Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/02411

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/02411

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  байрлах, ШШ ХХК /д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7 736 800 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 547 415 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ШШ ХХК намайг ажлаас үндэслэлгүй халсныг 3 шатны шүүхээс тогтоож, ажилд эгүүлэн авахыг ШШ ХХК-д даалгаснаар Д.Д миний бие 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа эргэж орсон.

2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажил олгогч ШШ ХХК-ийн захирал Ли Жэнг /Li Zheng/-д ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж өргөдөл гаргасан. Гэвч ШШ ХХК-ийн захирал 2018.06.29-ны өдрийн W18/120 тоот албан бичгээр надад ажилгүй байсан хугацааны цалинг олгох нь үндэслэлгүй хэмээн өгсөнгүй.

Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан нь Иргэний хэргийн 3 шатны шүүхээр тогтоогдсон байх тул хариуцагч ШШ ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7 736 800 төгрөг, тухайн жилд ногдох ээлжийн амралтын мөнгө 547 415 төгрөг, анхан шатны шүүхэд авсан өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг, давж заалдах шатны шүүхэд авсан өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг, хяналтын шатны шүүхэд авсан өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг, нийт 10 784 215 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү мөн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү.

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа огтоосоо яригддаггүй. Д.Дгийн ажилгүй байсан хугацаа нь 2017 оны 6 сарын 20-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх тул энэ хугацааны олговорыг 547 000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн. Ээлжийн амралтыг нь ажлын 18 хоногоор тооцдог бөгөөд 2016 оын ээлжийн амралтын мөнгийг олгоогүй, 2015 оны ээлжийн амралтын мөнгийг 2016 оны 4 сард олгосон, 2017 оны ээлжийн амралтын мөнгийг ажлаас халагдсаны дараа Д.Д дансанд шилжүүлэн өгсөн гэв.

 

Хариуцагч ШШ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Г.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ажил олгогчийн зүгээс Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 657 дугаар тогтоолыг үндэслэн Д.Дг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ажилд нь эгүүлэн авсан. Нэхэмжлэгчийн өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэн шаардлага байгаагүй. Ийм ч учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн түүнчлэн Д.Дгийн гаргасан нэхэмжлэлд дурдсанаар 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажил олгогч ШШ ХХК-ийн захирал Ли Жэнг /Li Zheng/-д ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж өргөдөл гаргасан. Гэвч ШШ ХХК-ийн захирал 2018.06.29-ны өдрийн W18/120 тоот албан бичгээр надад ажилгүй байсан хугацааны цалинг олгох нь үндэслэлгүй хэмээн өгсөнгүй гэжээ. Үүнээс харахад Д.Д нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорыг ажил олгогчоос шаардсан нь өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Дээрхи асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гаргасан маргаан-д хамаарч байх бөгөөд дээрхи асуудлаар Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тогтоосон байдаг.

Харин нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр мөн асуудлаар хандан нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар ...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс ойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байсан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Ээлжийн амралтын олговорыг тухай жил бүр олгодог. Д.Д нь байгууллагад ээлжийн амралтын талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаж байгаагүй. Өмгөөлөгчийн хөлсийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч ШШ ХХК-д холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7 736 800 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 547 415 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговорыг гаргуулах шаардлага гаргасан ба мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ.

 

Маргаан шийдвэрлэх байгууллагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шийдвэрлэх байгууллагыг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх гэж тодорхойсон, ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоос бусад гомдлыг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гаргахаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан тул нэхэмжлэгч Д.Д нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Дгийн ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.06-ны өдрийн 2759 дугаар шийдвэр /хх-10-13х/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.03-ны өдрийн 92 тоот магадлал /хх-14-16х/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 657 дугаар тогтоол /хх-17-19х/-оор шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч ШШ ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэн Д.Дг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ажилд нь эгүүлэн авсан болох нь Цагийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар /хх-44-49х/-аар тогтоогдож, зохигч энэ талаар маргахгүй байна.

 

Ажил олгогчийн ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гарснаар Д.Дд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговор гаргуулах шаардах эрх үүссэн бөгөөд нэхэмжлэгч Д.Д нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажил олгогчид ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж өргөдөл гаргасан, ажил олгогч ШШ ХХК-ийн захирал 2018.06.29-ны өдрийн W18/120 тоот албан бичгээр ажилгүй байсан хугацааны цалинг олгох үндэслэлгүй гэсэн хариу өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д зааснаар Д.Дд 2018.06.29-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговор гаргуулахаар шаардах эрх үүссэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Данзмаа нь ШШ ХХК-ийн захирлын 2018.06.29-ны өдрийн W18/120 тоот албан бичгийг Д.Д 2018.07.05-ны өдөр авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговор гаргуулах нэхэмжлэлээ 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор шүүхэд гаргах эрхтэй байсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэлээ 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан ба гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргаагүй, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул Д.Дгийн ШШ ХХК-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 736 800 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Д нь ээлжийн амралтын мөнгө 547 415 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2016 оны ээлжийн амралтын мөнгийг олгоогүй, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тогтоогдоно гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Данзмаа нь тайлбарлаж байна. Д.Дгийн нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 3 сард 1 129 296 төгрөг, 2016 оны 4 сард 1 204 752 төгрөг олгосон буюу бусад саруудаасаа илүү мөнгө олгосон бичилт хийгдсэн байна. Мөн 2017 оны 4 сард Д.Дг ажлаас чөлөөлөгдсөний дараа ээлжийн амралтын мөнгийг олгосон талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Данзмаа шүүх хуралдаанд тайлбарласан.

Иймд Д.Дгийн 2016 оны ээлжийн амралтын мөнгийг олгоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч Д.Д нь 2016 оны ээлжийн амралтын мөнгийг аваагүй болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Д нь өмгөөлөгч Д.Энхзул, өмгөөлөгч Г.Ууганбаяр нартай 2017.12.12-ны өдөр, 2017.07.05-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгч Д.Энхзул, Г.Ууганбаяр нарт ажлын хөлс 2 500 000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан байна. /хх-21-28х/

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж заасан буюу гэрээний үүргийн бие даасан байдлыг хангах зарчмын дагуу нэг гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөрийг нөгөө гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл Д.Дгийн өмгөөлөгч Д.Энхзул, өмгөөлөгч Г.Ууганбаяр нартай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүдийнхээ дагуу ажлын хөлс төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байдал нь, ШШ ХХК-ийн ажлаас үндэслэлгүй халсаны улмаас учруулсан хохирол биш юм.

Иймд нэхэмжлэгч Д.Дгийн өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Дгийн ШШ ХХК-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7 736 800 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 547 415 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 497 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА