| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2021/00981/И |
| Дугаар | 155/ШШ2021/01120 |
| Огноо | 2021-11-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2021/01120
| 2021 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 155/ШШ2021/01120 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Б.Э-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: С.Ү-д холбогдох,
үндсэн зээл 1,249,539 төгрөг, зээлийн хүү 154,278 төгрөг, торгуулийн хүү 205,263 төгрөг, нийт 2,510,980 (хоёр сая таван зуун арван мянга есөн зуун ная) төгрөг гаргуулах тухай 155/2021/00981/и индекстэй иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш (цахим), хариуцагч С.Ү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн автомашиныг хариуцагч С.Үд 9,300,000 төгрөгөөр худалдсан байдаг. Тухайн үед С.Үгийн машин авах мөнгө хүрэлцэхгүй байсан учраас нэхэмжлэгчид Банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад өгье гэж тохиролцсон. Гэтэл С.Ү нь орон нутгийн харьяатай байсан учраас нэхэмжлэгчийг машинаа барьцаанд тавиад зээл авч өгөхийг гуйсны дагуу нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 0000 УНЕ улсын дугаартай автомашиныг барьцаалж С ББСБ-аас 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 7,300,000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авч С.Үд машинаа өгч явуулсан. Зээл төлөх 24 сарын хугацаанаас 22 сарын төлөлтийг хариуцагч С.Ү хэвийн буюу хугацаа ёсоор нь төлөөд явж байсан боловч сүүлийн хоёр сарын төлбөрийг огт хийгээгүй байна. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр 469,030 төгрөг төлдөг байсан. Хариуцагч нь нэхэмжлэгчид ажил бүтээж өгсөнд баярласан шүү гээд 300,000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Сүүлийн 2 сарын төлөлт огт хийгдээгүйгээр тухайн зээлийн хүү болон үндсэн зээл нь одоо нэхэмжлэгч Б.Эөөс нэхэгдээд байгаа.
Иймд хариуцагч С.Үгаас С ББСБ-аас авсан зээлийн үлдсэн төлбөр болох үндсэн зээл 1,249,539 төгрөг, зээлийн хүү 1,055,861 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 205,580 төгрөг, нийт 2,510,980 төгрөгийг гаргуулж Б.Эөд олгож өгнө үү. ...Нэхэмжлэл гаргахад бичвэрийн алдаа гаргаад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийн үнийн дүнг зөрүүтэй бичсэн байна.
...С.Ү нь зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтөө хийж явж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр төлөлт хийгээд түүнээс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй. ...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл буюу 2 жилийн хугацаатай байгуулсан. Хариуцагчийн эхнэр буюу С.Ралжигмаа гэх хүн зээлийн төлбөрийг хийж байсан. ...Сүүлийн төлөлт 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 470,000 төгрөг хийсэн....гэв.
Хариуцагч С.Ү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би нэхэмжлэгч Б.Эөөс Приус-20 маркийн автомашин худалдаж авсан байсан үнэн. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан. Би машин авах гээд зарын дагуу Б.Этэй утсаар ярьсан. Тэр үед би машин авч хүрэхээргүй мөнгөтэй байсан учраас ББСБ-аар гаргах боломж байгаа юу гэхэд боломжтой гээд С ББСБ-ын үүдэнд уулзахаар тохирсон. Тухайн үед нэхэмжлэгч нь машингүй ирсэн байсан. Машины дугаар явдаггүй өдөр гэж байсан. Тэгээд нэхэмжлэгч нь чи орон нутгийн харьяалалтай тул зээл авч болохгүй гээд ах нь уулзаад өгье гээд дотогш орж би гадна хүлээж байтал гарч ирээд зээл олгох хүнд нь гарыг нь цайлгах зүйл хэрэгтэй байна гээд надаас 200,000 төгрөг аваад орсон. Нэлээд удсаны дараа гарч ирээд дахин 100,000 төгрөг авч орсон. Гарч ирээд чиний нэр дээр авч чадсангүй. Өөрийнхөө нэр дээр зээл авчихлаа гэж байсан. Би орой очиж машинаа үзээд копудыг нь нээж үзэх гэсэн боловч ямар ч асуудал байхгүй янзын машин гээд байсан. Би тэр орой нь шууд машинаа унаад нааш гарсан. Маргааш нь гэртээ ирээд үзтэл 2 гэрлийн суурь хугарч, кондешний радиатор байхгүй учраас би нэлээд их засвар хийсэн. Би зээлийн төлөлтийг эхний 22 сарын хугацаанд хэвийн хугацаа хэтрэлтгүй төлөөд явж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас сүүлийн 2 сарын зээлийн төлбөр 800,000 төгрөг, үүнээсээ нэхэмжлэгчийн надаас авсан 300,000 төгрөгийг хасаж 500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. ...9,300,000 төгрөгт Приус-20 маркийн 0000 УНЕ улсын дугаартай автомашиныг худалдаж авахаар тохирсон. ...Тухайн тээврийн хэрэгслийг манай дүү унаж яваад осолд орж унагаасан. Машины голын хайрцагт зээлийн гэрээний нэг хувь байсан. Одоо олдохгүй байгаа.
...Машины бичиг баримтыг хүн авъя гэхээр нь ББСБ-д барьцаанд байгаа машины бичиг баримт байгаа гээд учраа хэлтэл тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг авах хүн би ББСБ-ын тань зээлийг дараад бичиг баримтыг чинь авъя гэхээр нь Б.Эийн дугаарыг машины бичиг баримтын хамт өгөөд явуулчихаад маргааш нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг худалдаж авсан хүн рүүгээ залгаад асуутал асуудалгүй одоо ББСБ руу явж байна. Санаа зоволтгүй гэхээр нь хаячихсан байсан. Түүнээс хойш чимээгүй байж байгаад 2021 оны 9 дүгээр сард Б.Э надтай утсаар холбогдсон. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ авсан хүн нь гаалиар машин оруулдаг хүн юм билээ. Түүндээ ашиглах гэж машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг авсан. ...Би тээврийн хэрэгслийн гэрчилгээг худалдаж авсан хүн зээлийг төлчихөж асуудал цэгцэрчихлээ гэж бодоод яваад байсан. ...2,300,000 төгрөгийг бэлнээр өгсөн.
...Б.Эийн дугаар болон С ББСБ-ын дугаар байгаагүй. Зээлийн гэрээнийхээ хувийг хараад мөнгө төлчихдөг байсан. 1-2 сар зээлийн эргэн төлөлтийн хугацаа 4-5 хоног хэтэрч байсан түүний хүү мөн өссөн байх гэж бодож байна. ...Би машины бичиг баримт авсан хүнийг шилжүүлэг хийгээд зээлийг төлсөн гэж ойлгож байсан нь миний буруу боллоо....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь С.Үд холбогдуулан үндсэн зээл 1,249,539 төгрөг, зээлийн хүү 154,278 төгрөг, торгуулийн хүү 205,263 төгрөг, нийт 2,510,980 (хоёр сая таван зуун арван мянга есөн зуун ная) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Б.Э нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Шт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. (хх-ийн 27 дугаар тал)
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш нь нэхэмжлэлийн шаардлагаа ...хариуцагч С.Үгаас С ББСБ-аас авсан зээлийн үлдсэн төлбөр болох үндсэн зээл 1,249,539 төгрөг, зээлийн хүү 1,055,861 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 205,580 төгрөг, нийт 2,510,980 төгрөгийг гаргуулж Б.Эөд олгох... гэж тодруулав.
Нэхэмжлэгч Б.Э нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 0000 УНЕ улсын дугаартай автомашиныг 9,300,000 төгрөгөөр хариуцагч С.Үд худалдаж, хариуцагч нь уг автомашины төлбөрт 2,000,000 төгрөгийг бэлнээр өгч, нэхэмжлэгч Б.Эийн нэрээр С ББСБ-аас Приус-20 маркийн 0000 УНЕ улсын дугаартай автомашиныг барьцаалж, 7,300,000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан зээлийг хариуцагч нь төлөх нөхцөлтэйгээр автомашины үлдэгдэл төлбөр 7,300,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдлоо. Энэ талаар талууд маргаагүй болно.
Приус-20 маркийн 0000 УНЕ улсын дугаартай автомашин нь ослын улмаас биет байдлаар байхгүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.
Хариуцагч С.Ү нь уг зээлийн төлбөрөөс эхний 22 сарын хугацаанд нийт 10,323,792 төгрөгийг С ББСБ-д төлсөн талаар маргаагүй.
Харин 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй шалтгаанаа Би тээврийн хэрэгслийн гэрчилгээг худалдаж авсан хүн зээлийг төлчихөж асуудал цэгцэрчихлээ гэж бодоод яваад байсан гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаас сүүлийн 2 сарын зээлийн төлбөр 800,000 төгрөг, үүнээсээ нэхэмжлэгчийн авсан 300,000 төгрөгийг хасаж 500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэж маргав.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдан авах автомашины үнийг төлөх зорилгоор өөрийн нэрээр зээл авах байсан боловч орон нутгийн харьяатай гэх шалтгаанаар нэхэмжлэгчийн нэр дээр 7,300,000 төгрөгийн зээл авч, зээлийн төлбөрийг зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойшхи 22 сарын хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч төлж байсан үйл баримтаас дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчээс автомашиныг өөрийн ашиглалтад авсан атлаа зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй үйлдэл нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.
Үүний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас төлөгдөөгүй зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.
Зээлийн төлбөрөөс үндсэн зээл 1,249,539 төгрөг, зээлийн хүү 1,055,861 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 205,580 төгрөг, нийт 2,510,980 төгрөгийг төлөөгүй болох нь Зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна. (хх-ийн 9-10 дугаар тал)
Зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдсэн дээрх төлбөрийг нэхэмжлэгч төлөх үндэслэлгүй, мөн хариуцагч нь нэхэмжлэгчид 300,000 төгрөг өгсөн талаар талууд маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг хасч, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 2,210,980 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.Үгаас 2,210,980 (хоёр сая хоёр зуун арван мянга есэн зуун ная) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдан авсан автомашин нь доголдолтой, засвар ихтэй автомашин байсан гэх тайлбарыг гаргах боловч уг тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул шүүх дүгнэлт хийх шаардлагагүй болно.
Нэхэмжлэгч Б.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,126 (тавин таван мянга нэг зуун хорин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 (дөрөв) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Үгаас 2,210,980 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50,326 (тавин мянга гурван зуун хорин зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Эөд олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.Үгаас 2,210,980 (хоёр сая хоёр зуун арван мянга есэн зуун ная) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,126 (тавин таван мянга нэг зуун хорин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 (дөрөв) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Үгаас улсын тэмдэгтийн хураамж 50,326 (тавин мянга гурван зуун хорин зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Эөд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ