Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/100

 

105/2020/0761/Э/Т

 

 

 

  2021            01            20                                         2021/ДШМ/100    

 

        Т.Г, П.Н- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Ганцэцэг,

хохирогч Ж.Э-, П.Н-, тэдгээрийн өмгөөлөгч Х.Даваасүрэн,

шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг,

шүүгдэгч П.Н-, түүний өмгөөлөгч Н.Нямдорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/1539 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг, шүүгдэгч П.Н-, түүний өмгөөлөгч Н.Нямдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Г, П.Н- нарт холбогдох эрүүгийн 1806061200456 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Г,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар өршөөгдсөн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2011 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;

 

2. Н-,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар 7-ны өдрийн 730 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан;

 

Т.Г, Д.А-, П.Н- нар нь бүлэглэн, 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг-Ундраа” худалдааны төвд худалдаа үйлчилгээ эрхэлдэг Ж.Э-, П.Н- нараас "Увс аймагт барааг чинь зарж өгнө" гэж хуурч 57.795.000 төгрөгийн үнэ бүхий барааг авч залилсан,

            П.Н-, Д.А- нар нь бүлэглэн, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөн Ж.Э-, П.Н- нараас “Бор-Өндөр суманд барааг чинь зарж өгнө” гэж хуурч 3.000.000 төгрөгийн үнэ бүхий барааг шилжүүлэн авч нийт 60.795.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Г, П.Н- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г, Н- нарыг “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, их хэмжээний хохирол учруулан үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Гыг 4 жил 6 сарын хорих ялаар, шүүгдэгч П.Н-ийг 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Т.Гэрэл-Од, П.Н- нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч П.Н- нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гоос 15.265.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Э-, П.Н- нарт олгож, шүүгдэгч Т.Гын 5 настай хүү Мишигдоржийн Алтанхишиг /РД:УК14313012/-т асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж, шүүгдэгч Т.Г, П.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэмт хэрэгт холбогдон 2 жилийн хорих ялыг эдлэж дууссан. Гэтэл энэ хугацаанд гомдол гаргасан хохирогч Ж.Э-, П.Н- нар Баянзүрх дүүргийн цагдаагийн 4 дүгээр хэлтэст 48.000.000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Уг хэрэг нь залилах сэдэлтэй биш, П.Н- нь 20 хувийн нэмэгдэл нэмж, нийт үнийн дүнг 61.000.000 төгрөг болгон төлөхөөр 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хийгдсэн баримт хавтас хэрэгт авагдсан. Тиймээс үндсэн үнэ болох 48.000.000 төгрөгөөр тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой байтал 61.000.000 төгрөг болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн ял халдааж хувийн байдлыг минь асар их дордуулсанд гомдолтой байна. Хэдийгээр амьдралын эрхээр арилжаа наймаа эрхэлж алдагдалд орж, тохирсон хугацаандаа бусдаас авсан эд зүйлээ амласан хувиар нь өсгөж төлж чадаагүйдээ хуулийн өмнө хариуцлага хүлээж байгаа ч шударгаар шийдвэрлүүлэх чин хүсэлтэй байна. Би өндөр настай эх, 6 настай хүүгийн хамт өрх толгойлон амьдардаг. Ээж маань 78 настай байнгын асаргаанд байдаг. Хүү минь 1 дүгээр ангид элсэн орсон. Сургуульд хүргэж, авахаас эхлээд эрсдэл ихтэй үед асран хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй хоригдож байгаадаа туйлын их харамсаж, сэтгэл зүйн асар их дарамтад унтаж, амарч чадахгүй биеийн байдал их муудаж байна. П.Н- нь хохирогч П.Н-ийн дансанд барааны ашиг болох 13.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлж өгсөн баримтаар иргэний журмаар төлбөр хийгдэж байсан байхад урьд ял эдлэж байсан гэдгээр дахин ялласан нь шударга ёсны зарчмыг алдагдуулсан. Яллах, цагаатгах талыг адил тэгш баримтлалгүй өрөөсгөл шийдвэр гаргасан байх тул дахин шалгаж өгнө үү. Тухайн үед ял эдлэж байсан учир үргэлжлүүлэн төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул надад өндөр настай эхийгээ асрах, бага насны хүүгээ өгсөн хүмүүжүүлэх боломж олгон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хэрэг шийдвэрлэгдэх явцад өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авч чадаагүйдээ их харамсаж байна. ...” гэв. 

 

Шүүгдэгч П.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хуулиар олгогдсон өмгөөлүүлэх эрхийг минь зөрчиж өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох хүсэлтийг хангалгүй, эрх зүйн байдлыг минь дордуулж, шүүх хурал хийж, хүндээр ялласанд гомдолтой байна. Хохирогч П.Н- 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр над руу залгаж “монитагийн баяр болох гэж байна. Цахилгаан барааг 14 хоногийн, бэлэг дурсгалын барааг 1 сарын хугацаатай лизингээр авах хүмүүс байна уу, асуугаад өгөөч” гэсний дагуу Т.Г, Д.А- нарт хэлсэн. “Бараа авъя, Увс аймаг явж заръя, 14 хоногийн хугацаанд асуудалгүй, бүрэн мөнгийг нь төлнө” гэж хэлэхээр нь би дагуулж очиж уулзуулсан. Хохирогч П.Н- тэр үед “Нараа эгчээ би энэ хүмүүсийг танихгүй учраас та гэрчилж гарын үсэг зур” гэсэн. 61.000.000 төгрөгийн барааг Д.А- падаанаар хүлээн авсан. Би эдгээр хүмүүст аль алинд нь тус болох үүднээс энэ асуудалд холбогдсон. Би энэ хүмүүстэй үсгэн хуйвалдаж, залилан мэхлэх, хохироох өчүүхэн ч сэтгэл надад байгаагүй. Би тэднийг хооронд нь танилцуулж гэрчилж, зуучилж өгсөндөө харамсаж, чин санаанаасаа гэмшиж байна. Би энэ бараанаас авч ашигласан зүйлгүй байж хохирогч П.Н-т 16 дахь хоног дээр өөрийн охины машиныг зарж 13.000.000 төгрөгийг дансанд нь хийсэн. Шүүхийн шийдвэрээр 61.000.000 төгрөгийг 3 хувааж төлөх шийдвэр гарсан. Би ямар ч бараа авч ашиглаагүй боловч шүүхийн шийдвэрийг хүндэлж өөрт ногдсон 20.750.000 төгрөгийг бүрэн гүйцэд төлж барагдуулсан. Хохиролд төлсөн 20.750.000 төгрөгөөр хохирч байгаа тул энэ мөнгийг хэнээс гаргуулж авахыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Энэ хэрэгт холбогдсоноор сэтгэл санаа, эрүүл мэнд, эдийн засаг, эд хөрөнгөөрөө маш их хохирлоо. Би одоо 55 настай, 1995-2001 оны хооронд зууд нэг тохиолдох “бах” хэлбэрийн хорт бамбайгаар өвчилж хэвтэрт таван жил байсан. 2001 онд хагалгаанд орж бамбайгаа авхуулсан боловч хор уршиг маш ихээр үлдсэн. Үе мөчний үрэвсэл хүндэрч гарын үенүүд хавдаж, мурийж томорсон. Мөн нүд гурван удаагийн давталттайгаар харвалт өгсөн. Одоогоор нэмэх 3.5 харааны шил зүүдэг, хараа алдах эрсдэлтэй. Бүх шүд унасан, бүтэн хиймэл шүдтэй. Өдий насандаа үр хүүхэд, ач зээгээ хүмүүжүүлээд сууж байх ёстой атлаа ингээд сууж байгаадаа гэмшиж, гутарч, сэтгэлээр унаж, ичиж байна. Иймд миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. ...” гэв. 

 

Шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч Х.Отгончимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Т.Г нь анхан шатны шүүхээс 4 жил 6 сарын хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлсэн.

1-т: Анхан шатны шүүх хохирогчийг буруу тогтоосон. Хавтас хэрэгт П.Н-, Ж.Э- гэх хоёр хүнийг хохирогчоор тогтоосон байдаг. Гэтэл хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад “бидний бараа биш”, хохирогч П.Н-ийн хувьд “миний төрсөн эгчийн бараа” гэж хэлдэг. Хохирогч Ж.Э-ын хувьд “хятад эзний бараа” гэж удаа дараа мэдүүлсээр байтал жинхэнэ хохирогч хэн болохыг тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

2-т: Хохирлын хэмжээг буруу тогтоосон.

Т.Г, П.Н-, Д.А- нарыг 61.000.000 төгрөгийн барааг зээлээр авсан гэдэг үүнээс 45.000.000 төгрөгийн барааг Т.Г авч, тэр бараагаа 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр болсон хэргийн хохиролд өгсөн байдаг. Энэ тухайгаа анхнаасаа үнэн зөв мэдүүлж ирсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т /их хэмжээ/ зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь буруу юмаа.

3-т: Буруу зүйлчилсэн.

Т.Г болон хохирогч нар мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн шатанд 45.000.000 төгрөгийн бараа авсан гэж мэдүүлээд байхад 61.000.000 төгрөгийн бараа авсан гэж, мөн хохирлын хэмжээг шүүгдэгч тус бүрт 20.000.000 төгрөгөөр тэнцүү хувааж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн буруу байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг шүүгдэгч тус бүрээр нарийн тогтоогоогүй нь мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;” зөрчигдсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс хохирлын хэмжээг зөв тогтоолгох үүднээс бараа тус бүрийн үнийг зах зээлийн үнээр үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч хангаагүй.

4-т: Т.Гын хувийн байдлын талаар.

Хэдийгээр өнөөдөр миний үйлчлүүлэгч Т.Гын хувьд удаа дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэх боловч хорих ял эдлэж байх хугацаандаа засрал хүмүүжлээ олсон байдал нь хорих ангид ял эдлэж байхдаа өмгөөлөгч болон ах, дүү нараараа дамжуулан хохирогч П.Н-ээс уучлалт гуйх, эгч нь гараад ажил хийж байгаад хохирлыг чинь 100 хувь барагдуулна, тэр битгий хэл П.Н-, Д.А- нарын хохирлыг ч би барагдуулна, эдгээр хүмүүс надаас болж өрөнд орсон гэдгээ удаа дараа хэлдэг байсан. Энэ байдлаас харахад Т.Г нь өөрийн хийсэн алдаа, гэм буруугаа гүнээ ухамсарлаж хохирлоо барагдуулахын тулд хуушуур хийж зарах, ор хөнжлийн даавуу оёх, маск зарах гэх мэт хийгээгүй ажил байхгүй, олсон мөнгөө хохиролдоо тав арав гэлтгүй өгдөг байсан. Мөн Гын 6 настай хүү айл дамжаад маш хэцүү байдалтай байна. Анхан шатны шүүх Т.Гын 6 настай хүү М.Алтанхишигийн асрамжийн асуудлыг хэрхэн шийдвэрлүүлэх талаар Баянзүрх дүүргийн засаг даргад даалгаад орхисон. Гэвч Засаг дарга өнөөдрийг хүртэл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоогоогүй учраас хүүхдийн эрх ашиг зөрчигдсөөр байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч П.Н-ийн өмгөөлөгч Н.Нямдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг зөрчсөн үзэж байна. Тухайлбал шүүгдэгч П.Н-, Т.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр болсон. Энэхүү шүүх хуралдаанд Г.Г, П.Н- нарын зүгээс эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг шүүх анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж заасныг болон шүүгдэгч П.Н-, Т.Г нар нь “өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох” эрхийг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “П.Н- нь Д.А-тэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ж.Э-, П.Н- нараас 3.000.000 төгрөгийн үнэ бүхий барааг авсан гэх үйлдэлд энэ гэмт хэргийн гол санаачлагч болох Д.А-ийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэхүү 3.000.000 төгрөгийн бараанаас П.Н- 500.000-600.000 төгрөгийн барааг зарснаа хүлээн зөвшөөрч, үлдэгдэл барааг Д.А- авсан гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Д.А-ийн “Н-ээс эхний үйлдлээр 3.000.000 төгрөгийн барааг авсан, дараагийн үйлдлээр 58.000.000 төгрөгийн бараа авч, Т.Г 45.000.000 төгрөгийн барааг, би 10.000.000 төгрөгийн барааг авч, П.Н- 3.000.000 төгрөгийг барааг авсан” гэх /хх 119-126/, хохирогч П.Н-ийн “...Н- эгчтэй утсаар холбогдоход эгч нь хүмүүст хулхидуулчихлаа, ... Н- эгч охиныхоо машиныг зараад надад 13.000.000 төгрөг өгсөн. Одоо 48.500.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг зэргээс харахад гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд зөрүүтэй, П.Н- 3.000.000 төгрөгийн бодит хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, нийт 13.000.000 төгрөгийн хохирлыг хохирогчид төлсөн зэргийг ялгаж салгаж шийтгэх тогтоолд огт дүгнэлт хийлгүйгээр хохирогчид учирсан нийт хохирол болох 57.795.000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч тус бүрээс 19.265.000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн, нийт хохирлын хэмжээ зөрүүтэй зэрэг нь шийтгэх тогтоол хуулийн ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг буюу шүүгчийн итгэл үнэмшил, түүний үндэслэл нотлогоог хэрхэн тусгах шаардлагуудын талаар тодорхой зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтуудад нийцүүлж бүрэн дүүрэн, үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүгдэгч П.Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинжийг хангасан эсэх, хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан, хэдийг зарцуулсан, яаж, ямар аргаар залилаад байгаа нь тодорхойгүй, энэ талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэлт хийгээгүй, гэмт хэргийн санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл зэргийг нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв, бодитой дүгнээгүй. Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоолгүйгээр зөвхөн яллах талыг барьж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд миний үйлчлүүлэгч П.Н-ийн гэм буруугийн сэдэл санаа зорилго, хувийн байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ зэрэг байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Ж.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Хохирогч П.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би наймаа хийхдээ бараагаа зүгээр ачаад ирдэггүй, ачаа барааны мөнгө төлдөг. Миний барааг авахад Т.Г гэх хүн байсан. П.Н-ээс би “энэ хүн юун хүн юм бэ” гэж асуухад, “би 100 хувь батлан даана. Миний дүү бараагаа өгчих” гэсэн. П.Н- хүүхдийнхээ машиныг 13.000.000 төгрөгт тооцож надад өгсөн. П.Н-ийн хүүхэд нь надтай 4 жил хамт ажиллаж байгаа. Намайг бараагаа яаж татдаг, хэдэн төгрөгөөр авдаг болохыг мэдэж байгаа. Т.Г өөрийнхөө өрийг миний бараагаар дарсан талаар П.Н- надад хэлсэн. ...” гэв.

 

Хохирогч Ж.Э-, П.Н- нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн зүйлчлэл тохирсон, анхнаасаа зохион байгуулалттайгаар шүүгдэгч Т.Гын өмнө үйлдсэн залилангийн гэмт хэргийн хохирлыг төлөхийн тулд хохирогч нараас бараа авч түүнийгээ өрөндөө өгсөн. Барааг залилж авсан өдрийн юанийн ханш 360 төгрөг байсан. Өнөөдөр юанийн ханш 470 төгрөг болж, 100 төгрөгөөр нэмэгдсэн. Хохирогч нар 4 жил гаруй хугацаанд 61.000.000 төгрөгөөр хохирч байна. Уг мөнгийг банкнаас зээлж авсан. Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө шүүгдэгч Т.Г “хохирлыг чинь өгнө” гээд 4.700.000 төгрөгийн утсыг нь аваад алга болсон. Шүүгдэгч П.Н-ийн хувьд 20.750.000 төгрөгөө төлсөн, гомдол, санал байхгүй. Шүүгдэгч Т.Гын хувьд хохирогч нарыг удаа дараа хохироож байгаа тул гомдолтой байна. Шүүгдэгч Т.Гоос хохирлоо авах хүсэлтэй байна. ...” гэв.

 

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нар өмгөөлөгчөөр хангаагүй гэх асуудлыг ярьж байна. Анхан шатны шүүхээс өмгөөлөгч авах боломжийг удаа дараа олгосон. 5-6 удаа шүүх хуралдаан хойшилж байсан. Өмгөөлөгч авах боломжийг анхан шатны шүүх хангалттай олгосон. Хохирогчоор Ж.Э-, П.Н- нарыг тогтоосон нь үндэслэлтэй. Д.А-ийн хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь буруу гэж яриад байна. Д.А-ийн биеийн эрүүл мэндийн байдал муудаад, түүнд холбогдох хэргийг тусгаарласан. Одоог хүртэл сайжрахгүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулахгүй үүднээс хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна. Тодруулбал:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Г, П.Н- нар нь “...өмгөөлөгч Н.Нямдоржоос татгалзаж, өөр өмгөөлөгчтэй оролцох. ...” хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсаныг танилцуулж хуралдааныг үргэлжлүүлсэн /2хх 184-185/ байх бөгөөд ямар үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан талаарх шүүгчийн захирамжийг хэрэгт хавсаргаагүй байгаа тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хэрхэн, яагаад хангаагүй талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор “...шүүгдэгч нар өмгөөлөгчөөр хангаагүй гэх асуудлыг ярьж байна. Анхан шатны шүүхээс өмгөөлөгч авах боломжийг удаа дараа олгосон. 5-6 удаа шүүх хуралдаан хойшилж байсан. ...” гэх тайлбар, дүгнэлтийг гаргаж байгаа хэдий ч 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогч нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн нар “шүүх хуралдаан давхацсан” /2хх 78-81/, 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр шүүгдэгч Д.А-, хохирогч нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн нар “биеийн эрүүл мэндийн байдал муу” /2хх 107-110/ , 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч Д.А- “биеийн эрүүл мэндийн байдал муу”, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг “шүүх хуралдаанд давхацсан” /2хх 131-134/ , 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч С.Оюунцэцэг “биеийн эрүүл мэндийн байдал муу, мэс засалд орсон” /2хх 149-151/, 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр шүүгдэгч П.Н-, Т.Г нарын өмгөөлөгч Н.Нямдорж “шүүх хуралдаанд давхацсан” /2хх 166-168/ гэсэн үндэслэлүүдээр тус тус шүүх хуралдааныг хойшилуулж байсан байна.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгжих учиртай.

 

Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад нийцэх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур болно.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгчөө өөрөө сонгох, өмгөөлөгчөөсөө татгалзсан бол өөр өмгөөлөгч сонгох боломж олгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1, 4, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангах...” зэрэг шүүгдэгч, өмгөөлөгчийн хуульд заасан эрхийг хязгаарласан ноцтой зөрчилд тооцогдох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимд нийцэхгүй, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр байна.

Түүнчлэн шүүгдэгч Т.Гыг Д.А-, П.Н- нартай бүлэглэн, 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ж.Э-, П.Н- нараас  57.795.000 төгрөгийн үнэ бүхий барааг залилсан авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Тэрээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны дүгээр 11 дүгээр сарын 27-ны өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял нэмж нэгтгэх асуудал байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.   

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Г, П.Н- нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг, шүүгдэгч П.Н-, түүний өмгөөлөгч Н.Нямдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудын  “...өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, “...хохирлын хэмжээ, хохирогч нарыг буруу тогтоосон, хэргийн зүйлчлэл тохироогүй. ...” гэсэн гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ1539 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Г, П.Н- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Т.Г, П.Н- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН