Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/99

 

185/2020/0911/Э

 

 

 

  2021              01            20                                       2021/ДШМ/99    

 

Г.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Х-ы өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/2160 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаартай эсэргүүцлээр Г.Х-д холбогдох эрүүгийн 2003003550299 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х-,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

Г.Х- нь согтуугаар /2.83/, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 цаг 35 минутын үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын Майхан толгойн замд “Honda insight” загварын 0000 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчин замын гэрэлтүүлгийн шон мөргөснөөс зорчигч Э.Д-ын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Г.Х-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Х-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Мөрдөгчөөс хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн эсэх талаарх үйл баримтыг тогтоохын тулд тухайн хэрэгт хамааралтай байж болох бүхий л ажиллагаа түүний нэг хяналтын камерын бичлэг байгаа эсэхийг тодруулж, хэрэгт ач холбогдолтой эсэхээс үл хамаарч энэ талаар үзлэг хийж, тэмдэглэл үйлдэх зэрэг зохих ажиллагаа хийснээр хэргийг бүрэн бодитойгоор шалгасныг илэрхийлэх учиртай. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Баасандорж мэдүүлэхдээ “...осол гарсны дараа би цагдаа нарт хоёр дэлгүүр байсан гэж хэлээд дагуулж явсан. Хяналтын камерын бичлэг үзэж, хуулж авсан. ...Мөн машинтай ирсэн залуугийн гар утсаараа хийсэн бичлэгийг надад үзүүлж байсан. ...” гэж мэдүүлсэн, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс камерын бичлэг гэх зүйл байгаа тухай ярих боловч хэрэгт энэ талаар тусгаж бэхжүүлэгдээгүй. Гэрчийн мэдүүлэгт дурьдсанаар хэрэгт хамааралтай байж болох гурван эх сурвалжтай бичлэг байхаар нөхцөл байдал байхад энэ байдлыг тодруулаагүй байх тул зохих ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай.

2. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд осол болох үед Honda insight” загварын 00000 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор шүүгдэгч Г.Х-, гэрч Г.Б, амь хохирогч Э.Д- нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, шүүгдэгчээс болсон үйл явдлыг сайн мэдэхгүй гэх ба тухайн автомашиныг жолоодож осол хэрэг үйлдсэн этгээдийг тогтооход ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг бүрэн тогтоох нэмэлт нотлох баримт цуглуулах ажиллагааг гүйцэтгэх нь зүйтэй. Тодруулбал гэрч А.Ан “...тэр хавиар байсан хүмүүс наад осолд орсон автомашин чинь зам дээр хоёр бүтэн эргээд жолоочийн эсрэг талаараа тогтсон байсныг 7-8 залуу түлхэж 4 дугуйн дээр нь босгочихоод яваад өгсөн гэж хэлж байсан. ...” гэж, гэрч Г.Б “...нэг ухаан орсон чинь хүмүүс автомашиныг түлхэж 4 дугуйн дээр нь босгож байсан. ...” гэж мэдүүлэх тул тухайн автомашиныг босгосон гэх 7-8 хүмүүсийг олж хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг асууж тодруулах. Үүнтэй холбоотойгоор шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтэд дурдсан хэргийн нөхцөл байдлыг харсан гэх, камерын бичлэгийг мөрдөгчөөс хуулж авсныг гэрчилсэн гэх этгээдүүд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх эсэхийг шалгаж зохих ажиллагаа хийх.   

3. Тус хэрэгт гаргасан 2020 оны 8 дугаар сарын 14-ны өдөр №112 дугаартай мөрдөгчийн магадлагаанд жолооч Г.Х-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.3 дахь заалтуудын зөрчсөн гэх боловч зорчигч Г.Бг мөн дүрмийн 3.7 а, хохирогч Э.Д-ыг мөн дүрмийн 3.7 а, б дахь заалтыг зөрчсөн талаар дурьджээ. Эндээс үзэхэд, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 цаг 35 минутын үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын Майхан толгойн замд Honda insight” загварын 00000 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэн жолоодсоноос Э.Д-ын амь нас хохирсон болох нь ойлгомжгүй, Г.Х-, Г.Б, Э.Д- нарыг Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд тэдгээрийн зөрчил гаргасан газар, цаг хугацаа, ямар зөрчил гаргаж, ямар үр дагавар үүссэн байх боломжтой зэргийг тус бүрээр нарийвчлан зааглаж тодорхойлоогүй нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд тусгай мэдлэг бүхий техникийн шинжээч томилж тухайн осол хэрэг гарахад ямар жолооч, ямар дүрэм, журмын заалтыг зөрчсөн болохыг бүрэн, эргэлзээгүйгээр тогтоолгох шаардлагатай.

4. Хавтаст хэргийн 70, 71 дүгээр хуудсанд гэрэлтүүлгийн шон гэмтээсэн хөрөнгийн үнэлгээг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн гаргасан тогтоолыг үндэслэж “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК албан бичгээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг хангаагүй гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд...хөрөнгийн үнэлгээ тогтоохоор ...бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасан байх ба гэрэлтүүлгийн шон гэмтээсэн хөрөнгийн үнэлгээг шинжээч томилж, эрх бүхий этгээдээр тогтоолгоогүй тул энэ ажиллагааг хуульд нийцүүлэн хийлгэх нь зүйтэй.

5. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х-аас “...Алтанжолоо мөрдөгчид  “жолоо бариагүй” гэж хэлэхэд Г.Б чамайг жолоо барьж байсан гэдгийг чинь хэлчихээд явсан гээд загнаад байсан. ...” гэж мэдүүлэх ба тухайн мөрдөгч түүнээс хууль зөрчиж мэдүүлэг авсан зөрчил байгаа эсэхийг тодруулах зэрэг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Г.Х-д холбогдох хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “...1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан ба цагдаагийн алба хаагчийн үзсэн камерын бичлэгт “хэрэгт ач холбогдол” бүхий дүрс бичлэг байгаагүй учир хуулбарлан авсан бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцоогүй байна.

2. Энэ хэрэг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гарсан, хэрэг гарснаас хойш даруй 6 сар өнгөрсөн ба энэ хугацааны дараа машиныг түлхэж босгосон гэх 7-8 хүнийг эрэн сурвалжлан олох ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа юм. Машиныг босгосон гэх хүмүүсийг олж тогтоосноор хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй, шүүгч эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авснаар юу тогтоох гэж байгаа талаараа тодорхой дурдаагүй зөвхөн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх эсэхийг шалгах ажиллагаа хий гэж ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэхүйц бичсэн байна.

3. Тус хэрэгт гаргасан 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 112 дугаартай мөрдөгчийн магадлагаанд жолооч Г.Х-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөн гэх боловч зорчигч Г.Бг мөн дүрмийн 3.7.а, хохирогч Э.Д-ыг мөн дүрмийн 3.7.а, б дахь заалтыг зөрчсөн талаар дурдсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, “Honda insight” загварын 00000 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, /амь хохирогч/ Э.Д- нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зам тээврийн осол гарсан өдөр тээврийн хэрэгсэл жолоодсон, Г.Б, Г.Х- нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг мэдсээр байж /хамт согтууруулах ундаа хэрэглэсэн/ өөрийн тээврийн хэрэгслээ жолоодуулсан, Г.Баасандорж нь 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, тухайн өдөр Э.Д-, Н.Х- нарын хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хандгайтаас дэлгүүр хүртэл “тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь тогтоогдсон тул түүнийг Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан заалтыг зөрчсөн гэж дүгнэн мөрдөгч магадлагаандаа дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Г.Б, Э.Д- нарын үйлдэл нь зөрчлийн шинжтэй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд үүнд эргэлзээ бүхий байдал үүсээгүй, прокуророос Г.Х-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, аюул саад тулгарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс нэг хүний амь нас хохирсон хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэр гаргах боломжтой юм. Шүүгчийн захирамжид дурдсан нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон болно.

4. Улаанбаатар хотын замын гэрэлтүүлгийг Нийслэл өөрийн хөрөнгөөр бүртгэж, уг гэрэлтүүлгийн арчлалт, засварыг хувийн аж ахуйн нэгжүүд хариуцдаг юм билээ. Иймд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоороо “Хот, нийтийн эд аж ахуй, ногоон байгууламжинд учирсан хохирлыг арилгуулах, нөхөн сэргээхэд мөрдөгдөх үнэ, тариф”-ийг тогтоодог. Дээрх гэрэлтүүлгийн шон нь зах зээлд зарж, борлогддог бараа, бүтээгдэхүүн биш тул гэрэлтүүлгийн шонгийн эвдрэл, гэмтлийг үнэлгээний байгууллага үнэлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл үнэлгээний байгууллага нь тухайн хөрөнгийн зах зээлийн “өнөөдөр”-ийн /гэмт хэрэг гарсан өдрийн/ “зах зээлийн үнэ цэнэ”-ийг ижил төрлийн хөрөнгө, бараа, бүтээгдэхүүнтэй хариуцуулан гаргаж, тогтоодог байна. /Жишээ болгож Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланг хавсаргав/.

5. Шүүгдэгч Г.Х-ыг мөрдөгч загнаж мэдүүлэг авсан талаар яллагдагч Г.Х- болон түүний өмгөөлөгч нараас мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд гомдол гаргаж байгаагүй болно. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Х-ы өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Гурван ширхэг камерын бичлэг байгаа гэдгийг прокуророос хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдаан дээр Г.Б “гурван камерын бичлэг байсан” талаар мэдүүлсэн байдаг. Уг камерын бичлэгүүд байсан талаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдаагүй байсан. 1 дүгээр хавтас хэргийн 226-227 дугаар хуудаст тухайн үед тээврийн хэрэгслийг босгосон 7-8 хүмүүсийн нэг болох н.Т гэх хүн гар утасныхаа дугаар болон уг машиныг босгоход жолооны ард эрэгтэй хүн сууж байсан талаар хэлсэн байдаг. ...Г.Б гэх хүнд жолоо шилжүүлээгүй, камерын бичлэг дээр жолоо шилжүүлсэн үйл баримт байхгүй гэдгийг прокурор хэлээд байдаг учраас жолоо шилжүүлсэн асуудлыг дэлгүүрийн камерын бичлэгээс тодруулах боломжтой. Мөн Г.Х-аас мэдүүлэг авахдаа түүнийг дарамталж авсан нөхцөл байдал харагддаг. Г.Х-ы бие, эрүүл мэндийн байдал муу байгаа тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.

 

Тодруулбал, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай бол тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулах замаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан нөхцөл байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Х-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн Д.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэх асуудлын тухайд, Д.Х- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 28 дугаар байрны 8 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч уг хаягтаа байнгын оршин суудаггүй, холбоо барих боломжгүй, шүүхийн дуудсан цагт ирдэггүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/2160 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Х-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Г.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН