Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/36

 

 

 

 

 

 

 

 

 2025      01         17                                           2025/ШЦТ/36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, ********* оны ** дугаар сарын **-ний өдөр *********** ********* төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *************** **********, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт *************  ************* ********** **** ****** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Х овогт Б Б /РД; РЖ***********/,

Шүүгдэгч Б.Бнь;

2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Жаргалант сум 8 дугаар байрны гадаа шалтгаангүйгээр хохирогч О.С-н нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.Б“...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан;

хохирогч О.С-н “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 23.00 цагийн орчим Орхон аймаг Жаргалант сум 8 дугаар байрны гадаа найзууд болох Т, А нартай М-г гэрт нь оруулах гээд ирэхэд Б гэх зүс таних залуу машинтайгаа явж таараад машинаасаа бууж ирээд миний уруул хэсэг рүү цохисон. Миний амнаас цус гараад цусаа цэвэрлэж байхад найз О рүү “намайг хэн болохыг мэдэх үү, та нар хэн болсон юм” гэх зэргээр дайраад байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

“…эмчилгээ хийлгэсэн зардал 424.000 төгрөгийг нэхэмжилнэ, сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

гэрч Б.А-н “...Жаргалант багийн 8 дугаар байрны гадаа ирэхэд Б-н машин байрныхаа гадаа байсан, О машинаа Б-н машины хажууд зэрэгцүүлж зогсоогоод О, С, Т нар машинаас түрүүлж буусан. Машины гадаа тэд бие биенээ түлхээд байгаа юм шиг харагдсан, М бид хоёр машинаас буухад С машины ард зогсчихсон, дээд уруулаас нь цус гарч байсан. ...Бид О Б хоёрыг салгасан чинь С нь Б-д “чи намайг яаж байгаа юм, мань чинь ирээд хоёр л хонож байна” гэсэн, Б нь О, С нараас уучлалт гуйгаад байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

гэрч О.О-н “...С, Т нарын хамт машинаас бууж ирэхэд Б үгийн зөрүүгүй С-г цохиод авсан, тэгэхэд Т дундуур нь орж салгасан. Б С-г дахин цохиод, намайг цохих үйлдэл хийсэн, би цохилтыг нь гаргаад оногдоогүй. Манай ангийн М  Бтэй үерхдэг найз охин нь байгаа юм, миний ойлгож байгаагаар “Мыг бид нартай хамт явчихлаа” гэж хардсан юм шиг байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Б.Б-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би М гэх эмэгтэйтэй үерхээд 5 жил болж байгаа, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр манай найз охин М ангийнхантайгаа Т-ийн гэр рүү буяны ажилд явсан. Орой нь 21:00 цагийн орчим Тийн гар утас руу залгаад “та нар хаана байгаа юм” гэсэн чинь “бид Эрдэнэтэд ирчихсэн, караокед байна” гэсэн, тухайн үед би Т лүү уурлаад, маргалдсан. Тэгээд 23:00 цагийн орчим Орхон аймаг Жаргалант сум Жаргалант багийн 8-15 тоот гэрийнхээ гадаа машиндаа сууж байтал миний машины хажуугаар цагаан өнгийн “Prius-30” загварын машин ирж зогсоод, тухайн машин дотроос манай найз охин М болон хамт явсан ангийн хүүхдүүд нь бууж ирсэн. ...би машинаасаа буугаад Тийг байна гэж бодоод цохиод авсан чинь надад цохиулсан залуу Т биш, С байсан. ...С машиныхаа хажууд зогсож байгаад надруу “чи намайг цохичихлоо шүү дээ” гэхээр нь би андуурсан гэдгээ хэлж тайлбарлаад, гар барилцаад, би уучлалт гуйгаад тэд нар  явцгаасан. ...Би баримтанд үндэслэн мөнгөн дүнгийн нөхөн төлбөр, хохирлыг барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40, 44-45 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-н 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1014 дугаартай; “...О.С-н биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

хохирогч О.С-н;

“...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 23.00 цагийн орчим бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16.33 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

хохирогчийн өргөдөл, гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 7, 8 дахь тал/,

эмчилгээ хийлгэсэн зардал нэхэмжилсэн баримтууд /хавтаст хэргийн 11-16 дахь тал/,

шүүгдэгч Б.Б-н;

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.Б-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хохирогч О.С-н “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 23.00 цагийн орчим...Б гэх зүс таних залуу машинтайгаа явж таараад машинаасаа бууж ирээд миний уруул хэсэг рүү цохисон.” гэх,

гэрч Б.А-н “...С машины ард зогсчихсон, дээд уруулаас нь цус гарч байсан. ...С нь Бд “чи намайг яаж байгаа юм, мань чинь ирээд хоёр л хонож байна” гэсэн, ...Б нь О, С нараас уучлалт гуйгаад байсан.” гэх,

гэрч О.О-н “...Б үгийн зөрүүгүй С-г цохиод авсан, ...Б С-г дахин цохиод, намайг цохих үйлдэл хийсэн.” гэх,

Б.Б-н өөрийнх нь өгсөн “...23.00 цагийн орчим Орхон аймаг Жаргалант сум Жаргалант багийн 8-15 тоот гэрийнхээ гадаа машиндаа сууж байтал миний машины хажуугаар цагаан өнгийн “Prius-30” загварын машин ирж зогсоод, тухайн машин дотроос манай найз охин М болон хамт явсан ангийн хүүхдүүд нь бууж ирсэн. ...би машинаасаа буугаад Тийг байна гэж бодоод цохиод авсан чинь надад цохиулсан залуу Т биш, С байсан.” гэх мэдүүлгүүдээр,

мөн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-н 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1014 дугаартай, “...О.С-н биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, хохирогч О.С-н “2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 23.00 цагийн орчим бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16.33 цагт хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн өргөдөл зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.   

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч Б.Б-н хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж,  эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч Б.Б-н үйлдэл энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Б.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид 425.000 төгрөг төлснийг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч О.С эмчилгээ хийлгэсэн зардад 424.000 нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь 425.000 төгрөг төлсөн баримтыг шүүхэд ирсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Б Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөрй болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э