсан, байшингийн хаалгыг эвдэж орохыг Я.Эрдэнэсүх зөвшөөрсөн гэж хэлсэн. Манай газар руу оруулж байшингийнхаа суурийг тавьсан байгааг хэлсэн. Я.Эрдэнэсүхтэй уулзахад 3,000,000 төгрөгөөр Б.Халиунд зарсан гэсэн. Яргайтын зусланд 450 м.кв талбайгаас доошгүй хэмжээтэй газар худалдаж авахад 15,000,000 төгрөг байсан учраас энэ тухай Б.Халиунд хэлтэл тийм их мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тэдний барьж буй байшингийн суурийг харьцуулсан кадастрын зураг хийлгэхэд зуслангийн газарт хойд талаараа 4 метр, баруун талаараа 1,2 метр нэвтрэн орсон байсан. Хос титэм хаус ХХК-ийн хийсэн үнэлгээгээр уг газрыг чөлөөлж буцаагаад хэвийн байдалд нь оруулахад 4,713,265 төгрөгийн барилгын төсөв тооцоо гарч байгаа тул Я.Эрдэнэсүх, Б.Халиун нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Халиун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс тухайн газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл юу вэ гэвэл Б.Халиун газрыг Я.Эрдэнэсүх гэдэг хүнээс худалдаж авсан байдаг. Тэр хүний хэлсэн хил хязгаарын дагуу байшинг барьсан. Тухайн үед энэ хүний газар руу орсон байна гэж мэдэлгүйгээр байшинг барьсан. Харин одоо нотлох баримт цугларсны үндсэн дээр тухайн газар руу нэвтрэн орсон гэдгээ мэдсэн. Гэхдээ албадан чөлөөлүүлэх биш өөр адил хэмжээний газар авч өгөх нөхцлөөр эвлэрэх хүсэлтэй байгаа учраас албадан чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байшин буулгаж газар чөлөөлөх 4.700.000 төгрөгийн тухайд нэхэмжлэгчид бодит хохирол учраагүй. Албадан чөлөөлөх боллоо гэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар эсхүл хариуцагч өөрөө тухайн байшинг чөлөөлөх боломжтой учраас энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Я.Эрдэнэсүх шүүхэд гаргасан тайлбартаа: Би Б.Халиунтай 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, үл хөдлөхийн гэрчилгээг Б.Халиуны нэр дээр шилжүүлэхээр 2.000.000 төгрөгөөр худалдаж гэрээ хийж, мөнгө хүлээлцэж, гэрээн дээрээ гарын үсэг зурцгаасан. Газрыг худалдахдаа кадастрын зургийг эх хувиар нь хүлээлгэн өгсөн. Гэрээ хийснээс хойш би зуслан дээр очоогүй. Барилгыг би бариулаагүй, худалдаж авсан айл хөрөнгөө гаргасан гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Сүрэнгийн гаргасан хариуцагч Б.Халиун, Я.Эрдэнэсүх нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Сүрэн хариуцагч Б.Халиун, Я.Эрдэнэсүх нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Яргайт зусланд байрлах 0289308 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй 18642324032061 нэгж талбарын дугаар бүхий газрын 478 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлүүлэх, газар чөлөөлөх зардалд 4.713.265 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгч Г.Сүрэн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт зусланд байршилтай 18642324032061 нэгж талбарын дугаартай 478 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшдэг болох нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар захирамж, Газар эзэмших эрхийн 0289308 тоот гэрчилгээ, Газрын байршлын зураглал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч Б.Халиуны барьсан хувийн сууц болох барилга нь нэхэмжлэгч Г.Сүрэнгийн эзэмшлийн дээрх газартай 160 м.кв хэмжээгээр давхцсан болох нь, зохигчдын тайлбар, шинжээч Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын дүгнэлт, газрын Кадастрын зураг, Классик лэнд ХХК-ийн Хяналтын хэмжилтийн зураг зэргээр тогтоогдлоо.
Хариуцагч Я.Эрдэнэсүхээс 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Худалдах худалдан авах гэрээгээр Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт 17 гудамж 1772 тоот хаягт байрлах 275 м.кв газрыг хариуцагч Б.Халиунд худалдсан гэх боловч Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2019 оны зурган мэдээлэлд уг газрыг эзэмшигч нь хариуцагч Я.Эрдэнэсүх бүртгэлтэй хэвээр байгаа болох нь мөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэвч хариуцагч Б.Халиун дээрх газрыг хариуцагч Я.Эрдэнэсүхээс худалдан авч, газар дээр уг барилгыг барихдаа нэхэмжлэгч Г.Сүрэнгийн эзэмшлийн газарт нэвтэрч барилгаа барьсан тухайд хариуцагч Б.Халиун маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Г.Сүрэнд өөр газар авч өгч эвлэрэх саналтай байх боловч нэхэмжлэгч хариуцагчтай уг асуудлаар тохиролцож чадаагүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гантамирын хаягаар шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хариуцагч талаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд түүнийг хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй тухай хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иймд нэхэмжлэгч Г.Сүрэн нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т зааснаар өөрийн эзэмшлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт зусланд байршилтай 18642324032061 нэгж талбарын дугаартай газарт хууль бусаар нэвтэрч барилга барьсан 160 м.кв газрыг чөлөөлөхийг хариуцагч Б.Халиунд үүрэг болгож, хариуцагч Я.Эрдэнэсүхэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.Сүрэн хариуцагч Б.Халиун, Я.Эрдэнэсүх нарт холбогдуулан газар чөлөөлөхөд гарах зардалд 4.713.265 төгрөг нэхэмжилж байх боловч нэхэмжлэгч талд хохирол бодитой учраагүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч Г.Сүрэн газар чөлөөлөхтэй холбоотой хохирол учирвал жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт зусланд байршилтай 18642324032061 нэгж талбарын дугаартай 160 м.кв талбай газрыг чөлөөлж нэхэмжлэгч Г.Сүрэнд олгохыг хариуцагч Б.Халиунд үүрэг болгож, хариуцагч Я.Эрдэнэсүхэд холбогдох нэхэмжлэлийг, 4.713.265 төгрөгийн шаардлагын хамт хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Сүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160.600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Халиунаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Сүрэнд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.БУД
Т.ЭНХТУЯА