| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/58 |
| Огноо | 2025-02-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/58
2025 02 03 2025/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагч Д.Дашням /томилолтоор/ ,
Хохирогч
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2430002840273 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар баг ******* гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний оройн 19 цаг 30 минутад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дүүрэнбадрах” хүнсний дэлгүүрийн баруун талын автозам дээр Пит маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 15.10 дахь заалтуудыг зөрчсөний улмаас улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл нь Пит загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2024 оны 08 сарын 21-ний орой 19 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад, машинтайгаа Дүүрэн-Бадрах дэлгүүрийн баруун талаар, урагшаа эргээд явж байгаад зүүн гар тийшээ салаад дохиогоо өгчхөөд явж байхад гэнэт машины дугуйны хажууд тачигнасан дуу гаргахаар нь буугаад хартал мотоциклтойгоо хажуу талаас мөргөөд ойчсон байсан. Тухайн үед харагдах орчин муу болсон байсан. Би цагдаа дуудаад, түргэн тусламж дуудсан гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2024 оны 08 сарын 21-ний өдөр төв замаар явж байсан. Тухайн үед миний өөдөөс машин ирж яваа харагдаагүй. Надад тохио өгч байгаа харагдаагүй. Би тооромсолсон боловч амжаагүй. Мөргүүлсний улмаас миний дөрвөн шүд байхгүй болсон. Орой болгон толгой өвдөж өвчин намдаах эм уудаг. Нойр заримдаа хүрдэггүй. Миний хугарсан хөл сайн эдгээгүй, янгинаж өвдөөд байгаа. ******* нь надтай нэг удаа уулзахдаа сэтгэл санааны хохирлоо багасгаж өгнө үү гэж уулзсан. Би өмгөөлөгчтэй холбоотой зүйл яриагүй гэв.
2430002840273 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Хохирогч ******* өгсөн “...Тэгээд орой 19 цагийн үед Алтантулга ахын гэрт хоол идэх гээд байж байтал манай хүргэн ах Түмэнжаргал над руу залгаад “миний мотоцикл алга болчихсон байна, хүрээд ир” гэхээр нь би Алтантулга ахын гэрээс буюу 27Б байрны гаднаас мотоциклтойгоо хөдлөөд Түмэнжаргал ахын гэр Тэмүүлэл 13-13 тоотод байдаг болохоор Анд дэлгүүрийн баруун талын засмал замаар урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхад миний урдаас ирж байсан машин гэнэт миний өмнүүр зүүн гар тийш эргэсэн би тоормосоо гишгэсэн боловч зогсож амжилгүй тухайн машиныг мөргөөд газар унасан. Тэрнээс хойш яг юу болсныг сайн мэдэхгүй ухаан санаа орж гараад байсан нэг мэдэхэд эмнэлэг ирчихсэн байсан, миний баруун хөлийн шагайны доогуур яс хугарсан, нийт 4 шүд гэмтэж унасан байсан…” гэх мэдүүлэг,/хх-ийн 6-8 х /
2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт,/хх-ийн 11-14 х/
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 318 дугаартай “…1. ******* биед баруун хавчаар яс, баруун дээд түүшин ясны хугарал, зүүн 1, баруун 2-р шүдний бүрэн булгарал, баруун 1-р шүдний цөгц хэсгийн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. ******* биед зүүн 1, баруун 2-р шүдний бүрэн булгарал, баруун 1-р шүдний цөгц хэсгийн хугарал нь ерөнхий хөдөлмөр чадвар бага хэмжээгээр 10 хувь тогтонги алдагдуулна…” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 32-33 х/
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2402226 дугаартай “…Улсын дугааргүй даюун маркийн мотоциклийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар эвдрэл, эд ангийн хохирлыг 149,500 төгрө гэж дүгнэж байна…” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 40-46 х/
Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад, мөрдөгч албан тушаалд 5 дахь жилдээ ажиллаж байгаа И.Сосорын гаргасан “... “Пит” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* // нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоочийн дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 15.10 Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна. ******* // нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын 791351 дугаартай үнэмлэхтэй боловч эрх хасагдсан байна...” гэх мөрдөгчийн магадалгаа, /хх-ийн 62-63 х/
Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 82 х/
Яллагдагч *******гийн өгсөн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 х /
*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-ийн 86-88х /,
*******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 30 минутад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дүүрэнбадрах” хүнсний дэлгүүрийн баруун талын автозам дээр Пит маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 15.10 дахь заалтуудыг зөрчсөний улмаас улсын дугааргүй Даюун маркийн мотоцикльтой мөргөлдөн зам тээврийн осол гаргасны ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч ******* өгсөн “...Түмэнжаргал ахын гэр Тэмүүлэл 13-13 тоотод байдаг болохоор Анд дэлгүүрийн баруун талын засмал замаар урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхад миний урдаас ирж байсан машин гэнэт миний өмнүүр зүүн гар тийш эргэсэн би тоормосоо гишгэсэн боловч зогсож амжилгүй тухайн машиныг мөргөөд газар унасан. Тэрнээс хойш яг юу болсныг сайн мэдэхгүй ухаан санаа орж гараад байсан нэг мэдэхэд эмнэлэг ирчихсэн байсан, миний баруун хөлийн шагайны доогуур яс хугарсан, нийт 4 шүд гэмтэж унасан байсан…” гэх мэдүүлэг,
2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 318 дугаартай “…1. ******* биед баруун хавчаар яс, баруун дээд түүшин ясны хугарал, зүүн 1, баруун 2-р шүдний бүрэн булгарал, баруун 1-р шүдний цөгц хэсгийн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. ******* биед зүүн 1, баруун 2-р шүдний бүрэн булгарал, баруун 1-р шүдний цөгц хэсгийн хугарал нь ерөнхий хөдөлмөр чадвар бага хэмжээгээр 10 хувь тогтонги алдагдуулна…” гэх шинжээчийн дүгнэлт,
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2402226 дугаартай “…Улсын дугааргүй даюун маркийн мотоциклийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар эвдрэл, эд ангийн хохирлыг 149,500 төгрөг гэж дүгнэж байна…” гэх шинжээчийн дүгнэлт,
Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад, мөрдөгч албан тушаалд 5 дахь жилдээ ажиллаж байгаа И.Сосорын гаргасан “... “Пит” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* // нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоочийн дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 15.10 Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна. ******* // нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын 791351 дугаартай үнэмлэхтэй боловч эрх хасагдсан байна...” гэх мөрдөгчийн магадалгаа,
Яллагдагч *******гийн өгсөн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг төлнө ... гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээсэн болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...хэргийн үйл баримт хувьд шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 30 минутын орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг “Дүүрэнбадрах” хүнсний дэлгүүрийн баруун талын авто зам дээр “Пит” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 15.10 дахь заалтуудыг зөрчсөний улмаас улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл нь “Пит” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж мотоциклын жолооч ******* эрүүл мэндэд баруун хавчаар яс, баруун дээд түүшин ясны хугарал, зүүн 1, баруун 2 дугаар шүдний бүрэн булгарал, баруун 1 дүгээр шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэм буруутайд тооцох саналтай байна... ” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгээс: *******гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.
******* нь анх удаагаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн буюу хохирогч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзүүлэх нөхцөлд байдалд орно. ******* нь ам бүл 3, эрхэлсэн ажилгүй, орлогогүй, амины мал байхгүй байгаа. Хэрэг гарах үед гагнуурчнаар ажиллаж байсан. Дээрх нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахдаа, сэтгэл санааны хохирлыг шүүхээс тогтоохдоо харгалзан үзнэ үү. ******* нь хохирогчид 600,000 төгрөг өгсөн буюу хохирогчийн нэхэмжилсэн баримтаас 394,100 төгрөгийг илүүл төлсөн. Уг мөнгийг сэтгэл санааны хохирол, төлбөрт оруулан тооцуулах саналтай... гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгээс: Хохирогч нь Улаанбаатар хот руу замын унаагаар явсан учир баримт аваагүй байдаг. Тухайн 600,000 төгрөгийг юунд зарцуулсан талаар мэдүүлдэг. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа сайн ухамсарлахгүй байна гэж харж байна. Хохирогч дохио өгөөгүй гэнэт хажуу талаас гарч ирсэн гэдэг. Сая шүүгдэгч нь өмгөөлөгчийг буруутгаж ярьж байна. Миний хувьд хохирогчид мөнгө өгч байвал баярлана. Гэтэл өмгөөлөгч нь битгий мөнгө аваарай гэсэн байсан гээд яриад байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэг гарснаас хойш нэг удаа уулзахдаа сэтгэл санааны хохирлоо багасгах талаар ярьсан, мөнгө өгөх талаар яриагүй байдаг. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан учир зөрчлийн тухай хуулиар 100,000 төгрөгөөр торгуулсан байгаа... гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2. “ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох”-д заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч ******* биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд шинжээчийн 318 дугаартай “...1. ******* биед баруун хавчаар яс, баруун дээд түүшин ясны хугарал, зүүн 1, баруун 2-р шүдний бүрэн булгарал, баруун 1-р шүдний цөгц хэсгийн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. ******* биед зүүн 1, баруун 2-р шүдний бүрэн булгарал, баруун 1-р шүдний цөгц хэсгийн хугарал нь ерөнхий хөдөлмөр чадвар бага хэмжээгээр 10 хувь тогтонги алдагдуулна.” гэх дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гаргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно ” гэж заасны дагуу шүүгдэгч *******гийн холбогдсон зам тээврийн ослын талаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад, мөрдөгч албан тушаалд 5 дахь жилдээ ажиллаж байгаа И.Сосорын гаргасан “... “Пит” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* // нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоочийн дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 15.10 Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна. ******* // нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын 791351 дугаартай үнэмлэхтэй боловч эрх хасагдсан байна...” гэх магадалгаа гаргасан нь хууль зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гаргаагүй байна.
Прокуророос шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
“Зам тээврийн осол” гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна.
Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд үүнийг зөрчсөнөөс хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцогдохыг хууль тогтоогчоос тогтоожээ.
Тухайн гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийг “ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” үйлдсэн, уг хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Тухайлбал, шүүгдэгч ******* нь уг хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан нь Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээллээр, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ийг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн 318 дугаартай дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон болно.
Хэргийн баримтаар шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 15.10 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөний улмаас ******* Даюун маркийн мотоциклтой мөргөлдөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдсон, улсын яллагчаас шүүх хуралдаанд түүнийг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч *******гийн зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болно.
Шүүгдэгч *******гийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч тухайн цаг хугацаанд буюу хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс осол гарган хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ”оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа” хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналтай...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруутай болох нь тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан хорих ял оноогдуулахгүйгээр нэг жилийн хугацаанд тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч: Ял шийтгэлийн талаар хэлэх зүйл байхгүй. Прокурорын саналыг дэмжиж байна. *******д шүүхээс тогтоосон төлбөрийг яаралтай төлөөрэй. Хохирогч нь шүд хийлгэх болон биеэ эмчлүүлнэ гэх дүгнэлтийг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч ******* эмчилгээний зардалд 600,000 төгрөг төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.
Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь “ тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хийгээд түүний хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч ******* нэхэмжилсэн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг түүний хувийн байдлыг үндэслэвэл, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нь баримтаар эмчилгээний зардал 205,900 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 600.000 төгрөг төлсөн байна.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдъя.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж заажээ.
Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д заасныг үндэслэн хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэл тогтоогджээ.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөгөөр тогтоожээ.
Энэ гэмт хэрэг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн тул тухайн мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч ******* сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,180,000 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.
Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, дээд, доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэсэн болно.
Уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Т.Алтантулгын эзэмшлийн Даюун маркийн мотоциклд 149,500 төгрөгийн хохирол учирсан нь Болор үнэлгээ ХХК-ны 2402226 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд үнэлгээгээр тогтоогдсон 149,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч олгох нь зүйтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм. Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 259,098 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 23/190 дугаартай албан бичиг, зардлын түүх зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******гээс 259,098 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт *******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******д дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс хохирогч ******* сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15,180,000 төгрөгийг гаргуулж хохирогч т, 149,500 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч тус тус олгосугай.
8.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гээс 259,098 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд тус тус төлүүлсүгэй.
9. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь баримтаар 205900 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь 600,000 төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь өөрт учирсан гэмтлийн улмаас хохирол, хор уршиг буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР