Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э*******,

Улсын яллагч Д.Н*******,

Шүүгдэгч Н.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б*******од холбогдох эрүүгийн *************** дугаартай, ******* индекстэй хэргийг хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Ц******* сумын О******* * дүгээр баг Н******* гэх газар задгай хөдөө оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш******* ургийн овогт Н Б******* Регистрийн дугаар: /РД:***********/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б******* нь 2024 оны 06 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ц******* сумын О******* 1 дүгээр баг Н******* гэх газарт Монгол Улсын Ойн сангийн ашиглалтын бүсийн ойгоос зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Ойн сангийн ойгоос 3,8572 м.куб хуурай болон нойтон 109 ширхэг шинэс мод, 1,0373 м.куб 22 ширхэг нойтон нарс мод нийт 131 ширхэг нойтон болон хуурай шинэс, нойтон нарс мод бэлтгэж, улсын дугаартай бага оврын ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 2,296,773 төгрөгийн хохирол учруулах буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:Үүнд:

  1. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:

... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон эд мөрийн баримтаар шүүгдэгч Н.Б*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Тодруулбал 2024 оны 06 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ц******* сумын О******* нэгдүгээр баг Нянгаа гэх газарт Монгол улсын ойн сангийн ашиглалтын бүсийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 3,8 метр куб хуурай болон нойтон нийт 109 ширхэг шинэс мод, 1,375 метр куб 22 ширхэг нойтон нарс мод, нийт 131 ширхэг нойтон болон хуурай шинэс, нойтон нарс мод тус тус бэлтгэсэн. Уг бэлтгэсэн модыг улсын дугаартай бага оврын ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн. Энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид шууд хохирол нь 2,296,773 төгрөгийн хохирол учирсныг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар 3 дахин нэмэгдүүлэн тооцоход экологи, эдийн засгийн үнэлгээгээр нийт 6,890,319 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Өнөөдрийн байдлаар 4,890,319 төгрөг төлөгдөөгүй. Үүнийг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулахаа илэрхийлснийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдэгдэл дүн болох 4,890,319 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас зөвшөөрөлгүйгээр бэлтгэгдсэн мод болох 4,8945 метр куб бүхий 181 ширхэг шинэс, нарс модыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэгт битүүмжлэгдсэн дугаартай “ 3” маркийн тээврийн хэрэгсэл нь 2,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдэгт тээврийн хэрэгсэл нь хамаарч байна. Хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол үнийн дүнг гаргуулна гэж заасан байна. Хэргийн нөхцөл байдлаас харахад гэмт хэрэг 2024 оны 06 дугаар сард гарсан. Бусдад зарж борлуулсан асуудал нь үүнээс хойш буюу 2024 оны 08 дугаар сард Н.Сайхнаа гэх хүнд зарсан гэж шүүгдэгч хэллээ. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэнээс хойш гэмт хэрэг үйлдсэн тээврийн хэрэгслээ зарж борлуулсан байгаа нь хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч, хадгалах, устгах эсвэл гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасныг үндэслэн хурааж авч, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд гэсэн ийм нөхцөлийг заасан байна. Хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан үйл баримтууд, нотлох баримтуудыг шинжлэн судлаад үзэхээр өмчлөлд гэдэг нь эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх гурвуулаа байхыг шаарддаг. Тухайн үед шүүгдэгчийн хувьд эзэмшиж байсан буюу өөрийнх нь эзэмшилд ашиглаж байсан байна. Тухайн тээврийн хэрэгслийг ашиглаад мод бэлтгээд тээвэрлээд явж байсан. Захиран зарцуулах эрх хэдийгээр тээврийн хэрэгслийн нэр шилжээгүй байгаа ч гэсэн захиран зарцуулах эрх байсан гэж үзэж байна. Яагаад гэвэл 2024 оны 08 дугаар сард н.Сайхнаа гэх хүнд зарсан. Зараад мөнгийг нь авсан гэж шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрч н.Н мэдүүлгээр захиран зарцуулах эрх өөрт нь байсан болох нь тогтоогдсон гэж үзэж байгаа учраас тээврийн хэрэгсэл нь өмчлөлд нь байсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар 2,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн “ 3” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасныг баримтлах нь зүйтэй байна гэх саналыг шүүхэд гаргаж байна гэх.

  1. Шүүгдэгч Н.Б******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

... Би 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эхнэртэйгээ хуримаа хийж, тусдаа гарсан. Аав ээж хоёр бидэнд 300 гаруй толгой мал тасалж өгсөн. Манай өвөө 95 настай хүн байдаг. Өвөө өвөлжөөгөө надад өгчихсөн байсан. Би хөдөө 2014 оноос хойш мал малласан. 2018 онд цэрэгт яваад 2019 онд цэргээс ирсэн. 10 жил мал маллаж байна. Надад малаа өвөлжүүлэх өвөлжөө байхгүй учраас өвөөгийнхөө өвөлжөөг сэргээж, өвөлжих зорилгоор уулнаас мод түүж, бэлтгэж авсан. Хохирлоос 2,000,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 4,890,319 төгрөгийг 2025 ондоо багтааж, хохирлыг барагдуулж дуусна. Ирэх зунаас ногоо гарч, мал таргалахаар малаа зарж, хохирлыг барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх.

Эрүүгийн ******************** дугаартай хэргээс улсын яллагч дараах нотлох баримтыг шинжлэн судлав.Үүнд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-15-р хуудас /

2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 16-19-р хуудас/

3. Хохирогч И.ын мэдүүлэг, /хх-ийн 29-р хуудас /

4. Гэрч, иргэний нэхэмжлэгч Д.Н мэдүүлэг, /хх-ийн 35-р хуудас /

5. Гэрч Ц. Гын мэдүүлэг, /хх-ийн 33-р хуудас /

6. Сэлэнгэ аймгийн Ц******* сум дахь Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангийн инженер У.Бгийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 44-50-р хуудас/

7. Улсын байцаагчийн акт, /хх-ийн 54-р хуудас/

8. бн ХХК-н 2024 оны 11 дүгээр сарны 14-ний өдрийн ТХҮ-824/1******** дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 58-59-р хуудас/ зэргийн шинжлэн судалсан болно.

Харин шүүгдэгч Н.Б******* нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Б*******од холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

Хэргийн үйл баримт:

Шүүгдэгч Н.Б******* нь 2024 оны 06 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ц******* сумын О******* 1 дүгээр баг, Н******* гэх газарт Монгол Улсын Ойн сангийн ашиглалтын бүсийн ойгоос зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Ойн сангийн ойгоос 3,8572 м.куб хуурай болон нойтон 109 ширхэг шинэс мод, 1,0373 м.куб 22 ширхэг нойтон нарс мод нийт 131 ширхэг мод бэлтгэж улсын дугаартай бага оврын ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 2,296,773 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

1.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-15-р хуудас/

1.2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 16-19- р хуудас/

1.3. Хохирогч И.ын мэдүүлэг, /хх-ийн 29-р хуудас/

1.4. Гэрч, иргэний нэхэмжлэгч Д.Н мэдүүлэг, /хх-ийн 35-р хуудас/

1.5. Гэрч Ц.Гын мэдүүлэг, /хх-ийн 33-р хуудас/

1.6. Сэлэнгэ аймгийн Ц******* сум дахь Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангийн инженер У.Бгийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 44-50-р хуудас/

1.7. Улсын байцаагчийн акт, /хх-ийн 54-р хуудас/

1.8.” бн” ХХК-ны 2024 оны 11 дүгээр сарны 14-ний өдрийн ТХҮ- 824/11352 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 58-59-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрх зүйн дүгнэлт.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ.

Шүүгдэгч Н.Б******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос нойтон 109 ширхэг шинэс мод, 22 ширхэг нарс модыг бэлтгэсэн үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “...Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги (байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан) иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно...” гэж заажээ.

Шүүгдэгч Н.Б******* нь ойн тухай хууль зөрчиж, ойн ангиас зөвшөөрөл авсан газраас өөр газар мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн байна.

Иймд шүүгдэгч Ш******* овогт Н Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б******* нь 2024 оны 06 сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ц******* сумын О******* 1 дүгээр багийн нутаг “Н*******” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос нойтон 109 ширхэг шинэс мод, 22 ширхэг нарс модыг тус тус бэлтгэн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид /ойн санд/ 2,239,773 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хүн нь 2024 онд хэрэглээний болон түлшний мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Би 2005 оноос хойш ажиллахад Н.Б******* ямар нэгэн хууль бус модны зөрчил болон эрүүгийн хэрэгт холбогдож байгаагүй. Шинжээчийн дүгнэлтэд гарсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг нэхэмжлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-р хуудас)

2. Гэрч, Иргэний нэхэмжлэгч Д.Найсал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн машиныг 2018 билүү 2019 онд М.Ш гэдэг хүнээс 12 сая төгрөгийн малаар худалдан авч байсан. Тэгээд өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байсан. Манай хүү 2024 оны 06 дугаар сарын сүүлээр тустай гарах үед нь би тухайн " " улсын дугаартай "Бонго 3" маркийн тээврийн хэрэгслийг Н.Б*******од өгсөн. Н.Б******* тухайн машины моторыг нь цохиулчхаад Ц******* сумын иргэнд худалдан борлуулсан байна лээ. Би өөр зүйл мэдэхгүй байна. Би өөрийнхөө хүү Н.Б*******ыг мод бэлтгэсэн талаар юу ч мэдээгүй, манай хүү 2024 оны 06 дугаар сарын 20-ны үед тустай гэр бүл болоод гарсан. Сүүлд цагдаа болон байгаль орчноос хүмүүс ирээд Н.Б*******той уулзаад байхаар нь юу болсон талаар нь асуухад "манай аав буюу өөрийнхөө өвөөгийн өвөлжөөг сэлгэж засах зорилгоор уулнаас унасан мод бэлтгэсэн” талаар хэлсэн өөр юм хэлээгүй. Манай аавын өвөлжөө олон жил болоод маш муу болсон байсан. Манай хүү эхнэртэй болоод 2024 оны 06 дугаар сараас эхлэн тустай гарч амьдрах болсон. Одоо ямар нэгэн хүүхэд байхгүй ба Ц******* суманд мал маллаж амьдардаг. Манай хүү Хилийн цэрэгт алба хаасан ба архи дарс ууж, тамхи татахгүй даруухан зан ааштай залуу гэж боддог. Н.Б******* нь манай дунд хүү юм. Би өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг одоогоос 5-6 жилийн өмнө М.Шаас худалдаж аваад мөнгө төгрөгийг нь төлж барагдуулсан. Тэгээд өөрөө хэдэн жил унаж байгаад энэ зун өөрийн хүүдээ өгсөн. Хүү маань тэр машиныг эвдэрчихээр нь удаалгүй зарсан байна лээ. Миний зүгээс өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй боловч миний эзэмшлийн машин байсан. Одоо надад ямар нэг санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас),

3. Гэрч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ц******* сумын засаг даргын тамгын газарт 2022 оны 02 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. Намайг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажил дээр байх үед Ц******* сумын засаг дарга Ц.Б уулзаж "Ц******* сумын 1 дүгээр баг Н******* гэх газарт хууль бусаар мод бэлтгэн өвөлжөөн дээр буулгасан байна" гэх гомдол иргэнээс ирсэн очиж шалга гэж хэлсэн. Тэгээд би тухайн газар руу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ц******* сумын 3 дугаар багийн байгаль хамгаалагч Б.Е хамт шалгалтаар очиход н. гэх иргэний өвөлжөөний зүүн хойд буланд олон тооны нарс, шинэс модыг буулгасан байсан. Тэгэхээр нь өвөлжөөнд буулгасан модонд үзлэг хийж, хураан авч сумын засаг даргын тамгын газрын хашаанд буулгасан. Тухайн моднуудыг нэг бүрчлэн тоолоход нийт 130 мод тоологдсон. Тэнд байсан моднуудаас нарснууд нь хуурай байсан ба шинэс мод нь хуурай, нойтон холилдсон байсан. Би шалгасан зөрчлийн материалаа гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр прокурорт хүргүүлсэн. Тухайн газарт сумын иргэдийн хурлаас ямар нэгэн мод бэлтгэх хуваарь олгогдоогүй байсан. Нойтон мод бэлтгэх зөвшөөрлийг иргэнд өгөхгүй зөвхөн аж ахуйн нэгжид өгдөг...” гэх мэдүүлэг (хх-ийн 57-59-р хуудас),

4. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэл, модонд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл битүүмжилсэн тэмдэглэл, тогтоол (хх-ийн 3-р хуудас),

5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-8, 9-12-р хуудас),

6. Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай дүгнэлтэд

“...Иргэн Н.Б*******ын бэлтгэж тээвэрлэсэн гэх моднуудын экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын Сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1-р хавсралт "Ойн сангийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн: Тооллогын дүнгээр нарс хэрэглээний мод 1.0373 метр куб гарсан бөгөөд үүнийг ойн нөөцийн төлбөрийн үнэлгээгээр 1 шоо метр нарс модны үнэ болох 234,634 төгрөгөөр үржүүлэхэд 243,386 мөнгөн төлбөр гарч байна. Үүнийг мод модон материалын ашиглалтын гарцын итгэлцүүр /Хэрэглээний бөөрөнхий мод гуалин -1.8 /-аар үржүүлэн тооцоход 438,095 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол гарч байна.

Нийт 131 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь: 1,858,678 /хэрэглээ хуурай нойтон шинэс/ + 438,095 /хэрэглээний нарс/ = 2,296,773 /хоёр сая хоёр зуун ерэн зургаан мянга долоон зуун далан гурван/ төгрөгийн хохирол учруулсан байна. Дүгнэлт гаргасан Сэлэнгэ бүсийн сум дундын ойн ангийн инженер У.Б” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 45-50-р хуудас),

7. Сэлэнгэ аймгийн байгаль орчны газрын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/29-01/068/35 дугаартай: 

-Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоход Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн тооцоход ойн санд учирсан хохирол 254,981*5=1,274,905 төгрөг ойн санд учруулсан хохирол 2,296,773*3=6,890,319 төгрөг буюу нийт хохирлын хэмжээ 6,890,319 төгрөгийн хохирол учирсан гэх хохирлын үнэлгээ тогтоох тухай акт (хх-ийн 54-р хуудас),

8. Хөрөнгө үнэлгээний “ бн” ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн:

“... улсын дугаартай 2006 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол Улсаар орж ирсэн “ 3” маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж зах зээлийн дундаж үнийг 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.

Төмөр гинж, ир, иш их бие нь салсан цагаан өнгийн их биетэй, цэнхэр бариултай цахилгаан гар хөрөө зэргийн техник, тоног төхөөрөмжүүдийн нийт бодит үнэ цэнийг  20,000 (хорин мянга)-н төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт (хх-ийн 59-р хуудас), 

9. Шүүгдэгч Н.Б******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эхнэртэйгээ хуримаа хийж тусдаа гарсан. Аав ээж 2 маань 300 гаран толгой мал тасалж өгсөн. Манай өвөө 95 настай хүн байдаг. Өвөө өвөлжөөгөө надад өгчихсөн байсан. би хөдөө 2014 оноос хойш мал малласан. Надад малаа өвөлжүүлэх өвөлжөө байхгүй учраас өвөөгийнхөө өвөлжөөг сэргээн өвөлжих зорилгоор уулнаас мод түүж бэлтгэж авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үлдсэн хохирлоо төлж барагдуулна. Энэ модыг хуулиа сайн мэдэхгүй, малаа өвөлжөөтэй болгох гэж бэлтгэж авсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Н.Б******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ. 

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай,

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас Байгаль экологи, ойн санд 6,890,319 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно...” гэж Байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.Б******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, ойн санд 2,296,773 төгрөгийн шууд хохирол учруулжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Н.Б*******ын ойн санд учирсан хохирол болох 2,296,773 төгрөгийн ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 6,890,319 төгрөгийг гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж,

Шүүгдэгч Н.Б*******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байна.

Иймд шүүгдэгч Н.Б*******ын нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугаартай, “ 3” маркийн тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 8572 м.куб хуурай болон нойтон 109 ширхэг шинэс мод, 1,0373 м.куб 22 ширхэг нойтон нарс мод нийт 131 ширхэг модыг тус тус хураан авч, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Шүүгдэгч гэмт хэргийн ял хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар эрүүгийн хариуцлагын зорилго шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж үзэж оногдуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Шүүгдэгч гэр бүлтэй, эхнэр нь жирэмсэн, өөрөө малтай малчин буюу эрхэлсэн тодорхой ажилтай, хөрөнгө орлого олох боломжтой гэж үзэж байгаа учраас торгох ялыг санал болгож байна. Үүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн тогтоож болно гэж заасныг баримтлан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.

Мал малладаг гэсэн учраас нийтэд тустай ажил хийлгэх ял эсвэл зорчих эрхийг хязгаарлах ял нь цаашид шүүгдэгчийн ар гэрээ авч явах, эрхэлсэн ажил хөдөлмөрөө эрхлэхэд нь нийцэхгүй юм болов уу гэсэн үүднээс мөн орлоготой гэдгийг харгалзаж үзээд энэ ялын саналыг тавьж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө нь “ бн” ХХК-ийн үнэлгээгээр 80,000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа ч гэсэн өнөөдрийн байдлаар энэ цахилгаан хөрөө нь ашиглагдах боломжгүй гэж харагдаж байна. Тийм учраас устгах саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан учраас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг устгахаар саналыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. Энэ хэрэгт Н.Б******* нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэ хэргийн улмаас бол цагдан хоригдсон хоног байхгүй. Хорихоос өөр төрлийн ял шийтгэх санал гаргасантай холбогдуулаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх санал гаргаж байна.

Шүүгдэгч Н.Б******* нь “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол тодорхой хэмжээнд нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Н.Б*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш******* овогт Н Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2,296,773 төгрөгийг үнэ бүхий 3,8572 м.куб, 109 ширхэг шинэс мод, 1,0373 куб, 22 ширхэг нарс модыг тус тус хураан авч, улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ 3” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол, хор уршиг болох 6,890,319 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, үлдэгдэл  4,890,319 төгрөгийг шүүгдэгч Н.Б*******оос гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажиллагаагүй, төмөр гинж, ир, иш их бие нь салсан цагаан өнгийн их биетэй, цэнхэр бариултай цагаан өнгийн цахилгаан хөрөөг хураан авч, устгахыг шүүхийн "Эд мөрийн баримт устгах” комисст даалгасугай

9. Иргэний нэхэмжлэгч “ 3” маркийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой хохирлыг Иргэний хуульд заасны дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МӨНХЗУЛ