| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/57 |
| Огноо | 2025-02-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/57
2025 02 03 2025/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагч Д.Дашням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2430002390246 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Уулбаян суманд үйл ажиллагаа явуулдаг уурхайд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг "*******"-ын 5 дугаар гудамж 3 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Н******* тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө
Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан,
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан,
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэж байсан, регистрийн дугаар:*******, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг “Төмөртэй"-н 17-25 тоотод байх ******* гэрээс Айфоне-7, Самсунг А32 маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд нийт 490,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Хонхорын 26 тоот хашаанаас сувдан цагаан өнгийн "Марк-2" маркийн 48-52 УНР улсын дугаартай ******* өмчлөлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Я.Чулуунжав шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн айлын хүүхдийн ах нь надтай найзын холбоотой. Манай найз архи уугаад нэлээн согтсон байсан. Намайг энэ хоёр утсыг тавьчих, өглөө авъя гэж хэлсэн. Манай найз надтай дахиж уулзаагүй. Би хоёр утсыг нь аваачиж өгсөн чинь нэг утас нь эвдэрсэн байна гээд байгаа. Анхнаасаа хоёр утасны нэг нь эвдэрсэн байсан. Бид нар найзуудаараа тухайн айлд очсон. Машины эзний эхнэр нь манай дүүгийн ангийн хүүхэд байсан. Бид архи уугаад, нэг мэдсэн би ганцаараа үлдсэн байсан. Найзууд уул руу явсан байсан. Би машиныг нь асаагаад араас нь явсан чинь машин нь бензингүй болсон. Хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж алдаа гаргахгүй гэв.
Хохирогч ******* өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг Төмөртэйн 17-25 тоотод гэр бүлийн хамт амьдардаг юм. Би өчигдөр буюу 07 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед гэр болох Төмөртэйн 17-25 тоот руу очиход манай гэрийн амбаарын гадаа хадам ах Төрболд Халзан сумын Боржоо хочит Батсайхан, Бат-Эрдэнэ нартай архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би хадам ахад ойрхон хөдөө явчхаад ирье гэхэд чи хөдөө явах гэж байгаа юм бол гэрээ нээгээд үлдээчих гэсэн. Тэгэхээр нь би гэртээ Iphone7 маркийн гар утас, Samsung А32 маркийн гар утсаа цэнэглэж үлдээгээд хадам ахад гэрээ нээлттэй үлдээлээ шүү, явбал түгжээрэй гэж хэлээд явсан. Тэгээд орой 18 цагийн үед гэртээ ирэхэд хадам ах амбаарт тасраад унтчихсан байсан. Гэрт өөр ямар нэгэн хүн байхгүй байсан. Тэгээд гэртээ ороод үзэхэд цэнэглэж үлдээсэн 2 ширхэг гар утас хулгайд алдагдсан байсан. Өнөөдөр гэрийнхээ ойролцоо дэлгүүрээр явж хадам ахтай цуг архи уусан хүмүүс нь миний гар утсыг дэлгүүрт тавьсан байж магадгүй гээд асууж сураглаж үзэхэд манай гэрийн урд байх “Одон” маркет дэлгүүрт өчигдөр орой Чулуунжав гэх хүн цагаан өнгөтэй Samsung маркийн гар утас тавих гээд ирсэн гэсэн. Тэгэхээр нь би тухайн гар утсыг нь аваагүй. Чулуунжав өмнө надад гар утас тавиад авч байгаагүй болохоор аваагүй гэж худалдагч нь хэлсэн. Тэгээд би гэртээ очоод хадам ах Төрболдоос асуухад Асгат сумын Чулуунжав чамайг явсны дараа ирсэн. Ах нь чиний гар утсыг цэнэглэж байсныг мэдээгүй шүү дээ. Тэр хэдийг хэзээ явсан талаар мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр цагдаагийн газарт эхнэр Бямбазулын хамт ирж мэдэгдэх гэж байтал Чулуунжавтай Цонхлой дэлгүүрийн хажууд тараад уулзахад Самсунг маркийн гар утсыг нь дэлгүүрт тавьсан байгаа гэсэн. Харин Iphone-7 маркийн гар утасны дэлгэцийг нь хагалаад, болохгүй болгочихсон авч нь явж байна лээ... Iphone-7 маркийн хар өнгөтэй, нэг сим карттай, кэйсгүй, шилэн наалтгүй, дэлгэц ажиллагаа хэвийн, хагарсан зүйл байхгүй, кодтой гар утас байгаа. Samsung А32 маркийн цагаан өнгөтэй, кэйсгүй, дэлгэц ажиллагаа хэвийн, хагарсан зүйл байхгүй, кодгүй шууд нээгддэг гар утас байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 76-78 х/
Гэрч өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багт байрлах “Одон” маркет дэлгүүрийг ажиллуулдаг юм. Намайг 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед дэлгүүр дээрээ сууж байхад хуучны танил бор царайтай мэнгэтэй Чука гэх залуу орж ирээд цагаан цэнхэрдүү өнгөтэй гар утас үзүүлээд нэг юманд тавьчихъя гэхэд нь би үгүй, чи өмнө тавьж байсан өрөө төлөөгүй биз дээ гээд загнуулаад гараад явсан. Манайд хэдхэн секунд болсон удаагүй. Өмнө намайг Цэлмэг хотхонд “Шинэ” дэлгүүр ажиллуулж байхад уг мэнгэтэй Асгатын сумын Чука буюу Чулуунжав гэх залуу өр тавьж байсан юм. Тэгээд одоог хүртэл тухайн өрөө төлөөгүй, намайг танихгүй байх гэж бодоод орж ирсэн юм шиг байгаа юм. Тийм болохоор би уг залууг сайн таньж байгаа юм. Гар утас нь нээх танил санагдаад байхаар нь би тухайн үед гайхаж байсан. Маргааш нь манай дэлгүүрийн хойно Төмөртэйгөөр амьдардаг Төрболд гэх залуу нь гар утсаа сураглаад явж байхаар нь –өө нээрээ чиний гар утастай төстэй гар утас өчигдөр Чука гээд Асгат сумын залуу бариад явж байсан талаар хэлсэн... Манай дэлгүүр камерын хяналттай. Дэлгүүрийнхээ камерын бичлэгийг шалгаж үзэхэд 07 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг 59 минут 00 секундэд Чука гэх залуу цэнхэр эрээн өнгийн дал майктай, цэнхэр өнгийн шорттой, доогуураа пүүзтэй, ганцаараа орж ирээд кассан дээр зогсож надтай юм яриад загнуулаад 18 цаг 59 минут 41 секундэд гараад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 85-86 х/
Гэрч өгсөн “...Удалгүй ирээд надад Хаамаа ах 2 хүнтэй гэрийн сүүдэрт архи уугаад сууж байна лээ. Тэгэхээр би гэр нээж өгөөд өмнө ууж байгаад үлдээсэн 2 шил тал архи өгчхөөд ирлээ гэсэн. Тэгээд тус өдрийн орой 18 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд Хаамаа ах тасарчихсан амбаарт унтаж байсан. Өөр ямар нэгэн хүн гэрт байхгүй байсан. Тэгтэл гэрийн хойд талд байх сервантан дээр цэнэглэж байсан Iphone-7, Samsung A32 маркийн гар утас байхгүй байсан. Тухайн үед Хаамаа ахаас гар утсаа асуухад мэдэхгүй гэж байсан. Тэгэхээр нь цуг ууж байсан хүмүүс нь ойролцоо дэлгүүрт аваачиж тавьсан байж магадгүй гэж бодоод нөхөр Төрболдтой цуг хайгаад явахад Төмөртэйн “Одон” маркет дэлгүүрээр Асгат сумын Чука буюу Чулуунжав гэх хүн гар утас тавих гэж явж байсан гэж хэлсэн. Хаамаа ах уг Чулуунжав гэх хүнтэй архи ууж байсан болохоор нь тухайн хүнийг 2 гар утсыг авч явсан талаар мэдсэн. 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Чука буюу Чулуунжав гэх хүнтэй “Оч хур” дэлгүүрийн гадаа тааралдаж –та манайхаас өчигдөр гар утас аваад явчихсан байна гэхэд карманаасаа хагарчихсан Iphone-7 маркийн гар утас гаргаж өгсөн. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж цагдаа дээр уулзахад Samsung A32 маркийн гар утсыг нь хүнд зарчихсан. Iphone-7 маркийн гар утасны дэлгэцийг нь хагалаад асахгүй Hello болгочихсон байсан. Чулуунжав тухайн гар утсаа мөрдөгчид өгч байсан. Тэгээд 07 дугаар сарын 15-ны өглөө 06 цагийн үед манай гэрээр Чулуунжав гэх хүн ирээд -ах нь нэг гар утсыг нь хүнд зарчихсан юм шиг байна. Хүнээ олоод гар утсыг нь чинь авч өгье. Нэг эвдэрсэн гар утасны чинь оронд нэг адуу авчирч өгье, болохгүй бол ахтай чинь цуг яваад аваад ирье гэж ярьж байсан. Тухайн үед Хаамаа ах миний хажууд байж байсан. Өмнөх өдөр нь цагдаа дээр байхад Чулуунжав гэх хүн -танай ах надад тухайн 2 гар утсыг танидаг дэлгүүртээ нэг юманд тавиад аваад ир гэж өгч явуулсан гэж хэлсэн. Тэгтэл маргааш нь уулзаад ах миний хажууд байхад ахад тухайн гар утсыг өгч явуулсан талаар огт ярихгүй байсан. Тухайн үйл явдлаас хэд хоногийн дараа Чулуунжав Samsung А32 маркийн гар утсыг нь зарсан хүнээсээ авлаа гээд надад авчирч өгсөн. Iphone-7 маркийн гар утасныхаа хохирлыг барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 89-90 х/
Гэрч өгсөн “...Хадам дүүгийн гэрт ороход гэрийнх нь хойд талын сервантан дээр буюу зурагтынх нь өмнө 2 гар утас цэнэглэж байсан. Боржоо ах машин барьж байгаа гээд архи уухгүй удалгүй яваад Чука бид хоёр тал 2 шил архиа уугаад үлдсэн. Нэг мэдсэн би гэрийнх нь амбаарт тасарчихсан унтаж байхад манай дүү нөхөртэйгөө ирээд сэрээсэн. Чука тухайн үед явчихсан байсан. Тэгтэл дүү Бямбазул, Төрболд нар гар утас байхгүй байна. Тантай ууж байсан хүмүүс авчихсан юм биш үү гээд манай хадам дүү Төрболд өөрөө гар утсаа хайгаад явж байгаад Төмөртэйн “Одон” маркет дэлгүүрт надтай цуг архи ууж байсан Чука буюу Чулуунжав гар утас тавина гээд явж байсан байна гэж хэлсэн. Намайг 07 дугаар сарын 15-ны өглөө дүүгийнхээ гэрт унтаж байхад Чука ирээд манай дүү Бямбазулд -ах нь нэг гар утсыг нь хүнд зарчихсан юм шиг байна. Нэг гар утсыг нь эвдчихсэн тул адуу өгье, болохгүй бол ахтай чинь цуг яваад адууг чинь аваад ирье гээд ярьж байсан. Ямар ч байсан гэрийнх нь сервантан дээр буюу зурагтынх нь хажууд 2 гар утас цэнэглэж байсан... Би Чука буюу Чулуунжавт дүүгийнхээ 2 гар утсыг өгч явуулаагүй. Хэрвээ би өгч явуулсан бол Чука 07 дугаар сарын 15-ны өдөр манай дүүтэй ирж уулзахдаа энэ талаар ярих байсан. Намайг байхгүйд манай дүүд ах чинь тухайн гар утсыг өгч явуулсан гэж худлаа яриад байгаа юм. Би Чулуунжавт тухайн 2 гар утсыг өгч явуулаагүй...” гэх мэдүүлэг,/хх-ийн 93-94 х/
“Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №2402198 дугаартай “...Айфоне-7 маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь шинжээчийн судалснаар 260,000 төгрөг байна гэж дүгнэж байна. Самсунг А32 маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь шинжээчийн судалснаар 230,000 төгрөг байна гэж дүгнэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-104 х/
Хохирогч ******* өмчлөлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан нотлох баримтууд:
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,/хх-ийн 6-8 х /
Хохирогч ******* өгсөн “..Манайх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг Хайлаастын 20-27 тоотод оршин суудаг юм. Манай эхнэр Сүхбаатар суманд цэцэрлэгт ажилладаг юм. Би 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар сумын 100 жилд оролцох гээд мөн эхнэртэйгээ уулзах гээд явсан. Тэгээд тэр өдрөө Хонхорын 26 тоотод хоноод машинаа хашаан дотор хонуулсан маргааш нь 07 дугаар сарын 27 өдөр наадмын талбай руу машинаа хашаандаа орхиод найзынхаа машинтай явцгаасан, тухайн үед 13 цаг болж байсан. Тэгээд 14 цагийн үед гэрээсээ юм авах гээд ирэхэд хашаанд маань байсан машин байхгүй болчихсон байсан. Тухайн үедээ найз нөхөд аваад явчхаж гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдээгдээгүй юм. ...миний тээврийн хэрэгсэл 48-52 УНР улсын дугаартай, цагаан өнгөтэй, урд талын хамар дээгүүрээ хар өнгийн салхи зүсэгч гэх мэт содон шинж тэмдэгтэй. Миний машин 2002 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2014 онд орж ирсэн. Би алдсан гэх тээврийн хэрэгслээ 4,000,000 төгрөгөөр үнэлж байна. ...миний тээврийн хэрэгсэл дотор ямар нэгэн эд зүйл байгаагүй” гэх мэдүүлэг,/хх-ийн 13-14 х/
Гэрч өгсөн “...Миний бие Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг Мухар гэх газар аав, ээж, дүү нарын хамт амьдардаг юм. 2024 оны 07 дугаар сарын 27-ны үд өнгөрөөд өөрийнхөө хөдөө гэртээ байж байхад үл таних махлаг бор ах манайд орж ирээд “ахдаа ундааны саванд ус хийгээд өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би ундааны саванд ус хийж өгөөд явуулсан. Тухайн үед тэр ах ганцаараа манай зүүн талаар Дорнод аймаг явдаг замаар яваад өгсөн. Тухайн үед би улсын дугаарыг нь сайн ажиглаагүй. Машины марк нь Гранд марк-2 гэмээр машин байсан. Би тэр үл таних ахаас хаашаа явж байгаа талаар нь асуухад “ах нь өөрийнхөө машинтай Дорнод аймаг явж байгаа юмаа” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,/хх-ийн 23 х/
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №2402205 дугаартай “...2024 оны 08 дугаар сарын байдлаар Гранд марк-2 тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь 4,650,000 байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-34 х /
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 65-70 х/
Шүүгдэгч оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 130 х /
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн135 х/
Шүүгдэгч иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 131 х /
Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоол хуулга /хх-ийн 137 х/
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 138-144 х/
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 148-151 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Я.Чулуунжав нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг “Төмөртэй"-н 17-25 тоотод байх ******* гэрээс Айфоне-7, Самсунг А32 маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд нийт 490,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Хонхорын 26 тоот хашаанаас сувдан цагаан өнгийн "Марк-2" маркийн 48-52 УНР улсын дугаартай ******* өмчлөлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь дээр дурдагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Я.Чулуунжав нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Я.Чулуунжав нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг “Төмөртэй”-ийн 17-25 тоотод байх ******* гэрээс Айфоне-7, Самсунг А32 маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд нийт 490,000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Хонхорын 26 тоот хашаанаас сувдан цагаан өнгийн “Марк-2” маркийн 48-52 УНР улсын дугаартай ******* өмчлөлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдийг үйлдсэн байна.
Иймд Шүүгдэгч Я.Чулуунжав нь хулгайлах болон авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргүүдийг үйлдсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох саналтай ” гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат: Хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Хохирлын хувьд хоёр утасны үнэ 495,000 төгрөг байгаа. Нэг утсыг нь буцааж өгсөн. Нэг утас нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн байгаа. Тэгэхээр шүүгдэгчээс 495,000 төгрөгийг гаргуулах нь боломжгүй гэж үзэж байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Я.Чулуунжав нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, өөрийн эзэмшилд авснаар хулгайлах гэмт хэрэг төгсөх бөгөөд түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч хохирогч ******* 490,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утсыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Я.Чулуунжав нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.
Мөн шүүгдэгч Я.Чулуунжав нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Хонхорын 26 тоот хашаанаас сувдан цагаан өнгийн "Марк-2" маркийн 48-52 УНР улсын дугаартай ******* өмчлөлийн тээврийн хэрэгслийг авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт этгээдийн зүгээс бүх төрлийн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авч явсан, зугатаасан үйлдэл хийснээр төгсдөг, тухайн үйлдлийн улмаас хохирол учирсан байх шаардлагагүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
“Завших зорилгогүйгээр” гэдэгт гэмт этгээд тухайн автотээврийн хэрэгслийг өөрийн өмч болгох, ашиглан шамшигдуулах гэсэн зорилгоор бус, түр хэрэглэх, зугтаах, оргох зэргээр авч явсныг ойлгоно.
Шүүгдэгч Я.Чулуунжав нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******* өмчлөлийн сувдан цагаан өнгийн "Марк-2" маркийн 48-52 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч яван түүнийг хүсэж үйлдсэн байна
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч “хулгайлах”, “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: ...шүүгдэгч Я.Чулуунжав нь бусдад төлөх төлбөргүй, авто тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан өгсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 1 жил 3 сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах... саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбатаас: ...Я.Чулуунжав нь эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр харааны 70 хувийн бэрхшээлтэй. А.Чулуунжав өөрөө ажил хийж энэ айл гэрийг авч явж байгаа. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулахыг дэмжиж байна. Шүүгдэгчийн цагдан хорьсон хугацааг нь хасуулах саналтай байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Я.Чулуунжаваас: Би эхнэр, 3 хүүхэд, өвөөтэйгөө хамт амьдардаг. Би ажил хийж ар гэрээ тэжээдэг. Иймд хорихоор өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, прокурор өмгөөлөгчийн гаргасан санал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоов.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч хууль бус үйлдлийн улмаас хохирогч нийт 490,000 төгрөгийн, хохирогч 4,650,000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь Хөрөнгө үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ үнэлгээний талаар талууд маргаагүй байна.
Шүүгдэгч нь хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу машиныг нь биет байдлаар буцааж өгсөн хохирогч Б.Ган-Эрдэнэ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдъя.
Хохирогч ******* 260,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг-А32 маркийн гар утсыг биет байдлаар буцааж өгсөн ба 230,000 төгрөгийн үнэ бүхий Iphone-7 маркийн гар утасны үнийг төлөөгүй байх тул 230,000 төгрөгийг гаргуулж хохирогч олгох нь зүйтэй гэж үзэв.
2.4. Бусад асуудлаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, Айфоне-7 маркийн гар утсыг хохирогч буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/29 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Я.Чулуунжав энэ хэргийн улмаас 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 8 хоног цагдан хоригдсон болох нь Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн ялын тооцоогоор тогтоогдож байх тул эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,
автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 3 сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан цагдан хоригдсон 8 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож түүний зорчих эрх хязгаарлах ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ жилийн хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, Айфоне-7 маркийн гар утсыг хохирогч буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/29 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Чулуунжаваас 230,000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч олгосугай.
10. Шүүгдэгч хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч Б.Ган-Эрдэнэ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР