| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/38 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Л.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/38
2025 01 22 2025/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Л.Т,
шүүгдэгч Б.М, өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн 2425000000***.6 дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********* төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд, жолооч мэргэжилтэй, *********, ам бүл 2 эхнэрийн хамт ************************ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Ш овогт Б-н М /РД; *************/,
Шүүгдэгч Б.М нь;
2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймаг Орхон сум 2 дугаар баг “Хар хяр” гэх газраас 34 ширхэг буюу 1.2424м3 хуурай шинэс мод бэлтгэж байгаль орчинд 209.537 төгрөгийн хохирол учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 34 ширхэг хуурай шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр Булган аймаг Орхон сумаас Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэр хүртэл 77-*****улсын дугаартай “Mitsubushi Pajero” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.М “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан;
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О-н “...Манай сумын Халиун 2 дугаар багийн нутагт “Хар хяр” гэдэг газар байдаг, дээрх газар 2024 онд мод бэлтгэх тусгаарлалт хийгдээгүй учраас тэнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөггүй. Байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
гэрч Я.А-н “...2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн хариуцсан Халиун 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийхээр Орхон аймгаас гарах гэж явахад Дэнж багийн нутаг дэвсгэрт кабиндаа мод ачсан бололтой **-**ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоож шалгахад зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэн, тээвэрлэж явсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан тул Орхон аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэж, тухай иргэнийг хүлээлгэн өгсөн. ...Б.М гэдэг иргэн манай багийн нутаг дэвсгэрээс мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, ...миний хариуцан ажилладаг Булган аймгийн Орхон сумын Халиун 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар хяр” гэх газраас мод бэлтгэж, тээвэрлэж яваа талаараа хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
Б.М-н сэжигтэн, ялагдагчаар өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд Булган аймгийн Орхон сумын Халиун 2 дугаар багийн нутаг “Хар хяр” гэх газраас галын түлшний мод бэлтгээд өөрийн эзэмшлийн 77-*****улсын дугаартай тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тээвэрлэсэн. ...мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл байгаагүй. Би Дэнжид байдаг задаргаанаас асаж явдаггүй машины кабин худалдаж авсан, тэгээд засаж сэлбээд машин болгож авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59, 64 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Ойн ангийн хашаанд хадгалагдаж байгаа 34 ширхэг модонд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /хавтаст хэргийн 7-8, 9-10 дахь тал/,
сэжигтэн Б.М-н өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-14, 15-21 дэх тал/,
Орхон аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн шинжээч Х.Эрдэнэбатын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 7 дугаартай; “...Б.М-н бэлтгэсэн мод гадна шинж байдал нь давирхай гоожоогүй, чийгтэж бантаагүй, хуурай шинэс мод /Larix sibirica/ болно. Тухайн модыг хөрөөдсөн тайрцын ором шинэ, шинээр бэлтгэсэн мод байна. Орхон аймгийн Сум дундын ойн ангийн Мод үржүүлгийн газрын хашаанд байгаа 1.2424м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалын хавсралтад заасан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалын нэгдүгээр муж, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцож, экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 209.537 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ОРА: 1001973 дугаартай; “...“Гялс төгрөг” ХЗХ-ны эзэмшлийн 77-******* улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2008 онд Монгол Улсад орж ирсэн “Mitsubushi Pajero” загварын автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан 2024 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 3.500.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 44-45, 46-48 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ОРХ: 1001973 дугаартай; “...“Бензин хөдөлгүүрт цахилгаан хөрөө 80.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 50-52 дахь тал/,
шүүгдэгч Б.М-н;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчээс мөн Б.М-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Б.М дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдааны үед шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
хэргийн үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О-н “...дээрх газар 2024 онд мод бэлтгэх тусгаарлалт хийгдээгүй учраас тэнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөггүй.” гэх,
гэрч Я.А-н “...2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн хариуцсан Халиун 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийхээр Орхон аймгаас гарах гэж явахад Дэнж багийн нутаг дэвсгэрт урдаас кабиндаа мод ачсан бололтой 77-**** улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоож шалгахад зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэн, тээвэрлэж явсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан.” гэх,
Б.М-н сэжигтэн, ялагдагчаар өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд Булган аймгийн Орхон сумын Халиун 2 дугаар багийн нутаг “Хар хяр” гэх газраас галын түлшний мод бэлтгээд өөрийн эзэмшлийн 77-*****улсын дугаартай тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тээвэрлэсэн. ...мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл байгаагүй.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймаг Баян-Өндөр сум Ойн ангийн хашаанд хадгалагдаж байгаа 34 ширхэг модонд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр,
Б.М-н өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд мөн Орхон аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн шинжээч Х.Э-н 2024 оны 7 дугаартай, “...Б.Мн бэлтгэсэн мод гадна шинж байдал нь давирхай гоожоогүй, чийгтэж бантаагүй, хуурай шинэс мод /Larix sibirica/ болно. Тухайн модыг хөрөөдсөн тайрцын ором шинэ, шинээр бэлтгэсэн мод байна. ...экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 209.537 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” гэж,
2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.” гэж тус тус хуульчилсан байна.
Харин зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэдгийг сум дундын болон сум дүүргийн ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/-аас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр ойгоос мод бэлтгэснийг,
гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал...тээвэрлэсэн гэдгийг иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага нь ойгоос бэлтгэсэн мод, гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахдаа сум дундын болон сум, дүүргийн ойн анги /байхгүй бол эрх бүхий албан тушаалтан/-аас гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсныг тус тус ойлгоно.
“Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинж нь байгаль орчинд хохирол учирсан байхыг шаардахгүй бөгөөд хууль бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг байдаг.
Шүүгдэгч Б.М-н Булган аймгийн Орхон сумын ойн ангийн эрх бүхий албан тушаалтнаас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр тус сумын Халиун 2 дугаар багийн нутаг “Хар хяр” гэх газарт давирхай нь гоожоогүй, чийгтэж бантаагүй, 34 ширхэг хуурай шинэс модыг хөрөөдөж бэлтгэсэн, улмаар уг бэлтгэсэн 34 ширхэг хуурай шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр 77-*****улсын дугаартай “Mitsubushi Pajero” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн үйлдлүүд нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай бөгөөд байгаль орчинд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Б.М-г “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Гэмт этгээд нэг гэмт санаа, зорилгоор нэг объектод нэг төрлийн буюу эсхүл өөр өөр үйлдэл хийж хоёр буюу түүнээс дээш удаа халдсан боловч үйлдэл тус бүр нь гэмт хэрэг болохгүй, тэдгээр нь нийлж нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхыг үргэлжилсэн үйлдэл, эс үйлдэхгүй гэдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан байдаг.
Үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийг гэм буруутай этгээдийн үйлдлийн шинж чанараас хамааран нэг үйлдэлтэй, өөр өөр үйлдэлтэй гэж ангилж болох бөгөөд шүүгдэгч Б.М-н үйлдлийг өөр өөр үйлдэлтэй үргэлжилсэн үйлдэл гэж үзэх тул Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Б.М-г “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар байгаль орчинд учруулсан хохирол 209.537 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж 628.611 төгрөг төлснийг, мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,
түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.”,
өмгөөлөгч Б.Б-н “...анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, байгаль орчинд учруулсан хохиролд 628.611 төгрөг төлснийг, амьдрахын эрхээр галын мод бэлтгэснийг, бэлтгэсэн модыг зарж, худалдах санаа зорилго байгаагүйг, өндөр насны тэтгэвэрт байдаг, эхнэрийн хамт ам бүл хоёулаа амьдардаг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэснийг тус тус харгалзан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Тээврийн хэрэгсэл ашиглаж гэмт хэрэг үйлдэх нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж, учрах хохирлыг ихэсгэдэг тул шүүгдэгч Б.Мг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,
1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаа бол уг тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгохоор, хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.
Шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б “...задаргааны машин тул 77-**** улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгчид үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.М гэмт хэрэг үйлдэхдээ 77-***** улсын дугаартай “Mitsubushi Pajero” загварын тээврийн хэрэгсэл ашигласан, уг тээврийн хэрэгсэл “Гялс төгрөг” ХЗХ-ны эзэмшилд байдаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч өөрөө задаргааны эд анги ашиглан босгосныг, цаашид ашиглах боломжгүйг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хохирлоос илүү гарсан 7730ОРА улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2008 онд Монгол Улсад орж ирсэн “Mitsubushi Pajero” загварын тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна.
Мөн Орхон аймгийн Сум дундын ойн ангийн Мод үржүүлгийн газрын хашаанд хадгалагдаж байгаа 34 ширхэг 1.2424м3 шинэс модыг,
хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүрт цахилгаан хөрөөг тус тус улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт Б-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.М-аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж,
Орхон аймгийн Сум дундын ойн ангийн Мод үржүүлгийн газрын хашаанд хадгалагдаж байгаа 34 ширхэг 1.2424м3 шинэс модыг,
мөн хэргийн хамт шүүхэд ирүүлсэн 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүрт цахилгаан хөрөө зэргийг тус тус Орхон аймгийн Төрийн сангийн улсын төсөвт шилжүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э