| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2025/0019/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/18 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/18
2025 01 09 2024/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал
Улсын яллагч Б.Жамъяндорж
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 2430000000289 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг “Жавхлант”-ын 2 дугаар гудамж,******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:*******/, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэг жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар “Бяруут”-ын 121 тоот хашааны гаднаас тус сумын 5 дугаар баг эмнэлгийн байрны хойд талын шороон зам хүртэл 0.20 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ 41-04 УБВ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Гэм буруугаа ойлгосон гэв.
2430000000289 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт,/хх-ийн 4 х/
Гэрч ******* өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчим *******тэй цуг Цэрэннямын найранд орох гээд гэр рүү очиход гэрт нь дүүрэн хүн байхаар нь бид хоёр хашаанд Шагайхүүгийн хар өнгийн 41-04 убв улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд сууж байгаад машиных нь ард байсан Сэрүүн нэртэй пиво хувааж уусан. Тэгээд тэндээс ******* нь өөрийнхөө унаж явсан хар өнгийн Приус-20 маркийн 41-04 убв улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод цэцэрлэг рүү явж байхад эмнэлгийн хойд талын шороон зам дээр явж байгаад цагдаагийн алба хаагч нартай таараад *******г архи уусан байна гээд унаж явсан тээврийн хэрэгслийг түр саатуулаад өөрийг нь цагдаагийн тасаг руу аваад явсан.Тэгээд би тэндээсээ гэр рүү явсан... Тухайн үед Цэрэннямын гэрээс эмнэлгийн хойд тал хүртэл ойролцоогоор 2 км орчим жолоодсон...” гэх мэдүүлэг,/хх-ийн 13-14 х/
Гэрч өгсөн “...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч би тухайн тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн ах ******* 2023 оны 07 дугаар сард өгсөн юм. Би ******* ахад нэрийг нь шилжүүлж өгөөгүй байгаа юм. Би тухайн өдөр Эрдэнэцагаан сумаас урагш 10 км газарт эмээгийн гэрт байсан. ******* 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд над руу цагдаагийн үүдэнд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад машинаа хураалгасан гэж байсан. Тэгээд би Шагайхүүгээс архи уусан юм уу гэхэд бага хэмжээгээр уусан гэж байсан. Тэгээд би *******г ахыг архи уугаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18 х/
2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ALCOTEST-7510 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,/хх-ийн 8-10 х/
Яллагдагч *******гийн өгсөн “...Тэгээд А.Гантулга бид хоёр тухайн айлын хашаан дотор дүүгийн машинд Сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво хувааж ууж дуусахад цэцэрлэгийн хүүхдийн тарах цаг нь болчихсон байсан учраас дүүгийн машиныг би жолоодон Эрдэнэцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгээс хүүхдээ авах гээд Цэрэннямын хашаанаас хөдөлж яваад эмнэлгийн байрны ертөнцийн зүгээр хойд талын шороон замд 2 цагдаагийн алба хаагчид зогсож байсан бөгөөд намайг дохиур модоор дохихоор нь замаа чөлөөлж зогсоход тухайн цагдаа нар ирж өөрс өөрсдийгөө танилцуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхээ шалгуул гэхээр нь тус тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгөөд надад жолооны үнэмлэх байхгүй, эрхээ хасуулсан байгаа талаар хэлэхэд танаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байна, хэрэглэсэн үү гээд асуухаар нь хамт явж байгаа ******* хамт Сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво хувааж уусан талаар хэлсэн. Тэгэхэд тухайн цагдаа нар миний согтолтын хэмжээг шалгаж үзнэ гээд цагдаагийн тасгийн байр руугаа авч яваад драйгер багажаар үлээлгэхэд миний согтолтын хэмжээ 0.20 хувьтай гарсан. Ийм би өөрийн буруутай үйлдлээс болж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна, өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-40 х/
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 416 дугаартай шийтгэвэр /хх-ийн 55-58 х/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 07 х/
Шүүгдэгч *******ийн Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 06 х/
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/518 дугаартай шийтгэврийн хуулбар / хх-ийн 45-48 х /
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 х/
Шүүгдэгч *******гийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 48 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэг жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар “Бяруут”-ын 121 тоот хашааны гаднаас тус сумын 5 дугаар баг эмнэлгийн байрны хойд талын шороон зам хүртэл 0.20 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ 41-04 УБВ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь
2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт,
Гэрч ******* өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчим *******тэй цуг Цэрэннямын найранд орох гээд гэр рүү очиход гэрт нь дүүрэн хүн байхаар нь бид хоёр хашаанд Шагайхүүгийн хар өнгийн 41-04 убв улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд сууж байгаад машиных нь ард байсан Сэрүүн нэртэй пиво хувааж уусан. Тэгээд тэндээс ******* нь тээврийн хэрэгслийг жолоодоод цэцэрлэг рүү явж байхад эмнэлгийн хойд талын шороон зам дээр явж байгаад цагдаа таарсан....” гэх
Гэрч өгсөн “...Тэгээд би Шагайхүүгээс архи уусан юм уу гэхэд бага хэмжээгээр уусан гэж байсан. Тэгээд би *******г ахыг архи уугаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна гэдгийг мэдсэн...” гэх,
2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ALCOTEST-7510 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,/
Яллагдагч *******гийн өгсөн “...Тэгээд А.Гантулга бид хоёр тухайн айлын хашаан дотор дүүгийн машинд Сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво хувааж ууж дуусахад цэцэрлэгийн хүүхдийн тарах цаг нь болчихсон байсан учраас дүүгийн машиныг би жолоодон Эрдэнэцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгээс хүүхдээ авах гээд Цэрэннямын хашаанаас хөдөлж яваад эмнэлгийн байрны ертөнцийн зүгээр хойд талын шороон замд 2 цагдаагийн алба хаагчид зогсож байсан бөгөөд намайг дохиур модоор дохихоор нь замаа чөлөөлж зогсоход тухайн цагдаа нар шалгасан.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 416 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр нотлогдон тогтоогдох бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “... Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан гэрч нарын мэдүүлэг, “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл” зэрэг нотлох баримтууд мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгээ мэдсээр байж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хасуулсан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн гэдгээ мэдсээр байж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдэгдсэн гэж үзэх бөгөөд уг гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох ...” гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд мөн зөрчил үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 0.20 хувийн промилли байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, тэрээр 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/416 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр нотлогдоно.
Шүүх шүүгдэгч *******г тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2024 оны 10 дугаар сарын 07-ны оройн 16 цагийн орчимд 0,20 хувийн согтолттойгоор Тоёота Приус-20 маркийн 41-04 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон хэрэг нь хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: ... Шүүхээс шүүгдэгч *******г эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******г үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай... гэх дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн тэрээр мал маллаж амьдардаг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Шүүгдэгч ******* ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч ******* таслан сэргийлэх арга аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч ******* таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР