| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0026/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/53 |
| Огноо | 2025-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/53
2025 01 29 2025/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагч Х.Ууганбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2430000000355 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр баг Хонгор, булаг гудамж 5-512 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 285 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 285,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэй хорооллын 02-01 тоот хашааны гадна ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж биед нь халдаж зүүн хөмсгөнд язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Би Мөнхбат найзтайгаа гэрийнх нь гадаа нь хоёр пиво, хоёр шил архи уусан. Найзтайгаа уулзаж уучлалт гуйсан гэв.
2430000000355 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Хохирогч *******: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баруун-Урт сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хошуут дэлгүүрийн гадна талд байх үедээ найз Шагайтай хамт машинд нь 2,5 литрийн савлагаатай пиво хоёрыг хувааж уусан юм. Тэгээд би согтсон байсан болохоор цааш болсон асуудлын талаар санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт очоод зүүн хөмсөгтөө оёдол хийлгэж байснаа санаж байна. ...Би тухайн үед нэлээд согтсон байсан болохоор Шагайтай муудалцсан талаараа санахгүй байна. ...Шагайд зодуулснаас болж миний баруун нүдэнд тус газарт хөхөрч хавдсан. Ман зүүн хөмсөгт язарч урагдсан тул эмнэлэгт очиж 3 оёдол хийлгэсэн. ...Гэмт хэргийн улмаас миний сэтгэл санаанд ямар нэг хор уршиг учраагүй болохоор нэхэмжлэхгүй. ...Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 х/,
Гэрч *******: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өдрийн 15 цагийн үед Мөнгөншагай ахтай хамт машиныг нь жолоодоод явж байхад миний танил гэх ах Мөнгөншагай ах руу утсаар холбогдоод дуудахаар нь очсон. Тэгээд ах, ******* ах бид гурав Хошуут дэлгүүрээс 2,5 литрийн савлагаатай 2 ширхэг пиво аваад Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Овоот хороололд байх ахын хашааных нь гадна талд очоод *******, Ш.Мөнхбат нар авсан пивоо хувааж уусан. Тэгээд пивоо ууж дуусаад ******* ах. хоёр машинаас буугаад гадна хоорондоо юм яриад зогсож байснаа гэнэт хоорондоо зууралдаад. нь чанга дуугаар пизда минь гэж байгаа сонсогдохоор нь би машинаас буугаад очиход *******, хоёр нь газарт уначихсан дээр доороо орчихсон зууралдаж байхаар нь салгаад ******* ахыг машинд суулгаад аваад явсан. ...Би тухайн үед машинд сууж байсан болохоор , ******* нар нь хэн нь хэнийгээ цохиж зодсон талаар хараагүй. ...Тухайн үед ******* биед ямар нэг шарх, гэмтэл байгаа эсэхийг би анзаарч хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 х/,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 411 дугаартай “...1. ******* биед зүүн хөмсгөнд язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 19-22 х/,
Яллагдагч *******н: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр миний танил нь над руу утсаар яриад дуудсан. Тэгээд бид хоёр уулзалдаад Баруун-Урт сумын 5 дугаар үйл ажиллагаа явуулдаг Хошуут нэртэй дэлгүүрээс 1-2 шил архи авч хувааж ууж байснаа санаж байна. Тухайн үед би хэт их согтсон байсан болохоор цааш болсон асуудлын талаар санахгүй байна. Дараа нь сонсоход бид хоёр хоорондоо муудалцаад салцгаасан байсан. ... бид хоёрын дунд хувийн таарамжгүй болон өс хонзонтой асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39-р хуудас/Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 х/
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.11.11-ний өдрийн 23/210 дугаартай албан тоот /хх-ийн 04-05 х/
ад яаралттай тусламжийн хуудас /хх-ийн 19 х/
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 23-25 х /
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 х/
Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 х/
Шүүгдэгч *******гийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 45 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэй хорооллын 02-01 тоот хашааны гадна ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж биед нь халдаж зүүн хөмсгөнд язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь
Хохирогч *******: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баруун-Урт сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хошуут дэлгүүрийн гадна талд байх үедээ найз Шагайтай хамт машинд нь 2,5 литрийн савлагаатай пиво хоёрыг хувааж уусан юм. Тэгээд би согтсон байсан болохоор цааш болсон асуудлын талаар санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт очоод зүүн хөмсөгтөө оёдол хийлгэж байснаа санаж байна...” гэх,
Гэрч *******: “...Тэгээд пивоо ууж дуусаад ******* ах хоёр машинаас буугаад гадна хоорондоо юм яриад зогсож байснаа гэнэт хоорондоо зууралдаад. нь чанга дуугаар пизда минь гэж байгаа сонсогдохоор нь би машинаас буугаад очиход *******, хоёр нь газарт уначихсан дээр доороо орчихсон зууралдаж байхаар нь салгаад ******* ахыг машинд суулгаад аваад явсан... гэх,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 411 дугаартай “...1. ******* биед зүүн хөмсгөнд язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт,
Яллагдагч *******н: “.... Тухайн үед би хэт их согтсон байсан болохоор цааш болсон асуудлын талаар санахгүй байна. Дараа нь сонсоход бид хоёр хоорондоо муудалцаад салцгаасан байсан. ... бид хоёрын дунд хувийн таарамжгүй болон өс хонзонтой асуудал байхгүй.” гэх мэдүүлгүүд
Хохирогч ад яаралттай тусламж үзүүлсэн маягт
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “... Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэй хорооллын 02-01 тоот хашааны гадна ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж биед нь халдаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч ******* мэдүүлэг, гэрч ******* мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон бусад бичгийн нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна ...” гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж нүүр рүү нь гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******* маргалдаж түүний нүүр рүү гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн нь түүний цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг, тус шүүхийн утсаар ярьсан тэмдэглэл буюу мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байх тул *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм. Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 106,190 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 23/210 дугаартай албан тоот, эмчилгээний зардлын түүх зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******гаас 106,190 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 106,190 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хохирогч сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР