Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 00167

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Нарийн бичгийн дарга Э.Булгантамир

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч У.С

Шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.-д зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Мандах овгийн Эрдэнэхүүгийн Б-од холбогдох 201714000260 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

М овгийн Э-н Б-, Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Дорноговь аймгийн С суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, захчин, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт О аймгийн Б сум, Б баг, 0-0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, / РД:хх000000000/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч 2017 оны 04 сарын 20-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн шинэ тосгоны 0-0 тоотод Э.Б- нь эхнэр Э.С-тай маргалдан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.-д зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч У.С-гийн “Миний хоолойг багалзуурдсан түүнээс хойш одоо хүртэл хоолой хөндүүр байгаа. Одоо гэртээ нөхөр хүүхдүүдтэйгээ байгаа. Ингээд хоолой өвдөж байгаагаа нөхөртөө хэлсэн яасан юм бол үзүүлж харуулах уу гэж байна лээ. Гомдол санал байхгүй. Би хамгаалах байрнаас гараад нөхөр хүүхэд дээрээ очсон байгаа. Нөхөр маань надаас уучлалт гуйсан. Нөхөр маань надаас уучлалт гуйж буруу зүйл хийж намайг зодсон асуудлаа маш сайн ухаарсан. Бид хоёр хоорондоо сайн ярилцаж эв зүйгээ олсон. Энэ хэргээ хурдан шийдүүлж дуусаад гэр бүлээрээ япон явж ажиллахаар болсон байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/

 

2. Гэрч Ц.Б-ын “Би 5 хүүхэд төрүүлсэн. Миний хамгийн том хүү маань байгаа юм. Би хүүхдүүдийнхээ амьдралд ороод байдаггүй. Нөхөр бид хоёр хөдөө мал дээр байдаг учраас амьдралын нарийн ширийнд нь ороод байдаггүй. Хөдөөнөөс тэр бүр ирээд ч байдаггүй. Хөдөөнөөс орж ирэхээрээ орон гэр нь замбараагүй байх юм бол цэвэрлэж янзлаад, сүү сааль авч ирж өгөөд амьдралд нь тус нэмэр болж байдаг. С- хотод сургалтанд суумаар байна гэхээр нь түүнийг зөвшөөрч явуулсан. Хэдэн дүү нартаа түшиг болдог хоёр байгаа юм. Манай бэр бидэнтэй ойр дотно байдаг учраас би бэрдээ их хайртай байдаг. Би нэг бэртэй хоёр хүргэнтэй, Том хүү маань бэртэй нийлж ах дүүсээ дэмжээд амьдарч байгаа болохоор хоёр хүүхэддээ баярлаж явдаг. Манай хоёр хүүхэд арваад жил амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-р хуудас/

 

3.Шүүгдэгч Э.Б-ын хэрэг бүртгэлтийн явцад өгсөн “Би 2001 оноос хойш сургууль дээрээ танилцаад үүнээс хойш гэр бүл болон хамт амьдарч байна. Бидний дундаас 3 хүүхэд гарсан. 2-12 насны хүүхдүүдтэй. Гэр бүлээ албан ёсоор батлуулсан. 2017 оны 04 сарын 20-нд өглөө 6 цагт босоод гахай тахиагаа хооллож байхад эхнэр Улаанбаатар хотод амьдарна энэ тэр гэхээр нь шилжиж амьдрахгүй одоо энд амьдрал ахуй төвхнөж ажилтай төрөлтөй болох гэж байхад босгосон амьдралаа нураах гэж үү гэж хоорондоо бид хоёр маргалдсан. Би үнсэн товорго шиг амьдралаас чинь залхаж байна гэхээр нь би чамайг ямар байхад чинь авч суусан билээ гээд маргалдсан. Намайг бүлдэгдсэн болохоор нь уурлаад эхнэрийнхээ зүүн талын хацар руу нэг удаа алгадаж хоолойноос нь нэг удаа базаж авсан байгаа. Түүнээс өөрөө цохиж зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36-р хуудас/

 

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 367 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “У.С-гийн биед тархи доргилт, хүзүүний зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1.-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, үнэлэх боломжтой гэж үзэв.

                                                                                                                                  

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Э.Б- нь 2017 оны 04 сарын 20-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн шинэ тосгоны 0-0 тоот гэртээ эхнэр Э.С-тай маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч У.С-гийн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Мандах овгийн Эрдэнэхүүгийн Б-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1., Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 208 дугаар зүйлийн 208.1.3.-д зааснаар шүүгдэгч Э.Б-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-од авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ц.АЛТАНГАДАС