Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 133/ШШ2020/00589

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Н.Ц-д нэхэмжлэлтэй,

хариуцагч- Ж.Ж-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тоогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс Ж.Б болон өөрт ногдох 174 толгой мал гаргуулах, 8.500.000 төгрөгийн үнэ бүхий газар, хашаа, гарааш, үүдний амбаар зэргээс Ж.Б болон өөрт ногдох хэсэгт 5.000.000 төгрөг гаргуулах, өвөлжөөний Барзан нэртэй газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх, давхарлагаатай 5 ханатай гэрийн үнэнд 1.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагчийн 700.000 төгрөгийн хөргөгч, 450.000 төгрөгийн хөлдөөгч, 600.000 төгрөгийн мөлхөө тавилга, 400.000 төгрөгийн угаалгын машин, 400.000 төгрөгийн аравчны урт хивс зэргээс өөрт ногдох 1.275.000 төгрөг гаргуулах, 8 сая төгрөгний үнэтэй шүрэн толгойтой алтан нуухтай цагаан толгойтой хаш хөөрөг гаргуулах, 2019 оны 06 сард ХААН банкнаас авсан зээлийн төлбөрт 5.300.000 төгрөг, зээлийн хүү 1.616.000 төгрөгийг тус тус төлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Ж.М /ШТЭҮ-1623/, хариуцагч Ж.Ж, түүний өмгөөлөгч Ж.Д /ШТЭҮ-0865/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч 2019-09-27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Ж-тай 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж, бидний дундаас 2001 оны 01 дүгээр сарын 14-нд охин Ж.Б, 2003 оны 03 дугаар сарын 15-нд охин Ж.Б, 2006 оны 05 дугаар сарын 20-нд хүү Ж.Б нар төрсөн. Одоо эхийнхээ асрамжид байдаг. Том охин Ж.Б оюутан, Улаанбаатар хотод сурдаг. Ж.Ж нь гэр бүл болсноосоо хойш архи ууж, зоддог хөөж туудаг байсан. Хүүхдүүд бага байсан болохоор энэ бүгдийг тэвчиж зодуулж хөөгдөж явсан. Хүүхдүүд том болоод ирэхэд энэ хүний зан авир өсвөр насны хүүхдүүдэд маш хэцүү тэвчихийн аргагүй, хүүхдүүдэд муу үлгэр дуурайлал болж ирсэн. Ингээд бид 2019 оны 06 сараас хойш тусдаа амьдарч байгаа. Миний бие 3 хүүхдийн хамт аймагт ээжийндээ амьдарч байгаа. Том охин оюутан, Улаанбаатар хотод байр түрээслэн өгсөн. Иймд бидний 2006-07-30-ны өдөр гэр бүл болсныг цуцалж, хүү Ж.Б, охин Ж.Б нарыг эхийн асрамжид үлдээж, аав Ж.Ж-с тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Ж.Ж бидний дундын эд хөрөнгө болох 5 ханатай давхар бүрээстэй гэр, 4 ханатай давхар бүрээстэй гэр, УАЗ-469 маркийн машин, мотоцикль, өвөлжөө, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 3 дугаар баг Мааньт Оргил 13 дугаар гудамж 1303 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 3 тал хашаа, граш, амбаарын хамт, 2018 оны жилийн эцсийн байдлаар хонь 61, ямаа 202 толгой мал тоолуулсан байгаа. Эдгээр эд хөрөнгөнөөс 5 ханатай давхар бүрээстэй гэр буюу үнэ 1.500.000 төгрөг, өвөлжөө /энэ өвөлжөө нь манай аавын өвөлжөө байгаа/ 500.000 төгрөг, сумын төвийн 3 тал хашаа, граш, үүдний амбаар зэргийг манай хүн зарсан байгаа. Үүнээс том охин Ж.Б болон надад оногдох хэсэг 5.000.000 төгрөг, 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт хонь 61-ийг тоолуулсан байгаа үүнээс охин Ж.Б бид 2-т оногдох хэсэг болох эм хонь 26, үнийн 2.600.000 төгрөг, эр хонь 14, үнийн 2.100.000 төгрөг, нийт 202 ямаанаас эр ямаа 62 үнийн 6.200.000 төгрөг, эм ямаа 72, үнийн 5.040.000 төгрөгний эд хөрөнгийг Ж.Ж-с гаргуулж өгнө үү гэжээ /1-р хх-1-2/.

Хариуцагч 2019-10-24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц-тай 2006-07-30-нд хурим хийж суусан. Гэр бүл болсноос хойш 3 хүүхэд төрүүлж сайхан амьдарч байсан. Нэхэмжлэлдээ намайг зоддог, архи дарс уудаг гэжээ. Миний хувьд архи дарс ууж, зодож дарамталдаг зүйл байхгүй. Өдий насанд энэ хүний салах болсон шалтгаан нь ондоо шалтгаанаас болж байгаа гэж бодож байна. Манайх гэр бүл болоод хөдөө мал маллаж байгаад хүүхэд сургуульд орох болсон учир том гэрээ хөдөөнөөс сум дээр оруулж, сумын төвд Цхүүхдүүдийн хамт амьдрах болсон. Би хөдөө малаа маллаж, ирэн очин байдаг байсан. Энэ хүүхэн сум дээр амьдрах хугацаандаа алт наймаа гээд яваад байдаг байсан тэр үед амьдрах гэж л явж байгаа байх гэж бодсон чинь өөр эр дагаж завхайрч явдаг байсныг нь би саяхан мэдэх болсон. Намайг хөдөө мал дээрээ байх хугацаанд энэ эмэгтэй Анхбаяр гэгч залуутай миний гэрт цуг амьдарч байсан төдийгүй үүнээс болж хэрүүл маргаан болж цагдаад очиж мэдүүлэг өгөхдөө 2014 оноос хойш бид хоёр явалдаж байгаа гэж хэлсэн байдаг. Сүүлдээ тэр А гэгч нь намайг зайгаа тавьж өг гэж архи ууж агсамж тавьж дээрэлхдэг болсон. Энэ үйлдлийг нь Ц-д хэлэхэд би удахгүй сална ах дүүдээ хэлэлгүй байж байгаач гэж гуйхаар нь гурван хүүхдээ бодоод тэвчээд байсан. Хавар хот руу ангийнхаа уулзалтанд яваад иртэл Цэрэннадмидын ээж аймгаас ирсэн, мөн А гэгч залуу нь манай гэрт цуг амьдарч байсан. Намайг хөдөө малдаа яваад гэртээ ирэхээр энэ хоёр хүн гараашид ороод хэвтчихдэг байсан. Ц нь эгч дүүсдээ А бид хоёр салахгүй гэж ярьж байна гэсэн. Гэрийн эмэгтэй хүн үр хүүхдээ бодохгүй хүүхдийнхээ дэргэд өөр эртэй завхайрч байгаа үйлдлийг манай сумын хүмүүс цагдаа бүгд мэднэ. А гэгч залуу нь аав, ээж хоёрыгоо хутгалсан гэрээ шатаасан ийм танхай хүн байдаг. Төгрөг сумынхан бүгд мэднэ.

Миний хувьд өдий насан дээр олон жил амьдарч гурван хүүхдийн эцэг, эх болчихоод нэг хүний амьдрал үймүүлж байгаа үйлдлээс болж гэр бүлээ цуцлуулж, үр хүүхдүүдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Энэ хүн нэг хэсэг ингэж дураараа явж байгаад буруугаа ойлгоод буцаад ирэх байх гэж бодож байна. Иймд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Миний хувьд хүүхдүүдээ хаяж яваагүй, энэ хүн өөр эр дагаж бүр миний хүүхдүүдийг надаас холдуулж авч явж одоо өөрөө Улаанбаатар хотод байгаа гэсэн харин хүүхдүүдийг минь Говь-Алтай аймагт ээждээ үлдээчихээд хайхрахгүй яваад өгсөн байдаг. Хэрвээ сална гээд байвал би хүүхдүүдээ хойд эцгийн гар харуулах хүсэлгүй бөгөөд хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй тул үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэлээ гаргах болно.

Эд хөрөнгийн тухайд 5 ханатай гэрийг намайг гэрлэхэд барьж өгч байсан. Тэр гэр минь миний гал голомт болж олон жил амьдарсан. 4 ханатай жижиг гэр нь хөгшин ээжийн гэр бөгөөд аймаг орохдоо гэрээ надад түр үлдээгээд явсан. 2018 оны мал тооллогын 202 толгой мал гэдэг нь худлаа тоог өөрөө мэдэж байгаа. Хаан банкнаас зээл авахын тулд малын тоогоо нэмж тоолуулж байсан. Цуг амьдарч байх хугацаанд идэж ууж, зарж борлуулж өрөө дараад одоо цөөн тооны мал үлдснийг энэ хүн сайн мэдэж байгаа. 2017 оны хавар ямаагаа самнасан ноолуурыг минь тушаасан 8 сая төгрөгийг аваад наймаанд явж, завхан аймаг руу явж хашаа барих банк шургааг авчирч хашаа барьсан. Хавар хашааны банзыг нь өрөндөө аваад явсан, хавар ноолуураас ноолуурын хооронд өр тавьж л амьдардаг. Малчдад өөр орох орлого байхгүй тул өр их байсан. Шавар гарааш нь нурж унаад хүмүүс авахыг нь аваад явсан байна лээ. УАЗ 469 машиныг 5 жилийн өмнө авсан, одоо мотор нь цохисон ашиглахгүй айлын хашаанд байгаа, явдаггүй тул байж байгаа. Мотоциклыг манай хүү хөдөөнөөс унаад явсан, сум дээр хашаандаа үлдээгээд явна гэсэн чинь Ц айлын хашаанд аваачиж нуу гэж хэлээд аваад явсан байна лээ.

Намайг хаяж явахдаа байхгүй эзгүй хойгуур ахтайгаа хамт ирээд хамаг юм дур мэдэн ачаад явсан байсан учир би ээжийгээ бараадан аймаг орж ирсэн. Үүдний амбаар гэж яриад байгаа хаврын малын тэжээл, өвсний их өр байсан өртэй явж байхаар гээд өрөө төлсөн байгаа. Өсөж төрсөн сумаасаа явж байж өртэй байгаад яахав гэж бодоод цуг амьдарч байхдаа цуг өр тавьж байсан бүх өрөө хэдэн малаа зарж төлсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ /1-р хх-41-43/.

Хариуцагч 2020-01-09-нд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Н.Ц холбогдуулж дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Н.Ц нь 8 сард намайг мал дээр байхад гэрт байсан миний хуваарит болон дундын эд хөрөнгө аваад явсан байсан. Үүнд: хөргөгч 700.000 төгрөг, хөлдөөгч 450.000 төгрөг, мөлхөө тавилга 600.000 төгрөг, угаалгын машин 400.000 төгрөг, аравчны урт хивс 400.000 төгрөг, миний хуваарит хөрөнгө болох өвөг эцгээс минь үе дамжиж ирсэн 8 сая төгрөгний үнэтэй шүрэн толгойтой алтан нуухтай цагаан толгойтой хаш хөөрөг, мөн 2019 оны 06 сард ХААН банкнаас 5.3 сая төгрөгийн малчны зээл авахуулж өөрийнхөө дансанд шилжүүлж аваад явсан. Энэ зээлийг төлүүлэх хүсэлтэй байна.

Иймд Н.Ц-с дундын өмчийн өөрт ногдох хэсэг 1.275.000 төгрөг, өөрийн хуваарит хөрөнгө 8 сая төгрөгийн үнэтэй хөөрөг, зээл авахуулж бүгдийг өөртөө зарцуулсан 5.3 сая төгрөг, зээлийн хүү 1.616.000 төгрөг нийт 16.191.000 төгрөг, мөн миний бичиг баримт болох иргэний үнэмлэх, 69 машины бичиг баримт аваад явсан тул гаргуулж өгнө үү гэжээ /1-р хх-72/.

Нэхэмжлэгч 2020-01-16-нд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг Ж гаргаагүй гэдгийг хэлмээр байна. Ж-ын гарын үсэг биш байгаа. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие Ж-с тусдаа гурван хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин, гэрийн мөлхөө тавилга, хивс зэргийг бид одоо хэрэглэж байгаа. Би сумдаа сургуулийн үйлчлэгч хийж байх хугацаандаа өөрийнхөө цалингаар авч байсан. Хөөрөгний тухайд нөхөр Жалцавт барих хөөрөггүй байхад нь миний аав нэг хөөргөө бариулж байсан, энэ шинэ цагийн хөөрөг байгаа, сөрөг нэхэмжлэлд бичигдсэн шиг үнэтэй хөөрөг биш юм. Малчны зээлийн тухайд бид жил бүр малчны зээл авч зээлээс зээлийн хооронд байдаг. Тухайн зээлийг аваад өрөө төлөөд үлдэгдэл 2.000.000 төгрөгийг охины сургалтын төлбөрт хийсэн байгаа. Охины сургалтын төлбөр 4.500.000 төгрөг төлдөг юм гэжээ /1-р хх-96/.

Зохигчийн үндсэн болон сөрөг нэхэмжлэл, тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Ж.Ж-т холбогдуулан 2006-07-31-ний өдөр баталгаажуулсан гэрлэлтээ цуцлуулах, 2003-03-15-нд төрсөн Б, 2006-05-20-нд төрсөн Б нарыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс насанд хүрсэн гишүүн Ж.Б болон өөрт ногдох 174 толгой мал гаргуулах, 8.500.000 төгрөгийн үнэ бүхий газар, хашаа, гарааш, үүдний амбаар зэргээс Ж.Б болон өөрт ногдох хэсэгт 5.000.000 төгрөг гаргуулах, өвөлжөөний газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх, давхарлагаатай 5 ханатай гэрийн үнэнд 1.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /1-р хх-1-2/.

Хариуцагч Ж.Ж нь нэхэмжлэгч Н.Ц-д холбогдуулан гэр бүлийн дунд эд хөрөнгө болох 700.000 төгрөгийн хөргөгч, 450.000 төгрөгийн хөлдөөгч, 600.000 төгрөгийн мөлхөө тавилга, 400.000 төгрөгийн угаалгын машин, 400.000 төгрөгийн аравчны урт хивс зэргээс өөрт ногдох 1.275.000 төгрөг гаргуулах, 8 сая төгрөгний үнэтэй шүрэн толгойтой алтан нуухтай цагаан толгойтой хаш хөөрөг гаргуулах, 2019 оны 06 сард ХААН банкнаас авсан зээлийн төлбөрт 5.300.000 төгрөг, зээлийн хүү 1.616.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага мөн гаргажээ /1-р хх-72/.

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд

Ж.Ж, Н.Ц нар 2006-07-30-ны өдөр гэр бүл болсныг 2006-07-31-ний өдөр бүртгүүлсэн /хх-8/ байх бөгөөд тэдний дундаас Б, охин Б, хүү Б нар төрсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019-09-17-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-1-р хх-8/, Ж.Б-н иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 05/001222 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 0208613 Г22 дугартай төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-10-12/, зохигчдын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.Ц нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг 2019-09-18-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан байх боловч 2019-09-24-ний өдрийн 332 дугаар тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгожээ /1-р хх-20/.

Гэрлэгчид өөр хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, бие биенээ хүндэтгэдэггүй байдал болон нэхэмжлэгчийн тайлбараар цаашид хамт амьдрах боломжгүй болсон гэж, хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгчийг өөр бусадтай хамтын амьдралтай болсон гэх шалтгаанаар гэрлэгчдийн хооронд маргаан гарч тусдаа амьдарч, нэхэмжлэгч гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх, үр хүүхдээ эцэг, эхтэйгээ нэг гэр бүлд амьдрах эрхийг хүндлэхгүй гэрлэлтээ цуцлуулахаар шаардаж, гэрлэгчдийг эвлэрүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсэн /1-р хх-151-153/ байх боловч гэрлэгчид эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д зааснаар Ж.Жалцав, Н.Цэрэннадмид нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зохигчид тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох Ж.Б, Ж.Б нар эх Ц болон түүний ээжийн асрамжид байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, хариуцагч хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэр бүлийн насанд хүрээгүй хүүхдүүд болох Ж.Б, Ж.Б нарыг эх Н.Ц-н асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах тул эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Ж.Ж-с тэтгэлэг гаргуулан Ж.Б, Ж.Б нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Хүүхдийн эцэг эх тусдаа амьдарсан ч үр хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх эрх болон үүрэг хэн алинд нь хэвээр үлддэг бөгөөд эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болдоггүй, гагцхүү хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөнөөр хүүхдийн хүмүүжил өсөн бойжилтод оруулах эцэг, эхийн хувь нэмэр оролцоо өөрчлөгддөг тул хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хөгжих эрхээ хэрэгжүүлэх эрхтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Ц-ад үүрэг болгох нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ж.Ж, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.Ц нарт даалгах нь зүйтэй.

Харин гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох Ж.Б, Ж.Б нар эрүүл өсөн бойжиж байгаа эсэх, хаана ямар сургуульд суралцаж байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх бөгөөд хариуцагч Ж.Жалцав нь гэр бүлийн насанд хүрээгүй гишүүдийг эх Н.Ц асрамжлахгүй байгаа, хүүхдийн амьдрах, сурч боловсрох, хөгжих эрхээ хэрэгжүүлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдсан гэж үзвэл хүүхдүүдийн асрамжийг өөрчлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасан нь гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргасан тохиолдолд тухайн хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд хүүхдийн санал нь үндэслэлийг тогтооход ач холбогдолтой нотолгооны хэрэгсэл болох учраас түүний саналыг шүүх харгалзан үзэхээр хуульчилсан. Гэтэл зохигчид хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй, 2019-11-18-ны өдөр хүүхдийн санал асуухад нэхэмжлэгч, хариуцагч нарын өмгөөлөгчийг оролцуулсан байх бөгөөд хүүхдийн санал асуусан тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлээгүй, зохигчид нотлох баримтаар шинжлэн судлаагүй болохыг дурдах нь зүйтэй /1-р хх-48-49, 50-51/.

Дундын хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагын тухайд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж заасан тул нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд дэмжиж тайлбарласан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ гэж,

хуулийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж тус тус заасан ба гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал, гэрлэгчдээс төлбөр гаргуулахад тэдгээрийн хуваарьт эд хөрөнгө хүрэлцэхгүй бол, гэр бүлийн бусад гишүүнээс төлбөр гаргуулбал, гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн тохиолдолд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлно гэж Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан.

Тиймээс гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэхээр Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д заасан тул хэрэгт нотлох баримтаар авагдсан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000517119 дугаартай гэрчилгээнд Говь-Алтай аймаг, Төгрөг сум, 3 дугаар баг, Мааньт оргил 13-р гудамж 1303 тоотод байрлах 809 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр Н.Ц-г бүртгэсэн бүртгэл 2019-09-18-ны өдөр хийгдсэн байна /1-р хх-15/.

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын засаг даргын А/58 дугаартай иргэнд газар өмчлүүлэх тухай захирамж 2018-11-21-ний өдөр гарч /1-р хх-114-115/, тухайн иргэнд өмчлүүлэх газрын кадастрын зураглалыг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгууллалтын газраас 2019-04-25-нд гарсан /1-р хх-118/ байна.

Ийнхүү нэхэмжлэгчийн 809 м.кв талбайн газрын өмчлөх эрх 2019-09-18-ны өдөр үүссэн буюу зохигчийн тусдаа амьдарсанаас хойш бий болсон байх бөгөөд тухайн газарт хашаа болон гарааш, үүдний амбаар байсан эсэх нь тодорхойгүй тэдгээр нь нийтдээ 8.500.000 төгрөгийн үнэтэй эсэх нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул хашаа, гарааш, үүдний амбаарын үнээс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Мөн өвөлжөөний зориулалттай газрын тухайд эзэмших эрхийн 0097094 дугаартай гэрчилгээнд иргэн Ж.Ж Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг дэвсгэрт нэгж талбарын 061000113 дугаартай 0,1 га газрыг өвөлжөөний зориулалтаар 50 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр засаг даргын 2004-08-30-ны өдрийн 54 тоот шийдвэрийг үндэслэн 2004-09-03-нд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна /1-р хх-13/.

Газрын тухай хуулийн 3.1.3-т зааснаар газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох бөгөөд хуулийн 3.1.7-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно.

Тиймээс Газрын тухай хуулийн 5.1-д зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч тул хуулийн 60.1.2-т зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэн хооронд үүссэн маргааныг ...зохих шатны засаг дарга шийдвэрлэх, засаг даргын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага эсхүл шүүхээр шийдвэрлүүлэхээр мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасан тул хуулийн дээрх зохицуулалтаар иргэнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар эзэмшлийн талаарх маргааныг эхлээд зохих шатны засаг дарга шийдвэрлэх тул өвөлжөөний зориулалттай газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг иргэний шүүх шийдвэрлэх үндэслэлгүй тул уг шаардлагыг мөн хангахаас татгалзав.

Зохигчид тусдаа амьдрахаас өмнө 2019 оны хагас жилийн мал тооллого явагдсан талаар хэн аль нь тайлбарлаж, нэхэмжлэгч маргаагүй бөгөөд хариуцагчийн 2020-01-20-ны өдөр нотлох баримтаар гаргасан Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн засаг даргын 2019-10-08-ны өдрийн 101 дугаартай албан бичигт ...Ж.Жалцав 2019 оны 6-р сарын тоогоор тоологдсон мал нь хонь 40, эм мал 20, ямаа 50, эм мал 30, бүгд 90 толгой мал тоолуулсан талаарх баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгэж, няцаасан талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаагүй тул төрийн эрх бүхий байгууллагаас тодорхойлсон тооллого болон нэхэмжлэгч 2019-06-19-нд банкнаас зээл авч Улаанбаатар хот руу явснаар зохигчид 2019 оны 8-р сараас тусдаа амьдарсан талаар тайлбарлаж байх тул 2019 оны хагас жилээр тоологдсон 90 толгой мал нь гэр бүлийн 5 /таван/ гишүүнд ногдох хөрөнгө юм.

Иймд гэр бүлийн гишүүд гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргаж насанд хүрсэн гишүүн Ж.Б, нэхэмжлэгч нар өөрт ногдох хэсгийг гаргуулахаар шаардаж, Ж.Бс Ж.Жт холбогдох эд хөрөнгө гаргуулах иргэний хэрэгт төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг 2019-09-19-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч Н.Цд 1 /нэг/ жилийн хугацаатай олгосон /1-р хх-9-10/ байх тул эдгээр хоёр гишүүнд ногдох эм хонь 16 толгой, эм ямаа 20 толгой, нийт 36 толгой малыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 138 тооны мал гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин Хаан банкны Говь-Алтай аймаг Төгрөг тооцооны төвийн 2020-08-18-ны өдрийн албан бичигт Ж.Ж-т 2019-06-19-нд малчны зээл олгохдоо 2018 оны жилийн эцсээр тоологдсон малын тооны мэдээлэлийг үндэслэн зээл олгосон болохыг тодорхойлсон байна -2-р хх-40/.

Мөн нэхэмжлэгч нь давхар бүрээстэй, 5 ханатай, 1.500.000 төгрөгийн гэрийн үнийг үнээр нь гаргуулахаар шаардаж, хариуцагч нь биднийг анх гэр бүл болоход бэлдэж өгсөн гэж тайлбарлаж байх боловч 1.500.000 төгрөгийн үнэ хүрэх эсэх талаар үгүйсгэж няцаасан баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй, уг гэр тухайн гэр бүлийн гишүүдийн хөрөнгө байх тул гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахаар насанд хүрсэн гишүүн Ж.Б, нэхэмжлэгч нар өөрт ногдох хэсгийг шаардсан тул 5 /таван/ гишүүнд хувааж хоёр гишүүнд ногдох 600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хаан банкны Говь-Алтай аймаг, Төгрөг сумын тооцооны төвтэй хэрэглээний зээл, малчны 5.300.000 төгрөгийн зээлийн гэрээг 2019-06-19-ний өдөр Ж.Жалцав, Н.Ц нар байгуулсан байх бөгөөд малчны зээлийн зориулалтаар ашиглах 5.300.000 төгрөгийг зээлдэгчийн Хаан банк дахь 5325011509 дугаарын дансанд шилжүүлэхээр гэрээний 2.1.3-т заасан /1-р хх-80-89/ байх бөгөөд Н.Ц-ын Хаан банк дахь 5325067030 дугаарын дансанд 5325011509 дугаарын данснаас 5.157.000 төгрөгийг Ж-с гэж 2019-06-19-ний өдөр шилжүүлсэн байна /1-р хх-90/.

Хариуцагч Ж.Ж нь Хаан банкны Говь-Алтай аймаг, Төгрөг тооцооны төвөөс шилжүүлсэн зээлийн гэрээний зүйл болох 5.300.000 төгрөг, зээлийн хүү 1.616.000 төгрөгийг Н.Ц-р төлүүлэхээр шаардсан байх боловч зээл олгосон байгууллагыг төлөөлөн зээлийн гэрээний зүйлийг шаардах эрхтэй болох нь тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул зээл олгосон байгууллагыг төлөөлөн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч Н.Ц-ас шаардах эрхгүй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна гэж заасан. Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлээр тодорхойлох бөгөөд чухам ямар эрх эдэлж, үүрэг хүлээхэд итгэмжлэл олгогдож буйг нарийвчлан заах ба итгэмжлэлд тусгагдаагүй эрх, үүргийг төлөөлөгч хэрэгжүүлсэн бол түүнийг тухайн үйлдэлд бусдыг төлөөлөх бүрэн эрхгүй гэж үзнэ.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн гэж заасан тул сөрөг нэхэмжлэлд гарын үсэг зурсан Ж.Ж нь зээл олгосон байгууллагыг төлөөлөн шаардлага гаргах эрхгүй юм.

Хариуцагч Ж.Ж нь 8.000.000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг гаргуулахаар шаардсан боловч хэргийн үйл баримтаар ийм үнэлгээ бүхий шүрэн толгойтой, алтан нуухтай, цагаан толгойтой, хаш хөөрөг байсан эсэх нь тодорхойгүй, хариуцагчийн хүсэлтээр 2020-01-20-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон гэрч Т.П нь Ж-ын аав, Ч.Х нь нэг нутгийн хүмүүс гэж /1-р хх-132-137/, 2020-03-30-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон гэрч П.Ч нь хариуцагчийн төрсөн дүү байна /1-р хх-193-195/.

Гэр бүлийн эрх зүйн маргаанд гэрчээр оролцсон дээрх этгээд нь хариуцагч Ж.Жалцавтай төрөл садангийн холбоотой, нэг нутгийн хүн буюу ашиг сонирхолын зөрчилтэй этгээдүүд байх бөгөөд гэрч нь тухайн хэрэгт ашиг сонирхолгүй этгээд байдаг боловч тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг нь хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг субъектив талаас тусгаж мэдүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Хаан банкны Говь-Алтай аймаг Төгрөг тооцооны төвийг төлөөлөн зээлийн гэрээний үүрэг шаардсан болон 8.000.000 төгрөгний үнэ бүхий хөөрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин хариуцагч 2020-01-09-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж, гэр бүлийн дундын хөрөнгө гэж хөргөгчийг 700.000 төгрөгөөр, хөлдөөгчийг 450.000 төгрөгөөр, мөлхөө тавилгыг 600.000 төгрөгөөр, угаалгын машиныг 400.000 төгрөгөөр, аравчны урт хивсийг 400.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг нэхэмжлэгч Н.Цүгүйсгэж, няцаасан талаарх баримтыг шүүхэд гаргаагүй дээрх үнэлгээний талаар маргаагүй.

Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бөгөөд гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад дээрх хөрөнгийг нэхэмжлэгч авсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан тул хариуцагч тухайн хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар шаардах эрхтэй тул гэр бүлийн 5 /таван/ гишүүнд хувааж, хөргөгч, хөлдөөгч, мөлхөө тавилга, угаалгын машин, хивс зэргээс хариуцагчид ногдох 510.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Ц-с гаргуулж хариуцагч Ж.Ж-т олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

Тиймээс зохигчид бие биенээсээ шаардсан эд зүйлсийн үнэлгээ болон тэдгээрийн чанарын талаар маргаагүй, эд зүйлсийн үнэлгээг шүүхийн журмаар тогтоолгохоор хэн аль нь хүсэлт гаргаагүй, зохигчид эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн талаарх үнэлгээ бүхий баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй тул шүүх зохигчийн шүүх хуралдаанд тайлбарласан үнээр эд зүйлсийн үнэлгээг шийдвэрлэсэн болно.

Зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах шаардлагад ногдох 70.200 төгрөг, хүүхдийн асрамжийн шаардлагад ногдох 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох 103.128 төгрөг, 174 толгой мал, 5.000.000 төгрөгийн шаардлага, өвөлжөөний газрын нэр шилжүүлэх шаардлага, гэрийн үнэнд 1.500.000 төгрөг гаргуулах шаардлагад ногдох нь 272.650 төгрөг, нийт 516.178 төгрөг төлөхөөс нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 51.564+51.564+70.200+70.200+262.650=506.178 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 10.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах,

хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 238.905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч нэхэмжлдээ эм хонийг 100.000 төгрөгөөр, эм ямааг 70.000 төгрөгөөр тус тус үнэлж, 16 толгой эм хонийн үнэ 1.600.000 төгрөг, 20 толгой эм ямааны үнэ 1.400.000 төгрөг байх тул 32 толгой малны үнэ 3.000.000 төгрөгт ногдох хураамж 72.550 төгрөг, гэрлэлт цуцлуулах шаардлагад ногдох 70.200 төгрөг, хүүхдийн асрамжийн шаардлагад ногдох 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох 103.128 төгрөг, нэхэмжлэлийн хангасан шаардлагад ногдох хураамжийн 316.078 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох,

сөрөг нэхэмжлэлийн хангасан шаардлага болох 510.000 төгрөгт ногдох 15.950 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан Н.Ц, Ж.Ж нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох Ж.Б, Ж.Б нарыг эх Н.Ц-н асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч Ж.Ж нарт үүрэг болгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан Б, Б нарыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.Ж-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Н.Ц-д даалгасугай.

6. Хариуцагч Ж.Ж нь хүүхдүүдийн асрамжийг өөрчлүүлэхээр Н.Ц-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан хариуцагч Ж.Ж-с нэг бүр нь 100.000 төгрөгөөр үнэлсэн 16 толгой эм хонь, нэг бүр нь 70.000 төгрөгөөр үнэлсэн 20 толгой эм ямаа, нийт 36 толгой мал, гэрийн үнэнд 600.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Цд олгож,

нэхэмжлэгч Н.Цэ-с хөргөгч, хөлдөөгч, мөлхөө тавилга, угаалгын машин, хивс зэргээс ногдох хэсэгт 510.000 /таван зуун арван мянган/ төгрөгийг гаргуулан хариуцагч Ж.Ж-т олгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Ж.Ж, Н.Ц нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 506.178 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 238.905 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

нэхэмжлэгч Н.Ц-с дутуу төлсөн 10.000 /арван мянган/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах,

хариуцагч Ж.Ж-с 316.078 /гурван зуун арван зургаан мянга далан найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ц-д,

нэхэмжлэгч Н.Ц-с 15.950 /арван таван мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан хариуцагч Ж.Ж-т тус тус олгосугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ