| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2025/0017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/14 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/14
2025 01 08 2025/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,
Улсын яллагч Х.Ууганбат
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2430000000318 дугаартай хэргийг 2024 оны 12 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1. Сүхбаатар. аймгийн ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
- Сүхбаатар аймгийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123. 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг "Хар овоо" гэх газарт иргэн итгэмжлэн хариуцуулан өгсөн бод малаас 14 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж, 11,203,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг "Хар овоо" гэх газарт иргэн Сүхбаатарын итгэмжлэн хариуцуулан өгсөн бод малаас 14 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж, 11.203,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Сард 400,000 өгдөг байсан. 2020 оноос хойш малласан. Би малыг нь өр авлагадаа авсан. Хүний малыг авсан нь миний буруу. Мал худалдах санааг би гаргасан малыг 8,900,000 төгрөгөөр борлуулсан. 1 тугалтай үнээ өгч, үлдсэн мөнгийг өгсөн. Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: мал гэдгийг мэдэж байсан. ******* мал зараад өгөөч гэж анх гуйсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний буруу. малыг зүсээр нь буцааж өгсөн. 8,900,000 төгрөгийг буцааж өгсөн гэв.
2430000000318 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Хохирогч : “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд охин зээ хүүгийн хамт амьдардаг юм. Манай мал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг Хар овоо гэх газарт байдаг юм. Би 2023 оны 05 дугаар сард 15-нд үхрээ тоолж үзэхэд 102 тооны үхэр байсан. Тэрнээс хойш 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тоолоход 7-н тугалтай үнээ дутсан юм. Тэгээд би малчнаасаа асуухад энэ өвөл үхсэн гэж байсан. Тухайн өвөл манай нутгаар цас зуд гайгүй ядарсан гэх 8-н үхрийн сумын төвд авчирч бордсон. Үлдсэн үхрүүд нь гайгүй байсан. Тэгээд нийт манай үхрээс 7-н тугалтай үнээ буюу 14-н үхэр дутахаар нь би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм. ...Миний алдсан гэх үхрүүд буюу үнээнүүд нь 2 чих араасаа ганзага имтэй. Тугалууд нь имгүй байсан. Мухар хүрэн халзан үнээ, мухар хар гунж, хондлой цагаан хар тарлан гунж, шовгор эвэртэй улаан үнээ, магнай цагаан хар гунжин үнээ, улаан үнээ, сартай хар үнээ нар бүгд тугалтайгаа байсан. ... Би тухайн тугалтай үнээгээ зах зээлийн ханшаар үнэлнэ. ...Манай үхрийг 3 дугаар багийн иргэн Сүхбаатар овогтой Чинбат гэх хүн маллаж байгаа. С.Чинбат нь аавынхтайгаа цуг байдаг. ...Миний үхрүүд цасанд үхсэн гэх боловч үхсэн гэх сэг зэм нь байхгүй байна. Тиймд миний үхрийг хүн хулгайлсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 х/,
Хохирогч дахин өгсөн: “...Миний хохирлыг ******* нь барагдуулсан зүйл байхгүй. ...Надад сэтгэл санааны хохирол нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...Би тухайн үед алдсан гэх үхрээ нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 09 х/,
Хохирогч дахин өгсөн: “...Би өөрийн 14 тооны үхрийг зүсээр нь буцааж эргүүлэн олж авсан. Би өөрийн 14 тооны үхрээ тоо ёсоор нь хүлээж авсан тул надад гаргах гомдол санал хүсэлт байхгүй. ...би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12 х /,
Иргэний нэхэмжлэгч А.: “...Би 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн Сүхбаатар гэх хүн таараад үхэр худалдан авах уу? Би үхэр зарах гээд явж байна гэж хэлсэн юм. Тэгэхээр би хандан ямар нэгэн хулгайн үхэр мал биш биз, би хулгайн үхэр мал огт авахгүй шүү гэж хэлэхэд Сүхбаатар миний өөрийн үхэр байгаа юм. Надад мөнгөний хэрэг гараад үхэр зарах гэж байгаа юм гэхээр нь би хандан тугалтай үнээ авна мал болгох гаж байгаа юм гэхэд Сүхбаатар миний машинд сууж Эрдэнэцагаан сумаас урагш ойролцоогоор 15 км газар яваад “Хар овоо” гэх газарт очоод гэрийн гадаа зогсоход 1 залуу байсан. Тухайн залууг би сайн танихгүй.
Тухайн үхрүүдийг би ачаад Эрдэнэцагаан сумын төв рүү орж мөнгийг нь шилжүүлэх гэсэн боловч тухайн үед миний интернэт банк гацаад байхаар нь би өөрийн эхнэр болох дамжуулан 6,4000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би худалдан авсан үхрүүдээ сумын төвөөс баруун тийш ойролцоогоор 50 км газарт байх өөрийн мал дээрээ аваачиж тавьсан юм.
2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар нь миний утасны дугаар болох 99519620 дугаар руу залгаж би танд дахиад 2 үнээ зармаар байна та ирж авч чадах уу? гэж ярихаар нь би хандан би өнөөдөр очиж чадахгүй гэхэд Сүхбатаар надад хандан та тэгвэл эхлээд 1 үхрийн мөнгө шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь би 1 үхрийн мөнгө болох 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн.
Тэгээд би 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би Эрдэнэцагаан сум руу очоод ай суман дээр уулзаад миний ачааны машинтай сумаас урд зүгт байх “Хар овоо” гэх газарт очиход гэрт нь урд нь байсан танихгүй залуу байсан. Тэгээд тэр хоёр үхрээ хурааж ирээд хашаад улаан зүсмийн үнээ тугалтай эрээн нүүртэй улаан үнээ тугалтай нийт 4 үхэр ачсан. Тэгээд би үлдсэн мөнгө болох 1,300,000 төгрөгийг өгөх ёстой байсан боловч тухайн үед миний дансанд 1,200,000 төгрөг байж таараад би 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн.
...Надад анх Сүхбаатар гэх хүн л үхэр заръя гэж ирсэн. Мөн намайг Сүхбаатар аймагт байхад Сүхбаатар нь над руу утсаар ярьж тухайн үхрүүдийг зарсан.” гэх,
Гэрч : “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд сургуулийн 2 хүүхэд хараад гэртээ байж байдаг юм. Манай хүү ******* нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг Хар овоо гэх газарт Ц.Сүхбаатар үхэр адууг хөлсөөр хардаг юм.
2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр намайг Эрдэнэцагаан сумын төвд гэртээ байхад өдөр 13 цаг 40 минутын орчимд миний Хаан банкны дансанд 6.400.000 мянган төгрөгийн гүйлгээ орж ирэхээр нь би хүү 3. Чинбат руу залгаад юун их мөнгө орж ирж байгаа юм бэ гэж асуухад ******* нь хүн намайг бяруу аваад өгөөч гэж мөнгө хийсэн юм гэж байсан. Тэгэхээр нь би Сүхбаатар руу залгаад юу их мөнгө ороод ирэв ээ гээд уурлахад Сүхбаатар нь надад хэлэхдээ ******* намайг хэдэн үхэр борлуулаад өгчих гэхээр нь Ц.Сүхбаатар өвгөний үхрээс 5-н тугалтай үнээ борлуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад үхрээ буцааж авчир энэ мөнгийг буцаагаад явуул гэхэд үхрийг нь өгөөд явуулсан одоо өнгөрсөн гэж байсан. Тэгэхээр нь би буцаагаад ******* хүү рүүгээ залгаад чи Сүхбаатар өвгөний үхрээ зарсан юм уу гэхэд ******* тиймээ гэж байсан. Тэгээд би тэрнээс хойш тэр хоёрыг үхрээ авчир гээд байхад үгэнд орохгүй хөдөлж өгөхгүй байсан. Тэрнээс хойш 2024 оны 05 дугаар сарын 26-н болон 29-ний өдрүүдэд дахиад үхрийн мөнгө болох 1.300.000, 1.200.000 мянган төгрөг орж ирэхээр би дахиад асуухад ******* нь би өөрийнхөө тугалтай үнээг зарсан гэж байсан. ...Тухайн үед ******* нь намайг та банкныхаа виза картыг өгчих, гээд аваад гарсан. Тухайн үед нь Чинбат нь хүнд өртэй байсан тэр өрөө өгсөн байх гэж бодож байна. ...Би тухайн мөнгөнөөс авч хэрэглэсэн зүйл байхгүй. ...******* нь тухайн хүний малыг 2020 оноос хойш харж байгаа юм. ...*******, ******* хоёр нь тухайн үед Ц.Сүхбаатар гэх хүний үхрээс 7-н тугалтай үхэр буюу 14 тооны үхэр зарсан гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 х/,
Гэрч : “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд нөхөр ээжийн хамт амьдардаг юм. Манай нөхөр болох А.Жанчив бид хоёр малтай болох гээд үхэр авна гээд фейсбүүк дээр зар тавьсан юм. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд явж байгаад 13 цаг 40 минутын орчим над руу утсаар залгаад тугалтай үнээ авч байгаа юм аа би энэ данс руу 6.400.000 мянган төгрөг шилжүүлчих гээд 5642053570 дансыг өгөхөөр нь би тухайн данс руу 6.400.000 мянган төгрөг “uher une” гээд шилжүүлсэн. ...Тухайн үед надад тэр талаар хэлээгүй. Тугалтай үнээ авч байна гэж байсан. Өөр ямар нэг юм яриагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22 х/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2402285 дугаартай “...1. . Хязаалан дөнжний зах зээлийн үнэ цэнэ нь 1,203,333.33 буюу бүхэлчилбэл 1,203,000.00 / нэг сая хоёр зуун гурван мянган төгрөг байна гэж дүгнэж байна. 2. 6 тооны тугалтай үнээний зах зээлийн үнэ цэнэ нь 10,000,000.00/ арван сая /төгрөг байна гэж дүгнэж байна. Нийт шинжилгээний объектын зах зээлийн үнэ цэнэ нь 11,203,333.3 буюу бүхэлчилбэл 11,203,00.00 / арван нэгэн сая хоёр зуун гурван мянган /төгрөг байна гэж дүгнэж байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-39 х/,
Хаан банкны 5642053570 тоот дансны дэлгэрэнгүй хуулга болон арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 93-111 х /,
*******ын Хаан банкны 5031727057 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 112-122 х/,
Яллагдагч *******ын: “...Би Сүхбаатар гэх хүний үхэр адууг 2020 оноос маллах болсон юм. Би хүнд мөнгөний өртэй байсан мөн зээлтэй байсан болохоор 2024 оны 05 дугаар сарын эхээр үхрээс хэдэн үхэр заръя гэж бодоод хойд аав *******таа мал авах хүн байвал би хэдэн үхэр зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд удалгүй аав сумаас нэг малын ченж дагуулаад ирэхээр нь би өөрийн хариулж байсан эзэмшлийн үхрээс тугалтай үнээ 4, тугаллах үнээ 1-ийг зараад зарсан мөнгийг нь ээж Нарантунгалагийн дансыг өгч шилжүүлж авсан, тухайн үед хойд аав Сүхбаатар нь намайг хүний үхрээс өгч байгааг мэдэж байсан. Тэгээд мөн хэд хоногийн дараа ахиж Жанчивт тугалтай үнээ 2-ийг зарсан ба би тухайн мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг нь хойд аав аа өгсөн. Би хойд аав ай нийлж 7 тугалтай үнээ буюу 14 тооны үхрийг Жанчивт үхэр зарж 8,900,000 төгрөг авсан. Би өөрийн гэм буруугаа ухамсарлаж Жанчивт мөнгийг нь буцааж өгсөн ба Жанчиваас 7 тугалтай үнээг аваад Ц. эргүүлэн өгсөн. ...Би дэлгүүрт өртэй байсан болохоор өрөндөө өгсөн бас хүнээс мөнгө зээлсэн байсан болохоор тэр өрөндөө өгсөн. ...Би бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. ... малыг маллаад сарын 400,000 төгрөгийн цалин авдаг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 х/,
Яллагдагч *******ын: “...Манай дагавар хүү Чинбат нь 2020 оноос эхлэн Сүхбаатар гэх хүний 102 тооны үхрийг маллах болсон юм. 2024 оны 05 дугаар сарын эхээр манай хүү Чинбат надад хэдэн үхэр борлуулмаар байна зээл зуул нэхэгдээд байна гэсэн болохоор нь би мал мах авдаг Жанчивтай холбогдоод хамт Чинбатын хариулдаг үхэр дээр очоод тугалтай үнээ 4, тугаллах үнээ 1-ийг зараад зарсан мөнгийг нь эхнэр Нарантунгалагийн дансыг өгч шилжүүлж авсан. Тэгээд мөн хэд хоногийн дараа дахиж Жанчивт тугалтай үнээ 2-ийг зарсан ба тухайн мөнгийг мөн эхнэр Нарантунгалагийн данс руу нь шилжүүлэн авсан. Чинбат нь надад тухайн мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг өгсөн. Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж Сүхбаатарын 7 тугалтай үнээ буюу 14 тооны үхрийг нь Жанчиваас аваад буцааж өөрт нь бүрэн гүйцэд хүлээлгэн өгсөн. Харин Жанчивт үхэр зарж авсан 8,900,000 төгрөгөө Жанчивт бүрэн төлж барагдуулсан. ...Би тухайн үхрүүдийг үхрүүд болохыг нь мэдэж байсан. Манай дагавар хүү Чинбат нь Сүхбаатарын үхрүүдийг малладаг ба тэдний үхрүүд нь хоёр чих нь араасаа ганзага имтэй үхрүүд байдаг ба тухайн зарсан үхрүүд бүгд хоёр чих араасаа ганзага имтэй үхрүүд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 х/
*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 56 х/,
*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 87 х/,
*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа / хх-ийн 60-63 х/,
*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа / хх-ийн 81-83 х/,
Арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 93-122 х/
Хохирогч А. прокурорын газарт гаргасан хохирол төлбөр авсан гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 133 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг "Хар овоо" гэх газарт иргэн итгэмжлэн хариуцуулан өгсөн бод малаас 14 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж, 11,203,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь
Иргэний нэхэмжлэгч А.: “...Би 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн Сүхбаатар гэх хүн таараад үхэр худалдан авах уу? Би үхэр зарах гээд явж байна гэж хэлсэн юм. Тэгэхээр би хандан ямар нэгэн хулгайн үхэр мал биш биз, би хулгайн үхэр мал огт авахгүй шүү гэж хэлэхэд Сүхбаатар миний өөрийн үхэр байгаа юм. Надад мөнгөний хэрэг гараад үхэр зарах гэж байгаа юм гэхээр нь би хандан тугалтай үнээ авна мал болгох гаж байгаа юм гэхэд Сүхбаатар миний машинд сууж Эрдэнэцагаан сумаас урагш ойролцоогоор 15 км газар яваад “Хар овоо” гэх газарт очоод гэрийн гадаа зогсоход 1 залуу байсан. Тухайн залууг би сайн танихгүй.
Тухайн үхрүүдийг би ачаад Эрдэнэцагаан сумын төв рүү орж мөнгийг нь шилжүүлэх гэсэн боловч тухайн үед миний интернэт банк гацаад байхаар нь би өөрийн эхнэр болох дамжуулан 6,4000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би худалдан авсан үхрүүдээ сумын төвөөс баруун тийш ойролцоогоор 50 км газарт байх өөрийн мал дээрээ аваачиж тавьсан юм.
2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар нь миний утасны дугаар болох 99519620 дугаар руу залгаж би танд дахиад 2 үнээ зармаар байна та ирж авч чадах уу? гэж ярихаар нь би хандан би өнөөдөр очиж чадахгүй гэхэд Сүхбатаар надад хандан та тэгвэл эхлээд 1 үхрийн мөнгө шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь би 1 үхрийн мөнгө болох 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн.
Тэгээд би 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би Эрдэнэцагаан сум руу очоод ай суман дээр уулзаад миний ачааны машинтай сумаас урд зүгт байх “Хар овоо” гэх газарт очиход гэрт нь урд нь байсан танихгүй залуу байсан. Тэгээд тэр хоёр үхрээ хурааж ирээд хашаад улаан зүсмийн үнээ тугалтай эрээн нүүртэй улаан үнээ тугалтай нийт 4 үхэр ачсан. Тэгээд би үлдсэн мөнгө болох 1,300,000 төгрөгийг өгөх ёстой байсан боловч тухайн үед миний дансанд 1,200,000 төгрөг байж таараад би 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн.
...Надад анх Сүхбаатар гэх хүн л үхэр заръя гэж ирсэн. Мөн намайг Сүхбаатар аймагт байхад Сүхбаатар нь над руу утсаар ярьж тухайн үхрүүдийг зарсан.” гэх,
Гэрч : “... Тэгэхээр нь би Сүхбаатар руу залгаад юу их мөнгө ороод ирэв ээ гээд уурлахад Сүхбаатар нь надад хэлэхдээ ******* намайг хэдэн үхэр борлуулаад өгчих гэхээр нь Ц.Сүхбаатар өвгөний үхрээс 5-н тугалтай үнээ борлуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад үхрээ буцааж авчир энэ мөнгийг буцаагаад явуул гэхэд үхрийг нь өгөөд явуулсан одоо өнгөрсөн гэж байсан. Тэгэхээр нь би буцаагаад ******* хүү рүүгээ залгаад чи Сүхбаатар өвгөний үхрээ зарсан юм уу гэхэд ******* тиймээ гэж байсан. Тэгээд би тэрнээс хойш тэр хоёрыг үхрээ авчир гээд байхад үгэнд орохгүй хөдөлж өгөхгүй байсан. Тэрнээс хойш 2024 оны 05 дугаар сарын 26-н болон 29-ний өдрүүдэд дахиад үхрийн мөнгө болох 1.300.000, 1.200.000 мянган төгрөг орж ирэхээр би дахиад асуухад ******* нь би өөрийнхөө тугалтай үнээг зарсан гэж байсан...гэх,
Гэрч : “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд нөхөр ээжийн хамт амьдардаг юм. Манай нөхөр болох А.Жанчив бид хоёр малтай болох гээд үхэр авна гээд фейсбүүк дээр зар тавьсан юм. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд явж байгаад 13 цаг 40 минутын орчим над руу утсаар залгаад тугалтай үнээ авч байгаа юм аа би энэ данс руу 6.400.000 мянган төгрөг шилжүүлчих гээд 5642053570 дансыг өгөхөөр нь би тухайн данс руу 6.400.000 мянган төгрөг “uher une” гээд шилжүүлсэн. ...Тухайн үед надад тэр талаар хэлээгүй. Тугалтай үнээ авч байна гэж байсан. Өөр ямар нэг юм яриагүй.” гэх,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2402285 дугаартай “...1. . Хязаалан дөнжийн зах зээлийн үнэ цэнэ нь 1,203,333.33 буюу бүхэлчилбэл 1,203,000.00 / нэг сая хоёр зуун гурван мянган төгрөг байна гэж дүгнэж байна. 2. 6 тооны тугалтай үнээний зах зээлийн үнэ цэнэ нь 10,000,000.00/ арван сая /төгрөг байна гэж дүгнэж байна. Нийт шинжилгээний объектын зах зээлийн үнэ цэнэ нь 11,203,333.3 буюу бүхэлчилбэл 11,203,00.00 / арван нэгэн сая хоёр зуун гурван мянган /төгрөг байна гэж дүгнэж байна” гэх шинжээчийн дүгнэлт,
Хаан банкны 5642053570 тоот дансны дэлгэрэнгүй хуулга болон арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,
*******ын Хаан банкны 5031727057 тоот дансны дэлгэрэнгүй хуулга,
Яллагдагч *******ын: “...Би Сүхбаатар гэх хүний үхэр адууг 2020 оноос маллах болсон юм. Би хүнд мөнгөний өртэй байсан мөн зээлтэй байсан болохоор 2024 оны 05 дугаар сарын эхээр үхрээс хэдэн үхэр заръя гэж бодоод хойд аав *******таа мал авах хүн байвал би хэдэн үхэр зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд удалгүй аав сумаас нэг малын ченж дагуулаад ирэхээр нь би өөрийн хариулж байсан эзэмшлийн үхрээс тугалтай үнээ 4, тугаллах үнээ 1-ийг зараад зарсан мөнгийг нь ээж Нарантунгалагийн дансыг өгч шилжүүлж авсан, тухайн үед хойд аав Сүхбаатар нь намайг хүний үхрээс өгч байгааг мэдэж байсан гэх,
Яллагдагч *******ын: “... 2024 оны 05 дугаар сарын эхээр манай хүү Чинбат надад хэдэн үхэр борлуулмаар байна зээл зуул нэхэгдээд байна гэсэн болохоор нь би мал мах авдаг Жанчивтай холбогдоод хамт Чинбатын хариулдаг үхэр дээр очоод тугалтай үнээ 4, тугаллах үнээ 1-ийг зараад зарсан мөнгийг нь эхнэр Нарантунгалагийн дансыг өгч шилжүүлж авсан...” гэх хуулга зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч *******, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээсэн болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Э. Чинбат нь *******тай бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг "Хар овоо" гэх газарт иргэн итгэмжлэн хариуцуулан өгсөн бод малаас 14 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж, 11,203,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, түүнчлэн шүүх хуралдааны явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаас харахад *******, ******* нар нь өөрийн үйлдлийг хууль бус боохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, бусдад хор уршиг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна... ” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр “...Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн. Мөн нотлох баримтуудаар гэм буруутай нь нотлогдож байгаа тул гэм буруугийн маргаан байхгүй ...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
“ Завших ” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу иргэдийн өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тастаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд хамаарах юм.
Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч *******, ******* нар тухайн цаг хугацаанд иргэн малыг маллаж байсан бөгөөд тухайн малыг бусдад худалдах, хувьдаа ашиглах эрхгүй этгээд байжээ.
Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нар хохирогч малыг хувьдаа захиран зарцуулж завшсаны улмаас нийт 11,203,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй, Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй ” гэж тайлбарласан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2." үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын үйлдлээс бусдад 11,203,000 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан үлэмж хэмжээний хохирлоос дээш байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах юм.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч Ц. хохирол учирсан нь шүүгдэгч *******, ******* нар нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох малыг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсан нь гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.
Шүүгдэгч *******, ******* нар дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч *******, ******* нар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хохирогч итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох малыг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсан нь хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
Улсын яллагчаас *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдгээрийн гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Сүхбаатар, ******* нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Сүхбаатар, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх саналтай байна.
Шүүгдэгч Б.Сүхбаатар, ******* нар нь хохирогчид хохирол төлбөрийг төлсөн байна.
Шүүгдэгч нарыг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт битүүмжилсэн, хураан авсан эд зүйлгүй болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна ...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр “...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих зохицуулалттай. Манай үйлчлүүлэгч нарын гэм буруутай нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Энэ талаар шүүгдэгч нар үнэн зөвөөр мэдүүлж хохирлоо төлж барагдуулсан. Шүүгдэгч нар нь анх удаа энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн. Эрдэнэцагаан сумын нутагт мал маллан амьдардаг. Б.Сүхбаатар нь *******ын ээжтэй хамт амьдардаг. Шүүгдэгч нар Сүхбаатар аймгийн төв дээр ялыг эдлэх тул мал, ар гэрийн асуудал хүндэрнэ. Иймд шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Шүүгдэгч нар сард нэг удаа ирж бүртгүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн иргэний нэхэмжлэгч болон хохирогчийн хохирлыг барагдуулсан зэргийг нэмж дурдъя ...” гэх саналыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн мэдүүлж байгаа, мал маллан амьдардаг зэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Сүхбаатар, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.
Шүүгдэгч Б.Сүхбаатар, ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ” ялтай буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг бүрэн дүүрэн нотлогдож, тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзвэл шүүгдэгч Б.Сүхбаатар, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрхэд хамаарах хийгээд хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж үзнэ.
Иймд шүүх прокурорын гаргасан саналыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Сүхбаатар, ******* нарын үйлдлийн улмаас хохирогч Ц. 11,203,000 төгрөгийн, хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “Болор-Үнэлгээ” ХХК-ны 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2402285 дугаартай дүгнэлтээр долоон үхрийн зах зээлийн үнэлгээ нь 11,203,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ үнэлгээний талаар талууд маргаагүй байна.
Шүүгдэгч *******, ******* нь хохирогч Ц. 11,203,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч 7 тугалтай үнээ буюу 14 тооны үхрийг биет байдлаар буцааж өгсөн болох нь хохирогч Ц.ай утсаар ярьсан тэмдэглэлээр, иргэний нэхэмжлэгч А.Жанчивт учирсан 9,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь түүний цагдаагийн газарт гаргасан “ *******ын 14 үхрийн төлбөрт 1 тугалтай үнээг 1,300,000 авч үлдэгдэл 7,700,000 төгрөгийг бэлэн мөнгөөр авсан нь үнэн болно” гэх хүсэлт зэргээр тогтоогдоно. Иймд шүүгдэгч *******, ******* нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч *******, ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүхийн шатанд шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******, ******* овогт ******* нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******, ******* нарыг дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан *******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд ялтан *******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ц.Сүхбаатар, иргэний нэхэмжлэгч А.Жанчив нарт учирсан хохирлыг бүрэн төлсөн, хохирогч болон иргэний нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР