| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2022/0036/З |
| Дугаар | 110/ШШ2022/0060 |
| Огноо | 2022-10-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 110/ШШ2022/0060
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р.О,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.О, О.Э,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: М.Б, И.Т,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, О.Э, хариуцагч Буянт сумын Засаг дарга Н.Х, гуравдагч М.Б, И.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, орчуулагч А.Ахмерей, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Р.О нь Буянт Засаг даргад холбогдуулан “М.Б 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн .... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг, “Улаан зуух” гэх газарт байршилтай малын хашааны 371,2 м.кв талбайг оролцуулан 700 м.кв газрыг Р.О эзэмшүүлэх шийдвэр гаргахыг тус тус хариуцагчид даалгах”-аар маргаж байна.
Нэхэмжлэгч анх “М.Б 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ..... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, И.Т 2005 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ..... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгохыг, “У” гэх газарт байршилтай өвөлжөөний газрыг Р.О эзэмшүүлэх шийдвэр гаргахыг тус тус хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр “И.Т 2005 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ..... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа илэрхийлсэн.
Мөн шүүх хуралдаан дээр ““У” гэх газарт байршилтай малын хашааны 371,2 м.кв талбайг оролцуулан 700 м.кв газрыг Р.О эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” гэж үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын даалгах хэсгийн талаар тодруулсан болно.
2. Гуравдагч этгээд И.Т, М.Б нарт ......, ....... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн “С”, “У” гэдэг газар байршилтай 2 малын хашааг нэгдлийн өмч хувьчлалаар 24000 төгрөгөөр үнэлж, “Хашаа, хороо эзэмшүүлсэн гэрчилгээ”-ээр Р.О нарын 8 хүнд дундаа эзэмшүүлсэн, гэтэл дээрх гэрчилгээнд огт нэр нь ороогүй М.Б нь “У”-ны өвөлжөөний газрыг эзэмшиж байгаа нь хууль бус бөгөөд М.Б ..... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, тухайн газрыг эзэмшүүлэхгүй байгаа Буянт сумын Засаг даргын эс үйлдэхүйн улмаас хувьцаагаар авсан хашаа, хороо, түүний орчны газрыг эзэмших эрх зөрчигдөж байна гэж нэхэмжлэгч Р.О маргасан.
3.Энэ талаар аймгийн Засаг даргад 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан гомдолд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1-01/116 дугаар албан бичгээр “шүүхэд хандан шийдвэрлүүлэх” гэж хариу өгсөн, улмаар нэхэмжлэгч Засгийн газрын 1111 тусгай дугаарт залгаж гомдол гаргасан, мөн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргаас Буянт сумын Засаг даргад маргааныг шийдвэрлэхийг үүрэг болгосноор тус сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/95 дугаар албан бичгээр “шүүхийн байгууллагад хандахыг зөвлөж байна” гэсэн хариу өгсөн тул шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Р.О нь тус аймгийн Буянт сумын ..... багт оршин суудаг. Ам бүл-1, ганц бие, төрөлхийн хараагүй. Хөдөлмөрийн чадвар алдалтыг 100 хувиар хугацаагүй тогтоолгосон, дүү Р.О байнгын асаргаанд байдаг.
Буянт сумын “Н” компаниас 1994 онд малчдын эзэмшиж байсан хашаа, хороог эзэмшүүлэх шийдвэр гаргаж, 1994 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 25 дугаартай хашаа хороо эзэмшүүлсэн гэрчилгээгээр “У”, “С”-т байршилтай хашаа, хороог 24,000 төгрөгөөр үнэлж, М, Т, Т, Ж, К, Н, Р, Р.О нарын 8 хүнд эзэмшүүлсэн. Эдгээр хүмүүсээс М, Ж, К, Н, Р нар нас барсан, Р нь нас барсан учир тэр хүний хувьцаа хүү нь Р.О ногдох ёстой, Т Казахстан улсад нүүж авсан. Нэгдлийн үед “У”, “С” гэх газрын аль алинд өвөлжөөний зориулалттай нэг нэг хашаа, хороо байсан.Нэгдэл тарахад дээрх хоёр хашаа ,хороог дээр дурдсан 8 хүнд хувьцаагаар дундаа эзэмшүүлсэн.
Тухайн хоёр өвөлжөөнд хувьцаагаа оруулж хашаа, хороо эзэмших гэрчилгээ авсан учир Р.О нь аль нэг өвөлжөөг авах ёстой гэсэн бодлоор сумын үе үеийн удирдлагад энэ талаар хэлэхэд шийдэж өгөхгүй байсан. Р.О нь төрөлхийн хоёр нүдний хараагүй, байнга хүнээр түшүүлж явдаг учир өөрөө ганцаараа ийш тийшээ явж асуудлыг шийдвэрлүүлэх, хөөцөлдөх боломжгүй байсан. Ингэж асуудал шийдэгдэхгүй болохоор нь Р.О нь 2021 оны 12 дугаар сарын эхээр Баян-Өлгий аймгийн Засаг даргад хандсан ба аймгийн Засаг дарга аймгийн Архиваас холбогдох лавлагаануудыг авч үзэхэд Буянт сумын Засаг даргын 1997 оны 16 дугаар захирамж нь “Гэрээний зарим заалтыг хариуцуулах тухай”, 19 дүгээр захирамж нь “Ажил хариуцуулах тухай” захирамж болох нь тогтоогдсон байна. Үүний дараа Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1-01/116 дугаартай албан бичгээр Р.О тухайн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхийг зөвлөсөн.
Дээрх хашаа, хороо эзэмших эрхийн гэрчилгээнд нэр нь орсон И.Т нь хуурамч материал бүрдүүлж, зарим хүмүүстэй хуйвалдаж нэр бүхий хүмүүсийн эзэмшилд авсан “У”-ны өвөлжөөг үеэл дүү М.Б нэр дээр,”С”-ийн өвөлжөөг өөрийн нэр дээр тус тус хуурамч газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авч эзэмшиж байгааг, Буянт сумын Засаг даргын 1997 оны 16 дугаар шийдвэрээр И.Т “С”-т байгаа өвөлжөөний газарт .... дугаартай, 1997 оны 19 дугаар шийдвэрээр М.Болатад “Улаан зуух”-д байгаа өвөлжөөний газарт .... дугаартай газар эзэмших гэрчилгээ бичиж олгосон байсныг Р.О нь аймгийн Засаг даргаас хариу авах үед мэдсэн.
Үүний дараа Р.О нь Засгийн газрын 1111 тусгай дугаар руу залгаж гомдол мэдүүлсэн ба 1111 тусгай дугаараас аймгийн Засаг дарга Д.Б руу утасдаж асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгосон байна. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Б Буянт суманд томилолтоор ажиллах замд Р.О гэрт зориуд очиж ахуй амьдралтай нь танилцаад маргаан бүхий газрыг нүдээрээ үзээд Буянт сумын Засаг дарга Н.Х хууль бусаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, маргааныг шийдвэрлэж өгөхийг үүрэг болгосон. Үүний дагуу Буянт сумын Засаг дарга Н.Х хандахад Н.Х нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хурал хийж маргалдагч талуудыг оролцуулан асуудлыг шийдвэрлэх гэсэн боловч талууд тохиролцоогүй учир шүүхэд хандаж шийдвэрлүүлэх чиглэл өгсөн.
Н.Х нь Р.О албан ёсоор бичгээр хариу өгөөгүй учир И.Т, М.Б нарт зохих албан тушаалтны газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй байхад бичиж өгсөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бичгээр өргөдөл гаргасан боловч 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/95 дугаартай албан бичгээр шүүхийн байгууллагад хандахыг зөвлөсөн хариу өгсөн.
М.Б, И.Т нарт газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгсөн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг зөрчиж байгаа тул сумын Засаг дарга тэдний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой. Хууль зөрчиж олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосноор Р.О маргаан бүхий өвөлжөөний газрыг эзэмших эрх нь сэргэж газар эзэмших боломжтой болно. Гэтэл Буянт сумын Засаг дарга Н.Х нь М.Б, И.Т нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос үндэслэлгүйгээр татгалзаж байна.
1994 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай хашаа хороо эзэмшүүлсэн гэрчилгээгээр хашаа хороо эзэмшсэн 8 хүнээс одоо И.Т, Р.О хоёр л амьд сэрүүн байгаа.Тийм учраас хувьцаагаар авсан хоёр өвөлжөөний аль нэгийг Р.О эзэмших ёстой. Гэтэл дээрх гэрчилгээнд огт нэр нь ороогүй М.Б гэгч “У”-ны өвөлжөөний 500 м.кв газрыг эзэмшиж байгаа нь хууль бус бөгөөд үүнээс болж Р.О хувьцаагаар авсан хашаа, хороо, түүний орчны газрыг эзэмших эрх зөрчигдөж байна.
Бид эвлэрье гэж олон уулзаж үзсэн. Гэтэл гуравдагч этгээд үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд шүүхээс бидний маргааныг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. “У”-ыг надад олгож өгөөрэй” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“1994 онд нэгдэл хувьчлагдахад “У”, “С”-ийн хашааг өвөлжөө, хаваржааны зориулалтаар тухайн хүмүүст олгосон байгаа. Тухайн үед бид гуравдагч этгээд И.Тохан, М.Б нарт 7-8 удаа очсон. Тухайн үед гуравдагч этгээдүүд газар эзэмших гэрчилгээгээ харуулаагүй байсан. Ингээд өнгөрсөн хавар аймгийн Засаг дарга бүрэн бүрэлдэхүүнтэйгээ очиход бид асуудлаа танилцуулсан. Тэгэхэд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэнд үзүүлэхэд гуравдагч этгээдийн гэрчилгээ хуурамч гэдгийг нотолж өгсөн. Нэхэмжлэгч Р.О хувьцаа байсан учраас “У” гэх газрыг эзэмших эрхтэй гэж үзэж байна” гэв.
5. Хариуцагч Буянт сумын Засаг дарга хариу тайлбартаа:
“Тус сумын .... багийн иргэн М.Б, И.Т, Р.О нар нь “Н” нэгдлийн хувьчлалаар авсан хашааны маргаанаар удаа дараа бидэнд хандсан ба бид мэргэжлийн байгууллагын албан тушаалтныг газар дээр нь шийдвэр гаргуулахаар ажилласан боловч маргалдагч 2 талын бичиг баримт дутуу, зарим бичиг баримт засвартай байсан тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн.
Иргэн М.Б, И.Т нар нь уг хашааг 25 жил эзэмшин ашиглаж байгаа ба газар эзэмших эрхийн гэрчилгээтэй боловч эзэмшүүлсэн шийдвэр байхгүй, иргэн Р.О нь зөвхөн хувьцаа эзэмшигчийн бичигтэй, газар эзэмших гэрчилгээ, шийдвэр байхгүй байгаа. Р.О энэ оноос эхлэн уг хашааны хувьцаа эзэмшигч бид эзэмших ёстой гэсэн маргааныг үүсгэсэн. Урьд өмнө нь Засаг даргаар ажиллаж байсан хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж энэхүү маргаан үүсээд байгаа бөгөөд миний хувьд эдгээр иргэдийн хэн хэнд нь газар эзэмших шийдвэр гаргах боломжгүй болно” гэжээ.
Хариуцагч Буянт сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Нэхэмжлэгч нар өнгөрсөн жилээс хойш өргөдөл, хүсэлт гаргаж эхэлсэн. Гуравдагч этгээдүүд маргаан бүхий газарт 1997 оноос хойш өнөөдөр хүртэл 25 жилийн хугацаанд өвөлжиж, хаваржиж амьдраад ирсэн хүмүүс байна. Ингээд 25 жил амьдарсан хүмүүсийг газрыг өнөөдөр булааж авах боломжгүй гэж үзэж байна. Хэрвээ гэрчилгээ нь хуурамч гэж байвал тухайн үеэс хойш 6 сумын Засаг даргын нүүрийг үзсэн, мөн нэхэмжлэгчийн өөрийнх нь ах нь хүртэл сумын Засаг даргаар ажиллаж байсан. Гэтэл яагаад тухайн үед засуулаагүй юм бэ. Гуравдагч этгээдүүдэд байгаа гэрчилгээг нэхэмжлэгчийн төрсөн ах Т бичиж өгсөн. Тухайн гэрчилгээг хуурамч гэж байвал шүүхэд хандаарай гэж хэлж байсан. Өнөөдрийн байдлаар тус сумын Засаг даргын эрх хэмжээний хүрээнд гуравдагч этгээдээс өвөлжөө, хаваржааг нь булааж аваад нэхэмжлэгчид өгөх эрх зүйн үндэс байхгүй гэж бодож байна” гэв.
6. Гуравдагч этгээд М.Б хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний аав И.М /талийгаач/ Буянт сумын “Н” нэгдэлд 1952 онд гишүүнээр элсэж тус нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн байдаг бөгөөд мөн оноос эхлэн Буянт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “У” хэмээх өвөлжөөний хашаа хороонд нэгдлийн малыг өсгөн үржүүлж байсан. 1991 оноос эхлэлтэй улсын мал хөрөнгийг хувьчлагдсан үед тухайн үеийн удирдлагууд аав М хашаа хороог эзэмшүүлсэн. Ийнхүү эзэмшиж мал маллаж байх явцдаа аав маань 2003 онд нас барсан юм. Аав маань нас барсны дараа тус хашаа хорооны эзэмшигч нь би болж өнөөдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж ашиглаад амьдран сууж байгаа юм. Би “У”-ын өвөлжөөний хашаа, байшингийн хууль ёсны эзэмшигч бөгөөд 000598429 дугаартай 45 жилийн хугацаатай эзэмшлийн гэрчилгээтэй юм. “У”-ын хашаа хороог аавын минь эзэмшиж байсан хугацаанаас тооцоход 70 жил эзэмшиж амьдран сууж байна. Энэхүү байдлаар би Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан эрхээ эдэлж, хууль ёсны эзэмшлийн гэрчилгээний хүрээнд эзэмшиж байгаа болохыг тайлбарлаж байна.
Р.О өмнө нь надад тус хашаанд миний хувьцаа байгаа авъя гээд хандсан, харин би түүнд зөвхөн таны хувьцаа биш ээ хэд хэдэн иргэний хувьцаа байгаа, та өөртөө ноогдох хэсгээ аваарай гэж хэлж байсан юм. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.
Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Гуравдагч этгээд талын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б эцэг М гэх хүн байсан бөгөөд тэр хүн 2003 онд нас барсан. М гэх 1952 оноос эхлээд Буянт сумын “Н” нэгдэлд гишүүнээр элсэж, тус нэгдэлд насаараа мал маллаж байсан. Ингээд тус нэгдэлд ажиллаж байх хугацаанд 1991 оноос эхэлж хувьчлал явагдсан. Тухайн хувьчлалын үед зөвхөн М, Т нарт биш тухайн нэгдэлд ажиллаж байсан бүх хүмүүст мал маллаж байсан хашааг нь эзэмшүүлэх гэрчилгээг бичиж өгсөн. “у” болон “С” дэх 2 хашааг 24,000 төгрөгөөр үнэлж, тухайн 8 хүнд өгсөн байна. М нас барахаас өмнө эдгээр хүмүүсийн хувьцааг өөртөө аваад, эдгээр хүмүүст өгөх ёстой юмаа өгсөн. Тухайн бүрд аман хэлбэрээр тохиролцож явж байсан. Өнөөдөр буюу 2022 он хүртэл тус хашаа, хорооны эзэмшлийн тухай Т, Ж, К, Н нар ямар нэгэн байдлаар маргаан гаргаж байгаагүй. Тэдгээр хүмүүс нас барсан ч гэсэн тэдгээрийн үр хүүхдүүд, өв залгамжлагч нар байгаа хэдий боловч маргаан гаргаж байгаагүй. Яагаад өнөөдөр хүртэл маргаан гаргаагүй бэ гэвэл дээрх хүмүүс тухайн үед авах ёстой зүйлсээ авсантай холбоотой. Гуравдагч этгээдүүдийн хувьд хууль ёсны гэрчилгээтэй, ямар нэгэн хуурамчаар нотлох баримт бүрдүүлж, хуурамч гэрчилгээ гаргуулсан зүйл байхгүй. Гуравдагч этгээдүүдийн хувьд тус газарт малаа маллаж, аж төрж амьдарч байгаа. Иймд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна”гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
1. Нэхэмжлэгч Р.О “И.Т 2005 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ..... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгчийн “М.Б 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн .... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг, “У” гэх газарт байршилтай малын хашааны 371,2 м.кв талбайг оролцуулан 700 м.кв газрыг Р.О эзэмшүүлэх шийдвэр гаргахыг тус тус хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэлийн зарим хэсэг үндэслэлтэй байна.
3. Буянт сумын “Н” нэгдлийн өмч хувьчлалаар тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрийн “У” нэртэй газарт байрлах малын саравчтай чулуун хашаа 1, “С” нэртэй газарт байрлах малын саравчтай чулуун хашаа 1, нийт 2 хашааг 24000 төгрөгөөр үнэлж, М, Т, Т, Ж, К, Н, Р, Р.О нарын 8 хүнд эзэмшүүлсэн, өөрөөр хэлбэл тухайн 2 хашааг нийлүүлж 24000 төгрөгөөр үнэлэн 8 хүнд аль алиныг нь дундаа эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар “Хашаа, хороо эзэмшүүлсэн гэрчилгээ” болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 143,206-208,211-212 дах тал, 2 дах хавтаст хэргийн 19-23 дах тал/ тогтоогдсон болно.
4. Энэхүү 8 хүний нэг болох М /агсан/ нь “У”-д байрлах малын саравчтай чулуун хашаа бүхий газарт нэгдлийн үеэс эхлэн амьдарч байсан, гуравдагч этгээд М хүү Б нь хууль ёсны өв залгамжлагчийн хувьд эцгийнхээ эд хөрөнгийг өв залгамжлах эрхийнхээ дагуу уг малын саравчтай чулуун хашааг эзэмшиж, тухайн газарт одоог хүртэл 25 гаруй жил амьдарч байгаа, уг газарт малын саравчтай чулуун хашаанаас гадна байшин 2, малын хашаа 2, амбаар 2-ыг барьж ашиглаж байгаа.
Улмаар эрх бүхий этгээдээс гуравдагч этгээд М.Б хүсэлтийг нь үндэслэн “У” гэх газраас 700 м.кв газрыг өвөлжөөний буюу хашаа, байшин барих зориулалтаар 45 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ,,,,,, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 35,37,38,51-52,62-64,67-73,113,180-181,190-191,202-204,211-212,232-242 дэх тал/ тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч талаас “М.Б газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгсөн нь Газрын тухай хуулийг зөрчиж байгаа тул сумын Засаг дарга түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой” гэж маргасан.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 33 дугаар зүйлийн 33.1.1-т “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл тухайн шатны Засаг даргаас гаргасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын хувьд газрын даамал нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохоор, газрыг зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр тус тус хуульчилжээ.
Гуравдагч этгээд М.Б 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ,,,,,, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд Засаг даргын 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 19 тоот шийдвэрийг үндэслэн эзэмшүүлсэн гэж заасан ба аймгийн архивд хадгалагдаж буй Буянт сумын Засаг даргын 1997 оны захирамжид хийсэн үзлэгээр /1 дэх хавтаст хэргийн 41-42, 195-196 дах тал/ 1997 оны 19 дугаартай захирамж нь 3 дугаар сарын 14-ний өдөр гэсэн огноотой “Ажил хариуцуулах тухай” гэсэн агуулгатай захирамж болох нь тогтоогдсон болно.
Гэхдээ эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх эрх бүхий этгээд болох тухайн үеийн Буянт сумын газрын даамлаас уг газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 148-149,202-204 дэх тал/ тогтоогдсон ба уг газрын даамлаас “...Тухайн гэрчилгээ дэх Засаг даргын 1997.06.11-ний өдрийн 19 дугаартай шийдвэрийн хувьд нэгдэл тарсны дараа 1997 онд сумын Засаг даргаас сумын иргэдэд баг багаар, бөөнөөр нь газар эзэмшүүлсэн жагсаалттай захирамж гарч байсныг санаж байгаа.Өөрөөр хэлбэл нэгдэл тарах үед сумын иргэдийн өөрсдийнх нь мал маллан амьдарч байсан газрыг өөр өөрсдөд нь эзэмшүүлсэн...” гэж гэрчийн мэдүүлэг өгсөн.
Түүнчлэн тус сумын “Газар эзэмшигчийн улсын бүртгэлийн дэвтэр”-ээс үзэхэд 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 19 дүгээр захирамжийг болон И.Т 2005 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ,,,,, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан Буянт сумын Засаг даргын 1997 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаартай захирамжийг /архивын үзлэгээр 1997 оны 16 дугаартай захирамж нь 03 дугаар сарын 07-ны өдөр гэсэн огноотой “Гэрээний зарим заалтыг хариуцуулах тухай” гэсэн агуулгатай захирамж болох нь тогтоогдсон/ үндэслэн иргэдэд газар эзэмшүүлснийг бүртгэсэн бүртгэлүүд /1 дэх хавтаст хэргийн 228-229,243-245 дах тал/ байгаагаас гадна “У” гэдэг газарт М, дараа нь түүний хүү гуравдагч этгээд М.Б 25 жил амьдарч байгаа үйл баримт тогтоогдож байх тул маргаан бүхий гэрчилгээнд заасан Бугат сумын Засаг даргын 1997 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19 дүгээр шийдвэр байхгүй байгаад иргэнийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын шийдвэр одоо байхгүй байгаа нь тухайн үед уг шийдвэр гараагүй гэж үзэх, эрх бүхий этгээдээс олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу тухайн газарт 25 жил амьдарч байгаа иргэний газар эзэмших эрхийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн болно.
6. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: 4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах; 4.1.7.газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж тус тус заасан.
Дээр дурдсанчлан “Н” нэгдлийн өмч хувьчлалаар “У”-д байрлах малын саравчтай чулуун хашааг 8 хүнд дундаа эзэмшүүлэхээр хуваарилсан, тухайн 8 хүний нэг болох М хүү гуравдагч этгээд М.Б нь уг малын хашааг өв залгамжлалаар эзэмшиж, улмаар уг хашааны газрыг оролцуулан 700 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан нь тогтоогдсон ба тухайн малын хашааны эзэмшигчдээс маргаж байгаа Р.О нь хамтран эзэмшигчийн хувьд “У”-д байрлах хувьчлалаар авсан малын хашаа болон хашааны дэвсгэр газрын зарим хэсгийг, улмаар орчны газрыг мөн адил эзэмших эрхтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл “У” дахь хувьчлалаар авсан малын хашааны талбай 371,2 м.кв, уг хашаа болон М.Б байшин, амбаар ,малын хашаа зэрэг бусад үл хөдлөх эд хөрөнгүүд байрлаж байгаа газрын нийт талбайн хэмжээ нь 3468 м.кв болох нь тогтоогдож /1 дэх хавтаст хэргийн 62-64,232-235 дах тал/ байгаа тул нэхэмжлэгч Р.О нь уг хувьчлалаар авсан 371,2 м.кв талбайтай малын хашааны тал буюу 185,6 м.кв талбайтай хэсгийг оролцуулан 700 м.кв газар, гуравдагч этгээд М.Б нь мөн адил малын хашааны тал буюу 185,6 м.кв талбайтай хэсгийг оролцуулан 700 м.кв газар тус тус эзэмших эрхтэй гэж дүгнэсэн ба энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.7-д заасан “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэсэн зарчмууд, 29 дүгээр зүйлийн 29.1, 52 дугаар зүйлийн 52.7-д заасантай тус тус нийцэж байна.
Иймээс гуравдагч этгээд М.Б тухайн хувьчлалаар авсан малын хашааны 371,2 м.кв талбайг бүхэлд нь оролцуулан 700 м.кв газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7-д нийцээгүй, мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, М.Б 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ….. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг, “Улаан зуух” гэх газарт байршилтай малын хашааны 185,6 м.кв талбайтай хэсгийг оролцуулан 700 м.кв газрыг Р.О эзэмшүүлэх шийдвэр гаргахыг тус тус хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох ““Улаан зуух” гэх газарт байршилтай малын хашааны үлдсэн 185,6 м.кв талбайтай хэсгийг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.О “И.Т 2005 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн …… дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 29 дүгээр зүйлийн 29.1, 52 дугаар зүйлийн 52.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, М.Б 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн …. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг, “У” гэх газарт байршилтай малын хашааны 185,6 м.кв талбайтай хэсгийг оролцуулан 700 м.кв газрыг Р.О эзэмшүүлэх шийдвэр гаргахыг тус тус хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох ““У” гэх газарт байршилтай малын хашааны үлдсэн 185,6 м.кв талбайтай хэсгийг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ