Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2021/00690

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2021/00690

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Ц /РД: ................/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Б.Ш.Я холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны олговорт 34,021,382 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1591 тоот шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоогдон, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын лаборатори 01 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2089 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 292 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орохоор БШЯ-д удаа дараа хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг тодорхой шалтгаангүйгээр ажилд аваагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр миний нэг сарын дундаж цалинг, 1,130,620 төгрөг, нэг өдрийн цалинг 51,391 төгрөгөөр тооцсон тул 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 30 сар, 02 хоног ажилгүй байсан хугацааны олговор нийт 34,021,382 төгрөгийг Боловсрол, шинжпэх ухааны яамнаас гаргуулан Б.Цад олгож өгнө үү. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилгүй байсан хугацааг тодорхой болгох хүсэлтэй байна. Учир нь 2018 оны 07 сарын 20-ны өдөр гэдгийг өмнөх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг гарсан өдрөөс хойш тооцоод байгаа болов уу гэж бодож байна. Хэрэв тэгж байгаа бол сая нотлох баримтаар өгдөг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тушаалд заасны дагуу мөнгө өгсөн хугацаанаас хасагдах байх гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа хугацаа түүнтэй уялдуулаад нэхэмжлэлийн мөнгөн дүн хоёр нь яригдана. Сайд томилогдох болгонд ажилдаа орох хүсэлтээ өгсөн гэж байна. Би холбогдох мэргэжилтнээс тодруулахад Цэдэвсүрэн сайдыг томилогдсоны дараа өгсөн байдаг. Тухайн үед тэр хүн Солонгос явсан байсан, одоо ч Солонгост байдаг. Саяын нотлох баримтаар оршин суугаа газрын тодорхойлолт хуурамч Засаг дарга эрх мэдлээ урвуулан ашиглаж гаргасан байна гэж харж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч Солонгост албан бусаар амьдарч байгаа гэж хэлсэн. Солонгост байгаа хүнийг томилох шийдвэр гаргах хэцүү, хэдийгээр ажлаас халагдсан ч өөрөө ирээд ажлаа хийх хүсэлтээ өгөөд явах ёстой байсан гэж харж байна. Нэхэмжилсэн мөнгөн дүн зөв тогтоож нэхэмжлэх ёстой гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч БШЯ холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 34,021,382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч нь Солонгос улсад амьдарч байгаа, ажилдаа орох хүсэлт өгөөгүй, цалинг давхардуулан нэхэмжилж байна гэж маргасан болно.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1591 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ...Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож... шийдвэрлэсэн ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2089 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 292 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яам нь Монгол Улсын Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг эс биелүүлж, Б.Ц-ыг ажилд нь эгүүлэн тогтоогоогүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1591 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойшхи хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг БШЯ-с шаардах эрхтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заанаар нэхэмжлэгч Б.Ц 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1591 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойш нэхэмжлэлд дурдсан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох үндэслэлтэй байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1591 дүгээр шийдвэрээр Б.Цын нэг сарын дундаж цалин хөлсийг 1,130,620 төгрөг /нэг өдрийн дундаж цалин 51,391 төгрөг/ гэж тооцжээ.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1591 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цалин гэж /30 сар*1,130,620 төгрөг, 2 хоног*51,391 төгрөг/ 34,021,382 төгрөг шаардсан байна.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/845 дугаар тушаалаар Б.Ц-д Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1689 тоот шийдвэрээр 2,521,442 төгрөгийг Б.Цад олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,521,442 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй байна.

 

Иймд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 31,499,940 төгрөгийг хариуцагч Боловсрол,шинжлэх ухааны яамнаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,521,442 төгрөгт тооцогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 31,499,940 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,521,442 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БШЯ-с 315,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР