Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 142/2018/01240/И |
Дугаар | 142/ШШ2018/01279 |
Огноо | 2018-12-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2018/01279
2018 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 142/ШШ2018/01279 | Орхон аймаг |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө ******* тоотод байрлах *******-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох
11750000 төгрөг гаргуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоот хаягтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Б.*******, нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь ******* *******тай 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах 068 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Б.******* нь компанийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 7 хороолол 7 байрны 02 тоот хаягт байрлах орон сууцны гэрээгээр тохирсон үнэ 65000000 төгрөгийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх, компани нь дээрх хаягт байрлах орон сууцыг худалдан авагч Б.*******д хүлээлгэн өгөх, Б.*******г төлбөрөө төлсний дараа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг бэлэн болгож хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэл дээрээ орон сууцыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Б.*******д хүлээлгэн өгсөн гэж андуурч бичсэн байна лээ. Харин 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орон сууцыг Б.*******д хүлээлгэн өгсөн. Б.******* нь гэрээгээр тохиролцсон ёсоор орон сууцны үнийг 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдөрт багтаан хуваарийн дагуу төлж дуусгах байсан. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж хавсралтад заасан хуваарийг зөрчсөөр байсан. Компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй юм. Иймд Б.*******д 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдсэн. Б.******* нь орон сууцыг хүлээн авсан өдрөөс хойш өдийг хүртэл компанийн орон сууцанд амьдарсаар байна. Б.******* нь орон сууцны үнэ 65000000 төгрөг төлөх байснаас 5000000 төгрөгийг төлсөн байна. Энэхүү 5000000 төгрөгийг гэрээний 4.5-д харилцан тохиролцсон ёсоор орон сууцанд амьдарсан нийт хугацаагаар тооцон суутган авсан. Харин компанийн байранд амьдарсан хугацааны төлбөрийн зөрүү 11750000 төгрөг болж байгаа болно. Иймд Б.*******гаас орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр болох 11750000 төгрөгийг гаргуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 хороолол 7 байрны 1-р орцны 1 давхарын 2 өрөө бүхий 2 тоот хаягт байрлалтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.******* миний бие "Хөүп таун ХХК-ийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт байрлах 7 дугаар хорооллын 7 дугаар байрны 02 тоот 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд 5000000 төгрөгийг урьдчилж төлөөд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын 068 тоот гэрээ байгуулсан. Манайх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус байранд нүүж орсон. 2017 оны 02 дугааар сарын 27-ны өдөр буюу битүүний өдөр гал тогооны өрөөний угаалтуураар бохир ус гүйхгүй болсон. Энэ гэмтэл нь шугам хоолойгоор галын өрөөний бохир гүйхгүйгээс болж гэрт бохир ус буцаж гарсан. Гэрийн хивс норсон. Тухайн үед компанийн 99879537 дугаарын утсанд залгаж, борлуулагч Б.Ууганчимэгт мэдэгдэж, компанийн сантехникийн засварчин янзалж өгсөн. 2017 оны 06 дугаар сард ванны өрөөний хатаагч задарсны улмаас даралттай ус алдсан. Компанийн 99522329 дугаарын утсаар мэдэгдэж, шинэ хатаагч сольж, тавьж өгсөн. Гэрийн хивс, дрож норж, буйдангийн хөлнүүд өмөрч унасан. 2017 оны 09 дүгээр сард Хөүптауны байруудад халаалт ирсэн боловч зөвхөн манайх халахгүй байсан. Зарим үед огт халахгүй болж, заримдаа бүлээхэн ус ирж, 2 сар гаруй хугацаанд халаалт маш их доголдолтой байсан. Миний бие бас л компаний дээрх дугаарт мэдэгдсэн. Тэд өөрсдөө үзсэн. Эрдэнэт усын сантехникийн хүнийг дагуулж ирээд үзүүлж байсан. 2017 оны 12 дугаар сард шалан доогуур явсан сангийн хоолойноос халуун ус алдаж, гаднаас орж ирэхэд гэр битүү уур болсон байсан. Шалан дээр гишгэхэд ус гарч, гэрийн хивс, дрож ус болсон байсан. Жижиг өрөөнд 30 ширхэг комьпютер хураасан байсан бөгөөд дор байсан процессоруудыг өргөхөд дотроос нь ус гарч байсан. Ингээд 11 ширхэг комьпютерийн процессор ажиллагаагүй болсон. Комьпютерийн процессорын нийт үнэ 5 500 000 төгрөг болно. Эд хөрөнгөд хохирол учирсан талаар "Хөүп таун ХХК-ийн захиргаанд мэдэгдсэн бөгөөд менежер Д.Доржпагма үзээд гарсан. Энэ талаар өргөдөл бичиж танилцуулсан боловч шийдэж өгөөгүй. Миний бие "Хөүп таун ХХК-с 11 ширхэг комьпютерийн процессорын үнэ 5500000 төгрөгийг цаашид нэхэмжилнэ. Мөн тус байрны агааржуулалтын хоолойноос бохирын үнэр байнга үнэртдэг. Бид 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 7 дугаар хорооллын 7 дугаар байрны 02 тоот орон сууцыг "Хөүп таун ХХК -д хүлээлгэн өгсөн. Бидний амьдарч байсан орон сууц нь маш их доголдолтой байсан. "Хөүп таун ХХК нь миний урьдчилгаа төлбөрт өгсөн 5000000 төгрөгийг байранд суусны төлбөрт суутгасан тул би "Хөүп таун ХХК- д төлөх төлбөргүй болно. Миний зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр чөлөөлсөн. Нийт 65.000.000 төгрөгөөр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан. 5.000.000 төгрөг төлсөн. Хэрвээ би ийм муу байр худалдаж аваагүй бол ийм үнэтэй байр хөлслөх шаардлагагүй байсан. Төлбөрөө төлж чадахгүй болсон шалтгаан нь удаа дараа ус алдаж, өвөл болохоор халаалт ирдэггүй хүчин зүйлүүд байсан. Худалдаж авахгүй байрнаас гарах гэхээр очих газар байхгүй байсан. Чөлөөлж өгөх мэдэгдэх хуудас ирсэн даруйд нь чөлөөлж өгсөн. Тус байранд удаа дараа ус алдаж паркетан шал нь хууларсан. Байрны хүмүүст нь хэлэхэд орж ирж үзсэн. Паркетыг сольж өгсөн. Байрны мөнгө төл гэсэн шаардлага тавьсан. 1 жилийн хугацаатай гэрээ сунгах бичиг бичиж өгсөн чинь аваагүй. Ус алдсан талаархи баримт нотолгоо авчирч өг гэсэн. Ус алдаж байх үед зураг авч чадаагүй. Гэрээгээ сунгах гэж байгаа юм байна гэж бодсон чинь мэдэгдэл өгсөн. Гарах гэхээр очих газар байхгүй байсан гэв.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
******* нь Б.*******д холбогдуулан орон сууцанд амьдарсан хөлс 11750000 төгрөг гаргуулах, Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцжээ.
Нэхэмжлэгч ******* хариуцагч Б.******* нарын хооронд 2017 оны 02 сарын 21-ний өдөр 068 дугаартай Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан байна. Гэрээний талууд уг гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын 7-р байрны 1-р орцны 1 давхрын 02 тоотод байрлах 45 м.кв талбайтай 2 орон сууцны 1 м2 талбайн худалдах үнэ 1444445 төгрөг, орон сууцны худалдах нийт үнэ 65000000 төгрөг байхаар тохирч, үүнээс урьдчилгаа төлбөр 19500000 төгрөг, үлдэгдэл төлбөр 45500000 төгрөгөөр тохирч орон сууцны төлбөр төлөх хуваарийг гэрээний хавсралтаар баталж, уг орон сууцыг хариуцагч Б.*******д 2017 оны 02 сарын 23-нд хүлээлгэн өгчээ.
Нэхэмжлэгч ******* хариуцагч Б.******* нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, талууд гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж зааснаар гэрээгээр тохиролцсоны дагуу урьдчилгаа төлбөрт 5000000 төгрөгийг хариуцагч Б.******* төлсөн бөгөөд хариуцагч Б.******* орон сууцны үнийг 2017 оны 12 сарын 20-ны дотор төлж дуусгахаар тохиролцсон боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч 2018 оны 10 сарын 10-ны өдөр гэрээг цуцалж, орон сууц чөлөөлөхийг шаардсан байна.
Хариуцагч Б.******* Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын 7-р байрны 1-р орцны 1 давхрын 02 тоотод байрлах 45 м.кв талбайтай 2 орон сууцыг нэхэмжлэгч *******-д 2018 оны 10 сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байх тал орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Орон сууцанд амьдарсан хөлс 11750000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэрээ цуцлагдаж, гэрээгээр хүлээж авсан орон сууцыг хариуцагч нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байгаа учир нэхэмжлэгч буюу худалдагч тал Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар учирсан хохирол, зардлаа хариуцагч буюу худалдан авагчаас шаардах эрхтэй байна.
Талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-ний 2.5-д мөн энэхүү гэрээний 2.2-т заасан үнийг хавсралтад заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд орон сууц ашигласны хөлс болон, засварын зардлыг талууд харилцан тохиролцсоны дагуу гэрээнд хавсаргана /хавсралт-2/, 3.2.6-д захиалагч төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлж, төлбөр хугацаандаа төлөгдөөгүйгээс үүсэх хохирлыг хавсралт 2-т заасан хуваариар төлөх үүрэгтэй, 4.4-т талуудын аль нэг нь гэрээг зөрчсөнөөс нөгөө талд учирсан хохирол /...орон сууц ашигласны зардал, дотор заслын зардал ...бусад зардлууд/-ыг бүрэн хариуцна, 4.5-д хэрвээ захиалагч тал орон сууцны урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийг хугацаандаа энэхүү гэрээ цуцлагдаж байраа буцаах тохиолдолд орон сууц ашигласны төлбөр болон дахин шинэчлэн засварлах засварын төлбөрийг хавсралт 2-ын төлсөн төлбөрөөс суутган авна гэж, уг гэрээний хавсралт 2-т орон сууц ашигласны төлбөр 500000 төгрөг 10 сар нийт 5000000 төгрөг, шинэчлэн засварлах материалын үнэ нэг удаа 4500000 төгрөг, дотор заслын ажлын хөлс нэг удаа 2000000 төгрөг гэж тус тус зааж тохиролцжээ.
Нэхэмжлэгч ******* хариуцагч Б.*******д 2017 оны 02 сарын 21-ний өдөр орон сууцыг хүлээлгэн өгч хариуцагч Б.******* 2018 оны 10 сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид орон сууцыг буцааж хүлээлгэн өгсөн талаар талууд маргахгүй байх тул орон сууцанд амьдран суусан /2017.02.20-2018.10.10/ нийт 615 хоног гэж нэхэмжлэгчийн тооцсоноор нэг сарын 500000 төгрөгөөр тооцож нийт 20 сар 10250000 төгрөг, үүнээс хариуцагч Б.*******гийн төлсөн 5000000 төгрөгийг хасч үлдэх 5250000 төгрөгийг хариуцагч Б.*******гаас гэрээ цуцалсантай холбоотой зардалд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэдийгээр талууд гэрээгээр шинэчлэн засварлах материалын үнэ нэг удаа 4500000 төгрөг, дотор заслын ажлын хөлс нэг удаа 2000000 төгрөг гэж тохиролцсон гэж нэхэмжлэгч тал орон сууц засварлах материалын үнэ, ажлын хөлсөнд 6500000 төгрөг нэхэмжилж байгаа боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, уг орон сууцанд дээрх хэмжээний засварын материал, ажлын хөлс зарцуулж засвар үйлчилгээ хийсэн болохоо нотолж чадаагүй учир 6500000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч *******-н улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 98950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.*******д холбогдох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын 7-р байрны 1-р орцны 1 давхрын 02 тоотод байрлах 45 м.кв талбайтай 2 орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 262 дугар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т заасныг баримтлан хариуцагч Б.*******гаас 5250000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 6500000 /зураан сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч *******-н улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 98950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ