Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2021/01341

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2021/01341

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Н.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Б-т холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Н, хариуцагч А.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие А.Бтай 2015 онд танилцаж, үерхэж байгаад 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр охин Быг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдарч байсан. Гэвч охиноо төрснөөс хойш бидний харилцаа таарамжгүй болж хөндийрсөөр 2021 оны 3 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байна. Биднийг тусдаа амьдарснаас хойш охин Б миний асрамжид байгаа.

Иймд охин Бд эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би эхнэр Нтай 2015 онд танилцаж, 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр охин Б төрсөн. Албан ёсоор гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. Намайг Улаанбаатар хотод байхад Н бүх хувцасаа аваад явсан байсан. Намайг охинтойгоо уулзах гэхээр Н болоод хадам аав, ээж нар охинтой минь уулзуулдаггүй. Миний хувьд эхнэр хүүхдээсээ тусдаа амьдрах бодолгүй байгаа. Охин маань миний охин мөн тул хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н нь хариуцагч А.Бт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Н, А.Б нар нь 2015 оноос үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр охин Б төрсөн болох нь:

2018 оны 8 дугаар сарын 18-ны төрсөн хүү Боржигон А.Бын Б (РЮ18281843)-д олгосон төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай Д өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Н тус багийн 17 дугаар гудамжны 24 тоотод ам бүл 6, аав, ээж, дүү, охины хамт оршин суудаг нь үнэн болно гэх тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй.

Зохигчид нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Б гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Бд төрсөн эцэг А.Баас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Охин Б эх Нын асрамжид байгаа нь эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг А.Б, эх Н нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Түүнчлэн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг А.Б, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н нарт тус тус даалгалаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Быг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Баас улсын тэмдэгтийн хураамж 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.ДАВААХҮҮ