Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/62

 

 

 

 

 

 

 

 

 2025      01          31                                          2025/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,   

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Г.Г-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр *************** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******** мэргэжилтэй, ******** *******, ам бүл 1, *********************************** оршин суух хаягтай, урьд;

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж,

тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн *** цагийн ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 86 хоногийн хорих ял эдэлж байгаа, 

М овогт Г-н Г /РД; *******************/,

Шүүгдэгч Г.Г нь;

2024 оны 10 дугаар сарын 06-07-ны өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “**************” дэн буудалд үйлчлүүлж хамт архи уусан хохирогч Э.З-н монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 817.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.Г “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Э.З-н “...2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Г гэх залуугаар Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багт байрлах 5-1 байрны ломбарднаас бөгжөө авахуулсан, Г гэх залуу над руу 510.000 төгрөг шилжүүлж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

гэрч Ж.Ц-н “...З  орж ирээд гар утсаа асуугаад байхаар нь... Ж бид хоёр өрөөнд нь орж хайсан, З  “миний өрөөсөн ээмэг, хуруунд байсан бөгж хүртэл алга болсон байна.” гээд Ж бид гурав өрөөнд нь хайгаад олоогүй. Өглөө 8.00-9.00 цагийн хооронд Г ирээд “З гийн гар утсыг андуураад аваад явсан байна.” гээд утсыг нь өгсөн, ээмэг, бөгжийг нь мэдэхгүй байна, Г авсан байж магадгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

гэрч Д.С-н “...2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр...“*******************  регистрийн дугаартай, Галбадрахын Г” гэх сахалтай, өндөр, махлаг залуу 4.55гр монетон бөгж барьцаалан 400.000 төгрөг авсан. ...Г гэх хүн дахин ирж 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 50.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 30.000 төгрөг нэмж авч, нийт 480.000 төгрөгийн зээлийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай авсан. ...2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Г гэх залуу З  гэх эмэгтэйтэй ирээд миний ХААН банкны данс руу 502.200 төгрөг шилжүүлж бөгжөө авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

гэрч Р.Гтарын “...2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай найз Г над руу залгаад “З  гэх эмэгтэйг унтаж байхад гараас нь бөгжийг нь аваад ломбарданд тавьсан юм, 502.200 төгрөгөөр авах юм байна, З тай хамт явж байна, мөнгө зээлээч, удаахгүй өгнө” гэхээр нь З  гэх эмэгтэйн данс руу 510.000 төгрөг шилжүүлж өгсөн. Намайг эзгүй үед Г ээжийн ус, түлээг нь бэлдэж өгөөд ойр зуур тусалдаг болохоор нь би тусалсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

Г.Г-ийн яллагдагчаар өгсөн “…2024 оны 10 дугаар сарын 06-07-ны шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “**************” дэн буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гадаа гарч суусан, үл таних эмэгтэй гарч ирэхээр нь хамт тамхи татаад, нэг шил архи авч, хамтдаа уусан. ...Маргааш нь хоёр найз дээрээ очиход надтай архи хамт уусан эмэгтэй манай хоёр найзтай архи ууж байсан, тэр эмэгтэй согтоод тасраад унтаад өгсөн. Унтаж байхад нь зүүн талын дунд хуруунд зүүсэн монетэн бөгжийг нь тайлж авсан, чихэнд нь байсан ээмгийг бол аваагүй, ...бөгжний эзэн над руу залгаад “ээмэг, бөгж өг” гэж хэлсэн, “би аваагүй” гэж хэлтэл, цагдаад гомдол гаргасан байсан. Би эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирэхэд Г найз маань 510.000 төгрөгийг хохирогч З гийн ХААН банкны данс руу шилжүүлээд, би бөгжийг нь авч өгсөн. ...Манай хоёр найз, хохирогч З  нар тасраад унтсан, намайг бөгжийг нь тайлж авч байгааг харсан хүн байхгүй, хоёр чихэнд нь ээмэг байсан, ...ээмгийг нь аваагүй. ...Гэм буруугаа ухамсарлаж байна.гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/, 

хохирогч Э.З-н Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 8 дахь тал/,

“*******************” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Барьцаалан зээлдүүлэх гэрээ” /хавтаст хэргийн 11 дэх тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-ОРХ/11094 дугаартай; “...монетон бөгж 4.81гр 817.000 төгрөг, өрөөсөн монетон ээмэг 2.305гр 403.000 төгрөг, нийт 1.220.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35-37 дахь тал/,

шүүгдэгч Г.Г-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 55-59 дэх тал/,

иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 65 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай захирамж /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

Орхон аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Ж-н гаргасан “...Орхон аймаг дахь ШШГГ-*** дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдол Г.Г 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар “...биеэр эдэлсэн 00 жил 02 сар 00 хоног, үлдсэн 00 жил 00 сар 26 хоног.” гэсэн ялын тооцоо зэрэг болно. 

          Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогч нараас болон Г.Г-ээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, 

          шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн

шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

          Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Г.Г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

хохирогчийн “...Г гэх залуугаар..ломбарднаас бөгжөө авахуулсан.” гэх,

гэрч Ж.Ц-н “...З  “миний өрөөсөн ээмэг, хуруунд байсан бөгж хүртэл алга болсон байна.” гээд Ж бид гурав өрөөнд нь хайгаад олоогүй. ... ээмэг, бөгжийг нь мэдэхгүй байна, Г авсан байж магадгүй.” гэх,

гэрч Д.С-н “...******************* регистрийн дугаартай, Г-н Г” гэх сахалтай, өндөр, махлаг залуу 4.55гр монетон бөгж барьцаалан 400.000 төгрөг авсан. ...2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Г гэх залуу З  гэх эмэгтэйтэй ирээд миний ХААН банкны данс руу 502.200 төгрөг шилжүүлж бөгжөө авсан.” гэх,

гэрч Р.Гтарын “...манай найз Г над руу залгаад “З  гэх эмэгтэйг унтаж байхад гараас нь бөгжийг нь аваад ломбарданд тавьсан юм, 502.200 төгрөгөөр авах юм байна, З тай хамт явж байна, мөнгө зээлээч, удаахгүй өгнө” гэхээр нь З  гэх эмэгтэйн данс руу 510.000 төгрөг шилжүүлж өгсөн.” гэх,

Г.Гийн өөрийнх нь өгсөн “…тэр эмэгтэй согтоод тасраад унтаад өгсөн. Унтаж байхад нь зүүн талын дунд хуруунд зүүсэн монетэн бөгжийг нь тайлж авсан. ...Г найз маань 510.000 төгрөгийг хохирогч З гийн ХААН банкны данс руу шилжүүлээд, би бөгжийг нь авч өгсөн. ...Манай хоёр найз, хохирогч З  нар тасраад унтсан, намайг бөгжийг нь тайлж авч байгааг харсан хүн байхгүй.” гэх мэдүүлгүүдээр, мөн хохирогч Э.З-н Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, “*******************” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”,  “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-ОРХ/11094 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цулуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Г.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          “Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр нууцаар, хууль бус аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд эд зүйл авсан үйлдэл хийснээр төгсдөг гэмт хэрэг юм.

          Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хохирол, хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хохирол хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан, хамгаалагдсан эрхийн эсрэг хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас шууд учирсан гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

          Шүүгдэгч Г.Г-ийн хүний өмчлөх эрхийн эсрэг халдаж, Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,

          өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, мөн уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас хохирогчид бага болон түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан байдаг бөгөөд шүүгдэгч Г.Г-ийн үйлдэл нь энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, цуглуулсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул

шүүх шүүгдэгч Г.Г-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сар хорих ял оногдуулж, уг ялыг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 /дооон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас өнөөдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 26 хоногийн хорих ял дээр нэмж нийт 8 сар 26 хоног хорих ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгч Г.Г өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож, “...нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;

          согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч засрал хүмүүжил олоогүй, мөн шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөрчиж, хорих ялаар солиулсан зэрэг хувийн байдлууд болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал зэргийг тус тус харгалзан,

          “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хорих ял оногдуулж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 688 цагийн ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 86 хоногийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай захирамжаар оногдуулсан хорих ялаас өнөөдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 6 /зургаа/ сар 26 /хорин зургаа/ хоног хорих ялаар тогтоов.

          Шүүгдэгч Г.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж,

мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

          Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Э.З-н хавтаст хэргийн 14 дэх талд авагдсан “...2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Г гэх залуугаар Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багт байрлах 5-1 байрны ломбарднаас бөгжөө авахуулсан.” гэх мэдүүлгийг,

мөн хавтаст хэргийн 11 дэх талд авагдсан “*******************” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Барьцаалан зээлдүүлэх гэрээ” зэргийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Г.Г нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж,

тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай захирамжаар уг ялаас эдлээгүй үлдсэн 688 цагийн ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 86 хоногийн хорих ял оногдуулсан байх бөгөөд Орхон аймаг дахь ШШГГ-*** дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдэлж байх тул энэ хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг,

хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч М овогт Г-н Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 688 цагийн ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 86 хоногийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай захирамжаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 /зургаа/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

          Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

                       

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.Э