Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар  2025/ШЦТ/32  

 

 

 

 

 

 2024           01            16                                            2025/ШЦТ/32                                                   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Дашням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2430003010344 дугаартай  хэргийг  2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,Сити их сургуулийн дуулаачийн ангийн 2 дугаар курсын оюутан,  ам бүл 6, эцэг, эх, 2 эгч, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, *******  овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын  21-ний  шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг "Бичигт боомт"-ны дэргэд байх хоолны гэрийн ар талаас хохирогч ******* өмчлөлийн улаан өнгийн 354 мотортой "Таншань" маркийн пад пад гэх нэршилтэй тракторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 7,667,000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчид 10 сая төгрөг төлсөн гэв.

 

 Эрүүгийн 2430003010344 дугаартай хэргээс:  

 

           Хохирогч ******* өгсөн “...Би түрүү жил Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хадланд гараад техникээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг Бичигтийн боомтын ар талд хоолны гэрийн ар талд орхисон байсан юм. Тэгээд би энэ жил хадланд гарах гээд техникээ авах гээд очиход миний техникээс улаан өнгөтэй 354 мотортой Таншань маркийн пад пад маркийн тээврийн хэрэгсэл алга болсон байна...Тухайн тээврийн хэрэгсэл нь улсын дугааргүй байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15 х/,

2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хохирогч ******* 3 дахь удаа өгсөн “..Би тухайн трактор дээр хохирлын үнэлгээ хийлгэхгүй. ******* ярилцаад трактороо авахгүйгээр Эрхэмбаярт өөрт нь өгөхөөр болсон. Харин хохирлоо удахгүй төлж барагдуулна гэж ярилцаж тохиролцсон байгаа.”, гэх мэдүүлэг, /хх-ийн 20 х/,

 

          Гэрч ******* өгсөн “...Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бичигтийн боомтоос би өөрийнхөө 01-44 УБЯ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг унаад манай хүү Эрхэмбаяр нь Улиастайгаас авсан тракторыг бариад Асгат ирсэн. Тэгээд суманд ирээд хадланд гарж байхад манай хүү Эрхэмбаяр нь би Бичигтийн боомтын хойд талаас трактор аваад Өгөөмөрийн уурхайн урд талд айлд тавьсан байгаа гэхээр нь би юун трактор авсан юм бэ гэхэд хүнээс худалдаж авсан юм аа гэж байсан. Тэгэхээр нь би Сүхбатаар аймгийн Эрдэнэцагаан сум руу очоод Өгөөмөрийн уурхайн урд талд байх нэг танихгүй айл руу очиход тухайн айлын гадаа улаан өнгөтэй нэг хярлаан байхгүй урд хамар дээрээ хужаа бичигтэй 354 В гэсэн бичигтэй трактор байсныг би унаад Асгат сумын урд талд байх Шүүт гэх газар хадлан дээрээ авчирсан. Тэрнээс хойш тухайн тракторыг хадлангийнхаа үйл ажиллагаанд ашигласан. Тухайн тракторын урд талын улаан өнгөтэй хамар хажуу талын хярлаан нар нь хадланд ашиглаж байхад хаягдаад алга болсон...Би тухайн тракторыг хулгайн трактор гэдгийг мэдээгүй...Тухайн трактор нь одоо Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт манай хадлан дээр байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 х/

 

 “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2402305 дугаартай “...хятад үйлдвэрийн пад тракторын зах зээлийн үнэ нь 7,667,000 төгрөг байна гэж дүгнэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 28-34 х/

 

Яллагдагч *******ын өгсөн “... 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр аав бид хоёр Бичигт боомт руу орж ирээд тэрүүгээр явж байхад 3 пад удаан зогссон байдалтай байхаар нь би Өвөр Монголын яриад байсан пад нь энэ байх нь гэж бодсон юм. Тэгээд тэр орой аав Бичигт боомт дээр нэг айлд архи ууж байгаад тасраад унтахаар нь би тэр шөнө нь гараад өөрийн машины аккумляторыг авч очоод өдөр харсан 3 пад тракторын улаан өнгийн пад тракторыг асаагаад унаж яваад баруун хойш байдаг Өгөөмрийн уурхайн ойролцоо нэг танихгүй айлыг бараадуулж орхиод буцахдаа замын нүүрсний машинтай буцаж Бичигт боомт дээр очоод тухайн зүйлийн талаар аавд болон өөр хэн нэгэн хүнд хэлээгүй байж байгаад хэд хоногийн дараа аав бид хоёр хадлан дээр байж байхдаа аавд "би бичигтийн боомтоос нэг пад трактор хямдхан авсан тэр трактор Өгөөмрийн уурхайн урдхан талд байдаг танихгүй айлын ойролцоо байгаа та яваад аваад ирээч" гэхэд аав гайхаж байгаад үнэн юм бол яваад үзье гээд аав замын унаагаар яваад тухайн тракторыг хадланд гарч байсан Асгатын Шүүт гэх газарт авч ирсэн. Би тухайн үед аавд хүнээс худалдаж авсан гэж худлаа хэлсэн юм. Тухайн тракторыг хадлан хадахдаа ашиглах зорилгоор хулгайлсан. ..одоо Улаанбаатар хотод Сити их сургуулийн 2 дугаар курсын оюутан, Улаанбаатар хотод түр суралцаж амьдарч байгаа. ...” гэх мэдүүлэг

 

2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомлол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 х /

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай  мөрдөгчийн тогтоол /хх-ийн 06 х /

 

Эд зүйл баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 07-10 х /

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 х /

 

Шүүгдэгч *******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 55 х /  зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч *******  нь 2024 оны 08 дугаар сарын  21-ний шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг "Бичигт боомт"-ны дэргэд байх хоолны гэрийн ар талаас хохирогч ******* өмчлөлийн улаан өнгийн 354 мотортой "Таншань" маркийн пад пад гэх нэршилтэй тракторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 7,667,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 Хохирогч ******* өгсөн “...Тэгээд би энэ жил хадланд гарах гээд техникээ авах гээд очиход миний техникээс улаан өнгөтэй 354 мотортой Таншань маркийн пад пад маркийн тээврийн хэрэгсэл алга болсон байна......” гэх,

2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хохирогч ******* 3 дахь удаа өгсөн “..Би тухайн трактор дээр хохирлын үнэлгээ хийлгэхгүй. ******* ярилцаад трактороо авахгүйгээр Эрхэмбаярт өөрт нь өгөхөөр болсон. Харин хохирлоо удахгүй төлж барагдуулна гэж ярилцаж тохиролцсон байгаа.”гэх,  

 Гэрч ******* өгсөн “...Тэгээд суманд ирээд хадланд гарж байхад манай хүү Эрхэмбаяр нь би Бичигтийн боомтын хойд талаас трактор аваад Өгөөмөрийн уурхайн урд талд айлд тавьсан байгаа гэхээр нь би юун трактор авсан юм бэ гэхэд хүнээс худалдаж авсан юм аа гэж байсан. Тэгэхээр нь би Сүхбатаар аймгийн Эрдэнэцагаан сум руу очоод Өгөөмөрийн уурхайн урд талд байх нэг танихгүй айл руу очиход тухайн айлын гадаа улаан өнгөтэй нэг хярлаан байхгүй урд хамар дээрээ хужаа бичигтэй 354 В гэсэн бичигтэй трактор байсныг би унаад Асгат сумын урд талд байх Шүүт гэх газар хадлан дээрээ авчирсан. Тэрнээс хойш тухайн тракторыг хадлангийнхаа үйл ажиллагаанд ашигласан....” гэх

 “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2402305 дугаартай “...хятад үйлдвэрийн пад тракторын зах зээлийн үнэ нь 7,667,000 төгрөг байна гэж дүгнэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт,

Яллагдагч *******ын өгсөн “...Тэгээд тэр орой аав Бичигт боомт дээр нэг айлд архи ууж байгаад тасраад унтахаар нь би тэр шөнө нь гараад өөрийн машины аккумляторыг авч очоод өдөр харсан 3 пад тракторын улаан өнгийн пад тракторыг асаагаад унаж яваад баруун хойш байдаг Өгөөмрийн уурхайн ойролцоо нэг танихгүй айлыг бараадуулж орхиод буцахдаа замын нүүрсний машинтай буцаж Бичигт боомт дээр очоод тухайн зүйлийн талаар аавд болон өөр хэн нэгэн хүнд хэлээгүй байж байгаад хэд хоногийн дараа аав бид хоёр хадлан дээр байж байхдаа аавд "би бичигтийн боомтоос нэг пад трактор хямдхан авсан тэр трактор Өгөөмрийн уурхайн урдхан талд байдаг танихгүй айлын ойролцоо байгаа та яваад аваад ирээч" гэхэд аав гайхаж байгаад үнэн юм бол яваад үзье гээд аав замын унаагаар яваад тухайн тракторыг хадланд гарч байсан Асгатын Шүүт гэх газарт авч ирсэн.. ...” гэх мэдүүлэг  зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг "Бичигт боомт"-ны дэргэд байх хоолны гэрийн ар талаас хохирогч ******* өмчлөлийн улаан өнгийн 354 мотортой "Таншань" маркийн пад пад гэх нэршилтэй тракторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 7,667,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох ...”  гэх дүгнэлтийг

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагаас: Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, харин энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж өгнө үү?  гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд  эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

 Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

 

Улсын яллагчаас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: “...шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн, хохирол төлбөр барагдуулсан, хохирогчоос гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд өмнө ял шийтгэл хүлээж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна... гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагаас:...шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүй 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү  гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ хүлээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, тэрээр Улаанбаатар хотод суралцдаг болох нь бусад баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад түүний хохирогч 10,000,00 төгрөг төлж барагдуулсан нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял”-тай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хийгээд шүүгдэгчийн хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг үндэслэвэл, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас хохирогч 7,667,000 төгрөгийн хохирол учирсан нь “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №2402305 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийг хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй болно.  Шүүгдэгч ******* нь хохирогч   10,000,000 төгрөгийн хохирол төлсөн болох нь Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. Иймд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******  овогт *******ыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд ялтан *******т таслан сэргийлэх арга хэмжээ  аваагүй болохыг дурдсугай.

 

6.  Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй хохирогч 10,000,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР