| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2019/00603/И |
| Дугаар | 181/ШШ2020/00518 |
| Огноо | 2020-02-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2020/00518
| 2020 оны 02 сары 19 өдөр | 181/ШШ2020/00518 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Б /РД:щ/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Г /РД:/-д холбогдох,
Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.
Нэхэмжлэгч болон хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Б миний бие 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э.Гтай Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт 1 гудамж АААА тоот хаягт байрлалтай 179.4 м.кв талбайтай хувийн сууц, гараж зориулалттай, улсын бүртгэлийн ХХХХХ дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан. Тухайн үед Э.Г нь хувийн сууц, гаражийн доорх газар нь СССССС нэгж талбарын дугаартай 699 м.кв газар байгаа юм аа гээд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр уг газрын эзэмших эрхийг надад шилжүүлж өгсөн. Үүнээс хойш Чингэлтэй дүүргийн Газрын албанд хандан өөрийн эзэмших эрхийг шилжүүлэн авсан газрын кадастрын зургийг шинэчлэн гаргуулахаар очиход агаар, сансрын зургаар хувийн сууц миний эзэмшиж буй газар дээр байхгүй, зэргэлдээ газарт хамаарч байсан бөгөөд гараж л зөвхөн миний эзэмшиж буй газар дээр байсан. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Газрын албанаас тодруулахад миний хувийн сууц байрлаж буй газар нь 18638329945АААА нэгж талбарын дугаартай 700 м.кв газар байсан бөгөөд Э.Гы нэр дээр 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байсан болно. Ингээд би 2018 оны 04 дүгээр сард Э.Г нь надад хувийн сууц худалдахдаа хувийн сууцны доорх газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэлгүй зөвхөн гараж байрлаж буй газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн болохыг мэдсэн. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасны дагуу газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг үл хөдлөх хөрөнгө гэж ойлгодог. Тиймдээ ч Э.Г нь 179.4 м.кв талбайтай хувийн сууц, гаражийг худалдсан бол хувийн сууц, гаражийн доорх газрын эрхийг мөн адил шилжүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгийн доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэж байна. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 254.1 -т заасны дагуу эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар 2017 оны дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 162 дугаар Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлд заасан эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэхийг хариуцагчид даалгах буюу 18638329945АААА нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг Э.Гд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн О.Б нь гэрээ хийж зуслангийн байшин худалдаж авахдаа зохих бичиг баримтуудтай танилцаж уг наймаагаа хийсэн. Дараа нь өөрөө Чингэлтэй дүүргийн газрын албаны зохих хүмүүстэй уулзаж тодорхой мэдээлэл тодруулгыг авсан байсан. Энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн газрын алба, миний өмнөх эзэмшигч Н.Банзрагч нар илүү сайн тайлбарлах байх. Иймд уг асуудалд Чингэлтэй дүүргийн газрын алба болон иргэн Н.Банзрагч нарыг гэрчээр оролцуулан тайлбарлуулах нь зүйтэй. Миний хувьд байшин болон газрыг бичиг баримтын хувьд О.Бгийн таньдаг Н.Банзрагч гэж хүнээс худалдаж авсан байсан бөгөөд, яг худалдаж авсан тэр байдлаар нь буюу кадастрын зурагт нь ямар нэгэн өөрчлөлт хөдөлгөөн оруулалгүйгээр О.Бд шилжүүлж өгсөн болно. гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь О.Б нь хариуцагч Э.Гд холбогдуулан 2017 оны 02 сарын 14-ний өдрийн 162 дугаартай Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлд заасны дагуу 18638323465АААА нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нь уг хувийн сууц болон газрыг бусдаас худалдаж авсан бөгөөд худалдаж авсан тэр байдлаараа нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн гэсэн тайлбар гаргаж маргасан байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцон хэргийг шийдвэрлүүлнэ гэсэн тайлбарыг гаргасан, шүүх хариуцагчид шүүхэд ирж хэргийн материалтай танилцахыг удаа дараа сануулсан боловч шүүхэд хүрэлцэн ирж эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2017 оны 02 сарын 14-ний өдөр Э.Г, О.Б нарын хооронд 162 дугаартай Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ нэртэй гэрээ /хх-6 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Э.Г нь эрхийн улсын бүртгэлийн ХХХХХ дугаарт бүртгэлтэй, 179.4 м.кв талбайтай хувийн сууцыг 50,000,000 төгрөгөөр О.Бд худалдах, О.Б нь төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагч Э.Г нь эрхийн улсын бүртгэлийн ХХХХХ дугаарт бүртгэлтэй, 179.4 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийг О.Бд шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан О.Бгийн нэртэй, 000528407 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХ дугаарт бүртгэлтэй, 179.4 м.кв талбайтай хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5 тал/-аар тогтоогдож байна.
Э.Г нь эрхийн улсын бүртгэлийн ХХХХХ дугаарт бүртгэлтэй, 179.4 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийг О.Бд шилжүүлэн өгсөн байх боловч уг хувийн сууцны байрлаж буй газар эзэмших эрхийг О.Бд шилжүүлээгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 01 сарын 06-ны өдрийн Й/120 дугаартай Шинжээчийн дүгнэлт-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн ХХХХХ дугаарт бүртгэлтэй, 179.4 м.кв талбайтай хувийн сууц нь нэгж талбарын 18638329465АААА дугаар бүхий 700 м.кв талбай бүхий газар дээр байрлаж байх ба Э.Г нь О.Бд 2017 оны 02 сарын 24-ний өдрийн огноо бүхий Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-7 тал/-гээр 18638329464483 дугаартай 700 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлсэн ч уг газар дээр эрхийн улсын бүртгэлийн ХХХХХ дугаарт бүртгэлтэй, 179.4 м.кв талбайтай хувийн сууц байрладаггүй, харин хувийн сууцтай хамт худалдан авсан гэх 63 м.кв талбай бүхий гараж байрладаг болох нь тогтоогдсон.
Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь заалтад Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасны дагуу 2017 оны 02 сарын 14-ний өдөр Э.Г, О.Б нарын хооронд байгуулагдсан 162 дугаартай Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ нэртэй гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн ХХХХХ дугаарт бүртгэлтэй, 179.4 м.кв талбайтай хувийн сууц нь тухайн хувийн сууц байрлаж буй газрын үндсэн бүрдэл хэсэг болно.
Хариуцагч Э.Г нь эрхийн улсын бүртгэлийн ХХХХХ дугаарт бүртгэлтэй, 179.4 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийг О.Бд шилжүүлсэн хэдий ч уг хувийн сууц байрлаж буй газрын эзэмших эрхийг О.Бд шилжүүлээгүй байх тул Э.Гыг О.Бд эрхийн зөрчилтэй эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх бөгөөд энэхүү эрхийн зөрчил нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн эрхийн доголдолд хамаарна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дахь заалтад зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Э.Гаас эрхийн улсын бүртгэлийн ХХХХХ дугаарт бүртгэлтэй, 179.4 м.кв талбайтай хувийн сууцны байрлаж буй газар буюу 18638323465АААА нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгөхийг шаардсан боловч уг газрын эзэмших нь Э.Гы нэр дээр бүртгэлтэй байгаа хэдий ч тухайн газар нь нэгж талбарын 1501210225 дугаар бүхий иргэн Т.Батдолгорын эзэмшлийн 699 м.кв талбай бүхий газартай 110 м.кв талбайгаар давхцалтай байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, уг доголдлыг хариуцагч өөрөө бие даан арилгах боломжгүй, бусдын эзэмшлийн газартай давхцал бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгч О.Бгийн гаргасан Э.Гд холбогдох 2017 оны 02 сарын 14-ний өдрийн 162 дугаартай Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлд заасны дагуу 18638323465АААА нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид холбогдуулан өөр бусад шаардлага гаргахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч О.Бгийн гаргасан Э.Гд холбогдох 2017 оны 02 сарын 14-ний өдрийн 162 дугаартай Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлд заасны дагуу 18638323465АААА нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР