| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0030/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/53 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/53
2025 01 28 2025/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч М.Б-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр *********** ******* төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ********* мэргэжилтэй, “**************” ********* ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ********** ************* ********* оршин суух, урьд;
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
А овогт М-н Б /РД; **********/,
Шүүгдэгч М.Б нь;
2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ****** багаас Булган аймаг Бугат сум руу явах замд “хэл сураггүй хөдөө олон хоног явсан” гэх шалтгаанаар хохирогч О.О-н хувцсыг тайлж, цохисон,
Орхон аймаг Баян-Өндөр сум ***** баг “**************” ХХК-ийн ажлын байранд хохирогч О.Оийг авч очиж “усанд ор, хувцас хунараа угаа, хоол хийж ид” гэж хэлж зодсон,
Орхон аймаг Баян-Өндөр сум ***** баг *****тоотод зодож, эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, баруун бугалга, баруун, зүүн шуу, нуруу, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч М.Б “...би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, хэрэгт байгаа баримтуудад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гомдолгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогч О.О-н “...2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хөдөөнөөс ирээд, айлд хоол идээд сууж байхад Б ирээд намайг өшиглөж, зодоод тухайн айлаас авч гарсан. Намайг хээр аваачиж нүцгэлж зодчихоод, орхиод яваад өгсөн, би замын унаанд дайгдаж Б-ийн ахынд очиж хувцас олж өмссөн, удалгүй Б ирж намайг “**************” ХХК-ийн ажлын байрандаа аваачиж “усанд ор, хувцас хунараа угаа, хоол хийж ид” гэсэн, тэр хооронд өөрөө виски ууж согтчихоод намайг дахиад зодсон. Би Бийг унтангуут зугтаж гараад Э ахынд очоод өмссөн хувцсаа буцааж өгч байхад Б ирээд намайг дахин зодсон. ...Б-д гомдол санал байхгүй, би өөрөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хөдөө хэл сураггүй олон хоног явсан тул уурлаад намайг цохиж зодсон байх, миний сэтгэл санаанд ямар нэгэн байдлаар хор уршиг учраагүй, сэтгэцийн хохирол нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 19-20, 23-24 дэх тал/,
гэрч М.Н-н “...Охиныгоо хүнд зодуулсан талаар мэдсэн, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б гэх хүнд зодуулсан гэсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
гэрч Т.О-н “...2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хөдөөнөөс ирээд Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг ******тоот гэртээ байж байтал гаднаас Б ах орж ирээд О эгчийг “чи олон хоног хаагуур яваад ирж байгаа юм, гэр орны хүмүүс чинь надаас асуугаад байна шүү дээ” гэж хэлж, уурлаж байсан. О, Б нар хоорондоо хэрэлдэх гээд байхаар нь “ах, эгч хоёр хэрүүл уруулаа гараад хийчих ээ” гээд гэрээсээ гаргасан. Манайхаас О эгчийг аваад гарсан, тухайн үед О эгч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, Б гэх хүнийг эрүүл согтууг анзаараагүй, тухайн үед их ууртай явж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
гэрч Д.У-н “...2024 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 07.00 цагийн үед О над руу залгаж, уйлаад “намайг ирж аваач, Б намайг зодчихлоо” гэсэн. ...Би тухайн үед О-тэй уулзсан, түүний баруун талын нүд зодуулаад тагларсан, маск зүүсэн байсан, нүдийг нь сайн харсан. Б, О нар гэр бүлээс гадуурх харилцаатай, Б Улаанбаатар хотод гэр бүлтэй, үе, үе Оийн нүд, ам нь хөхөрсөн байдалтай явж байдаг.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
гэрч Ү.Э-н “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өглөө үүрийн 03-04 цагийн хооронд гэрийн хаалга нүдээд байхаар нь онгойлготол хөл нүцгэн 50 орчим насны эмэгтэй хүн орж ирээд “ахаа надад туслаач, доод айлд зодуулаад орж ирлээ, цагдаа дуудаад өгөөч” гэсэн. Цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгөөд тухайн хүнийг явуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,
гэрч Б.Т-н “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хуваарьт томилгооны дагуу хотын төвийн чиглэлд хөдөлгөөнт эргүүлд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. 7035*** дугаарын утаснаас “Орхон аймаг Баян-Өндөр сум ***** баг 6-10 байрны 4 давхарт зодуулсан эмэгтэй хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл ирж, шалгахад уг тоотын айлд гурван эрэгтэй, нэг эмэгтэй хүн байсан. Тухайн айлаас юу болсон талаар асууж тодруулахад О гэх хүүхэн “Б намайг зодсон, намайг ална гэсэн, би арай гэж тухайн айлаас зугтаж дээд айл руу орж дуудлага мэдээлэл өгүүллээ” гэсэн. Тухайн айлаас О, Б нарыг цагдаагийн байгууллага руу авч явж, жижүүрийн мөрдөгч ахмад Булгантамирт хүлээлгэж өгсөн. ...О нүүрэндээ гэмтэл авч, нүд нь тагларсан байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
гэрч Р.М-н “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хуваарьт томилгооны дагуу гэр хорооллын чиглэлд хөдөлгөөнт эргүүлд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Оройн 20.00 цагийн орчим 7035*** дугаарын утаснаас “Орхон аймаг Баян-Өндөр сум **** баг 17 дугаар сургуулийн урд зам дээр нүцгэн эмэгтэй хүн явж байна” гэсэн дуудлага мэдээллээр шалгахад акуа загварын автомашин дотор бүтээлгээр биеэ ороосон эмэгтэй хүн сууж байсан. ...Оийг Орхон аймаг Баян-Өндөр сум ***** баг 6-10 байрны 3 давхарт байрлах Э гэх ахынд нь хүлээлгэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,
М.Б-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Очироо гэх айлд О согтуу хэвтэж байсан, тухайн айлаас авч гараад О согтуу байсан болохоор эрүүл болгох санаатай Бугат явдаг замын хажууд хөдөө хувцсыг нь тайлаад машины хажууд суулгатал гүйгээд алга болсон, би тухайн үед жаахан зүүрмэглэсэн байсан. О Орхон аймаг Баян-Өндөр сум ***** баг 6-19-д байх Э гэх айлд очсон байхаар очиж аваад ажил дээрээ авч ирээд “усанд ор, хоол хийж ид, хувцсаа угаа” гэж хэлсэн. ...би тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64, 71-72 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 891 дугаартай; “...Оийн биед баруун, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, баруун бугалга, баруун, зүүн шуу, нуруу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,
хохирогч О.Оийн;
Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
шүүгдэгч М.Б-ийн;
иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 90 дэх тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76 дахь тал/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 79-85 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн М.Б-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч М.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,
хохирогч О.О-н “...намайг “**************” ХХК-ийн ажлын байрандаа аваачиж “усанд ор, хувцас хунараа угаа, хоол хийж ид” гэсэн, тэр хооронд өөрөө виски ууж согтчихоод намайг дахиад зодсон. Би Б-г унтангуут зугтаж гараад Э ахынд очоод өмссөн хувцсаа буцааж өгч байхад Б ирээд намайг дахин зодсон.” гэх,
гэрч М.Н-н “...Охиныгоо хүнд зодуулсан талаар мэдсэн, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б гэх хүнд зодуулсан гэсэн.” гэх,
гэрч Д.У-н “...2024 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 07.00 цагийн үед О над руу залгаж, уйлаад “намайг ирж аваач, Б намайг зодчихлоо” гэсэн. ...Би тухайн үед Отэй уулзсан, түүний баруун талын нүд зодуулаад тагларсан, маск зүүсэн байсан, нүдийг нь сайн харсан.” гэх,
гэрч Ү.Э-н“...2024 оны 10 дугаар сарын 06-ны өглөө үүрийн 03-04 цагийн хооронд гэрийн хаалга нүдээд байхаар нь онгойлготол хөл нүцгэн 50 орчим насны эмэгтэй хүн орж ирээд “ахаа надад туслаач, доод айлд зодуулаад орж ирлээ, цагдаа дуудаад өгөөч” гэсэн. Цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгөөд тухайн хүнийг явуулсан.” гэх,
гэрч Б.Т-н “...О гэх хүүхэн “Б намайг зодсон, намайг ална гэсэн, би арай гэж тухайн айлаас зугтаж дээд айл руу орж дуудлага мэдээлэл өгүүллээ” гэсэн. ...О нүүрэндээ гэмтэл авч, нүд нь тагларсан байдалтай байсан.” гэх мэдүүлгүүдээр,
мөн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 891 дугаартай, “...Оийн биед баруун, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, баруун бугалга, баруун, зүүн шуу, нуруу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, хохирогч О.О-н Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хохирол, хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хохирол хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилж хамгаалагдсан эрхийн эсрэг хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас шууд учирсан гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.
Шүүгдэгч М.Б-н хохирогч О.О-н эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүний эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрсөн үйлдэл нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалгаант холбоотой юм.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч М.Б-н үйлдэл энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч М.Б нь “...гэмтлийг би бүгдийг нь учруулаагүй, бодит байдал дээр согтуу явж байгаад Булган аймагт аваарт орсон юм билээ.” гэж өөрийн гэм бурууд маргах боловч энэ нь хохирогч О.О-н “...намайг “**************” ХХК-ийн ажлын байрандаа аваачиж “усанд ор, хувцас хунараа угаа, хоол хийж ид” гэсэн, тэр хооронд өөрөө виски ууж согтчихоод намайг дахиад зодсон. Би Б-г унтангуут зугтаж гараад Э ахынд очоод өмссөн хувцсаа буцааж өгч байхад Б ирээд намайг дахин зодсон.” гэх,
гэрч М.Н-н “...Охиныгоо хүнд зодуулсан талаар мэдсэн, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б гэх хүнд зодуулсан гэсэн.” гэх,
гэрч Д.У-н “...2024 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 07.00 цагийн үед О над руу залгаж, уйлаад “намайг ирж аваач, Б намайг зодчихлоо” гэсэн. ...Би тухайн үед Отэй уулзсан, түүний баруун талын нүд зодуулаад тагларсан, маск зүүсэн байсан, нүдийг нь сайн харсан.” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч М.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгчийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч М.Б-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой зэрэг хувийн байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал,
түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар ********* *********** нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн саналыг тус тус харгалзан,
“эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Хохирогч О.О-н “...миний сэтгэл санаанд ямар нэгэн байдлаар хор уршиг учраагүй, сэтгэцийн хохирол нэхэмжлэхгүй.” гэсэн хавтаст хэргийн 17, 20, 101 дэх тал авагдсан мэдүүлгийг,
“…М.Б-д ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн хавтаст хэргийн 101 дэх талд авагдсан хүсэлтийг тус тус үндэслэн шүүгдэгч М.Б-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овогт М-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э