Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/59

 

 

 

 

 

 

 

 

 2025       01         30                                          2025/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П, 

улсын яллагч Ц.Л, 

шүүгдэгч Л.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,  шүүгдэгч Л.Н-т холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **”-ны өдөр ******* төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, **************** , ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ********* ********** ********* оршин суух, урьд;

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

Б овогт Л-н Н /РД; ***********/,

Шүүгдэгч Л.Н нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 03.00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ,

Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг “******” төвийн 1 давхрын гадна талын шилэн хаалтыг чулуугаар цохин хагалж 1.323.000 төгрөгийн,

мөн “******” төвийн гадна зогсоолд байсан 92-*****улсын дугаартай “Honda CR-V” /Хонда СРВ/ загварын тээврийн хэрэгслийн хойд талын салхины шилийг чулуугаар цохин хагалж, 300.000 төгрөгийн хохирлыг бусдад учруулж, нийт 1.623.000 төгрөгийн хохирол учруулсан эд хөрөнгө устгах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Л.Н “...мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

          хохирогч “******” төвийн хууль ёсны төлөөлөгч П.Э-н “...2024 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг “******” төвийн гадна талын нэг давхрын шилэн хаалтыг үл таних согтуу эмэгтэй чулуу шидэж хагалсан, мөн байгууллагын биллиардны ресейпшн У гэх эмэгтэйн нөхрийн жолоодож ирсэн тээврийн хэрэгслийн хойд талын салхины шилийг хагалсан байсан. ...хохирлоо барагдуулмаар байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

          хохирогч Б.Б-н “...2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Э ах миний машиныг найз Б-д унуулаад Б ах Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг “******” төвийн гадаа зогсоол дээр байрлуулж хонуулаад, өглөө авах гээд очих үед салхины шилийг нь хагалсан байсан. Машины шилээ солиулаагүй тул унахгүй, дулаан зогсоолд байрлуулсан байгаа.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

          гэрч Д.Б-гийн “...2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн найз Э-ийн дүү Б-н эзэмшлийн 92-*****улсын дугаартай “Honda CR-V/Хонда СРВ/ тээврийн хэрэгслийг...Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг “******” төвийн гадна зогсоол дээр байрлуулаад өөрийн “Subaru Forester” /Субару форестер/ загварын тээврийн хэрэгслээ жолоодон явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

          гэрч Б.Намдагдоржийн “...цагдаагийн газрын жижүүрээс “Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг “******” төвийн гадаа эмэгтэй хүн “*****/*****/ баарнаас хөл нүцгэн хөөгөөд гаргачихаар нь шил хагалсан” гэсэн дуудлага ирэхээр нь 03.30 цагийн орчим “******” төвийн гадаа очиход өөрийгөө Н гэх эмэгтэй архи үнэртүүлчихсэн, ногоон саравчтай малгайтай, юүдэнтэй цагаан цамцтай, саарал өмдтэй, нэг хөл нь нүцгэн, нэг хөлөндөө гуталтай газар сууж байсан. Юу болсон талаар асуухад “энэ “*****/*****/ баар чинь намайг хөөж гаргалаа, ямар овоо болсон юм бэ, би энэ шилийг, машины шилтэй хамт хагалсан” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

          гэрч С.У-н “...2024 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 01.00 цагийн орчим манай бааранд юүдэнтэй цагаан цамцтай, ногоон саравчтай малгайтай, саарал өнгийн бэлтгэлийн өмдтэй, хар гуталтай, том үүргэвч үүрсэн эмэгтэй “Эрдэнээ ах байна уу” гэж орж ирсэн. Удалгүй охидуудын хувцас солих өрөө рүү ороод хэсэг байж байгаад өрөөсөн гутлаа гартаа барьчихсан, нэг хөл нь цус гарсан байдалтай гарч ирээд “цагдаа дуудна” гээд орилоод байсан. ...Баар хаагаад цэвэрлэгээ хийж байхад орилж хашхираад, намайг хэл үгээр доромжлоод байхаар нь би тухайн эмэгтэйг сугадаад 3 давхраас 1 давхарын хаалгаар гаргаж, хаалгаа цоожилсон. Араас удалгүй юм хагарах чимээ хоёр удаа гарсан, тухайн эмэгтэй юм шидэж хагалаад байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

          гэрч Г.А-н “...тухайн өдөр би “*****” /*****/ бааранд бүжигчнээр ажиллаж байхад гаднаас ногоон саравчтай малгайтай, саарал өнгийн өмд, цамцтай эмэгтэй орж ирээд...утсаа оролдоод сууж байсан. ...02.00 цаг болж байхад тухайн эмэгтэй манай зохион байгуулагч Ундрах ахтай маргалдаад, хэрүүл хийгээд байсан. ...Би бүжгийн заалнаас охидын хувцас солих өрөө рүү ортол вискиний аяга хагарсан, шалаар цус болсон байсан. ...Дараа нь зөөгч нараас сонсоход аяга хагалаад, орилж хашхираад дээр нь гишгээд байхаар нь Ундрах ах гаргатал ****** төвийн гадна шил, машины шил хагалсан гэж ярьцгааж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

         Л.Н-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. …2024 оны 10 дугаар сарын 23-24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг “*****” /*****/ бааранд ажиллаж байгаад бармен залуутай нь цалингийн асуудлаас болж маргалдан, намайг хэл үгээр доромжлоод, баарнаас хөөж гаргасны улмаас би уурандаа чулуу шидэж “******” төвийн 1 давхрын гадна шил болон зогсоол дээр байсан цайвар өнгийн машины арын шилийг хагалсан. Би нэлээд согтуу байдалтай байсан, ...зарим зүйлийг сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн10-11, 52, 56-57 дахь тал/,

        иргэн Угийн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 8 дахь тал/,

          Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг “******” төвийн гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

          “Ашидбилгүүн хөрөнгийн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ОРХ/11148 дугаартай; “...“Honda CR-V /Хонда СРВ/ хойд салхины шил 300.000 төгрөг, шилэн фасад 1.323.000 төгрөг, нийт 1.623.000 төгрөг.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42-45 дахь тал/,

          Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг “******” төвийн гадна талын хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 12 дахь тал/,

          шүүгдэгч Л.Н-ийн;

          иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 71 дэх тал/,

          эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 61 дэх тал/,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 52-57 дахь тал/,

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10-01/3140 дугаартай,

          “...Л.Н нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 600.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг бүрэн төлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 23/246 дугаар тогтоолоор дуусгавар болгосон байна.” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 69 дэх тал/ зэрэг болно.

          Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас, мөн Л.Н-ээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Л.Н дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь  хэргийн үйлд баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

          хохирогч “******” төвийн хууль ёсны төлөөлөгч П.Э-н “...нэг давхрын шилэн хаалтыг үл таних согтуу эмэгтэй чулуу шидэж хагалсан, мөн байгууллагын биллиардны ресейпшн У гэх эмэгтэйн нөхрийн жолоодож ирсэн тээврийн хэрэгслийн хойд талын салхины шилийг хагалсан байсан.” гэх,

          хохирогч Б.Б-н “...Б ах Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг “******” төвийн гадаа зогсоол дээр байрлуулж хонуулаад, өглөө авах гээд очих үед салхины шилийг нь хагалсан байсан.” гэх,

          гэрч Б.Намдагдоржийн “...“******” төвийн гадаа очиход өөрийгөө Н гэх эмэгтэй архи үнэртүүлчихсэн, ...сууж байсан. Юу болсон талаар асуухад “энэ “*****/*****/ баар чинь намайг хөөж гаргалаа, ямар овоо болсон юм бэ, би энэ шилийг, машины шилтэй хамт хагалсан” гэж хэлсэн.” гэх,

          гэрч Г.А-н “...02.00 цаг болж байхад тухайн эмэгтэй манай зохион байгуулагч Ундрах ахтай маргалдаад, хэрүүл хийгээд байсан. ...Би бүжгийн заалнаас охидын хувцас солих өрөө рүү ортол вискиний аяга хагарсан, шалаар цус болсон байсан. ...Дараа нь зөөгч нараас сонсоход аяга хагалаад, орилж хашхираад дээр нь гишгээд байхаар нь Ундрах ах гаргатал ****** төвийн гадна шил, машины шил хагалсан гэж ярьцгааж байсан.” гэх,

         Л.Н-ийн өөрийнх нь өгсөн “…намайг хэл үгээр доромжлоод, баарнаас хөөж гаргасны улмаас би уурандаа чулуу шидэж “******” төвийн 1 давхрын гадна шил болон зогсоол дээр байсан цайвар өнгийн машины арын шилийг хагалсан.” гэх мэдүүлгүүдээр,

        Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг “******” төвийн гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашидбилгүүн хөрөнгийн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ОРХ/11148 дугаартай, “...“Honda CR-V /Хонда СРВ/ хойд салхины шил 300.000 төгрөг, шилэн фасад 1.323.000 төгрөг, нийт 1.623.000 төгрөг.” гэсэн шинжээчийн дүгнэлт, иргэн Угийн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Л.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          “Эд хөрөнгө устгах” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгох өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болгосныг,

          “Эд хөрөнгө гэмтээх” гэж эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгох бөгөөд энэ гэмт хэргийн халдлагын зүйл нь бусдын эд хөрөнгө байна.

          Бусдын эд хөрөнгийг хууль бусаар, устгасан, гэмтээсэн үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хохирол, хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хохирол, хор уршийн хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хохирол, хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч Л.Н-ийн үйлдэл нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд бусдын өмчид учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч Л.Н-ийн хүний өмчлөх эрхэд халдаж, өмчтэй байх хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Л.Нийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруусан” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Л.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Л.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч Л.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох буюу ******** ********** ********** явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн санал гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзсан болно.  

Шүүх шүүгдэгч Л.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, мөн хохирол, төлбөр төлөөгүй хувийн байдлууд болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг, улсын яллагчийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал зэргийг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу ************ ************ нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчилсан.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Л.Н гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд шүүх хавтаст хэргийн 42-45 дахь талд авагдсан “Ашидбилгүүн хөрөнгийн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ОРХ/11148 дугаартай, “...“Honda CR-V” /Хонда СРВ/ хойд салхины шил 300.000 төгрөг, шилэн фасад 1.323.000 төгрөг, нийт 1.623.000 төгрөг.” гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн түүнээс 1.653.000 төгрөг гаргуулж,

300.000 төгрөгийг хохирогч Б.Б-т,

1.323.000 төгрөгийг хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг “******” төвийн хууль ёсны төлөөлөгч П.Э-т тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Н нь шүүх хуралдааныг завсарлуулж хохирол төлбөр төлөх талаар санал, хүсэлт гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт хураан ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг “******” төвийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-т  урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Л-н Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруусан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох буюу ********* ********* нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Л.Н-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Нээс нийт 1.623.000 төгрөг гаргуулж,

хохирогч Б.Б-т 300.000 төгрөг, хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг “******” төвийн хууль ёсны төлөөлөгч П.Э-т 1.323.000 төгрөгийг тус тус олгосугай.

7.Хэрэгт хураан ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг “******” төвийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.Э