Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/09

 

    2025         01         13                                    2025/ШЦТ/09

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэндсүрэн,

улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Энхболд,

шүүгдэгч Д.Э , түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Б.Б, Б овгийн Д.Э  нарт холбогдох эрүүгийн 2309035162242 дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Ч овгийн Б.Б, 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт, ** дүүргийн ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ****, 

Б овгийн Д.Э , 1997 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *** бармен ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, *** дүүргийн *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ****.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Х баарны хашаан дотор Д.Э той “машин мөргөлөө” гэх шалтгаанаар маргалдаж нүүр, цээжин тус хэсэгт нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Д.Э  нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Х баарны хашаан дотор Э.Т , Б.Б нартай “машин мөргөлөө” гэх шалтгаанаар маргалдаж Б.Бтэй зууралдаж, түлхэж унагаан эрүүл мэндэд нь зулайд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Д.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Х баарны хашаан дотор “машин мөргөлөө” гэх шалтгаанаар шүүгдэгч Д.Э  нь Э.Т , Б.Б нартай маргалдаж Б.Бтэй зууралдаж, түлхэж унагаан эрүүл мэндэд нь зулайд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Б.Б нь Д.Э той маргалдаж нүүр, цээжин тус хэсэгт нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь: 

Хохирогч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие тухайн үед Х баарны дотор заслын ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19:00 цагийн үед тус баарны үүдэнд портер машинаас хавтангуудаа буулгаад портер машинаа холдуулж байхад тус баарны зогсоол дээр байсан миний Тоёота сай маркийн **-** УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэг хар өнгийн тээврийн хэрэгслээр ухарч байгаад мөргөчхөөд гараад явах гэж байхад нь хойноос орилоод гүйхэд сонсохгүй байхаар нь машиных нь хойд талд нь цохисон. Тэгээд нэг залуу бууж ирээд “яачихсан юм” энэ тэрээ гээд байсан бөгөөд “машин мөргөчихлөө гэж” хэлсэн чинь тухайн залуу “хаана мөргөсөн юм пизда минь гээд” орилоод байсан. Тэгсэн ар талаас нь 2 залуу 1 эмэгтэй буугаад ирсэн. Тэгээд би машин руугаа дөхөж очоод мөргөсөн газрыг нь харуулахад миний машин зүгээр байсан бөгөөд тухайн эрэгтэй тэрийг харчхаад “яасан юм, хаана мөргөсөн байна пизда минь” гээд дайраад байсан. Тэгээд миний хажууд манай ажлын танил ах Гээнээ нь нөгөө хэдэд хандаж “Та нар олуулаа хүний машин мөргөчхөөд нэг хүн дээрэлхэх гээд байгаа юм уу” гэсэн чинь тухайн залуучуудын нэг залуу нь ахыг бариад авах шиг болохоор би ах руу очих гэж байхад нөгөө эхэнд гарч ирдэг залуу миний ард талаас хөл рүү хавирахаар нь би эргэж хараад барилцаж аваад хоорондоо зодолдсон. Тэгээд тухайн залуугаас салаад нөгөө ахыг бариад байсан залуу руу очоод бэлхүүснээс тэврээд түлхэхэд дээрээс цохиж, нүдээд байсан бөгөөд нөгөө залуу хойшоогоо унахдаа машины обуд толгойгоороо мөргөөд уначих шиг болсон. Тэгээд ерөнхийдөө зодоон салсан. Эхэлж машинаас бууж ирсэн залуу миний нүүр хэсэг рүү нилээн хэд цохисон, дараачийн ахтай муудалцах гээд байсан залуу миний цээж, гэдэс хэсэг рүү нилээн хэдэн удаа цохисон. Сүүлд ахтай муудалцах гээд байсан мяраалаг залуу миний цээж рүү хэдэн удаа цохиход цээж хөндүүрлэсэн тэрийгээ санаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн Х баарны хашаан дотор миний бэлтгэл хийдэг бодибилдингийн фитнес байдаг бөгөөд бэлтгэлээ хийчхээд найзууд болох З , Э.Т , Ч , Э.Т гийн найз охин нарын хамтаар 20:00 цаг өнгөрөөгөөд гарсан. Тэгээд хашаан дотор зогсоолд байсан Э.Т гийн Приүс 30 маркийн машинд суугаад зогсоолоос гарч байхад нэг залуу Э.Т гийн машин руу цохиод, тогшоод байсан бөгөөд Э.Т  ганцаараа тухайн залуутай уулзахаар буусан бөгөөд гадаа тэр 2 муудалцаад байсан бөгөөд гэнэт хоорондоо заамдалцаад авахаар нь бид нар бууж очиход нөгөө залуу нь Э.Т г цохиж, зодоод эхэлсэн чинь тухайн үл таних залуутай хамт явж байсан бололтой хөгшин ах З , бид 2 зүгээр зогсож байхад барьж аваад түлхээд цаашаа бай “Хүний олон хүнээ барьдаггүй юм” гээд орилоод байсан. Тэгээд Э.Т  нөгөө залуу 2 хоорондоо зодолдохоо больсон байсан бөгөөд би тухайн хөгшин ахад жаахан уурлаж зүгээр байхад та яагаад намайг түлхээд байгаа юм гээд хэлээд зогсож байхад Э.Т тэй маргалдсан үл таних эрэгтэй над дээр намайг түлхээд унагаахаар нь би босоод барьцалдаж авахад дахиж намайг түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Гэрч Э.Т гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Б.Б найзын хамтаар Х  баарны хажуу талын фитнест бэлтгэл хийгээд уг баарны зогсоолд байршуулсан байсан 31-07 УНМ улсын дугаартай хар өнгийн приус 30 маркийн машиндаа суугаад хөдөлсөн тэр үед машинд үерхэж байсан охин болох Д хүлээж байсан бөгөөд Б.Бийн 2 найз нь бас ирээд бид 5 миний машинд суугаад тухайн зогсоолоос гараад баруун эргэтэл машины хойд хэсэгт тас гээд чанга чимээ гарсан. Тэгээд би зогсоод машинаасаа буухад үл таних эрэгтэй машины хойно зогсож байсан бөгөөд би тухайн залууд хандаж “чи яаж байгаа юм бэ яагаад цохиж байгаа юм” гэсэн чинь “чи машин мөргөчихлөө” гэхээр нь би “хаана мөргөсөн юм” гээд тус залуугийн машин гэх цагаан суудлын тэрэг уг баарны зогсоол дээр байхад нь очиход тухайн машин нь зүгээр, эвдрэл гэмтэл учирсан зүйл байхгүй байсан. Тэгэхээр нь би “яасан юм бэ хаана мөргөчхөөд байна” гэсэн чинь нөгөө залуу намайг “Наадхаа долоогоод хараа” гэж хэлэхээр нь миний уур хүрээд “машин чинь яагаачгүй байна яаж харьцаад байгаа юм цагдаагаа дууд” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу өөдөөс уурлаад бид 2 маргалдаж хоорондоо хэрэлдээд зогсож байхад Б.Б найз ирээд намайг “больё, яах гээд байгаа юм” гээд татсан чинь нөгөө залуугийн найзууд нь цаад баарнаас гарч ирж байсан /тухайн бааранд л засвар хийж байсан хүмүүс юм шиг байсан тус баар ажиллахгүй байсан/. Тэгсэн цаанаас нэг хөгшин ах ирээд хүний олон хүнээ барихгүй шүү гээд Б.Бийг цааш татаад аваад явсан. Тэгээд дахиад тухайн залуу надтай маргалдахаар нь би зүгээр байгаарай гээд цааш түлхэхэд нөгөө залуу намайг шууд малгайтай цамцны малгайнаас татаад миний толгой, дагз, нүүр лүү олон удаа цохиод миний дээгүүрх цамцыг бүр тайлаад би дээгүүрээ нүцгэн болсон. Тэр үед нөгөө залуу шууд Б.Б найз руу гүйж очоод хөлөөс татаад Б.Бийг хойшоо машин мөргүүлээд унагаасан. Тэгээд тэр үед хажууд их олон хүмүүс байсан учраас би очиж чадаагүй ба Б.Б нь дээш дахиад босоход дахиж тэр 2 зууралдаад миний хажууд ирээд Б.Бийг дахин толгойгоор нь газар унагаасан. Тэр үед Б.Бийн 2 найз /нэр, утасны дугаарыг нь мэдэхгүй/ нь Б.Бийг дээш татаж босгоход Б.Бийн толгойноос цус гарч байсан бөгөөд Б.Б нь толгой хагарчихлаа гээд байсан. ...Хоорондоо зууралдсан миний бие бэлтгэл хийсэн байсан учраас хөдөлж чадахгүй байсан тэрнээс цохисон зүйл байхгүй. ...Б.Бийг газар уначихсан байхад нь уг залуу дээр нь гарчихсан байсан бөгөөд Б.Б нь өөрөөсөө холдуулах гээд хөлөөрөө цээж рүү нь миний харснаар 1 удаа тийрч буюу өшиглөж дээрээсээ холдуулж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 14936 дугаартай: “...1.Д.Э ын биед зүүн талын 10-р хавирганы далд хугарал, зүүн чихний дэлбэнд, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14959 дугаартай: “...1.Б.Бийн биед зулайд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Тэгээд тухайн үл таних залуу Э.Т  нар нь хоорондоо барьцалдаад эхэлсэн. Тухайн үед З  бид 2 хажууд нь зогсож байсан бөгөөд бид нар болиоч ээ гээд зогсоод байж байсан. Тэгээд тэр 2 барьцалдаж аваад Э.Т г тухайн залуу доошоо дарчихсан зогсож байсан бөгөөд хажуу талаас нэг хөгшин ах З  бид хоёрыг хажуу тийшээ татаад хүний олон хүнээ барьдаггүй юм гэж хэлсэн тэр үед Э.Т  тухайн залуу 2 салчихсан байсан бөгөөд тус ахад уурласан та хөгшин настай хүн байж яагаад зүгээр байгаа хүнийг татаад байгаа юм гэж хэлсэн. Тэр үед ах бид бие биеийнхээ куртикнээс барьцалдсан байдалтай маргалдаад байж байхад Э.Т тэй маргалдаж байсан эрэгтэй над руу гүйж ирээд намайг тэвэрч түлхээд хойшоо машин руу дагзаар намайг унагаасан. Тэгээд би босоод тухайн залуутай барьцалдаж авахад тухайн залуу дахиад намайг газар дарж унагаасан бөгөөд би босох гээд тухайн залуугийн цээж хэсэг рүү хөлөөрөө түлхсэн. Тэгээд босоход куртик цус болчихсон байсан бөгөөд бариад үзэхэд толгойноос цус гарчихсан байсан. Тэгээд маргаан дууссан. Миний дээрээс дарчихсан байсан учир би өөрийгөө цохиж чадсан гэж бодохгүй байна нүүр хэсэгт нь бол огт хүрээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-118 дахь тал/,

Шүүгдэгч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орой Х баарны гадна үл таних хүмүүстэй маргалдсан өмнө нь өгсөн мэдүүлэгтэй ижилхэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123-124 дэх тал/,

СД-нд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б, Д.Э  нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль буцсаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Д.Э од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял, шүүгдэгч Б.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч  нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон хохирогч гомдол, саналгүй гэсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.Э од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял,

шүүгдэгч Б.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Хохирогч Б.Б, Д.Э  нар нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч Б.Б, Д.Э  нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б, Д.Э  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Д.Э  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овгийн Б.Б, Б овгийн Д.Э  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Э од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Б, Д.Э  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Д.Э  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН