Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 

    2025         02         18                                   2025/ШЦТ/86

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,

Улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч Д.Батбаяр /ҮД:0200/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Ут холбогдох 2405 04399 0051 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19._... оны 03 дугаар сарын .......ны өдөр .....аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэшсэн жолооч мэргэжилтэй, .......... улсын дугаартай автобусны жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ..............дүүргийн ......... хороо, ............тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, эрүүгийн храиуцлага хүлээж байгаагүй, БУ /РД:.........../.

Хэргийн товч агуулга:

М.У нь 2024 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ...........дүүргийн ......... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......дугаар байрны ................ тоотод гэртээ байхдаа хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Г.Гн дух, шанаа, зүүн мөр, биеийнх нь олон хэсэгт гараараа цохих зэрэг үйлдлээр бие махбодод нь халдаж эрүүл мэндэд нь духны зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, цээжинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.У өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч М.У нь 2024 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 102 тоотод гэртээ байхдаа хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Г.Гн дух, шанаа, зүүн мөр, биеийнх нь олон хэсэгт гараараа цохих зэрэг үйлдлээр бие махбодод нь халдаж эрүүл мэндэд нь духны зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, цээжинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх.01-02/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Гн өгсөн: “Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ажлын хүмүүстэй хамт гадуур гарч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд орой 22:00 цагийн үед нөхөр залгаж хаана байгааг асууж ирэхгүй юмуу гэсэн. Тэгэхээр нь гараад удаагүй байна удахгүй очно гэсэн. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 02:00 цагийн үед гэртээ би ирсэн. Тэгээд нөхөр У найзтайгаа утсаар ярьж байхад би усанд орлоо гэсэн чинь хардаад миний өмсөж байсан өмдийг ураад би хувцсаа солих гээд хувцасны шүүгээг онгойлгох үед миний хувцсыг урсан байсан. Тэгээд маргаан үүсээд би нөхрийг яагаад ингэж байгаа юм гээд би мөр хэсэг рүү нь цохиод, шилбэ хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгсэн нөхөр намайг түлхээд битгий давраад байгаарай гээд намайг зодсон. Тэгэхээр уурандаа зурагт хагалах үед нөхөр намайг зурагт эвдлээ гээд дахиж намайг зодсон. Миний толгой хэсэг рүү олон удаа цохисон ба зүүн шанаа хэсэг, духны зүүн хэсэг хавдаж хөхөрсөн. Мөн зүүн мөр хэсэгт хөхөрсөн, зүүн гарын ядам хурууны шөрмөс гэмтсэн байна. ... Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа 3 хүүхэдтэй, 8 жил хамт амьдарч байна.” гэх мэдүүлэг /хх.05-06/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй тухай бичгээр гаргасан баримт, тайлбар /хх.11-12/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.13-25, 65/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 12406 дугаартай:

“1. Г.Гн биед духны зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, цээжинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” Гэх дүгнэлт /хх.40-41/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.44-47/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.55-57/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.61-62/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.Уын яллагдагчаар өгсөн: “Хэрэг гарах цаг хугацаанд өөрийн уур бухимдлаа барьж чадаагүйгээс энэ гэмт хнэрэг гарах болсон. Хэргийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй...” гэх мэдүүлэг /хх.64/,

Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан тухай баримт /хх.69-70/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.72/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.73/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй тухай хохирогчийн тайлбарыг тэмдэглэсэн прокурорын тэмдэглэл /хх.75/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М.У нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.У 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

М.Уын хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

М.Ут оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ут урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч БУыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ут 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч М.Ут оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Шүүгдэгч М.Ут оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Уаас 124,762 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газарт олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ут авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР