Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/124

 

186/2020/0818/Э

 

 

 

  2021              01            28                                       2021/ДШМ/124    

 

Т.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Ууганбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Ё.Цогтзандан, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/866 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.З-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2011000000810 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

З-,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2017 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн;

 

Т.З- нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Тойргийн автобусны буудлын орчим Г.Б-тай маргалдан, түүнийг хөлөөрөө өшиглөх, гараараа цохих, түлхэж унагаах зэргээр зодож, улмаар Г.Б- нь 2020 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө тархины гэмтлийн улмаас цусан хураа үүсэж тархи дарагдан төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 87 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З-аас 7.140.000 /долоон сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Л /РД:/-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шүүгдэгч Т.З-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

           

            Шүүгдэгч Т.З- давж заалдах гомдолдоо: “...тус хэрэг болсон өдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр талийгаач Г.Б-тай тааралдахад бусдад зодуулсан гэмээр харагдаж байсан. Талийгаач нь нилээн согтолттой байсан. Хэнд зодуулсан талаар асуухад хэлэхгүй нуугаад байсан. Тэр өдөр бид хоёр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах гэртээ очиж хоносон. Маргааш нь манай хамаатны эгч Мөнгөнцэцэгийнд очиж хоносон. Өглөө нь талийгаачийг Мөнгөнцэцэгийнд үлдээгээд найз Сайнаатай “Хүчин шонхор” зах руу очиж уулзаад, тэр хавиар байж байгаад орой нь очиж талийгаачийг авсан. Талийгаачтай хамт Отгонтулга ахынд хонохоор яваад тэднийд ирээд хоол хийж идээд унтсан. Шөнө дунд буюу 03 цагийн үед талийгаач “толгой өвдөөд байна, эм байна уу” гэж Отгонтулга ахаас асуухад “байхгүй” гэж хэлсэн. Тэгээд буцаад хэвтэж байгаад хэсэг хугацааны дараа ёолж байгаад эвгүй дуугарахаар нь би босож гэрэл асаахад Отгонтулга ах “Б- хачин болчихлоо” гэж хэлээд, би хойд байр луу орж Хулан эгчийн утсаар түргэн дуудсан. Түргэний эмч ирж үзээд “нас барсан байна, цагдаа дууд” гэж хэлэхээр цагдаа дуудсан. Энэ өдөр нь 2020 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө байсан. 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байцаалт авсан. Би мөрдөгчид болсон үйл явдлаа үнэн зөвөөр мэдүүлсэн байтал хошууч Б.Отгонбаяр “чи зүгээр л цохисон, өшиглөсөн гээд хэлчих. Чи хүн алаагүй юм чинь гайгүй зүгээр, эсхүл ингэж хэлэхгүй бол чамайг шоронд явуулна, хүн алсан хэрэгт хийнэ” гэх зэргээр айлган сүрдүүлж, өшиглөж, цохисон гэж бичиж авсан. Тус өдөр намайг цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Хоригдоод 2 хонож байхад юу нь мэдэгдэхгүй хоёр гурван зүйл дээр гарын үсэг зуруулж авсан. Учир нь би бичиг үсэг мэдэхгүй, зүгээрээ удахгүй суллана, айлтгүй гэж хэлээд явсан. Дараа нь хэд хоногийн дараа ирж Шар хадны эмнэлэгт үзүүлээд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтэс рүү явах замдаа намайг “чи урьд нь миний дуудсан өмгөөлөгчтэй цохисон, өшиглөсөн гэж мэдүүлэг өгөөрэй. За миний дуудаж ирсэн өмгөөлөгч одоо байхгүй. Танай гэрийнхэн чинь өөр өмгөөлөгч авсан. Чамд хөнгөн гэмтэл гарна, удахгүй хэрэг чинь дуусна, суллагдана” гэх зэргээр ятгаж байгаад цохисон, өшиглөсөн гэж мэдүүлэг авсан. Анх мэдүүлэг өгөхөд байцаагч нэг хүн рүү утасдаад дуудсан. Тэр хүн өөрийгөө “өмгөөлөгч” гэж хэлээд “би чамайг өмгөөлнө” гээд “гэрээ хийлгүйгээр байцаалт өг. Гэхдээ өшиглөсөн цохисон гэж хэл тэгэхгүй бол чи хүн алсан хэрэгт унах гээд байна” гэж байцаагчтай нийлж бичүүлж аваад “үүн дээр гарын үсгээ зур” гэсэн. Би “бичиг үсэг мэдэхгүй, дүүгээ дуудаж байгаад гарын үсэг зуръя” гэтэл “айлтгүй ээ зурчих” гээд зуруулж авсан. Манай дүү дараа нь өмгөөлөгчийн утасруу залгаахад байнга холбогдох боломжгүй гэсэн хариу өгч байсан. Өнөөдрийг хүртэл байцаагчийн авчирсан өмгөөлөгчтэй уулзаж чадахгүй байгаа тул дээрх өмгөөлөгчийг шалгаж өгнө үү. Талийгаач 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед ээжийнхээ утсаар яриад “би нэг хүнтэй уулзахаар боллоо” гээд гараад явсан. Тэр орой 18 цагийн үед архи уусан, зодуулсан байдалтай надтай тааралдсан. Дээрх хүн хэн болохыг шалгуулах хүсэлтэй байна. Намайг хэрэг хийсэн гэж хэн ч хэлээгүй, харсан гэрч ч байхгүй байхад “хүн алсан” гэх үндэслэлээр ялласан. Шүүх, прокурор “З- удаа дараа өшиглөж, цохисон гэж мэдүүлэг өгсөн байна. Өөрийнх нь мэдүүлгээр хэрэг нотлогдож байна” гэж дүгнээд ялласан. Хүн өөрийгөө зөвтгөх болон буруутгах мэдүүлэг өгснийг нотлох баримтаар тооцохгүй гэж хуульд заасныг ноцтой зөрчсөн байна. Иймд хошууч Б.Отгонбаярыг болон хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. ...” гэжээ.

 

            Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.З-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хүсэлт гомдол огт гаргаж байгаагүй. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүгдэгч энэ талаар ярьж эхэлсэн. Мөрдөгч айлган сүрдүүлж, дарамталж мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн тухайд, хамгийн сүүлд амь хохирогч ямар нэгэн хүнд зодуулаагүй, гэмтэл шарх аваагүй гэрээсээ гараад Т.З-тай уулзсан талаар амь хохирогчийн төрсөн эх болон найз нь гэрчээр мэдүүлэг өгсөн. Амь хохирогч нас барах хүртлээ Т.З-тай хамт явж байгаад айлд очиж нас барсан бөгөөд энэ талаар шүүх зөв дүгнэсэн. Мөн шүүгдэгчид оногдуулсан ял, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон. Тэрээр хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Т.З- нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Тойргийн автобусны буудлын орчим Г.Б-тай маргалдан, түүнийг хөлөөрөө өшиглөх, гараараа цохих, түлхэж унагаах зэргээр зодож, улмаар Г.Б- нь 2020 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө тархины гэмтлийн улмаас цусан хураа үүсэж тархи дарагдан төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Л “...талийгаач гэртээ байж байгаад 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 15-16 цагийн орчим хүнтэй утсаар ярьж байгаад гараад явсан, тэгээд буцаж ирээгүй. Тэгж гарахад манай охин хүнд зодуулаагүй, нүүр, ам болон биед нь ямар нэгэн гэмтэл шархгүй зүгээр байсан. 8 дугаар сарын 11-ний өдөр гарч явахаасаа өмнө манай охин 7 хоног гэрээсээ ч гараагүй, би энэ талаар сайн мэдэж байна. ...” /хх 18-19/,

гэрч Н.Х “...Н.Отгонтулга надад Золоо гэгчийн эхнэрийнх нь зүрх зогсчих шиг боллоо, сонин болчихлоо гэж хэлсэн тэгээд хамт гэрт ороход ногоон буйдан дээр нэг эмэгтэй дээшээ харсан байдалтай, баруун гараа газарт унжуулсан, ухаангүй бололтой хэвтэж байсан. Би өөрийнхөө утаснаас 103-т дуудлага өгсөн. ...Манай дүүгийн ярьж байснаар эхнэр нь шөнөжин ёолоод л хэвтээд байсан гэсэн. ...” /хх 24/,

гэрч Г.Н “...талийгаач гэртээ байж байгаад 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гараад ирээгүй юм. Би талийгаачийг гарч явахаас нь нэг хоногийн өмнө буюу 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байхад нь уулзсан. Тэгэхэд талийгаач дүү маань хүнд зодуулсан гэх шинжгүй, нүүр ам болон биед нь ямар нэгэн гэмтэл шарх байхгүй зүгээр байсан. ...” /хх 30-31/,

гэрч Д “...2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр би талийгаачтай хамгийн сүүлд гэрт нь уулзаад үсийг нь будаж өгөхөд миний хажууд хувцсаа солиод дотоож болон хөхөвчтэйгөө явж байсан. Тухайн үед биед нь хөхрөлт, няцралт байхгүй зүв зүгээр байсан. Бусдад зодуулсан гэх ямар нэгэн шинж байгаагүй. ... Өнгөрсөн өвөл талийгаач манайд ирж хоноход баруун гар нь шуу хэсгээрээ хавдаад хөхөрчихсөн байсан болохоор би тэр залуудаа зодуулсан юм байна гэж бодож байсан. Дараа нь манай найз Ариунаа бид хоёр ээжтэй нь хамт талийгаачийг хайж явж байгаад дэнжийн 1000-ын гудамжинд нөгөө залуутайгаа сууж байхад нь тааралдсан, тэр үед талийгаачийн баруун чихний ар хэсгээс нь эрүү хүртлээ хөхөрчихсөн, цээжний хэсэгт нь жижиг хэмжээтэй шархалчихсан байсан болохоор нь би тэр залуудаа зодуулсан байна гэж бодоод Золоо гэдэг залууг нь барьж аваад “чи яагаад манай найзыг зоддог юм, цагдаа дуудаж өгнө” гэхэд тэр залуу зугтаагаад явчихсан юм. Ингэж л би тэр Золоо гэдэг залууг нэг удаа харж байсан. ...” /хх 42-43/,

гэрч Н.От “...00 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна гадаа нэлээн орой болсон байсан. З- хамтран амьдрагчийн хамт нэлээн согтуу орж ирсэн. ... 03 цагийн үед байхаа З- нам унтаж байсан, талийгаач гараад хашаанд ундаа уугаад бөөлжөөд байх шиг байсан. Би шөнөжин кино үзсэн болохоор сэрүүн байсан, надаас толгойны эм асуугаад орон дээр хэвтсэн тэгээд л удалгүй З- сэрээд Гоодой ахаа амьсгалахгүй байна гээд босож ирэхээр нь би гэрэл асаасан. ...Түргэн тусламж ирээд наад хүн чинь өнгөрчихсөн байна шүү дээ гэж хэлээд түргэний эмч цагдаа дуудсан. ...” /хх 46-47/,

шинжээч эмч Г.Х “...талийгаач Г.Б-гийн хувьд үхлийн шалтгаан болсон уг тархины гэмтлийг 24-48 цагийн өмнө авсан гэмтэл байсан. Уг гэмтлийг буюу тархины гэмтлийг мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...Тархины гэмтлийг авсан хүнд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах, огиулах бөөлжихөөс эхлээд ухаан алдах хүртэл зовиур шинж тэмдэг илэрнэ. ...Талийгаачийн умдагт үүссэн гэмтэл нь өшиглөх, цохих үед үүснэ. ...” /хх 127-128/,

Т.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...бид хоёр хоорондоо жаахан маргалдаад би уурандаа Б-гийн зүүн гуя руу нэг удаа хөлөөрөө өшиглөсөн бөгөөд мөн нуруу руу нэг удаа гараараа түлхэхэд урагшаа унасан. ...Би үйлдсэн хэргээ болон сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Маргалдаад нуруу руу нь түлхэж газар унагаасан, дараа нь гуя руу өшиглөсөн. /хх 101-106/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...талийгаач нь тархины гэмтлийн улмаас цусан хураа үүсэж тархи дарагдан төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Талийгаач Г.Б-гийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагз, духны дэлбэн болон суурин хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа /120 мл/, баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хуйх, зүүн зовхи, умдаг, баруун бугалга, зүүн гуянд үүссэн цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл бөгөөд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1685 дугаар дүгнэлт /хх 53-54/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-13/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.З-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар 10 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч Т.З- нь “...мөрдөгч, хошууч Б.Отгонбаяр айлган сүрдүүлж мэдүүлэг авсан, би энэ гэмт хэргийг үйлдээгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Амь хохирогч Г.Б-гийн биед учирсан гэмтэл, тухайн гэмтэл учирсан цаг хугацаа, нас барсан шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1685 дугаартай дүгнэлт, талийгаач Г.Б-гийн хувьд үхлийн шалтгаан болсон уг тархины гэмтлийг 24-48 цагийн өмнө авсан гэмтэл байсан. ...Тархины гэмтлийг авсан хүнд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах, огиулах бөөлжихөөс эхлээд ухаан алдах хүртэл зовиур шинж тэмдэг илрэх талаар шинжээч эмч Г.Ханхүүгийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Т.З-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...бид хоёр хоорондоо жаахан маргалдаад би уурандаа Б-гийн зүүн гуя руу нэг удаа хөлөөрөө өшиглөж, нуруу руу нэг удаа гараараа түлхэхэд урагшаа унасан. ...” гэх мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтуудыг шүүх хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр Т.З-аас 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг авахдаа өмгөөлөгч Ю.Т /хх 100-102/, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авахдаа өмгөөлөгч Т.Золбаяр нарыг байлцуулсан /хх 105-109/ байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь айлган сүрдүүлж мэдүүлэг авч, хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Т.З- нь мөрдөгчтэй холбоотой гомдлоо жич гарган шийдвэрлүүлэх эрхтэй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/866 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

 

                                    ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН