Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 110/ШШ2022/0062

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн 

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би Х.Б нэхэмжлэлтэй, аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт холбогдох, “Цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн агаарын шугамыг хүчдэлээс тасалж, нүүлгэн шилжүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

2022 оны 09-р сарын 12-ны өдөр иргэн Х.Б манайд өгсөн өргөдлийн дагуу 10 давхар “M” компани бкВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын асуудлаар тус компанийн захирал Х.Ж тус шугамын дундаас цахилгаан авч буй дэд станцуудын эзэд болон хэрэглэгчид болох А , Л.Т, Б нарыг дуудаж оролцуулан Б гомдлыг танилцуулсан. 10 давхрын цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамыг тус компани өөрсдөө хувийн компаниар татуулж дэд станц барьж байгуулсан. Манай газраас холбогдох журмын дагуу техникийн нөхцөл олгосон. Тухайн үед “Б-4” ХХК газрын зөвшөөрөл авч, шугам татаж улсын комисс ажиллуулан ашиглалтад авсан байна. Цахилгаан шугам сүлжээний газарт тус шугам дэд станцыг барьж байгуулах ажилд оролцоогүй. Манай байгууллагын зүгээс иргэн Х.Б гомдлыг хүлээн авч, агаарын шугамын буулган, газар доогуур зам сэтлэн кабель шугам татаахаар шийдвэрлэж үүнтэй холбогдон гарах зардлыг уг гаргалгаанаас цахилгаан авч буй 5 хүн (Т, Б, А, Б ) нар хувааж төлөхөөр тохиролцсон. Өндөр хүчдэлийн бкВ-ын XLPE-120 метрийн кабелийг БНХАУ-ын Үрэмч хотод захиалан мөнгийг нь шилжүүлсэн. Одоогийн байдлаар Үрэмч хот, Ховдын Булган боомтоор хил залгаа Тайкешкен боомтууд “Covid-19” томуу өвчинтэй холбоотой хаагдсан учраас хил нээгдсэн үед кабель материалууд орж ирэх ба үүний дараа шугамын угсралтын ажил хийгдэх болно.

Хариуцагчийн хувьд  Х.Болатын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлэн тайлбараа бичгээр хүргүүлсэн.

            Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь  хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгч Х.Б “Цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн агаарын шугамыг хүчдэлээс тасалж, нүүлгэн шилжүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч аймгийн Цахилгаан сүлжээний газар  хүлээн зөвшөөрснийг баталж, Х.Б нэхэмжлэлтэй, аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1, 69  дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд   шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

                                            ШҮҮГЧ                                         С.ЕРКЕШ