| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 142/2017/0166/э |
| Дугаар | 00173 |
| Огноо | 2017-06-13 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ч.Сэлэнгэ |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 00173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр
Улсын яллагч Ч.Сэлэнгэ
Хохирогч Н.Э-
Шүүгдэгч С.Б- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д- овгийн С-гийн Б-ад холбогдох эрүүгийн 201714000218 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Д- овгийн С-гийн Б-, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум ** баг, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх./РД:хх***********/
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.Б- нь 2017 оны 03 сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ны үйлдвэрийн бүс рүү зохих зөвшөөрөлгүй нэвтэрч тээврийн хэрэгсэл ашиглан үйлдвэрийн дүүргээс ацетилентэй баллон 1 ширхэг, кислорадтай баллон 2 ширхэг тус тус хулгайлан 2 881 095 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Н.Э-ын “2017 оны 03 сарын 18-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны баяжуулах үйлдвэрийн засварын хэсгээс ацителины боллон 1 ширхэг, кислорадны баллон 2 ширхэг алдагдсан. Ажлын өдрүүдэд боллон хариуцсан нярав байдаг. Амралтын өдрүүдэд гарч байгаа ээлжийн мастеруудад баллоныхоо түлхүүрийг үлдээгээд явдаг. Тухайн баллонууд нь зориулалтын саванд хийгээд гадна талаасаа цоожтой байдаг. Хийтэй баллонуудыг нэг талд нь байрлуулаад хий нь дууссан баллонуудыг тусд нь байрлуулдаг. Үйлдвэр алдсан 3 ширхэг баллонуудаа авч хохиролгүй болсон. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны ерөнхий захирлын 2014 оны А/110 тушаалаар батлагдсан үйлдвэрийн бүсэд тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх журам мөрдөгддөг учир гадны машин орох боломжгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 35-36-р хуудас/
2. Гэрч Л.П-ын “Би 2017 оны 03 сарын 18-ны өдөр амраад 3 сарын 19-ний өглөө 07 цагийн автобусаар очоод орой 20 цаг 45 минутанд ажлаасаа буусан. Манай ээлж 4 ээлжийн мастертай, 12 цагаар ажилладаг амралтын өдрүүдэд гарч байгаа ээлжийн мастеруудад баллон агуулахын түлхүүр байдаг. Ээлж хүлээлцэхдээ түлхүүрээ цуг хүлээлцдэг. 2017 оны 03 сарын 19-ний өдөр 2-3 ширхэг баллон ашигласан. Тухайн өдрийн ажлын журнал дээр тодорхой бичсэн байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39-р хуудас/
3.Гэрч Б.Г-ын “2017 оны 03 сарын 18-ны орой 17 цагийн үед Б- над руу утсаар яриад чамтай уулзах гэсэн юм. Хаана байгаа талаар асуухад ажил дээрээ байна гэхэд ирчихсэн байна гэж хэлсэн. Намайг гарахад Б- 2 дугаар постын гадаа ирчихсэн байхаар нь би очиж уулзсан. Б- РМЗ рүү орж хүнтэй уулзах гэсэн юм гэхээр нь би машинаа дулааны станцын хажуу талд цагдаагийн постын тэнд тавиад яваарай гэж хэлээд оруулсан. Би Б-ыг таньдаг болохоороо машиныг нь шалгаагүй оруулсан юм. Б- зам тээврийн осолд ороод хөл муутай болсон болохоор нь машинтай оруулсан юм. Б-ыг үйлдвэр рүү оруулсан гээд ямар нэгэн мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. 2017 оны 03 сарын 21-ний өглөө хурал баяжуулах фабрикаас 3 ширхэг баллон алга болсон талаар мэдсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40-42-р хуудас/
4. Гэрч П.Д-ийн “С.Б- нь засварын хэсэгт хамт ажиллаж байгаад 2-3 жилийн өмнө ажлаас халагдсан. 2017 оны 03 сарын эхээр Б- над руу утасдаад үйлдвэр дотор жаахан зүйл зүсэх гэсэн юм. Цэнэгтэй баллон байна уу би цэнэггүй баллон өгөөд соличихъё гэхээр нь манайд солих баллон байхгүй. Чи өөрөө мэдэж байгаа биз дээ гэж хэлсэн. Дараа нь 2017 оны 03 сарын 18-ны өдөр ээлжийн мастераар ажиллаж байхад С.Б- танихгүй 2 хүнтэй ирчихсэн цех дотор ашиглаад хураах гэж байсан 3 баллоныг хуучин баллоноор солиод аваад ажлаа хийж дуусаад буцаагаад өгье гээд байхаар нь бараг дуусах гэж байсан 3 баллоныг өгөөд солиод тавиарай гэж хэлээд явсан. Б- үйлдвэр дотор жаахан юм зүсэж байгаа гэж байсан. Түүнээс Б-ыг үйлдвэрийн бүсээс баллон гаргасан талаар мэдээгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43-45-р хуудас/
5. Гэрч Д.Г-ын “2017 оны 03 сарын 17-ны өдрийн 15 цаг 45 минутад ажлаасаа буугаад 03 сарын 20-ны өглөө 08 цагт ажилдаа ирсэн. Цехийн гадна байрлах хийн баллон хадгалах сараалжнаас үйлдвэрийн хийн хангамжийн хэсэг рүү цэнэглэлт хийлгэхээр баллонуудыг зөөврийн машинд ачуулж байхдаа кислорадны 2 баллоны гадна өнгө өөр байхыг мэдээд шалгаж үзэхэд манай засварын хэсэгт ашигладаг 2 баллоныг хаанаас авч ирсэн нь тодорхойгүй 2 баллоноор сольсон байсан. Ингээд хариуцсан мастертаа хэлээд 2 баллоныг ачуулалгүй аваад үлдсэн. Хийн хангамжийн хэсгээс над руу утасдаад танайхаас ирсэн ацетилены баллоноос 1 нь солигдсон байна гэж хэлсэн. Амралтын өдөр би амардаг учир ээлжийн мастерууд өөр өөрсдийн гараан дээр баллоноо хариуцдаг. Цехийн гадна баллоныг хадгалдаг агуулах байдаг ба 2 хаалгатай дотроо үндсэн 3 хэсгээс бүрддэг. Эхний хэсэгт дүүрэн баллон, 2 дахь хэсэгт нөөцийн, 3 дахь хэсэгт хоосон баллоноо хийдэг. Амралтын өдөр ашигласан баллонуудыг би ажлын өдөр ирээд хийтэй эсэхийг баллоны тагийг эргүүлж шалгадаг” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46-47-хуудас/
6. Гэрч Н.Г-ий “2017 оны 03 сарын 18-ны өдөр ажил тарсны дараа би пост дотор сууж байхад хашааны гадаа цагаан өнгийн жижиг тэрэг ирчихсэн байсан. Тэр үед Г- гадаа утсаар яриад зогсож байсан. Би тэр машиныг яах гэж байгаа юм бол гэж Г-аас цонхоор асуухад Г- “манай найз байгаа юм, дулааны станц дээр машинаа тавьчихаад хүнтэй уулзаад ирнэ гээд гуйгаад байна чи хаалгаа онгойлгочих гэхээр нь хаалгаа онгойлгож нөгөө машиныг оруулсан. 20-30 минутын дараа Г-ыг гадаа байхад нөгөө машин ирэхэд Г- явуулсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 49-р хуудас/
7.Гэрч Н.Б-ын “2017 оны 03 сарын 18-ны өдөр засварын хэсэг дээр байсан баллонуудыг хураах гэж байхад ээлжийн мастер Д- танихгүй 3 хүнтэй юм яриад зогсож байснаа хураах гэж байсан баллоныг надаар өргүүлж цагаан өнгийн суудлын жижиг тэргэнд тавиулсан. Тухайн өдөр нилээн төмөр зүсэх ажилтай байсан тул хураах гэж байсан баллонууд бараг дуусаж байсан. Бид нар ашигласан баллонууд бараг дуусаж байсан. Бид нар ашигласан баллонуудаа хийтэй чигээр нь хоосон баллон агуулахад хураадаг” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 50-р хуудас/
8. “Далай ван аудит” ХХК-ны 2017 оны 04 сарын 17-ны өдрийн 02/45 дугаартай шинжээчийн дүгнэлтээр баллонуудыг 2 881 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хх-ийн 56-60-р хуудас / болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б- нь мэдүүлэхдээ “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ар гэрийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Н.Э- мэдүүлэхдээ “С.Б- нь байгууллагын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ч.Сэлэнгэ ялын шүүмжлэлдээ “Шүүгдэгч С.Б-ын үйлдсэн хэрэг хангалттай нотлогдсон. Шүүгэгч өөрөө үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлдэг. Иймд түүнд ял шийтгэл оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад С.Б- нь 2017 оны 03 сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны үйлдвэрийн бүсээс тээврийн хэрэгсэл ашиглан ацетилентэй баллон 1 ширхэг, кислорадтай баллон 2 ширхэг тус тус хулгайлан 2 881 095 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-ад ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгч С.Б-ад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол нөхөн төлөгдсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол нөхөн төлөгдсөн байх тул түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д- овгийн С-гийн Б-ыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.-д зааснаар С.Б-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.-д зааснаар шүүгдэгч С.Б-ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4.-д зааснаар шүүгдэгч С.Б-ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-ад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС