| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2025/0020/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/29 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/29
2025 01 14 2025/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2430003060281 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Халзан сумын 1 дүгээр баг “Халзан шанд” гэх газар оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг “Боловсрол” хорооллын 613 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:*******/ ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг “Дөрвөлж”-ийн 811 тоот хашаан дотор гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.ыг “согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу толгойны үснээс зулгаах болон цээжин тус газар нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь зүүн 6 дугаар хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2024 оны 09 сарын 07-нд би хөдөө мал руугаа явсан. Тэр өдөр эхнэр шинээр ажилд орсон өдөр байсан. Намайг 14 цагийн үед залгахад утсаа тастаад байсан. Оройн 17 цагт айлд архи уучихсан байна гэж надтай утсаар ярьсан. Би эхнэрээ архи уусан тул хөдөөнөөс яаралтай ирээд Дөрвөлжийн 8-11 тоотод очсон. Хаягаар нь очтол 2 пиво барьчихсан байсан. Би тэр пивыг уулгалгүйгээр явъя гэтэл эхнэр явъя урд гэр рүү нь орж юмаа авах болсон. Би хамт ороход тэр гэрт *******, ******* хоёр байсан. Манай эхнэр цүнхээ аваад түрүүлж гараад надаас шууд зугтаад явчихсан. Зугтаж явахдаа хашааны урд ойчсон. Намайг очиход босож чадахгүй байсан. Би эхнэрээ босгоод машин руугаа дөхөж байхад *******, *******, ******* гэх 3 хүн ирээд яагаад эхнэрээ чирээд байгаа юм бэ? гэхэд нь би авч явах гэж байна гэж хэлсэн. Эхнэр чинь явахгүй гээд байхад яагаад авч явах гээд байгаа юм бэ? гэхэд нь би маргасан. Эхнэр босож чадахгүй байсан тул би орхиод гэр рүүгээ явсан. Над руу орой 20 цагийн үед цагдаагаас залгаж, би очиж мэдүүлэг өгсөн. Би гэмт хэрэг үйлдээгүй. Би эхнэрээ авах гэж л очдог. Заримдаа эхнэр хүнд зодуулчхаад намайг зодсон гэдэг. Би 15 настай охиноо авч явах гэтэл ээж загнана гээд яваагүй. Манай эхнэр архи уухаараа олон хоногоор яваад өгдөг...” гэв.
Гэрч Э.*******ы өгсөн “...Тэгээд дараа нь эгч 1 савтай пиво авираад байж байхад нөхөр Доржпалам гаднаас орж ирээд “гэр рүүгээ явъя” гэж хэлсэн. Тэгсэн эгч “би айгаад байна, явахгүй” гэж хэлсэн. Тэгсэн нөхөр нь эгч руу “явъя л даа пизда минь” гээд эгчийн цүнхнээс нь татсан. Тэгсэн эгч нөхрөөсөө зугтаагаад гүйсэн. Тэгтэл нөхөр нь араас нь гүйж очоод цээж рүү нь 2-3 удаа өшиглөөд газар унагаачихсан. Тухайн үед эгч эвгүй дуугараад газар унасан. Тэгээд унасных нь дараагаар ахиж цээж рүү нь хэд хэд өшиглөсөн. Тэр үед манай хажуу талын айлд байсан ах гарч ирээд нөхрийг нь “чи эхнэрээ яаж байгаа юм бэ” гээд хэдэн үг хэлж байгаад яваад өгсөн. Нөхөр нь тухайн үед бас яваад өгсөн. Дараа нь эгч босож ирээд намайг цагдаа дууд гээд би цагдаа дуудаад, эмнэлгийн байгууллагыг дуудсан…Тухайн үед цээжээр нь хүндүүр байна гээд ёолоод байсан. Тэгээд би эгчтэй эмнэлэг дээр ирж үзүүлсэн…” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12 х/
Гэрч Э.*******ы дахин өгсөн “…Тухайн үед эгч манай гэрээс нөхөр Доржпаламаасаа зугтаасан нь үнэн. Тэгээд хашааны урагш гүйж байхдаа эгч газар унасан. Тэгэхдээ тухайн үед нөхөр Доржпалам нь араас нь гүйж очоод өшиглөж байсан…Манай хашааны үүдэнд ямар нэгэн хүн бэртэж гэмтэхээр хатуу зүйл, чулуу, хурц ирмэгтэй ямар нэгэн зүйл байхгүй…” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16 х/
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 324 дугаартай “...1. биед зүүн 6 дугаар хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28 х/
яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26 х/
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 х /
Шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50 х/
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 х/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 58-60 х/
Холбон зуучлах үйлчилгээний илгээх хуудас /хх-ийн 61-75 х/
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх иргэний гаргасан баталгаа гаргах / хх-ийн 76-78 х/
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 79-82 х/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 99-104 х / зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг “Дөрвөлж”-ийн 811 тоот хашаан дотор гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.ыг “согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу толгойны үснээс зулгаах болон цээжин тус газар нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь зүүн 6 дугаар хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч өгсөн “...Тухайн үед манай нөхөр намайг “гэр рүүгээ явъя” гэж хэлсэн. Тухайн үед би нөхрийгөө гэртээ хамт очвол намайг пиво уулаа гээд зодох юм уу загнах байх гэж бодоод би “явахгүй” гэж хэлээд зугтаасан. Тэгэхэд манай нөхөр миний араас гүйж ирээд миний үснээс зулгаагаад чирсэн. Мөн миний цээж рүү өмсөж явсан бакалтай хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд намайг газар хэвтэж байхад манай нөхөр миний утсыг аваад шалгаад оролдоод байсан...” гэх,
Гэрч Э.*******ы өгсөн. Тэгсэн эгч нөхрөөсөө зугтаагаад гүйсэн. Тэгтэл нөхөр нь араас нь гүйж очоод цээж рүү нь 2-3 удаа өшиглөөд газар унагаачихсан. Тухайн үед эгч эвгүй дуугараад газар унасан. Тэгээд унасных нь дараагаар ахиж цээж рүү нь хэд хэд өшиглөсөн. Тэр үед манай хажуу талын айлд байсан ах гарч ирээд нөхрийг нь “чи эхнэрээ яаж байгаа юм бэ” гээд хэдэн үг хэлж байгаад яваад өгсөн…” гэх,
Гэрч Э.*******ы дахин өгсөн “… Тэгээд хашааны урагш гүйж байхдаа эгч газар унасан. Тэгэхдээ тухайн үед нөхөр Доржпалам нь араас нь гүйж очоод өшиглөж байсан…Манай хашааны үүдэнд ямар нэгэн хүн бэртэж гэмтэхээр хатуу зүйл, чулуу, хурц ирмэгтэй ямар нэгэн зүйл байхгүй…” гэх
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 324 дугаартай “...1. биед зүүн 6 дугаар хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдох бөгөөд шүүгдэгч Ш. Доржпалам нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг “Дөрвөлж”-ийн 811 тоот хашаан дотор гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.ыг “согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу толгойны үснээс зулгаах болон цээжин тус газар нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь зүүн 6 дугаар хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгээс “...Өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн үйлчлүүлэгч *******ын өмгөөлөгчөөр оролцож байна. *******ыг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутай талаар маргаан байхгүй...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч *******: Миний 2 настай хүү нэг өдөр надад “ааваа би нэг хүнийг ална” гэсэн. Яагаад гэтэл “Мөөгий гэдэг хүн миний нуруу цохисон” гэж ярьсан. Мөн миний нэг охин онц сурдаг байсан. Одоо дунд сурдаг болсон. Би хүүхдүүддээ анхаарал тавьдаг. Шүүхээр гэрлэлтээ цуцлуулъя гэхээр хүүхдүүдээсээ холдохгүй гэх саналыг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр бай айлд архи уулаа гэх шалтгаанаар эхнэр үснээс зулгааж цээж рүү өмсөж явсан бакалтай хөлөөрөө 2-3 удаа өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн 6 дугаар хавирганы зөрүүгүй хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г “гэр бүлийн хүчирхийлэл” гэж,
3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг “гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж,
5 дугаар зүйлийн 5.1.2-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно” гэж,
6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч *******, хохирогч Б. нар нь эхнэр нөхөр болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тэдний мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.ыг зодож, түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: “...Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй болно. Мөн хохирогч сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн болно.
Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. Шүүгдэгч *******аас 92,005 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна ...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгээс “...Эдний гэр бүл өнөр өтгөн олон хүүхэдтэй гэр бүл. ******* цагтаа сумын аварга малчин байсан хүн. 2023 оны зуднаар малаа алдсан тул аймаг руу шилжиж орж ирсэн. Эхнэр нь сүүлийн жилүүдэд архи их уудаг. Тэрээр эхнэрийнхээ араас байнга хайж олж авдаг. Энэ байдлаас болоод гэр бүлд нь хэрүүл маргаан гардаг. Мөн гэр бүлээс гадуурх харилцаатай бөгөөд энэ нь *******ы ******* руу бичсэн мессежээс харагдана. Энэ хэрэгт мөн хохирогчийн зүй бус үйлдэл байгааг шүүх анхаараасай гэж хүсэж байна. 15 настай охин нь “ээж архи уухгүй бол гэрт тайван байдаг” гэж мэдүүлдэг. Ээж нь мөн өөрөө архи уудаг талаар мэдүүлдэг. 15 настай Ариунзул одоо гэртээ ээжийн үүргийг гүйцэтгэж амьдардаг. Архины хамаарлаас болж гэр бүлийн амьдрал доройтсон. олон хоногоор гэрээ орхиж явдаг. Яг үнэндээ гэр бүлийн хүчирхийллийг үйлдэж байгаа. Ш.Дорждалам, нар 6 хүүхэдтэй. Одоо жирэмсэн. Бага насны олон хүүхэдтэй, ар гэрийн байдлыг харгалзан хуульд заасан хамгийн бага шийтгэл буюу 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарахад хохирогч Б. нь нөхрөө эзгүй үед олон бага насны хүүхдүүдээ орхиж бусадтай нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж явдаг зэрэг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс баримтаар хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн болох нь тус шүүхийн баримт №6 буюу утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна.
Эрүүлмэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Хохирогч Б. нь дээрх гэмтлийн улмаас аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 92,005 төгрөгийг зарцуулсан бөгөөд шүүгдэгч ******* нь уг мөнгийг төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүгдэгч ******* овогт *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР