Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/94

 

 

 

 

 

 

 

 

 2025      02          17                                          2025/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,  шүүгдэгч Г.Э-т холбогдох эрүүгийн 2525000000*** дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* ********* төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ****** ****** мэргэжилтэй, эрхэлсэн ************** , ам бүл 3, эцэг, эхийн хамт *********** *********** ******* оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

М овогт Г-н Э /РД; ************/,

Шүүгдэгч Г.Э нь;

2024 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 03.00 цагийн орчим согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум ********* баг “**********” зочид буудалд Ч.М-ын толгойн тус газар архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь “зулайд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.Э “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан;

хохирогч Ч.М-ын “...Улаанбаатар хотоос 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ирээд, ...нутгийн залуу Э-тай утсаар ярьсан чинь “М, Н хоёртой “**********” төвийн буудалд байна” гэхээр нь тэр хэдтэй уулзахаар очсон, тэр гурав нэг шил архи уугаад дуусч байсан. Намайг очих үед Э дахиж 0.75гр архи аваад бид дөрөв ууцгаасан, ...Би М-гийн хажуугаар ороод унтаж байтал Э намайг татаж босгоод архины шил шиг зүйлээр толгойны зүүн дээд хэсэгт нэг удаа цохисон, ...би угаалгын өрөө рүү орж угаагаад цус нь тогтчих юм болов уу гэсэн чинь цус нь тогтохгүй байсан, ...толгойндоо 5 оёдол тавиулсан. Нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

гэрч Л.Б-н “...Шөнө 03.00 цагийн үед сүүлд орсон залуу “толгойгоо цохиулчихлаа” гээд юмаар дарчихсан, цус гарсан байдалтай бууж ирсэн, “юу болов” гээд өрөө рүү нь ороход...Н, анх орсон залуу хоёр унтаж байсан. ... Өрөөний хивс, ванны өрөө цус гоожсон байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

гэрч Б.Н-ын “...миний ойлгосноор Э М-тай маргалдаад зодолдсон юм болов уу, “М-н толгой хагарсан” гэж буудлын эгч хэлсэн. Өглөө Э орж ирээд бид хоёрыг сэрээгээд, удалгүй М-н аав, ээж хоёр ирээд бид нарыг “найзыгаа ингэж зоддог юм уу” гээд уурлаад байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Г.Э-ын яллагдагчаар өгсөн “...би уурандаа М-н толгой руу архины шилээр цохисон, тэгээд М-н толгойноос цус гарсан. …М-н толгой руу цохисон асуудлаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-н 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 100 дугаартай; “...Ч.М-ын биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

Орхон аймгийн БОЭТ-өөс ирүүлсэн “...2024 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө зодуулсан хүн ирлээ.” гэх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04.35 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

хохирогч Ч.Мын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...миний бие 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр найз Э-тай “**********” төвд архи ууж байгаад толгойруугаа цохиулж хөнгөн гэмтсэн. Найз Э-т гомдол, санал байхгүй.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 46 дахь тал/,

шүүгдэгч Г.Э-ын;

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Г.Э-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Г.Э дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

хохирогч Ч.М-ын “...Улаанбаатар хотоос 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ирээд, ...Э намайг татаж босгоод архины шил шиг зүйлээр миний толгойны зүүн дээд хэсэгт нэг удаа цохисон, толгойноос цус урсаад ороод ирсэн.”  гэх,

гэрч Л.Б-н “...Шөнө 03.00 цагийн үед сүүлд орсон залуу “толгойгоо цохиулчихлаа” гээд юмаар дарчихсан цус гарсан байдалтай бууж ирсэн. ...өрөөний хивс, ванны өрөө цус гоожсон байдалтай байсан.” гэх,

гэрч Б.Н-ын “...Э М-тай маргалдаад зодолдсон юм болов уу, “М-н толгой хагарсан” гэж буудлын эгч хэлсэн.” гэх,

Г.Э-ын өөрийнх нь “...М-н толгой руу цохисон асуудлаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,

мөн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-н 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 100 дугаартай, “...Ч.Мын биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, Орхон аймгийн БОЭТ-өөс “...2024 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө зодуулсан хүн ирлээ.” гэх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04.35 цагт хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ч.Мын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...миний бие 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр найз Э-тай “**********” төвд архи ууж байгаад толгойруугаа цохиулж хөнгөн гэмтсэн. Найз Э-т гомдол, санал байхгүй.” гэсэн хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Г.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.  

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хохирол, хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хохирол, хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч Г.Э-ын хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж,  эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч Г.Э-ын үйлдэл энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Г.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

Шүүх шүүгдэгч Г.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн гомдол саналгүй байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг, 

түүнд эрүүгийн хариуцлагын хүлээлгэх талаарх улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.” гэсэн саналыг тус тус харгалзан,

“эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ын 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2 дугаар  сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 4 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /4 хоног x 15.000 төгрөг/ тооцон 60.000 төгрөгийг хасаж, эдлэх ялын хэмжээг 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгөөр тогтоож, 

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Ч.Мын “...нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хавтаст хэргийн 11 дэх тал авагдсан мэдүүлэг болон түүний Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...миний бие 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр найз Э-тай “**********” төвд архи ууж байгаад толгойруугаа цохиулж хөнгөн гэмтсэн. Найз Э-т гомдол, санал байхгүй.” гэсэн хавтаст хэргийн 46 дахь талд авагдсан хүсэлт зэргийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М  овогт Г-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ын 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 4 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 60.000 төгрөгийг хасаж, эдлэх ялын хэмжээг дөрвөн зуун дөч нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Э шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 4 хоног цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э