| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2025/0021/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/33 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/33
2025 01 16 2025/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Жамъяндорж
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2430000000319 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өглөөний 05 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлааст хорооллын 17-1704 тоотод ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж олон өнгийн цэцгийн дүрс бүхий зураглалтай, цагаан өнгийн цайны төмөр металл данх шидэж ******* биед нь халдаж толгойн үстэй хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Би согтуудаа очсон байсан нэг мэдэхэд л муудаж байсан, сайн санахгүй байна гэв. Хамт хүн очоогүй, гэрт нь хоёр хүүхэд нь байсан. Хохирогчтой уулзаж уучлалт гуйсан гэв.
Хохирогч *******: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 05 цагийн орчимд Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 17-1704 тоотод гэртээ нөхөр О. бид хоёр унтаж байхад манай хадам дүүгийн нөхөр Сэргэлэнболд гэх залуу согтуу орж ирээд ын нурууных нь ар хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд нь орноосоо босоод зугтахад манай галын зуухан дээрээс байсан будаа агшаагчийн төмөр савыг аваад араас нь шидсэн. Тэгэхэд тухайн сав нь ын зүүн нүдний хөмсөгт нь оносон байсан. Тэгээд зугтаад миний араар орох үед Сэргэлэнболд нь дахиад хажуу талдаа байсан цайны төмөр данхыг аваад шидсэн чинь тухайн данх нь миний толгой дээр оноод миний толгойны орой хэсгээс их хэмжээгээр цус гарсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэхэд Сэргэлэнболд нь гэрээс гараад явчихсан. Сэргэлэнболд нь нэлээд их хэмжээний согтуу байсан. Тэгээд ямар шалтгаанаар манай гэрт ирж нөхөр бид хоёрын биед халдаж зодох болсон талаар мэдэхгүй байна. ...Би Сэргэлэнболдтой хувийн таарамжгүй харилцаатай болон ес хонзонтой асуудал байхгүй. ...Би гомдолтой байна. Өөрт учирсан хохирол, эмчилгээний зардлаа нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ...Гэмт хэргийн улмаас өөрт учирсан сэтгэл санааны хор хохирлоо нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг,/хавтаст хэргийн 13-14-р хуудас/
Гэрч О.ын: “...2024 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баруун-Урт сумын дүгээр баг, Хайлаастын 17-1704 тоотод гэртээ эхнэр Б.Давааням, хүүхдүүд /15 настай/, /10 настай/, /3 настай/ нарын хамт унтаж байхад манай хүргэн дүү Сэргэлэнболд нь нэлээд согтуу гэрт орж ирээд танайхан гэж хэлээд миний баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд нь манай эхнэр Б.Давааням чи яах гэж унтаж байгаа хүн өшиглөөд байгаа юм гэхэд Сэргэлэнболд нь манай гэрийн зуухны зүүн талд будаа агшаагчийн төмөр савыг над руу шидсэн. Тухайн сав нь миний зүүн нүдний дээд хэсэгт оносон. Тэгээд Сэргэлэнболд араас нь залгуулаад зуухан дээр байсан төмөр данхыг аваад эхнэр Давааням бид хоёр руу чиглүүлж шидсэн. Тэгэхэд тухайн данх нь миний зүүн талд хэвтэж байсан эхнэр Даваанямын толгой хэсэгт нь оносон. Тэгээд Даваанямын толгойноос нь цус гараад эхэлсэн. Тэгээд манай эхнэр Давааням цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Сэргэлэнболд нь ямар шалтгаанаар манай эхнэр Давааням бид хоёр руу төмөр сав, төмөр данх зэргийг шидэх болсон талаар мэдэхгүй байна. Гэрт орж ирээд юу ч хэлээгүй шууд шидсэн. ...Манай эхнэр Давааням бид хоёр Сэргэлэнболдтой хувийн таарамжгүй харилцаатай болон өс хонзонтой асуудал байхгүй. ...Би биед халдаж зодоогүй.” гэх мэдүүлэг,/хавтаст хэргийн 17-18-р хуудас/
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 409 дугаартай “...1.******* биед толгойн үстэй хэсэгт язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт,/хавтаст хэргийн 24-25-р хуудас/
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 414 дугаартай “...1.О.ын биед зүүн хөмсөгний дээд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 32-33-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 х/
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 23/229 дугаартай албан тоот /хх-ийн 04 х/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 09 х/
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 38 х /
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 х/
Шүүгдэгч иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 х/
Шүүгдэгч оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 58 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 05 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлааст хорооллын 17-1704 тоотод байх ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж олон өнгийн цэцгийн дүрс бүхий зураглалтай, цагаан өнгийн цайны төмөр металл данх шидэж ******* биед нь халдаж толгойн үстэй хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч *******: “...Тэгээд зугтаад миний араар орох үед. Сэргэлэнболд нь дахиад хажуу талдаа байсан цайны төмөр данхыг аваад шидсэн чинь тухайн данх нь миний толгой дээр оноод миний толгойны орой хэсгээс их хэмжээгээр цус гарсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэхэд Сэргэлэнболд нь гэрээс гараад явчихсан...” гэх,
Гэрч О.ын: “...Тэгэхэд нь манай эхнэр Б.Давааням чи яах гэж унтаж байгаа хүн өшиглөөд байгаа юм гэхэд Сэргэлэнболд нь манай гэрийн зуухны зүүн талд будаа агшаагчийн төмөр савыг над руу шидсэн. Тухайн сав нь миний зүүн нүдний дээд хэсэгт оносон. Тэгээд Сэргэлэнболд араас нь залгуулаад зуухан дээр байсан төмөр данхыг аваад эхнэр Давааням бид хоёр руу чиглүүлж шидсэн. Тэгэхэд тухайн данх нь миний зүүн талд хэвтэж байсан эхнэр Даваанямын толгой хэсэгт нь оносон. Тэгээд Даваанямын толгойноос нь цус гараад эхэлсэн. Тэгээд манай эхнэр Давааням цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 409 дугаартай “...1.******* биед толгойн үстэй хэсэгт язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 414 дугаартай “...1.О.ын биед зүүн хөмсөгний дээд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 05 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлааст хорооллын 17-1704 тоотод байх ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж олон өнгийн цэцгийн дүрс бүхий зураглалтай, цагаан өнгийн цайны төмөр металл данх шидэж ******* биед нь халдаж толгойн үстэй хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болно.
Сэргэлэнболд нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна гэв....” гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж түүн рүү төмөр данх шидэхэд түүний эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч Б.Давааням руу цайны төмөр данх шидэж толгой хэсэгт нь онсоны улмаас түүний эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлааст хорооллын 17-1704 тоотод ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж олон өнгийн цэцгийн дүрс бүхий зураглалтай, цагаан өнгийн цайны төмөр метал данх шидэж ******* биед нь халдаж толгойн үстэй хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болно.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Иймд ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна гэв. гэсэн дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******од ял шийтгэл оногдуулахад хохирогч ******* эмчилгээний зардалд 450,000 төгрөг төлсөн, мөн хохирогчийн нэхэмжилсэн 700,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогчид эмчилгээний зардалд 450,000 төгрөгийг нөхөн төлсөн ба үлдэгдэл 700,000 төгрөгийг 2024.01.20-ны дотор төлөхөөр тохиролцсон байх тул шүүгдэгч *******оос гаргуулж хохирогч Б.Даваанямд олгох нь зүйтэй. Хохирогч Б.Давааням нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдъя.
Хохирогч Б.Давааням нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт эдийн болон эдийн бус хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй юм.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм.
Хохирогч Б.Давааням нь дээрх гэмтлийн улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 266,793 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23/229 дугаартай албан бичиг, зардлын түүх зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******оос 266,793 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ
2.4. Бусад асуудлаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “олон өнгийн цэцгийн дүрс бүхий зураглалтай, цагаан өнгийн цайны төмөр металл данх”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/17 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгана.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******од оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Олон өнгийн цэцгийн дүрс бүхий зураглалтай, цагаан өнгийн цайны төмөр металл данх”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/17 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 700,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Даваанямд, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 266,793 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Давааням нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
9. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хохирогч Б.Даваанямд эмчилгээний зардалд 450,000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР