Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/77

 

 

 

 

 

 

 

 

 2025       02          06                                          2025/ШЦТ/77

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Л.Т,

шүүгдэгч Т.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,  шүүгдэгч Т.Н-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ************ төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******************, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ********** ******** оршин суух, урьд;

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж байсан, 

Б овогт Т.Б-н Н /РД; **********/,

Шүүгдэгч Т.Н нь;

2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум ****** багийн нутаг дэвсгэр уулын энгэрт Ж.Ц-тай маргалдан цохиж, түүний эрүүл мэндэд “нэг шүдний сулрал, баруун бугалга, баруун, зүүн нүдний зовхи, доод уруул, хэл, баруун, зүүн нүдний алиманд цус хуралт, дух, хамрын нуруу зүүн өвдөгт зулгаралт, зулайд цус хуралт, зулгаралт, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Т.Н “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан;

хохирогч Ж.Ц-н “...2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14.00 цагийн үед Улаанбаатар хотоос хамт ажилладаг Н-ийн хамт гарсан, замдаа бид хоёр 0.75гр архи уусан, би уг нь Дархан-Уул аймаг Шарын гол суманд буух байсан ч Эрдэнэтэд ирсэн байсан. ...нэг уулын энгэрт архи хувааж ууж байгаад Н-той маргалдаад гар зөрүүлсэн байгаа юм. ...Миний сэтгэл санаанд ямар нэгэн байдлаар хор уршиг учраагүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 14-15 дахь тал/,

Т.Н-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 33 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 879 дугаартай; “...Ж.Ц-н биед нэг шүдний сулрал, баруун бугалга, баруун, зүүн нүдний зовхи, доод уруул, хэл, баруун, зүүн нүдний алиманд цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн өвдөгт зулгаралт, зулайд цус хуралт, зулгаралт, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх нэг шүдний сулрал, баруун бугалга, баруун, зүүн нүдний зовхи, доод уруул, хэл, баруун, зүүн нүдний алиманд цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн өвдөгт зулгаралт, зулайд цус хуралт, зулгаралт, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх шүдний сулрал гэмтэл нь дангаараа, бусад баруун бугалга, баруун, зүүн нүдний зовхи, доод уруул, хэл, баруун, зүүн нүдний алиманд цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн өвдөгт зулгаралт, зулайд цус хуралт, зулгаралт, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн согтуурал шалгасан талаар тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8, 9 дэх тал/,

шүүгдэгч Т.Н-ийн;

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 26 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 40-43 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, мөн Т.Н-оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Т.Н дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

хохирогч Ж.Ц-н “...нэг уулын энгэрт архи хувааж ууж байгаад Н-той маргалдаад гар зөрүүлсэн байгаа юм.” гэх,

Т.Н-ийн өөрийнх нь өгсөн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлгүүдээр,

мөн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 879 дугаартай, “...Ж.Ц-н биед нэг шүдний сулрал, баруун бугалга, баруун, зүүн нүдний зовхи, доод уруул, хэл, баруун, зүүн нүдний алиманд цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн өвдөгт зулгаралт, зулайд цус хуралт, зулгаралт, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн согтуурал шалгасан талаар тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч M.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.  

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч Т.Н-ийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж,  эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч Т.Н-ийн үйлдэл энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Т.Н-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Т.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

Шүүх шүүгдэгч Т.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,

          “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Ж.Ц-н “...миний сэтгэл санаанд ямар нэгэн байдлаар хор уршиг учраагүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэсэн хавтаст хэргийн 14 дэх талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Т.Б-н Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Н шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э