Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2019/00736

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж.Г нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Хот тохижуулах газарт холбогдох,

 

Хот тохижуулах газрын ачигчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 4.985.952 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.”““, түүний өмгөөлөгч Ц.”““, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.”““, түүний өмгөөлөгч А.”““, гэрч Б.”““, А.”““, Б.”““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1993 онд Төв аймгийн Хот тохижуулах газрын хогийн сахиулаар ажилд орсон. Одоог хүртэл ажиллаж байна. 2018 оны 5 дугаар сарын 28-нд банкнаас намайг зээл дутуу төлсөн байна гээд ярьсан. Яагаад дутуу орсон юм бол гээд Б.”““ нягтлан дээр орсон чинь би сайн мэдэхгүй даргаас асуу гэсэн. Би дарга дээр орсон чинь намайг чи ямар ажил хийдэг гуйлгачин биш гэсэн. Тэгэхээр нь би яахаараа ажил хийдэггүй юм гэсэн намайг өрөөнөөсөө чирээд гаргасан. Цагдаа дуудаад намайг цагдаа аваад явсан. 2018 дугаар 5 дугаар сарын 28-нд намайг халлаа гэсэн. Тэгэхээр нь би нягтлан бодогч Б.”““гаас намайг ажлаас халсан уу гэхэд таныг халсан байхаа гэсэн. Тэгэхээр нь би шүүхээр оръё. Зүгээр байж байгаад халагдахгүй гэсэн гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 21 дүгээр тушаалаар Ж.”““тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн. Хогийн цэгийн талбайг тэлж, байгальд орчинд хохирол учруулсан, хогийг тарааж буулгасан, нэмэлт зардал гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, анхан шатны бүртгэл хөтлөх чадваргүй зэрэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Хэрэгт авагдсан баримтуудыг аваад үзэхээр нягтлангийн гаргасан цагийн бүртгэл, зөрчил нь хууль зүйн үндэслэлгүй байна. 6, 7 цагт ирж ажилладаг байхад энэ 9 цагт ирдэг байсан гэдэг. Цагийн бүртгэлд бүртгэх ёстой хүн нь би бүртгээгүй гэдэг. Тэгэхээр энэ сахилгын зөрчил биш. Үүнээс болж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталсан. Энэ бол зөрчил биш. Нягтлан хүн энэ байгууллагын харилцаанд оролцож хөдөлмөрлөх эрхийн харилцааг зохицуулж өгөх ёстой хүн биш. Ажил үүргийн хувиараар байгууллагын санхүү, аж ахуйн албаны үүргийг гүйцэтгэх ёстой хүн. Үнэн юм болов уу гээд яваад үзсэн. Хот тохижуулахын хүмүүстэй уулзахад өглөө 6-7 цагт ажилдаа гардаг юм байна лээ. Энэ актад 9 цаг 00 минутаас 18 цаг 00 минут хүртэл ажилладаг гэсэн байдаг. Ачигчийн ажилд шилжүүлж байгаа асуудал хууль бус байсан. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар 45 хоногийн хугацаатай өөр ажилд шилжүүлэх боломжтой байсан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэвэл 2018 оны 6 дугаар сарын 4-нөөс 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин буюу 4.995.000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүхэд шилжиж ирсэн хугацаанаас хойш тооцож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг жилийн хугацаагаар гаргасан байгаа. Түүнээс хойш хугацааг тооцоогүй. Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн Б/21 тушаалаар ачигч Ж.”““ийг ажлаас чөлөөлөх тушаалыг эс зөвшөөрсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар удаа дараа сахилгын шийтгэл гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. Түрүүчийн шүүх хуралдаанд гэрч Д.”““г цаг бүртгэдэг ажил үүргийн хувьд оруулж ирсэн. Д.”““ ...би Ж.”““ийн цагийг бүртгэж үзээгүй, энэ дээр гарын үсэг зур... гэхээр нь зурсан гэж хэлдэг. 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс хойш 09 цаг 00 минутад бүртгэсэн бүртгэлийг нягтлан Б.”““ гэдэг хүн бүртгэлийг гаргасан байдаг. Тэрийг нь би бүртгээгүй, би мэдэхгүй гэж батлаж өгдөг. Тэгээд хамт ажиллаж байсан хүмүүсээс нь асуухаар 2019 оны 09 дүгээр сарын 10 өдөр “““, “““, “““ гэдэг хүмүүсийг шүүх хуралдаанд заавал оролцуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргадаг. “““ нь гадаад явсан байдаг. “““тэй бол уулзсан. “““ дээр би очсон. “““ дарга гарын үсэг зур гэсээр байгаад зуруулсан гэдэг. Тэгэхээр сахилгын зөрчил биш байна гэж үздэг. Хөдөлмөрийн тухайн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар сахилгын зөрчил биш. Захирагдах, захирах ёсыг алдагдуулсан гэх мэтчилэн тушаал дээр дурдсан нь сахилгын зөрчил биш. Одоо бол гаргаж байгаа үйлдлүүдийг зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар ажилд нь тогтоож, тус хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговор буюу цалинг шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Удаа дараа байгууллагын дарга дээр Ж.”““ ах ажлаа хийхгүй байна, ажилдаа ирэхгүй байна гэдэг. Хамт ажиллаж байсан ачигч нь ганцаараа ачиж байна хүн өгөөч гэдэг байсан. Ж.”““ хаачсан юм гэхээр ирээгүй гэдэг. Ингээд ирэхээр нь надад хэлчхээрэй гэхээр ирээгүй гэдэг. Ер нь яг ярьвал “““ хүү “““аас 1.000.000 төгрөг зээлсэн байсан байлээ. Тэгээд Ж.”““т сайн болох гэж худлаа мэдүүлэг өгсөн байсан. Мэдэхийн дээдээр мэдэж байсан тэгсэн мөртлөө Ж.”““аас 1.000.000 төгрөг зээлчихсэн байсан учраас худлаа мэдүүлэг өгсөн. Ажилд халсан шалтгаан нь манай дотоод журманд 3 хоног шалтгаангүйгээр ажил таславал ажлаас чөлөөлдөг. Ж.”““ ажил тасалдаг, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, удаа дараа дуудаад ирдэггүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж байсан. 2018 оны 5 дугаар сарын 2, 3, 9, 10, 16-ны өдрүүдэд ажил тасалсан. Үүрэг даалгавар удаа дараа зөрчсөн, биелүүлдэггүй. Өөр дээр нь сахилгын арга хэмжээ авагдсан. 2018 оны 4 дүгээр сарын 13-ний Б/16 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Цалинг бол хасаагүй. Дахиад зөрчил нь давтагдсан. Би ажилласан гэдэг. Хамт ажиллаж байгаа хүмүүс нь хүртэл хэлдэг. “““ гэдэг хүнээр олон дуудуулсан. Адьяа олон удаа дуудсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн Б/21 тоот тушаалыг өмгөөлөгчийн хувьд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д ажил олгогч нь ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй гэж заасан. Энэ эрхийн хүрээнд шаардсан ажлыг гүйцэтгэдэггүй. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөж, хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлэх, нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй. Хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлэх үүргээ биелүүлээгүйгээс болж энэ тушаал гарсан. Тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д заасныг баримталсан. Энэ маань ажил олгогчийн санаачлага байсан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Давтан гаргасан гэдэг нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/16 тушаал хүчин төгөлдөр байгаа. Энэ тушаалд гомдол гаргаагүй. Энэ тушаал нь сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Учир нь Хөдөлмөрийн дотоод журмын 3.8-д бусдыг буюу удирдлагыг хэл амаар доромжилсон гэдэг үндэслэл. Дараагийнх нь ачигчийн албан үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1, 6.2.2-т тус тус зааснаар 3-аас дээш хоног ажил тасалсан бол ажлаас шууд чөлөөлөх үндэслэл байгаа. Үүнийг зөрчиж Ж.”““ 6 хоног ажил тасалсан. Б/16 дугаар захирамж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д зааснаар сахилгын зөрчилгүйд тооцогдоогүй байсан. Хөдөлмөрийн дотоод журмын 6.4-д хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан. Эдгээр үндэслэлүүд ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Хоёрт, Удирдлагын зөвлөлийн хурлаар оруулсан. 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хамт олны хурлаар орсон. удирдлагын зөвлөлийн хурлаар 2018 оны 6 дугаар сарын 4-нд орсон байгаа. Ийм хоёр хурал хийхэд Ж.”““ийг дуудаад ирээгүй. Техник, эрх зүйн үндэслэлүүд нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ийм учраас 2018 оны 6 дугаар сарын 4-ний Б/21 тушаалыг хууль гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.”““ нь Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын ачигчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4.985.952 төгрөг гаргуулах, нэхэмжлэл гаргасныг,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч, Хот тохижуулах газрын дарга С.”““ ... Ж.”““ нь ажил тасалдаг, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, удаа дараа дуудаад ирдэггүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж байсан. 2018 оны 5 дугаар сарын 2, 3, 9, 10, 16-ны өдрүүдэд ажил тасалсан. Өгсөн үүрэг даалгавар удаа дараа зөрчсөн зөрчлүүдийг удаа дараа давтан гаргасан. 2018 оны 4 дүгээр сарын 13-ний Б/16 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Дахиад зөрчил нь давтагдсан нь ажлаас халах шалтгаан болсон гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбарлаж, маргаж байна. /хэргийн 17-18 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Нэхэмжлэгч Ж.”““ нь Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн Б/21 дугаартай, Ж.”““тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах тухай тушаалын талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гаргасан байна.

 

Ж.”““ нь Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газарт 2004 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь түүний нийгмийн даатгалын НДД№115041, №А0379870 дугаар дэвтрүүдэд бичилт хийсэн байдал, мөн 2004 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 33 дугаар Ажилд авах тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 151/ШШ2017/01222 дугаар шийдвэр, ажлаас чөлөөлсөн тушаал зэргээр нотлогдон тогтоогдож байна. /хэргийн 4, 5, 70, 100-101,102-104, 208 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ж.”““ийг Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн Б/21 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.8, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1, 6.3.2, 6.4 дэх заалтуудыг үндэслэн ажлын цаг баримтлахгүй, ажил тасалж, ажлыг чанаргүй хийх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй хэрүүл маргаан үүсгэх зэрэг сахилгын зөрчлийг давтан гаргаж хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэж үзэж хөдөлмөрийн гэрээг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан байна. /хэргийн 70 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн 1470001147 дугаар, РД:9061231 дугаар гэрчилгээгээр А.”““г тус хот тохижуулах газрын даргаар 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн томилсон байдлыг эрх бүхий байгууллагаас эрх олгосон, ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах эрхтэй байна гэж үзнэ. /хэргийн 11 дугаар тал/

 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Ажил олгогчийн гаргасан хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой аливаа

шийдвэр нь ажил олгогч болон ажилтны хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн, тодорхой эрх зүйн үр дагавар үүсэх эрх зүйн акт мөн юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь нөгөө талаас ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо юм.

 

Шүүх ажил олгогчоос гаргасан тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзлээ.

Учир нь: Талуудын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч Ж.”““ шүүх хуралдаанд ... надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ... , хариуцагчийн төлөөлөгч А.”““ шүүх хуралдаанд ... Ж.”““тай хөдөлмөрийн гэрээ байгуулах гэтэл ирдэггүй... гэж тус тус тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж.”““ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн цэс зэрэг бичгийн баримтаас дүгнэхэд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Ж.”““ нь ажлын цаг баримтлахгүй, ажил тасалж, ажлыг чанаргүй хийх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, хэрүүл маргаан үүсгэх зэрэг сахилгын зөрчлийг давтан гаргаж хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн зөрчлийг гаргасан байна.

 

Хариуцагч талаас гаргаж, хэрэгт хавсаргасан 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн А/04 тушаалын хавсралт буюу Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын дотоод журмын 6.1-д Албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, эсвэл ажлын байранд болон ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж буй үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгууллагын дотоод журмыг зөрчсөн ажилчин, албан хаагчдад зохих хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна, 6.2.1-д Удирдлага болон дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй буюу захирах захирагдах ёсыг удаа дараалан зөрчсөн, 6.3.2-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийн бүртгэлээс тооцоход 3-аас дээш хоногоор ажил тасалсан /цагийн нийлбэрээр/, чөлөө зөвшөөрөлгүй дур мэдэн явсан, өглөө болон өдөр ажлаас хожимдсон, удаа дараа эрт явсан, олон нийтийн ажилд оролцоогүй, 6.4-д улирал дараалан хангалтгүй ажилласан, хариуцсан ажилдаа хариуцлагагүй, санаачлагагүй хандсан тохиолдолд тус ажилчны ажлыг комисс гарган шалгаж, үнэлэлт дүгнэлт өгч байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, хугацаатай үүрэг даалгавар өгч, шаардлагатай гэж үзвэл албан тушаал, ажлын байрны тодорхойлолтыг өөрчилж, өөр ажилд шилжүүлэн ажиллуулах, цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэж тус тус заасан байна.

Ажилтан Ж.”““ нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөх, сахих үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч Ж.”““ нь ажлын цаг баримталдаг, ажлыг чанартай хийсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн, сахилгын зөрчлийг давтан гаргаагүй гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5., 25 дугаар зүйлийн 25.2.2., 107 дугаар зүйлийн 107.2.-д тус тус зааснаар үүргээ хэрэгжүүлээгүй, нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Хэрэгт авагдсан Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн Удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх 25-26/, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 дугаар Ж.”““ийг ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал /хх 68/, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн А/04 дугаар Дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, дотоод журам, хх 72, 73-77, мөн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Бүх ажилчдын хурлын тэмдэглэл /хх 78-80/, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Бүх ажилчдын хурлын тэмдэглэл /хх 82-84/, гэрч А.”““, Б.”““, Б.”““ нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар Ж.”““ байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.8, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1, 6.3.2, 6.4-д тус тус заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

 

Мөн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/16 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтаар Ж.”““ нь сануулах сахилгын шийтгэл хүлээсэн /хх-69/ болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 07 цаг 10 минутын талбайн үйлчлэгч С.Оюунчимэг, хогийн машины жолооч Ганболд нар ажилд гарсан, цагийг хэн ч бүртгээгүй бүртгэгч байхгүй талаар гэрэл зураг хавсаргаж ирүүлснийг Ж.”““ийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарыг нотолсон баримт гэж үзэх боломжгүй юм.

 

Учир нь: Тухайн зургуудыг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний 07 цаг 10 минутын зураг мөн эсэх, мөн цаг бүртгэгдсэн бүртгэгдээгүйг дүгнэх боломжгүй байна.

 

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох бусад журмыг баримтлан тушаал гаргахыг хуульчилсан.

 

Төв аймгийн Хот тохижуулах газрын дарга А.”““гийн гаргасан дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлийг баримталж тушаал гаргасан нь дээрх хуулийн заалтад нийцэж байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ж.”““ийн Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын ачигчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Ажилгүй байсан хугацааны олговорт 4.985.952 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 4.985.952 төгрөгөөр нэмэгдүүлсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан ажлаас буруу халсан гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилгүй байсан хугацааны олговор олгохыг заасан бөгөөд нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болсон тул дээрх шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4.985.952 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Хавтаст хэргийн 3, 6, 10, 19-21, 22, 24, 27, 39-40, 41, 42, 43, 44, 86 талд авагдсан бичгийн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангахгүй, эргэлзээтэй байх тул үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: нэхэмжлэгч Ж.”““ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Шүүх, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гаргасан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгүүд, зохигчдын тайлбарыг 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.”““ийн Хот тохижуулах газрын ачигчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 4.985.952 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.АЛТАНТУУЛ