| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 105/2025/0005/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/188 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ш.Анужин |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/188
2025 01 16 2025/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Ш.Анужин,
шүүгдэгч Р.****, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан,
Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *овогт **холбогдох эрүүгийн “*******” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*овогт **/РД:*/,
Монгол Улсын иргэн, 2003 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр **төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хадам аав, ээж, дүү нарын хамт *дүүргийн *дүгээр хороо, **дугаар гудамж, *-*тоотод байнга оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор *дүүргийн **дугаар *, *-*тоотод түр оршин суух хаягтай,
Урьд *дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.*нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэр, *дүүргийн **хажууд явж байх үедээ өөрийн биед НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан “а-Р\/Р” гэх нэршилтэй, 0,0624 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны *дугаар сарын 05-ны өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Р.*нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нь хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, Р.*оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар тус тус оролцсон болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Р.*нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэр, ****хажууд явж байх үедээ өөрийн биед НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан “а-Р\/Р” гэх нэршилтэй, 0,0624 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь:
-Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “...****** нутаг дэвсгэрт Монгол Улсын нэр бүхий иргэн нь өөрийн биедээ хориглосон сэтгэцэд нөлөөт болон мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан байж болзошгүй байна...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн хавтаст хэргийн 8 дугаар тал/,
-Хүний биед (Р.*) үзлэг хийсэн тухай 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “...Р.*нь биедээ “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байгаа” гэснээр өмдний баруун талын халааснаас дөрвөлжин, хавтгай хуванцар савтай, дотор нь зиплок ууттай нунтаг цагаан өнгийн зүйл, 3 ширхэг хүрэн, шар өнгийн капсултай эм мэт зүйл гаргаж ирснийг хураан авав. Өөр хууль бус мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, эм бэлдмэл, хэрэглүүр, эд зүйл байгаа эсэхийг тодруулахад Р.*нь “хэрэглүүр байгаа” гэж 2 ширхэг тариур (том, жижиг), 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт гаргаж ирснийг хураан авав...” гэх тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 13-17 дугаар тал/,
- Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Нямдоржийн 2024 оны *дуаар сарын 17-ны өдрийн “...*овогтой *(*)-ын биеэс хураан авсан өнгөгүй дөрвөлжин хавтгай хуванцар саван доторх зиплок ууттай, нунтаг цагаан өнгийн бодисын жин хэмжээг тогтоох зорилгоор албаны 412 тоот өрөөнд байх албаны 10,000-ны нарийвчлалтай цахилгаан жин дээр тавьж хэмжихэд 0,2643 грамм болов. Тандагч илрүүлэгч албаны Трунарк (Thermo scientific) багажаар 871 дугаар дээр шинжлэхэд урьдчилсан байдлаар Альпа-ПВП (Alpha-PVP Cathinone) гэсэн бодис илэрснийг гэрэл зургаар бэхжүүлэн тэмдэглэлд тусгав...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 18-20 дугаар тал/,
- Гар утсанд үзлэг хийсэн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 23-28 дугаар тал/,
-“Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн санал, “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 341 дугаартай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *дугаартай шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цагаан шаргал өнгийн нунтаг зүйл болон 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс “а-Р\/Р” илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн капсултай эм мэт зүйл болон 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс “Gabapentin lactam” илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг тариураас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. “а-Р\/Р” нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтана. “Gabapentin lactam” нь НҮБ-ын конвенцын жагсаалтад сагтаагүй болно. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг улаан болон шар өнгө хосолсон капсултай эм мэт зүйлийн цэвэр жин нь 1,4233 грамм, жижиг зиплок ууттай цагаан шаргал өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 0,0624 байсан ба тус бүрээс 0,1 граммыг жинлэн авч шинжилгээнд зарцуулав...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 43-47 дугаар тал/,
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *дугаартай “...Р.*нь одоо Олон төрлийн сэтгэцэд идэвхтэй бодисыг хослуулан хэрэглэсний улмаас үүсэх сэтгэц болон зан төрлийн эмгэг. Даслын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. Р.*нь хэрэг үйлдэх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Олон төрлийн сэтгэцэд идэвхт эм бодисыг хослуулан хэрэглэсний улмаас үүсэх сэтгэц болон зан төрлийн эмгэг, Даслын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байсан байх боломжтой байна. Р.*нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Р Хатанбаатар нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 57-59 дүгээр тал/,
- Э.Гэрч Б.*-*мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би *гэх залуутай 2021 оны өвөл танилцаж байсан. Тухайн үеэс хойш бие биедээ таалагдаж, өнөөдрийг хүртэл үерхэж байна. *нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа барилгын ажил хийдэг. Өөрийн төрсөн эцэг, эхтэйгээ харилцаа муутай, таарч тохирдоггүй тул гэрээсээ явж, манайд ирэн очин амьдардаг. *тодорхой оршин суух хаяг байхгүй. Манай гэрт 7 хоногийн 2 өдөр байдаг ба бусад өдөр гадуур хонодог. Хаана яаж хоноглодог талаар би мэдэхгүй байна. Угаасаа *хэний ч үгийг авахгүй, хэний ч үгэнд орохгүй, гадуур дэмий тэнээд л яваад байдаг. Цагдаагийн байгууллагын зүгээс өөрсдөө авах ёстой арга хэмжээгээ аваасай гэж бодож байна. 2023 оны өвлөөс *буруу хүмүүстэй нийлэх болсон ба гэртээ ч харагдахгүй, гадуур хонох болсон. Хамт байхад архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүн шиг үг, үйлдэл үзүүлээд байдаг байсан ба “Архи уучихсан юм уу?” гэж асуухаар “Үгүй” гэж хэлдэг байсан. Тэгээд л царай зүс алдаад, өдөр өнгөрөх тусам зан араншин нь өөрчлөгдөж, түргэн ууртай болсон. Одоогоос сар гаруйн өмнө би гэртээ байхдаа *өмсөж байсан хүрмийнх нь халаасыг үзтэл хэрэглэсэн цустай тариа байхыг харж байсан. Тухайн үед **юу болох талаар асуутал “Чи яагаад миний юмыг зөвшөөрөлгүй үзээд байгаа юм бэ?” гэж уурлаад гарч явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
- Гэрч Ж.*мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...**гэх хүн нь миний төрсөн хүүхэд байгаа юм. *нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөө төгсөж чадаагүй ба 2016 онд сургуулийн дотоод журам зөрчсөн асуудлаар хөөгдсөн. Хөөгдсөн асуудал нь будаг шингэлэгч үнэртээд мансуурсан гэж сургуулийн зүгээс хэлсэн. Сургуулиасаа хөөгдсөнөөс хойш гадуур дотуур дэмий тэнэх болсон ба үгэнд орохоо больсон. 2021 оны үед найз охинтой болоод тухайн үеэс хойш гэртээ ирэхээ больсон. Одоо хаана оршин сууж байгааг мэдэхгүй байна. *сэтгэл санааны байдал сүүлийн үед маш их өөрчлөгдөж байна. Маш ширүүн, догшин болсон. 2024 оны 9 дүгээр сард гэртээ ирээд надтай маргалдахад нь би гар руу нь усны саваар цохитол *гараа атгаж байгаад миний нүүр хэсэгт цохисон. Энэ явдлаас хойш *огт уулзаж юм яриагүй ба түүнд маш их гомдсон. 2024 оны 7 дугаар сард *найз охин *-*нь “*өөртөө юм тариад байна” гэж уйлаад над руу залгаж байсан. *гэрт ирэхээрээ ухаан мэдрэл байхгүй, өдөр шөнөгүй унтаад байдаг. Байгаа байдал, харц, үйл хөдлөл нь яг согтуу хүн шиг байдаг. Би ажил хийгээд ядарч байгаа юм байна даа гэж боддог байсан боловч сүүлд амнаас нь нэг хачин эмийн үнэр үнэртээд байхаар нь мансуураад яваад байгаа юм байна гэж мэдсэн. *намайг цохисон асуудлыг би цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Харин хүүхдээ янз бүрийн юм хэрэглэхээ больж, ухаан суугаасай л гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,
- Гэрч М.*мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уг бодис нь синтетик катинонын бүлгийн бодис юм. 2016 онд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад нэмэгдэж орсон байдаг. Уг бодис нь ихэвчлэн цагаан нунтаг талст, эсвэл ягаан өнгөтэй байж болно. “Alpha-PVP” гэх бодисыг ихэвчлэн хөөрөл үүсгэх, аз жаргалтай болгох мэдрэмжээс болж хэрэглэдэг ч тухайн мэдрэмж нь маш хурдан айдас, түгшүүр, хий юм харах, сонсох, солио үүсэх зэргээр нөлөөлж улмаар хэрцгий догшин авиртай болж өөрийгөө болон бусдыг гэмтээх нөхцөл байдал үүсгэж болзошгүй. Тухайн бодистой холбоотой нас баралт өндөр байдаг талаар бусад улсын эх сурвалжуудад мэдээлсэн байдаг. Мэдээллийн эх сурвалжийг НҮБ-ын Хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх алба болон АНУ-ын Хар тамхитай тэмцэх албаны албан ёсны цахим хуудаснаас авсан болно. Хүний биеийн нас, хүйс, жин, эрүүл мэндийн байдал, хэрэглэх давтамж зэргээс шалтгаалан илрэх нь харилцан адилгүй тул тодорхой хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 117 дугаар тал/,
Шүүгдэгч Р.*шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх,
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Р.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Р.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс, шүүгдэгч Р.*эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Р.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Шүүгдэгч Р.*Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хатанбаатарын энэ хэрэгт нийт цагдан хоригдсон 90 хоногийг түүний нийт эдлэх ялд оруулан тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч Р.*нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “a-PVP” гэх нэршилтэй, 0,0624 грамм жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, капсултай эм мэт зүйл, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хоёр ширхэг тариур зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, *серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг “Монгол банк”-д шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *овогт **Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Р.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хатанбаатарын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 90 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “a-PVP” гэх нэршилтэй, 0,0624 грамм жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, капсултай эм мэт зүйл, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хоёр ширхэг тариур зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, *серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг “Монгол банк”-д шилжүүлсүгэй.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД