Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0745

 

 

 

 

 

2022 10 11 128/ШШ2022/0745

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.О*** , РД: /***

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.У***

Хариуцагч: Боловсрол Шинжлэх Ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э***

Нэхэмжлэлийн шаардлага: Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1*** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Л.О***ыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны зохих албан тушаалд томилохгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Л.О***ыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу цалин хөлс бууруулахгүйгээр ажил мэргэшлийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын хэлтэст зохих албан тушаалд томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны 239 хоногийн цалин хөлстэй тэнцэх 24,815,943.6 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1*** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Л.О***ыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны зохих албан тушаалд томилохгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Л.О***ыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу цалин хөлс бууруулахгүйгээр ажил мэргэшлийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын хэлтэст зохих албан тушаалд томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны 239 хоногийн цалин хөлстэй тэнцэх 24,815,943.6 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1.Боловсрол шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Л***-н О-ыг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай Б/1*** дүгээр тушаалаар Л.О***ыг яамны бүтэц орон тоо өөрчлөгдсөн тул мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн /хуучнаар/ Шинжлэх ухаан инновацийн салбарын цахим технологийн нэвтрүүлэлт болон мэдээллийн технологийн дэд бүтэц, сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгосон.

2.2. Л.О*** дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/2***дугаартай албан бичгээр хариу өгсөн.

2.3.Тус шүүхэд нэхэмжлэгчээс Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1*** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Мэдээлэл технологи, статистикийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах,нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гаргасныг тус шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2022/18*** дугаар, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэсэн.

2.4. Тус шүүх иргэн Л.О***ын гаргасан Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1*** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Мэдээлэл технологи, статистикийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1*** дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Мөн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Л***-н Отгонжаргалын ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай Б/1*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Л.О***ыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны зохих албан тушаалд томилохгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/14***дугаар тушаалын И.А***, Ш.Э*** нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, Л.О***ыг хууль журмын дагуу Боловсрол Шинжлэх Ухааны яамны зохих албан тушаалд томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж,

2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Л.О***ыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны зохих албан тушаалд томилохгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Л.О***ыг Төрийн албаны тухай хуулийн 62.1.4 дугаар зүйлд заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын хэлтэст зохих албан тушаалд томилохыг даалгуулах, ажилгүй байсан 231 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 23,985,284.4 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах. гэж, мөн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдаан дээр ... ажилгүй байсан 239 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 24,815,943.6 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тус тус тодруулсан.

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Л.О*** би 2016 оны 9 дүгээр сараас эхлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөрөнгө оруулалтын газрын Сургуулийн өмнөх боловсрол болон дээд боловсролын байгууллагын хөрөнгө оруулалт, төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 

Улмаар 2020 оны 10 дугаар сараас эхлэн тухайн үед Төрийн нарийн бичгийн дарга байсан Д.Б-н тушаалаар мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Ковид-19 цар тахлын хамгийн хүнд үед нь Улсын онцгой комиссын шуурхай штабт Боловсрол, шинжлэх ухааны яамыг төлөөлөн ажиллаж байсан. Хөрөнгө оруулалтын газарт ажиллах 4 жилийн хугацаанд 100 гаруй цэцэрлэгийн барилгыг шинээр ашиглалтад оруулж үр бүтээлтэй ажилласан бөгөөд ажлын үр дүнгээ жил болон хагас жилээр үргэлж хангалттай дүгнүүлдэг байсан. 

Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Г***нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн албан тасалгаандаа дуудан ирүүлж, ажлаас чөлөөлөх тухай сонсох ажиллагаа явуулсан. Тус сонсох ажиллагаагаар яамны газар хэлтсийн зохион байгуулалтын бүтэц, бүтэц нэгжүүдийн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо өөрчлөгдсөн тухай мэдэгдсэн ба миний ажиллаж байсан Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн орон тоо 5 байснаа 4 болж буурч батлагдсан гэсэн шалтгаанаар намайг ажлаас чөлөөлсөн. 

Тухайн үед Б.Г***даргад миний бие ажлаас чөлөөлөгдөх ямар ч шалтгаан байхгүй, хэрвээ энэ хэлтэстээ ажиллах орон тоо байхгүй юм бол өмнө ажиллаж байсан Хөрөнгө оруулалтын газарт ажиллах боломж олгооч, яаманд ажиллах аль ч ажлын байранд миний бие өрсөлдөх чадвартай гэж хэлж байсан. Тэгэхэд тус хөрөнгө оруулалтын газарт орон тоо байхгүй гэсэн боловч сүүлд нь яаманд ажиллаж байгаагүй 2 хүнийг гаднаас авчирч томилсон байгаа нь шударга бус байна. 

Мөн намайг Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллаж байсан орон тооноос чөлөөлж яг тухайн албан тушаалд дахин өөр мэргэжилтнийг томилсон нь тус яаманд шударга бус, ойлгомжгүй байдал дэндүү их байгааг харуулж байна. 

Намайг чөлөөлсөн Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1*** дүгээр тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасныг үндэслэсэн бөгөөд 62.1.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж заажээ. 

Гэтэл дээр дурдсанчлан Боловсрол, шинжлэх ухааны яам намайг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, томилуулах боломжтой атал хүсэлтийг минь хүлээж аваагүй, харин ч тухайн орон тоонд гаднаас өөр этгээдийг томилсон нь төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдаагүй гэх үндэслэл болж байна. 

Хариуцагчаас бүтэц, орон тоо өөрчлөгдсөний улмаас албан тушаалаас халах шийдвэр гаргахын өмнө сонсох ажиллагаа явуулсан бөгөөд энэ үед миний бие өмнө эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд томилогдох хүсэлтэй байгаагаа, тодруулбал мэргэжил тохирох Хөрөнгө оруулалтын хэлтэст шилжүүлэн ажиллуулж өгөөч хэмээн удаа дараа хүсэлт тавьж, энэ талаараа сонсох ажиллагааны явцад ч илэрхийлж байсан нь сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан. 

Тухайлбал, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлд сонсох ажиллагаа хийж байсан албан тушаалтан Б.Г***нь Орон тоо бүтэц өөрчлөгдөж зарим албан хаагчийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул алба хаагчдаас ажилгүй болгохгүй байх чиглэлээр харьяа байгууллагад ажлаар хангах ажлыг зохион байгуулж байна. Иймд Боловсролын зээлийн санд ажиллах эсвэл тэтгэмж аваад чөлөөлөгдөх тал дээр та саналаа хэлнэ үү гэсэн бөгөөд миний зүгээс аудитороор эсвэл ажлын туршлага харж Хөрөнгө оруулалтын хэлтэст ажиллаж боломж байна гэж бодож байна. Өмнө нь Төрийн нарийн бичгийн даргад энэ саналаа хэлж байсан талаараа тайлбарласан байдаг. 

Үүний дараа 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б.Г***мөн Урьд нь Боловсролын зээлийн санд ажиллах боломж байгаа гэж хэлсэн. Агентлаг байгуулагдахаар тусгай шалгалт өгч орох боломжтой гэснийг хүлээн зөвшөөрөөгүй, энэ нь хууль ёсны ч санал биш юм. Төрийн албан хаагчид дүйцэх албан тушаал санал болгож байгаа бол тусгай шалгалт өгөхийг шаардах нь үндэслэлгүй. Энэ өдрийн сонсох ажиллагаанд Би заавал хөрөнгө оруулалтын хэлтэст ажиллана гэж хэлээгүй. Миний мэргэжилд таарах ажлын байр яаманд байгаа гэж санал, байр сууриа илэрхийлсэн байдаг. 

Гэвч зохих ёсоор, хуулийн дагуу надад урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаал санал болгоогүй байж шалгалт өгч ороорой гэсэн албан тушаалд нь орох боломжтой байсан ч хүлээн зөвшөөрөөгүй гэдэг үндэслэлээр албан тушаалаас халж байгаад гомдолтой байна. Яамандаа өөрийн мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих хангалттай боломжтой. 

Хариуцагчийн зүгээс алба хаагчдыг ажилгүй болгохгүй байх чиглэлийн дагуу сонсох ажиллагаа хийсэн гэх боловч энэ нь дүр үзүүлсэн, бодитоор хэрэгжээгүй гэв.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Л.О***ыг Төрийн албаны тухай хуулийн 62.1.4 заасны дагуу ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгож чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэсэн зохицуулалт бүрэн дүүрэн хэрэгжээгүй гэж үзэж байна. Энэ зохицуулалт нь төрийн захиргааны байгууллага нь хуульд заасан зохицуулалтыг дураараа хэрэглэж болно гэсэн зохицуулалт биш. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана. Нэхэмжлэгчийн тухайд сонсох ажиллагааны явцад илэрхийлсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа томилохгүй байгаа эс үйлдэхүй гэж нэмэгдүүлсэн бэ гэвэл Хөрөнгө оруулалтын хэлтэст миний мэргэжил таарна, тус газарт ажиллахад татгалзах зүйлгүй, энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж өөрийн байр сууриа нэхэмжлэгч илэрхийлсэн байдаг. Боловсролын зээлийн сан, Боловсролын ерөнхий газруудад ажиллах санал болгосон гэж хариуцагч тайлбарладаг. Боловсролын зээлийн сангийн тухайд төрийн үйлчилгээний албан хаагчид ажилладаг. Энэ нь цалин хөлс бууруулахгүйгээр, хууль тогтоомжид заасан ажлын байраар хангуулах гэж байгаа. Шилжүүлэн ажиллуулах зохицуулалт гэж байгаа бөгөөд шүүх энэ зохицуулалтыг хэрэглэж байгаа. Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулсан, санал тавьснаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг хэрэгжүүлсэн гэж үзэж байгаагаар тайлбар гаргадаг. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар сэлгэн ажиллуулах нь өөрөө тусдаа журамтай. Энэ журам хэрэгжээгүй байхад хариуцагч байгууллага санал тавьсан гэж үзээд хаяж болохгүй. Боловсрол, шинжлэх ухааны яаманд ажлын байр байгаа гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг ойлгоно гэж заасан. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж байх явцад 2021, 2022 онуудад Хөрөнгө оруулалтын хэлтэст томилогдсон хүмүүс түр томилогдсоныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн. Эдгээр томилогдсон хүмүүс нь албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага, мэргэжил, мэргэшлийн зэрэгт тохироогүй хүмүүсийг гаднаас томилсон. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нөхнө, хэрвээ нөхөх боломжгүй байгаа бол төрийн албаны нөөцөд байгаа иргэдгээс нөхнө гэсэн зохицуулалт байдаг. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална, 7.1.1 ард түмэнд үйлчлэх, 7.1.2. мэргэшсэн, тогтвортой байх, 7.1.3 улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх, 7.1.4 Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, 7.1.5 төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах эдгээр зарчмууд хэрэгжээгүй байна. Хөрөнгө оруулалтын хэлтэст томилогдох сул орон тоо байгаа.

Нэхэмжлэлийн үндэслэлдээ 2016-2020 онд Сургуулийн өмнөх боловсрол, дээд боловсролын байгууллагын хөрөнгө оруулалт, төлөвлөлт зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан. Тэргүүн зэргийн дэс түшмэлийн ангилал зэрэгтэй албан хаагч Боловсрол шинжлэх ухааны яаманд байсаар байхад гаднаас оруулж ирчхээд тусгай шалгалт хүлээж байгаа гэж байр сууриа илэрхийлж байгаа хуульд заасан зарчим, зорилгодоо нийцэхгүй байна. Төрийн албаны зөвлөл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс харахад Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан маргаанд хамааралгүй учраас төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэхгүй гэдэг хариу өгсөн. Төрийн албан хаагчаас цалин хөлс баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн ажиллах нөхцөл, төрийн албан хаагчийн нэмэлт баталгааны талаар маргаж байгаа бөгөөд энэ маргааныг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх ёстой байсан. Төрийн албаны зарчим, зорилго огт биелээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмуудын үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх ийм шийдвэрийг захиргааны байгууллага, албан тушаалтан гаргах ёстой. Өмнө үр бүтээлтэй, зэрэг дэвээ ахиулан ажиллаж байсан хүн байсаар байтал ямар шалтгаанаар гаднаас 2 хүн албан тушаалд томилж оруулж ирсэн нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг хэрэглэх нь захиргааны байгууллага, албан тушаалтны эрх хэмжээний асуудал гэж орхиж болохгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана гэж зааснаар үүнийг шалгах ёстой. Хөрөнгө оруулалтын хэлтэст томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо гэж байгаа шалтгааны тухайд нэгдүгээрт одоо ажиллаж байгаа хүмүүсийн ажил үүрэгт халдмааргүй байна гэсэн бөгөөд үүсэх үр дагаврыг мөн нэхэмжлэгчид тайлбарлаж өгсөн байгаа. Хоёрдугаарт эдгээр хүмүүс төрийн жинхэнэ албан хаагч биш, түр томилгоотой буюу сул орон тоо байгаа гэж дүгнэх боломжтой байхад Сургуулийн өмнөх боловсрол, дээд боловсролын байгууллагын хөрөнгө оруулалт, төлөвлөлт зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох бүрэн боломжтой байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 265 дугаар тогтоолоор яамны бүтэц шинэчлэн батлагдсан. Энэхүү тогтоолын дагуу яамны бүтэц, орон тоо 110 байсныг цөөрүүлэн 88 байхаар тогтож 22 албан тушаалыг цомхотголд оруулсан. 

1. Иргэн Л.О***ыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1*** дүгээр тушаалаар "Мэдээлэл, технологи, статистикийн хэлтсийн мэргэжилтэн-ний үүрэгт ажлаас чөлөөлсөн. Учир нь Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай 265 дугаар тушаалаар яамны бүтэц, зохион байгуулалт өөрчлөн байгуулагдсан ба тус тушаалаар Мэдээлэл, технологи, статистикийн хэлтсийн мэргэжилтэн-ний орон тоог цомтгосон. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж заасны дагуу яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөн зохион байгуулагдсан тул иргэн Л.О***ыг ажлаас чөлөөлсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс сонсох ажиллагааг явуулсан, мөн энэхүү нэхэмжлэлийн агуулгатай холбоо бүхий гомдлыг иргэн Л.О*** 2021 оны 12 сарын 14-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гаргасан ба Төрийн албаны зөвлөлөөс тус гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг хүргүүлсэн байх тул иргэн Л.О***ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Мэдээлэл технологи, статистикийн хэлтсийн мэргэжилтэн-ий ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан. Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-д 62.1.3.төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах-т зааснаар албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, мөн хуулийн 62 дугаар зүйлийн "62.1.4.төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж тус тус заасныг зөрчөөгүй болно.

Иймд иргэн Л.О***ыг дээрх албан тушаалаас чөлөөлсөн Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1*** дүгээр тушаал холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болно. 

Яамны зүгээс ажлын байрны давхардлыг арилгах, үр бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллаж ирсэн бөгөөд төрийн албан хаагчдыг хохироохгүй байх бодлогыг барин ажиллаж, бүтэц, орон тооны цомхотголд орсон албан хаагчдыг яаманд гэрээгээр ажиллуулах, харьяа байгууллага болон Боловсролын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулах боломжийг олгож ажиллаж байсан. 

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө 2 удаа сонсох ажиллагаа хийж Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс боломжит бүх ажлын байрны санал тавьсан. Эхний сонсох ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн Боловсролын зээлийн сан ажиллах санал тавьсан. Мөн Боловсролын ерөнхий газар буюу агентлагт ажиллах санал тавьсан. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлд дахин Боловсролын зээлийн санд ажиллах боломжтой гэдгийг баталгаажуулж дахин санал тавьсан. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж заасан бөгөөд тус заалтын гол агуулга нь төрийн албан хаагчийг ажлын байраар хангах. Гэтэл нэхэмжлэгчид Боловсролын зээлийн санд ажиллах саналыг тавьсан ч хүлээж аваагүй учраас хүчээр томилох боломжгүй тул хуульд заасан 3 сарын тэтгэмж олгож ажлаас чөлөөлсөн.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Л.О***ыг тус яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн зохих албан тушаалд томилохыг даалгуулах гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. гэж заасан ба бодит нөхцөл байдал дээр тус яамны Хөрөнгө оруулалтын хэлтэст сул орон тоо байхгүй.гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь ...намайг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, томилуулах боломжтой атал хүсэлтийг минь хүлээж аваагүй, ... тухайн орон тоонд гаднаас өөр этгээдийг томилсон нь төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдаагүй ... сонсох ажиллагаа хийсэн гэх боловч энэ нь дүр үзүүлсэн, бодитоор хэрэгжээгүй ... Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-г хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй... гэж, хариуцагч нь ...Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасны дагуу төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан ... бодит нөхцөл байдал дээр тус яамны Хөрөнгө оруулалтын хэлтэст сул орон тоо байхгүй ... 2 удаа сонсох ажиллагаа хийсэн, нэхэмжлэгчид 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгож албан тушаалаас чөлөөлсөн, төрийн албан хаагчийн баталгаагаар хангасан... гэж тус тус маргажээ.

3. Үйл баримтын тухайд;

3.1. Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 олны 08 дугаар сарын 09-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/4*** дүгээр тушаалаар Худалдан авах ажиллагааны газар татан буугдсантай холбогдуулан нийт албан хаагчдыг чөлөөлж, албан хаагчдыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжүүлсний дотор Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтсийн мэргэжилтэн нэхэмжлэгч Л.О*** багтсан байна.

3.2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Ажилд томилох тухай Б/31 дүгээр тушаалаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн Сургуулийн өмнөх боловсрол, дээд боловсролын салбарын барилга, засварын төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгч Л.О*** нь түр томилогджээ.

3.3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Ажилд томилох тухай Б/131 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Л.О*** нь Соёл, шинжлэх ухаан, спортын салбарын барилгын төлөвлөлт гүйцэтгэл мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажилласан байна.

3.4. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагаанд стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 51 дүгээр тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай Б/2*** дугаар тушаалуудаар Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, зохион байгуулал, орон тооны хязгаарыг шинэчлэн баталжээ.

3.5. Дээрх байдлаар бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Яамны ажлын байрны нэр, ангилал зэрэглэл батлах тухай Б/2*** дүгээр тушаалаар Боловсрол, шинжлэх ухааны яамны албан тушаал, ажлын байрны нэр, ангилал, зэрэглэлийг баталсан байх бөгөөд Мэдээллийн технологи, статистикийн хэлтэст Шинжлэх ухаан, инновацийн салбарын цахим технологийн нэвтрүүлэлт болон мэдээллийн технологийн дэд бүтэц, сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалтай байхаар баталжээ.

3.6. Нэхэмжлэгч Л.О***ыг дээрх албан тушаалд буюу Боловсрол, шинжлэх ухааны яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтэст Шинжлэх ухаан, инновацийн салбарын цахим технологийн нэвтрүүлэлт болон мэдээллийн технологийн дэд бүтэц, сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Ажилд томилох тухай Б/39 дүгээр тушаалаар томилогдсон байна.

3.7. Нэхэмжлэгч Л.О*** нь дээрх Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 дүгээр тушаалтай холбоотой асуудлаар гомдол, санал гаргаагүй байх бөгөөд Шинжлэх ухаан, инновацийн салбарын цахим технологийн нэвтрүүлэлт болон мэдээллийн технологийн дэд бүтэц, сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байсан байна.

3.8. Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай 265 тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны яамны орон тооны дээд хязгаарыг 110 байсныг 88 болгон 22 орон тоогоор хасаж шийдвэрлэжээ.

3.9. Засгийн газрын дээрх тогтоол гарсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Газар, хэлтсийн орон тооны хязгаар шинэчлэн батлах тухай Б/8*** дүгээр тушаалаар яамны орон тооны хязгаарыг 88, цахим бодлого, статистикийн хэлтсийг 4 орон тоотой байхаар баталсан байна.

3.10. Боловсрол, шинжлэх ухааны яамны орон тооны дээр хязгаарыг баталсан Засгийн газрын тогтоол, Төрийн нарийн бичгийн даргын тушаалууд гарсантай холбогдуулан Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Яамны албан тушаал, ажлын байрны нэр, ангилал зэрэглэл батлах тухай А/103 дугаар тушаалаар яамны албан тушаал, ажлын байрны нэр, ангилал, зэрэглэлийг баталсан байх бөгөөд Цахим бодлого, статистикийн хэлтсийг дарга, Салбарын цахим технологийн бодлого, төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах шинжээч, Салбарын статистикийн мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн, Салбарын мэдээллийн технологийн дэд бүтэц, аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн гэх албан тушаалтнуудтай байхаар баталжээ.

3.11. Дээрхээс үзвэл Боловсрол, шинжлэх ухааны яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийг Цахим бодлого, статистикийн хэлтэс болгон өөрчилсөн байх бөгөөд уг хэлтэс нь 5 орон тоотой байсныг 4 орон тоотой болгон өөрчилж, 1 орон тоог хассан байна.

3.12. Дээрх байдлаар хасагдсан 1 орон тоо нь нэхэмжлэгч Л.О***ын ажиллаж байсан Шинжлэх ухаан, инновацийн салбарын цахим технологийн нэвтрүүлэлт болон мэдээллийн технологийн дэд бүтэц, сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо байна.

3.13. Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор хариуцагчаас маргаан бүхий 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Л***-н О-ыг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай Б/1*** дүгээр тушаалыг гаргажээ.

3.14. Маргаан бүхий тушаал нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, 9.8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Засгийн Газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай 265 тогтоол, Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны Яамны албан тушаал, ажлын байрын нэр, ангилал зэрэглэл батлах тухай А/103 дугаар тушаал, Төрийн бичгийн нарийн бичгийн даргын 2020 оны Журам батлах тухай А/59 дүгээр тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 4.15-4.22 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Л.О***ыг яамны бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэжээ.

4. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд;

4.1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа, 62.1.4.төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох. гэж заажээ.

4.2. Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох зохицуулалтай байна.

4.3. Хэрэгт нотлох баримтаар 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл авагджээ. Уг сонсох ажиллагаанд хариуцагчийг төлөөлөгч Б.Гантулга, нэхэмжлэгч Л.О*** нар оролцжээ.

4.4. Дээрх сонсох ажиллагааны тэмдэглэлд ... Д.Гантулга: Орон тоо бүтэц өөрчлөгдөж зарим зарим албан хаагчийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул албан хаагчдаа ажилгүй болгохгүй байх чиглэлээр харьяа байгууллагад ажлаар хангах ажлыг зохион байгуулж байна. Боловсролын зээлийн сан таныг авч ажиллуулж болно гэсэн. Иймд Боловсролын зээлийн санд ажиллах эсвэл тэтгэмж аваад чөлөөлөгдөх тал дээр саналаа хэлнэ үү. ... Л.О***: ... Би таны хэлсэн саналыг сонслоо. Гэхдээ би таны тавьсан 2 саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.

4.5. Нэхэмжлэгч Л.О*** нь маргаан бүхий тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авсан байх бөгөөд энэ үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

4.6. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, маргаан бүхий тохиолдолд Засгийн газраас гарсан шийдвэртэй холбоотой Боловсрол, шинжлэх ухааны яаманд бүтэц, орон тооны өөрчлөлт хийгдэж, зарим орон тоо хасагдсан байх бөгөөд үүн дотор нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдсан байх бөгөөд хариуцагч нь маргаан бүхий тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.7. Учир нь хариуцагч нь маргаан бүхий тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчийг хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангах зорилгоор харьяа байгууллагад ажиллах талаар санал тавьж, саналыг хүлээн зөвшөөрөөгүй учир маргаан тушаалаар нэхэмжлэгч Л.О***ыг ажлаас нь чөлөөлж, нэхэмжлэгчид 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон байх тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг хэрэглэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэж үзэх үндэслэлгүй байна.

4.8. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчээс Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1*** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Л.О***ыг зохих албан тушаалд томилохгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Л.О***ыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу цалин хөлс бууруулахгүйгээр ажил мэргэшлийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын хэлтэст зохих албан тушаалд томилохыг даалгуулж, ажилгүй байсан хугацааны 239 хоногийн цалин хөлстэй тэнцэх 24,815,943.6 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг баримтлан иргэн Л.О***аас Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1*** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Л.О***ыг зохих албан тушаалд томилохгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Л.О***ыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу цалин хөлс бууруулахгүйгээр ажил мэргэшлийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын хэлтэст зохих албан тушаалд томилохыг даалгуулж, ажилгүй байсан хугацааны 239 хоногийн цалин хөлстэй тэнцэх 24,815,943.6 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрт гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ