| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 1811007080332 |
| Дугаар | 2021/ДШМ/81 |
| Огноо | 2021-01-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Оролцоогүй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2021/ДШМ/81
186/2020/0279/Э
2021 01 14 2021/ДШМ/81
Г.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Г.О-, түүний өмгөөлөгч Г.Даваахүү,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/819 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.О-, түүний өмгөөлөгч Г.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.О-д холбогдох эрүүгийн 1811007080332 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О-,
Г.О- нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Ж-гийн хос шаазан арслан, иж бүрэн хэт хутга, мөнгөн завьяа зэргийг “бусдад өндөр үнээр зарж, борлуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч, нийт 36.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тайж овогт Гоошчийн О-ыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.О-аас 17.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны 1-17 тоотод оршин суух Түмэн овогтой Норовын Ж- /РД:ЖЯ46083106/-д олгож, шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....би өвөөгийнхөө эртний танил болох Н.Ж- эгчтэй өвөөгөө амьд сэрүүн байх үед эртний эдлэлийг нь авч борлуулж өгдөг байснаар танил болсон. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Н.Ж-тай тааралдахад “өвөөгийнх нь үлдсэн нандин эд зүйлс байна уу, эгч нь зараад өгнө шүү, аваад ирээрэй” гэж ярилцсаны үндсэн дээр эх Д.Нс асуугаад “өвөөгийнх нь үлдээсэн шүрэн унжлагатай хонх, дамрыг хэрэглээгүй, заръя” гээд Н.Ж- дээр авч очиход “үнэ хүрэхгүй, 500.000 төгрөг ч хүргэж зарахгүй” гэж хэлсэн. Гэтэл яг энэ үед С.Э гэдэг найз тааралдаж миний хонх, дамрыг танил ах, эгчдээ 2.000.000 төгрөгөөр өгч наймаа хийсэн. Н.Ж- эгч намайг сайн наймаа хийснийг мэдэж “тэр Э гэдэг найзаараа эгчийнхээ 2-3 зүйлийг заруулж өгөөч” гэж олон өдөр утасдаж гуйсан. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Эг дагуулан Н.Ж- дээр очиход монгол тоногтой хэт хутга, шаазан хоёр хос арслан, хоёр хос мөнгөн завьяа зэргийг боож бэлдсэн байсныг үзүүлж, 18.000.000 төгрөгөөр зараад өгөөч гэж С.Эд хэлсэн. С.Э Хятад улс руу гаргаж, үнэ хүргэж борлуулах талаар Н.Ж- бид хоёрт хэлсэн. С.Э машинтай бид хоёр миний хонх, дамрыг авсан эгч дээр очсон гэх мэт бид хоёр Э танил хүмүүст үзүүлж явсаар 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Э эд зүйлсийг ах эгчдээ үзүүлэхээр авч явсан. Э хэсэг холбогдохгүй байж байгаад 2 сарын эхээр авч явсан үнэт эдлэлээ аваад ирсэн. Хятад улс руу гаргахаар үнэ хүрэхгүй, харин алтан бурхан 9.000.000 төгрөг аваад гаргаж болно гэсэн. Бид хоёр Н.Ж- эгчийн гурван зүйлээс 2 хос мөнгөн завьяаг “Урт цагаан”-ы Б.О 3.000.000 төгрөгөөр худалдаж, “Элегант” дэлгүүрийн Б хэт хутгыг 3.000.000 төгрөгөөр барьцаалж, танил Х 2 хос шаазан арсланг барьцаалж Эн Хаан банкны 5042079544 дугаарын данс руу 3.000.000 төгрөг шилжүүлж авсан. Гэтэл Э гэрчээр мэдүүлэхдээ “мөнгийг О- өөрөө аваад явсан” гэж мэдүүлж үйлдсэн хэрэгтээ намайг ашиглаж байхад байцаагч үнэнийг олж тогтоогоогүйд, миний эрх зүйн байдлыг маш их дордуулж байгаад туйлын гомдолтой байна. Иргэний нэхэмжлэгч Ц.Х “2018 оны 2 дугаар сард Энх-Амгалан, О- хоёр манай гэрийн гадаа ирж надтай уулзсан” гэж мэдүүлэхдээ миний Этай байнга хамт явж байсан гэдэг мэдүүлгийг мөрдөгч, прокурор нар үл тоож, нэг талыг барьж, яллах байр сууринаас хандсан. Хавтас хэрэгт Н.Ж- “эхний ээлжинд энэ хоёрыг өгсөн. 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр мөнгөн завьяагийн зургийг авч яваад мөнгөн завьяаг хайрцаглаж өгсөн” гэж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр над руу утасдаад Хятад руу бараагаа зарахаар Замын-Үүд дээр ирсэн байна” гэж хоорондоо зөрүүтэй худал мэдүүлэг өгсөөр ирсэн. Анх дээрх гурван эд зүйлийг Н.Ж-тай 18.000.000 төгрөгөөр худалдана гэж тохирсон бөгөөд миний бие хэт хутга, шаазан арсланг барьцаанаас авч буцааж өгсөн. “Урт цагаан”-ы Б.О зарсан 2 хос мөнгөн завьяаг буцааж авах гэж удаа дараалан 3.000.000 төгрөгийг авч очсон боловч аваагүй, үнийг 3 дахин өсгөж, эсхүл 18.000.000 төгрөг нэхсээр байсан болохоор Н.Ж-н мөнгөн завьяаг авч чадаагүй нь миний буруу. Н.Ж-д хоёр эд зүйл буцаан өгч нэг зүйлийнх нь 6.000.000 төгрөгийг өгөх гэхээр заавал хос мөнгөн завьяаг буцаан авах талаар, эсхүл бэлэн 18.000.000 төгрөгийг авна гэсээр өдий хүрсэн. Ээж минь өндөр настай, зүрхний хэм алдагддаг, төрсөн эгч хэвтрийн хэрх өвчтэй, оюутан хүү, охины хамт байр түрээслэн амьдардаг болохоор хос мөнгөн завьяаг өндөр үнээр авах, төлөх боломжгүйг харгалзан үзнэ үү. Н.Ж-гийн хос мөнгөн завьяаг нь Б.О зарсан үнээр нь төлүүлэх, С.Э авсан мөнгийг төлүүлж, түүнийг олж үнэнийг тогтооход туслана уу. Би хүний эд зүйлсийг залилан авах, хохироох сэдэлгүй, гэмт хэрэг үйлдэх бодолгүй хохирогч Н.Ж-д бүх үнэнээ анхнаасаа хэлсээр ирсэн. Иймд зүйлчлэлийг хянан үзэж, миний хүнд байдалд байгааг минь харгалзан үзэж, хохирлыг бодитоор төлүүлж, хорих ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв
Шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Г.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “... зайлшгүй шаардлагатай нотлох баримт...” гэж заасан байх бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анармөнхийн 2020 оны 3 сарын 9-ний өдрийн 139 дугаартай яллах дүгнэлтэд хохирлын үнэлгээний тайланг тухайлан дурдаагүй байгаа атлаа 36.000.000 төгрөгийн хохирол учруулсан болохыг хэрхэн яаж мэтгэлцэж, нотлож, тогтоож, яллаж байгаа нь тодорхойгүй байсан. Бодит байдал дээр Г.О- нь Н.Ж-гаас тодорхой тооны эд зүйлийг худалдан борлуулж өгөхөөр харилцан тохиролцож авсан үнэн бөгөөд үүнийгээ хэн аль нь үгүйсгэдэггүй, хүлээн зөвшөөрдөг. Харин Г.О- нь дээрх эд зүйлсийг бусдад худалдан борлуулахдаа Н.Ж-гийн худалдах үнийн саналаас хямд үнээр худалдсан, мөнгийг нь Н.Ж-д төлж чадаагүй байгаа ба үүнд залилан мэхлэх гэмт хэргийн ямар ч шинж байхгүй юм. Ялангуяа прокурорын яллах дүгнэлтэд дурдсан “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож...” гэх шинж болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан “...хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон...” гэх шинжүүд огтхон ч байхгүй. Дээр дурдсан яллах дүгнэлтэд заасан “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож...” хэмээн буруутгаж байгаа дээр шүүх “...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж...” гэсэн шинжийг нэмж гэм буруутайд тооцсон байгаа нь улсын яллагчийн яллаж байгаа байр сууринаас хэтрүүлсэн, улсын яллагчийн өмнөөс түүний хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлж төвийг сахисан хараат бус байх зарчим алдагдсан гэж дүгнэхэд хүргэж байна. Иймд Г.О- болон Н.Ж- нарын хоорондын иргэний эрх зүйн харилцааны явцад үүссэн Г.О-ын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй байгаа явдлыг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэн ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.О-ыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Ж-гийн хос шаазан арслан, иж бүрэн хэт хутга, мөнгөн завьяа зэрэг эд хөрөнгийг “бусдад өндөр үнээр зарж, борлуулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч, нийт 36.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.О-д холбогдох хэргийн хянан хэлэлцэж, түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын төвшинг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх, ялын бодлогод нөлөөлдөг тул уг нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой.
Шүүгдэгч Г.О- нь Н.Ж-гаас “бусдад өндөр үнээр зарж, борлуулж өгнө” гэж хос шаазан арслан, хэт хутга, мөнгөн завьяа зэргийг авч хос шаазан арслан, хэт хутгыг бусдад барьцаалан мөнгө авч, хос мөнгөн завьяаг Б.Оюунцэцэгт 3.000.000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдож байна. Тэрээр мөнгийг нь төлж хос шаазан арслан, хэт хутга зэрэг эд хөрөнгийг эргүүлэн авч хохирогч Н.Ж-д биет байдлаар буцаан өгсөн байна. Харин Б.Оюунцэцэгт зарсан гэх мөнгөн завьяаг Б.Оюунцэцэг нь “...би худалдаж авсан тул буцааж өгөхгүй, эсхүл 13.000.000 төгрөг өгөөд ав. ...” гэж мэдүүлснийг үндэслэн түүнээс тухайн эд зүйлийг хураан авах ажиллагаа хийлгүйгээр үнэлгээний дагуу 18.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.
Тодруулбал, эд зүйлийн үнэлгээгээр 18.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн хохирогч Н.Ж-гийн хос мөнгөн завъяаг шүүгдэгч Г.О- нь 3.000.000 төгрөгөөр “Урт цагаан” үйлчилгээний төвд худалдаа үйчилгээ эрхэлдэг Б.О зарсан, хохирогчийн хос мөнгөн завъяа биет байдлаар Б.О байсаар байтал тухайн эд зүйлийг үнэлүүлж, үнэлгээний дүнгээр гэмт хэргийг улмаас учирсан хохирлыг тодорхойлж, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал” гэж заасан шаардлагад нийцээгүйн дээр мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бодитой тогтоосон гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна.
Иймд дээрх эд зүйлийг хураан авах ажиллагааг хийж, хохирогчид эд хөрөнгийг биет байдлаар буцаан олгох, шаардлагатай тохиолдолд эд зүйлийн үнэлгээг дахин гаргуулж, Б.О иргэний нэхэмжлэгчээр татах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч Г.О- нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг, давж заалдах гомдолдоо тухайн барьцаанд тавьсан эд зүйлийг С.Э хамт явж барьцаалж, мөнгийг С.Э өөрийнхөө дансаар авч байсан. ...” гэж, мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.Х “...2018 оны 2 дугаар сард Э, О- хоёр манай гэрийн гадаа ирж надтай уулзаад “хэт хутга барьцаалаад мөнгө зээлмээр байна” гэсэн. Би зөвшөөрч хутгыг нь аваад Эн өөрийнх нь гэх Хаан банкны 5042079544 дугаарын данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх 151/ гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд мэдүүлэгт дурдсан дээрх дансыг хэн эзэмшдэг болохыг тодруулах ажиллагаа хийгдээгүй байна.
Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.О-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Г.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Г.О-, түүний өмгөөлөгч Г.Даваахүү нарын гаргасан “...Г.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/819 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.О-д холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол Г.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН